Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ундрах,

Шүүгдэгч В.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хээхий овогт Ваанчигийн Мөнхбатад холбогдох 201716010100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Холч монгол” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, 19-20 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Хээхий овогт Ваанчигийн Мөнхбат /РД:КЮ71040316/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч В.Мнь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн “Ханбогд супермаркет” дэлгүүрийн ойролцоо Ш.Баянбатын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.М мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөө Даланзадгад сумаас Ханбогд суманд аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдаан үзэхээр зорьж ирсэн. Өглөө 8 цагийн үед суманд ирээд өдөр 15 цаг хүртэл наадам сонирхож байгаад “Говь” ресторанд хоол идсэн. Тэндээс гараад Үдэлт угталтын талбай дээр очтол 3-4 хүн яриад зогсож байсан. Машинаасаа буугаад тэнд байсан хүмүүстэй мэнд мэдэхэд Баянбат дуугарахгүй муухай харсан, надтай мэндлээгүй. Дахиад гараа өгтөл Баянбат миний баруун гарын эрхий хурууг арагш дарахаар нь би гараа татаад авсан. Тэгээд би машинтай буцаад Ханбогд сумын төвд ирээд төв засмалаар явалгүй гэр хороолол дундуур ороод бууртай талбайн зүүн хойгуур орж ирэхэд Баянбатын машин зам хаагаад зогсохоор нь уулзах гэж байна гэж бодоод зогссон. Баянбат машинаас буугаад Эрдэнэ-Очирын сууж байсан талын хаалгыг онгойлгож “пизданууд яагаад зугатаагаад байна” гэхээр нь би машин замын голд зогсоод замын хөдөлгөөнд саад учруулаад байж болохгүй гэж бодоод хойд талын хаалгаар буугаад Баянбат дээр очиж эндээс явъя гэж хэлсэн. Гэтэл над руу эргэж хараад намайг тэврэх гэсэн ч юм уу, цохих гэсэн ч юм уу гараа далайхад гарт нь түлхүүр ч юм уу хутга ч юм уу байх шиг байсан тул би цочсондоо түүнийг түлхсэн. Миний зүгээс энэ явдалд их гэмшиж харамсаж байна. Бид садан төрлийн хүмүүс. Сүүлд нь Солонгос улсад явж эмчлүүлснийх нь дараа уулзаж ярилцсан. Албан ёсоор эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Бидэнд хоорондоо муудах шалтгаан байхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/

Мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын тогтоол /1-р хавтаст хэргийн 7-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 19-р хуудас/

Хэрэг учралын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Хохирогч Ш.Баянбатын: ”...Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...Мөнхбатын сууж байсан талын машины хаалга онгойх шиг болсон. Тэгэхээр нь би эргээд хартал Мөнхбат баруун талын гараараа зүүн шанаанд цохиод татаж унагаагаад өндийх гэтэл уруул руу өшиглөхөд нь ухаан алдсан байна лээ. 2017 оны 06 дугаар сарын эхээр Солонгос улс руу баруун нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Дээрх гэмтэл нь Мөнхбат намайг цохисноос үүссэн гэмтэл биш.” гэсэн мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 56-57, 59-р хуудас/

Гэрч Н.Лхагва-Очирын: ”...Би Ш.Баянбат ахтай 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ханбогд суманд морин уралдаан үзэх гэж ирсэн. Ш.Баянбат ах машинаас буугаад урд талаар тойроод В.М машины буруу талын урд талд сууж байсан найз нь гэсэн би танихгүй хүний хаалгыг онгойлгосон чинь тэр талын хойд талаас В.М бууж ирээд юу ч ярилгүй шууд Баянаа ахын урдаас баруун гараараа зүүн талын шанаанд цохиод өмдний дээд тал буюу бүс зүүдэг хэсгээс нь хойшоо татаж унагаасан. Тэгэхэд нь  Баянбат ах босох гэсэн чинь нүүр рүү нь өшиглөөд нэг удаа нүүрэн дээр нь дэвсэхээр нь би машинаас буугаад очтол намайг ална гээд өөдөөс ирэхээр нь би зугтаасан. Тэгсэн чинь миний араас хөөж байснаа болиод над руу “энэ новшоо аваад зайл” гэж хэлчихээд өөрийнхөө машинд суугаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 61-р хуудас/

Гэрч О.Ариунаагийн: “...Ш.Баянбатыг сугадаад эмнэлэгт орж ирсэн. Түүний доод уруул сэтэрч, дотор тал нь урагдаж цус гарсан, толгойн ар талд өнгөц урагдсан байсан. Өөрөөр ил харагдах ямар нэг шарх гэмтэл байгаагүй. Толгойн хэсгийн шарх 4х3 см хэмжээтэй байсан. Ш.Баянбатад өвчин намдаах тариа хийж уруулд  нь 12 ширхэг оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 99-100-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №6209 дугаартай шинжээчийн: “...Ш.Баянбатын биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын  урагдсан шарх, дагзанд няцарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, чээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 106-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №726 дугаартай шинжээчийн:“...Ш.Баянбатын биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын урагдсан шарх,  дагзанд няцарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, чээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Ш.Баянбатын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ш.Баянбатын биед учирсан баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн КТГ-ийн шинжилгээнд илэрсэн хуучин хугарал байна” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 112-113-р хуудас/

В.М яллагдагчаар өгсөн: ”...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ханбогд суманд аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдаан үзэж сонирхсон. Би овоон дээр Баянбаттай гар барьж мэндлэхэд тэрээр миний баруун гарын эрхий хурууг арагш дарахаар нь би гараа татаад авсан. Баянбат машинаас буугаад Эрдэнэ-Очирын сууж байсан талын хаалгыг онгойлгож “пизданууд яагаад зугтаагаад байна” гэхээр нь би замын хөдөлгөөнд саад учруулаад болохгүй гэж бодоод хойд талын хаалгаар буугаад Баянбат дээр очиж эндээс явъя гэж хэлэхэд над руу эргэж хараад намайг тэврэх гэхээр нь би цочсондоо түүнийг түлхэхэд Баянбат өөрийнхөө хүчинд газар унасан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 161-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 165-р хуудас/

В.М хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хавтаст хэргийн 166-190-р хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /2-р хавтаст хэргийн 85-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч В.М нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн “Ханбогд супермаркет” дэлгүүрийн ойролцоо Ш.Баянбатын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Баянбаттай эвлэрлийн гэрээ байгуусан /2-р хх-ийн 85 дугаар хуудас/, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Иймд В.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулвал зохих ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хээхий овогт Ваанчигийн Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр  шүүгдэгч Ваанчигийн Мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч В.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Баянбат нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, В.М иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд В.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН