Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Н.Энхтөр,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Пүрэвийн Гэрэлмаад холбогдох 1729000210010 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Пүрэвийн Гэрэлмаа /РД: КД63052105/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2017 оны 08 дугаар  сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төвд 68-33 ӨМӨ улсын дугаартай хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган Б.Ирмүүний биед тархины доргилт, баруун эгэмний далд хугарал, дух, ууц, зүүн гарын алганы зулгаралт, зүүн хавирганы нум, зүүн өгзөг өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл буюу хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: ” Улсын яллагчийн ялын санал надад арай өндөр байгаа тул жаахан багасгаж өгнө үү. Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би бие муутай, усны машинаар ус зөөж амьдардаг тул улсын яллагчаас оногдуулж буй торгох ялыг багасгаж өгнө үү, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оюундарийн өгсөн:”...Манай дүү Ирмүүн эмээ дээрээ буюу ээж Цэдэнноров дээр хэрэг гарах үед байсан юм. Бид нар Цагаан хад гэх газарт хувиараа хоол хийж зардаг юм. Би тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ хол машин очер луу явж байтал ээж миний утас руу залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би тийшээ очтол ээж хүү Ирмүүнийг тэвэрчихсэн Ирмүүн уйлсан байсан. Тэнд манай хөрш Гэрэлмаа эгч нэлээд сандарчихсан байдалтай байсан. Тэгээд би хүүг Гэрэлмаа эгч машинаараа шүргэчихсэн юм байна гэж ойлгосон. Өөрөөр бол яг юу болсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Цэдэнноровын өгсөн:”... Миний төрсөн охин Оюундарийн хүү Болор овогтой Ирмүүн нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний орой Ханбогд сумын Цагаан хаданд манай хашаанд машины дугуйнд шүргэгдэж хүндэвтэр гэмтсэн осол хэрэг гарсан юм. Манай охин Ц.Оюундарь энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаад Оросын холбооны улсын Эрхүү хот руу сургуульдаа суралцахаар явчихсан, зээ хүү Ирмүүн маань Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд манай хадмынд байгаа юм. Охин маань эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх цаашдын ажиллагаанд биеэр оролцож чадахгүй болсон тул төрсөн эх намайг энэ ажиллагаанд оролцуулахаар хүсэлт бичиж цахим хаягаар явуулсан байгаа. Тиймээс энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр би оролцох болоод байна.” гэх мэдүүлэг хх/-ийн 23-25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ганбатын өгсөн:”...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг өнгөрч байхад манай найз Гэрэлмаа өөрийнхөө 68-33 ӨМӨ улсын дугаартай портер машинтайгаа манай хашаанд орж ирээд манай нөхрөөр янзлуулах гэж ирсэн. Манай нөхөр маргааш өглөө янзалъя гээд манай хашаанд манай төрсөн дүү Мягмар, Гэрэлмаа манай нөхөр Ганбат бид нар юм ярьж сууж байгаад 20 цагийн үед гэгээтэй байхад босцгоож би дүүгээ Пийжүүтийн тэнд нүүрсний машин дээр нь хүргэж өгөх санаатай хашаанд байсан өөрийнхөө портер луу хоол цай зөөж хийчихээд би зээ хүү Ирмүүн зөв талын урд дугуйных нь хажууд уначихсан гараараа газар тулчихсан уйлаад сууж байсан. Тэгээд би хашгираад гүйж очтол Гэрэлмаа зогсоод машинаасаа гарч ирсэн. Манай зээ хүү уйлаад ам нь хөхөрчихсөн байхаар нь бид нар тэндээс эмч рүү явж үзүүлэхэд нуруу нь халцарсан, гэдэснийх нь зүүн талд хавдчихсан, духныхаа зүүн хэсэгт хавдчихсан байсан. Эмч Ирмүүнийг толгойг хөдөлсөн байна гээд барьж өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 35-36-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын №1 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч П.Г яллагдагчаар өгсөн:”...Би өөрийн эзэмшлийн 68-33 ӨМӨ улсын дугаартай портер машинаар /тэвшин дээр нь усны сав байрлуулсан / ус зөөх ажил хийдэг юм. 2017 оны 08 дугаар сарын 04-ны орой 20 цаг өнгөрч байх үед би машинтайгаа Цагаан хаданд явж байгаад Ганбат гэдэг айлд очсон. Би Ганбатаар машинаа үзүүлэх гэж очсон юм. Ганбат би ажилтай байна Таны машиныг дараа үзэж өгье гэж хэлээд машиндаа суусан. Би тэдний хашаан дотор машиных нь ард өөрийн машинаа зүүн тийш нь харуулаад байрлуулсан байсан болохоор би түрүүлж машинаа хашаанаас гаргах шаардлагатай болсон. Тэгээд машиндаа орж сууж асаагаад ухардаг араандаа хийгээд толиндоо хараад зөөлхөн ухартал Цэдэнноров сандраад “хүүхэд” гээд хашгирсан. Би тэр дор нь машинаа зогсоогоод бууж хартал миний машины буруу талын урд дугуйны хажууд Цэдэнноровын ач хүү Ирмүүн нэг гараараа газар тулаад уйлаад сууж байсан. Намайг машинаа ухраах үед хүүхэд буруу талын урд дугуйны хажууд орйхон байж байгаад машины дугуйнд шүргэгдэж унасан байсан. Намайг хөдлөх үед машины дэргэд тэр хүүхдийг ойрхон байгааг мэдээгүй юм. Тэгээд л бид сандралдаад миний машинд хүүхдийг суулгаад эмнэлэг рүү явсан юм. Тухайн хүүхдийн зүүн гарын алга шалбарчихсан байсан ба сүүлд эмнэлгээр шинжлүүлээд эгэмний далд хугаралтай гэж оношлогдсон байсан. Тэр гэмтэл нь миний машинд мөргөгдөж шүргэгдсэний улмаас гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэмтсэн хүүхдийг эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан учраас яарч сандраад ослын газар дээрээс би машинаа хөдөлгөөд эмнэлэг рүү явчихсан юм. ...Надаас хүүхдийн ар гэрийнхэн ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байгаа. Гэхдээ би хүүхдийн эмчилгээнд шаардлагатай байх гэж бодоод өөрийн санаачилгаар 200 000 төгрөгийг хүүхдийн ээжийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Г жолоочийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгч П.Г иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/,

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 53-66-р хуудас/,

Шүүгдэгч П.Г гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 67-68-р хуудас/,

Өмнөговь аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 70-71-р хуудас/,

Б.Ирмүүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-р хуудас/,

Хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 107-110 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч П.Г нь 2017 оны 08 дугаар  сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төвд 68-33 ӨМӨ улсын дугаартай хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухарах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган Б.Ирмүүний биед тархины доргилт, баруун эгэмний далд хугарал, дух, ууц, зүүн гарын алганы зулгаралт, зүүн хавирганы нум, зүүн өгзөг өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл буюу хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оюундарь /хх-ийн 15-17 дугаар хуудас/, хохирогч Б.Цэдэнноров /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Т.Ганбат /хх-ийн 31-32 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 35-36-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын №1 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, шүүгдэгч П.Г яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч П.Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Б.Цэдэнноров нь “...хохирогч Б.Ирмүүний ар гэрийн зүгээс П.Г ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 73 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

П.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Г урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Пүрэвийн Гэрэлмааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Г 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Цэдэнноров нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Г урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА