Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/02059

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20

181/ШШ2024/02059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... оршин суух, Б.С /регистрийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...байрлах, НШШГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тө.г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз.нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь НШШГ т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 тоот шийдвэрээр Б.С намайг С.... 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгөх тухай шүүхийн шийдвэр гарсан.

Дээрх шийдвэрийн дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №4-152/17755 тоот Мэдэгдлийн дагуу мөн сарын 22-ны өдрийн 10 цагт орон сууцыг суллаж өгөхийг шаардаж мэдэгдэл гаргасан. Мэдэгдлийг ердөө 2 хон хоногийн өмнө гаргаж намайг болон манай гэр бүлийг тулгамдсан байдалд орууллаа.

Миний бие нэхэмжлэгч ГИ ХХК-тай уг сууцтай холбоотой төлбөрийн маргаантай байгаа. Тодруулбал нэхэмжлэгч ГИ ХХК надаас уг байртай холбоотой төлбөрийн үлдэгдэл болон бусад зардал оруулаад 542.468.345 төгрөгийг шаардаж шүүхээр хянан шийдвэрлэж байгаа. Миний зүгээс 100.000.000 төгрөгийг төлсөн. ГИ ХХК нь уг байрны төлбөрөө шүүхээр надаас шаардаж байж намайг болон манай гэр бүлийг уг байрнаас албадан чөлөөлүүлэхээр шаардаад байгаа нь хачирхалтай байна. Орон сууцыг ч аваад нэмээд төлбөрийг нь ч авах гээд шаардаж байна.

Орон сууцаа чөлөөлж өгөх ердийн боломжит хугацаа өгөлгүй маш хүнд шалтгаант нөхцөлтэй байгаа манай гэр бүлийн одоогийн байдлыг харгалзан үзэлгүй 2-хон хоногийн өмнө мэдэгдэл гаргаж албадан чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг байрны төлбөрийн үлдэгдлийг ГИ ХХК надаас нэхэмжлээд иргэний хэрэг үүсээд тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай шууд холбоотойгоор шүүхэд иргэний хэрэг үүсэж хянан шийдвэрлэж байхад ажиллагааг үргэлжлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албанд гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулж байна. Нэг л удаа мэдэгдэл өгөхдөө шууд хоёр хоногийн дотор гарга гэсэн мэдэгдэл өгсөн байдаг.

Эхний мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөгүй, харин өөр хүнд гардуулсан байна. Мөн хариуцагч байгууллага цагдаад хандсан байх тул эрүүгийн асуудлыг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр Б.С гаас Зүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 27 дугаар байрны 252 тоотод сайрлах 79,8 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг ГИ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Дээрх шүүхийн шийдвэр тус газарт 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 23420571 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэсэн бөгөөд төлбөр төлөгч Б.С д 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4-152/15417 дугаар 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сайн дураар султган чөлөөлөх мэдэгдэлийг биечлэн гардуулахад заасан хугацаанд чөлөөлөөгүй тул 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-152/17755 дугаар сайн дураар чөлөөлөх хугацаатай мэдэгдэлийн дахин биечлэн гардуулахад одоог хүртэл чөлөөлөөгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөн сайн дураар чөлөөлөх боломжит хугацааг удаа дараа өгч байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж цагдаад гомдол гаргасан гэв.

3.Гуравдагч этгээд Ганган инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан 542.000.000 төгрөг гаргуулах маргаан нэхэмжлэлийг буцааснаар дууссан. Манайх дахиж хандаагүй. Тэр гэрээний үнэ биш гэрэнэээс учирсан хохирол шаардсан байсан. Нэхэмжлэгчид төлбөрөө төлөх боломжийг удаа дараа олгож байсан тул одоо байраа султгаж авах хүсэлтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3-1/2683 тоот хариу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/1292 тоот хариу мэдэгдэх хуудас, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ГХ2023/00494 тоот гүйцэтгэх хуудас, тус өдрийн 181/ШЗ2023/07752 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 23420571 тоот тогтоол, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/10465 дугаар шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-152/1173 дугаар тогтоол, зэргийг ирүүлжээ. /хх 4-20/

 

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ГХ2023/00494 тоот гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 181/ШЗ2023/07752 тоот шүүгчийн захирамж, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шүүхийн шийдвэр, ГИ ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/372 тоот хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж оролцох итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 23420571 тоот тогтоол, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4-152/15417 тоот албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9/1977 тоот тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2-152/18470 тоот гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4/1292 тоот хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3-1/2445 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/152/20038 тоот албан бичиг зэргийг ирүүлжээ. /хх 29, 38-64/

Гуравдагч этгээдээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 32-33, 35/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.С нь НШШГ т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хуралдааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулж байна.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: орон сууцыг хоёр хоногийн дотор шууд чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг өгсөн нь хуульд нийцээгүй, өмнөх мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж аваагүй, өөр хүнд гардуулсан гэж тайлбарлав.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр: Б.С гийн эзэмшлээс ГИ ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB central residence хотхон 27 дугаар байрны 252 тоотод байрлах, 79,8 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хх 9-14, 41-46/

3.2.Тус газар гүйцэтгэх бичиг баримтыг /шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр/ үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 23420571 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. / хх 38-49/

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д Орон  байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно. Гэж, мөн зүйлийн 100.4-т Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө гэж тус тус заасан.

Тус газраас 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4-152/15417 тоот мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж орон сууцыг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт чөлөөлж өгөх тухай буюу төлбөр төлөгчид арав хоногийн хугацаатай мэдэгдлийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 51, 52/

Тухайн хаягаар шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр очиход Б.С байгаагүй харин нөхөр Ц.Баттулга байсныг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр баталгаажуулсан, түүнд мэдэгдлийг гардуулан өгч баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдлийн доод талд гараар бичсэн огноо, гарын үсгээр тогтоогдож байна. Энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцнэ. Иймд өөр хүнд мэдэгдлийг гардуулсан, хүлээн аваагүй тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Төлбөр төлөгч мэдэгдэлд заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тул дахин 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлээр 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт суллах мэдэгдэл өгчээ. Тухайн мэдэгдлийг өдөртөө төлбөр төлөгч хүлээн авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 54-56/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш сайн дураар султгах мэдэгдлийг нэг сарын өмнө өгсөн боловч хэрэгжүүлээгүй тул дахин хоёр дах удаагийн мэдэгдлийг хоёр хоногийн хугацаа тавьж өгснийг буруутгах үндэслэлгүй.

Зөрчил эсхүл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан энэ гомдлыг шийдвэрлэхэд хамааралгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүйг дурдав.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан НШШГ т холбогдуулан гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай Б.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ