Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2

 

Б.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00476/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1049 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Г-д холбогдох,

          “Хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 21.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29.660.000 төгрөг гаргуулах” тухай

          Нэхэмжлэгч Б.П-, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, хариуцагч А.Г-, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.П-аас:

 “...Хүүхдийнхээ төлөө ижил тэнцүү үүрэг хүлээж, том охин П.Г-ийг эхийн асрамжид үлдээж бага хүү П.Б-ийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ нэг нэгээр нь авах саналтай байгаа учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар баг, ** дугаар хороолол, * дугаар байрны ** тоот, 2 өрөө орон сууц А.Г-гийн өмчлөлийн бүртгэлтэй байна. А.Г- нь дундын хөрөнгөөс 29.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул миний бие 2 өрөө орон сууц худалдан авсан 21.000.000 төгрөгийг А.Г-гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хамтын амьдралын дундаас бий болсон эд хөрөнгийн маргаангүй болно” гэв.

Хариуцагч А.Г-гаас:

“...Миний охин П.Г- нь төрөлхийн 2 түнхний мултралтай. 2019 он хүртэл байнгын асаргаанд байсан бөгөөд одоо асаргаанаасаа гарсан ч эмчийн хяналтад байдаг. Хүү П.Б- нь мэдрэлийн эмчийн хяналтад байж тогтмол үзүүлдэг. 2019 оны 10 дугаар сарын 09-нд оношлогдож, аутизмтай гэсэн. Одоо миний асрамжид байгаа. Миний хувьд Дархан-Уул аймагт өөрийн гэсэн амьдрах байртай, хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт явж байгаа. Хүүхдүүдээ асраад явж чадах учир 2 хүүхдээ өөрийн асрамждаа авч, эцэг Б.П-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. А.Г- миний бие нөхөр Б.П-аас дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 29.660.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин П.Г-, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Б- нарыг А.Г-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин П.Г-, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Б- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Б.П-аас тэтгэлэг гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.П- нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 21.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч А.Г- нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29.660.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.П-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373.690 төгрөг, хариуцагч А.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.450 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, хариуцагч А.Г-д олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 50.873 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.П-, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2 хүүхдийн тухайд асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд: ...Нэхэмжлэгч нь хүү П.Б-ийг өөрийн асрамжид авна гэж байгаа боловч хүү П.Б- нь одоо 4 настай, эрүүл мэндийн хувьд “Детский аутизм” гэсэн оноштойгоор байнгын асаргаанд байх шаардлагатай, мөн 2019.11.06-ны өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт /хх-79/, 2019.11.06-ны өдрийн эмчийн үзлэгээр үзлэгийн тэмдэглэл, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хариуцагч А.Г-гийн шүүх хуралдаанд гаргасан “...хүү П.Б-ийн чихний арын булчирхай нь хавдаад, улаан хоолой нь идээлээд бугласан. Эх нялхсын эмнэлэгт хагалгааны заалттай хэвтэж байгаа...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. ...хүү П.Б-ийн насны болон эрүүл мэндийн байдал, сурч боловсрох нөхцөл, амьдрах орчин зэргийг харгалзан эх А.Г-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ. ...хүү П.Б- нь Дархан-Уул аймгийн 27 дугаар цэцэрлэгт суралцаж, төрсөн эгч П.Г-ийн хамт эх А.Г-гийн асрамжид өөрийн өмчлөлийн орон байранд амьдарч байгаа зэргээс үзэхэд түүний одоогийн суралцах, амьдрах орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч Б.П- нь “...А.Г- нь хүүхдүүдрүүгээ гарт таарсан зүйлээ шиддэг, хажууд нь хүүхэд тайван амьдрах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч А.Г-гийн хүүхдүүддээ үзүүлж байгаа асрамж, халамжийн талаар дутагдалтай байдал баримтаар тогтоогдоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэх боломжгүй юм... гэснийг нэхэмжлэгч Б.П- болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

Нэг. Хүү П.Б-ийн асрамж тогтоолгох тухайд:

           1. “... хүү П.Б- нь одоо 4 настай, эрүүл мэндийн хувьд “Детский аутизм” гэсэн оноштойгоор байнгын асаргаанд байх шаардлагатай, мөн 2019.11.06-ны өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт /хх-79/, 2019.11.06-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хариуцагч Б.Г-гийн шүүх хуралдаанд гаргасан “...хүү П.Б-ийн чихний арын булчирхай нь хавдаад, улаан хоолой нь идээлээд бугласан. Эх нялхсын эмнэлэгт хагалгааны заалттай хэвтэж байгаа...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна” гэсэн хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болсон. 

           ...Миний хүүг 2019 оны 09 дүгээр сард байнгын асаргаанд оруулсныг хэрэгт өгсөн баримтаас мэдсэн. ....2019.11.06-ны өдөр 13А маягтаар хагалгаанд орох шаардлагатай гээд Эх нялхсын төв рүү өвчтөн илгээх хуудсаар явуулсан баримтууд нь А.Г-гийн асрамжийг эцэг Б.П-д өгөхгүй гэсэн явуургүй бодол тээж, санаачилгаараа бүрдүүлсэн баримтыг шүүх үнэлсэнд гомдолтой байна. Шүүх хурлын дараа би Улаанбаатар хотод хүү дээрээ очиход “Хоолой нь өвдсөн, хагалгаанд ороогүй, эмчилгээ хийлгэж байсан.

            ...Хүүг минь авч үлдэхийн тулд өвчнөөр нь түрүү барьж, шүүхэд өвчтэй байгаа хүүгээ эх нь авч үлдэх ёстой гэсэн итгэлийг төрүүлэхээр баримтууд бүрдүүлж, түүнийг нь шүүх үнэлээд байгаа нь үндэслэлгүй юм.

           ...”Эх А.Г-гийн асрамжид өөрийн өмчлөлийн орон байранд амьдарч байгаа...” гэж шүүх тодотгон дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Орхон аймагт Б.П- миний амьдарч байгаа орон гэр бол хүүхдүүдийн минь төрж өссөн голомт гэтэл түүнийг орон сууцтай дүйцүүлэн үнэлээд байгаа нь ойлгомжгүй юм. Хүүхдүүдэд нь эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөл боломж байгаа эсэхийг шүүх үнэлхээс эхийнх нь өмчлөлийн орон сууц илүү таатай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 буюу хүүхдийн асрамжийг шийдвэрлэх тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолд ...тус тус заасныг шүүх анхааран үзээгүй.

           Иймд миний хүү П.Б-ийг өөрийн асрамждаа авах талаарх дээрх үндэслэлүүдийг нягтлан үзэж, 1049 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан хүүг минь  эцэг Б.П- миний асрамжид үлдээж өгнө үү.

Хариуцагч А.Г- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэг ч удаа 2 хүүхдээ эмнэлэг, эмчээр авч явж байгаагүй, 2 хүүхдээ үл хайхардаг, эцэг хүний үүрэг, хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүй хүн хүүгээ яаж мэдхэв. Цаашид  ч ийм байна. Хэргийн баримтаас хүүхдийнхээ тухай мэдлээ гэж ярьж суугаа хүн хүүхдээ авч явж асарч халамжилж чадахгүй хүн гэдэг нь тодорхой юм.

...Миний хүү Б- нь одоо 4 настай эрүүл мэндийн хувьд “Детский Аутизм” гэсэн оноштойгоор байнгын асаргаанд байх шаардлагатай. 2019.11.06-ны өдөр “Эх нялхас Эрүүл мэндийн төвд 13А маягтаар яаралтай хагалгааны заалтаар хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн. Одоо гадуур эмчилгээтэй байгаа. ...Б.П-д хүү П.Б-ийг өгөхийг зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Б.П- нь хүүгээ авахдаа биш, тэтгэлэг төлөх хугацаа хожих гэсэн бодолтой байгаа учраас хугацаа алдалгүй хурдан түргэн шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.П- хариуцагч А.Г-д холбогдуулж төрсөн 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 29.107.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Г- 2 хүүхдээ  өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох 29.660.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчид харилцан тохиролцож гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийн үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэн аль нь татгалзаж, хүү П.Б-ийн асрамжийн талаар маргасан байна.

Анхан шатны шүүх охин П.Г-, хүү П.Б- нарыг эх А.Г-гийн асрамжид үлдээж,эцэг Б.П-аас хуульд заасан тэтгэлэг гаргуулж, 2 хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шийдвэрлэлээ.

Зохигчид 2011 онд танилцаж, хамтын амьдрал зохиож эхэлсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин П.Г-, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү П.Б- нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр тус тус тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.П- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, охин П.Г-ийг эх А.Г-гийн асрамжид үлдээж, хүү П.Б-ийг өөрийн асрамжид авах, хариуцагч А.Г- нь 2 хүүхдээ өөрийн асрамжид авч эцэг Б.П-аас тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.

Хэргийн зохигчид 2019 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба энэ хугацаанд охин П.Г-, хүү П.Б- нар нь эх Р.Г-гийн асрамжид амьдарч байгаа болох нь  талуудын шүүхэд гаргасан тайлбар, сургууль, цэцэрлэгийн тодорхойлолтууд, эх А.Г-гийн ерөнхий боловсролын 16 дугаар сургууль болон 27 дугаар цэцэрлэгтэй байгуулсан гэрээ зэргээр тогтоогдоно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хуулийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж заасан байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар охин П.Г-ийн асрамжийн талаар талууд зөвшилцөж, эх А.Г-гийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Харин хүү П.Б-ийн асрамжийн талаар талууд хэн аль нь маргаж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “ Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар хүү П.Б-ийн насны болон эрүүл мэндийн байдал, сурч боловсрох нөхцөл, амьдрах орчин зэргийг харгалзан эх А.Г-гийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хүү П.Б- нь “Детский аутизм” гэсэн өвчний оноштой тул байнгын асаргаанд байж, эмчилгээ хийлгэдэг бөгөөд Дархан-Уул аймгийн 27 дугаар цэцэрлэгт суралцаж, төрсөн эгч П.Г-ийн хамт эх А.Г-гийн асрамжид өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа зэргээс үзэхэд  түүний одоогийн суралцах, амьдрах, эмчлүүлэх орчин нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.П-  Орхон аймагт хөдөө мал маллаж амьдардаг, өрхийн тогтмол орлого тодорхойгүй, хүү П.Б-ийг өөрийн асрамжид авахад эх А.Г-гийн асрамжид байгаа нөхцөл байдлаас илүү амьдрах, сурч боловсрох, эмчилгээ, сувилгааг байнга хийх нөхцөлөөр хангаж чадна гэдгээ баримтаар нотолж чадаагүй болно.

Мөн эх А.Г-г хүүхдүүдтэйгээ зүй бус харьцдаг, хажууд нь хүүхэд тайван амьдрах боломжгүй гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа шүүхэд нотлоогүй,хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг , эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”  бөгөөд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П.Г-, хүү П.Б- нарт эцэг Б.П-аас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа зохигчдын хэн аль нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн хүү П.Б-ийг өөрийн асрамжид авах тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч Б.П-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.П-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   Л.АМАРСАНАА