Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах: Н.Энхтөр,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох 1729000010008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Начин, нисэхийн гудамжны 11-1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржсүрэнгийн Батбаатар, /РД: КД76080614/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Суусар Алтай” ХХК-д түлш түгээлтийн автомашины жолоочоор ажиллаж байхдаа тус компаниас худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан 200 литр дизель түлшийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бусдад худалдаж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 368.000 /гурван зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: ” Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 3 сар ажилласан цалингаа аваагүй байсан юм. Түүний хохирол төлбөрт суутгуулсан, хохирол төлбөрийг барагдуулсан. Улсын яллагчаас оногдуулж буй 6 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Миний хувьд бие муутай, тархи толгойны болон бөөр нурууны өвчтэй. Ийм учраас хорих ялыг мөнгөн торгуулийн ялаар сольж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхтүвшингийн өгсөн: “...”Манай суусар алтай” ХХК нь Тавантолгой ХК-ний хөрс хуулалтын туслан гүйцэтгэгчээр 2016 оны 09 дүгээр сараас өнөөг хүртэл ажиллаж байна. Манай үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техникийн түлшний хэрэглээ өндөр гарч байсан ба манайд түрээсийн болон өөрийн өмчлөлийн 40 орчим техник ашиглагдаж байсан. Түлшээ шатахуун нийлүүлэлтийн компанитай гэрээ хийж 3000 литрийн багтаамжтай зопоршикаар татан авалт хийгээд Балт, Ганбаатар гэх удирдах түвшний хүмүүсийн хяналтан доор жолооч Батбаатар, Нямсүрэн нар түгээдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд компани дотооддоо санхүүгийн шалгалт хийсэн. Тэр үед маркшейдер Наранбаатар нь жолооч Батбаатарыг Ноён Богд уул компаний ажилтанд 200 гаруй литр түлш зарсныг нь мэдсэн талаараа хэлсэн. Мөн 05 дугаар сарын 20-21-ний өдөр 304 болон 540 литр түлш дутсаныг техник нэмж бичих байдлаар санхүүгийн баримтыг засварлах үйлдлийг Батбаатар хийх гэж байсныг мэдсэн. Иймэрхүү үйлдлээр дизель түлшийг завшиж байж болзошгүй гэж үзээд техникүүдэд нэг сарын хугацаанд түлшний хэрэглээндээ хяналт тавьж үзэхэд 5000-6000 литр түлш буюу 10 орчим сая төгрөгний хэмнэлт гарсан юм. Тэгээд энэ байдлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Балтын өгсөн:”...Би 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын 14-ний хооронд суусар алтай ХХК-ний ХАБ-ийн ажилтнаар ажиллаж байна. 2017 оны 04 дүгээр сарын дундуур байхаа манай компани “Сод Монгол” ШТС-д түлшний запрушкийг түрээслэхээр болсон. Тэгээд би тухайн Ноён богд ХХК-ний түлшний машины жолоочтой  уулзтал зөвшөөрөөд манайх тухайн түлшний машинаар түлшээ авахаар болоод би кемпээс Наранбаатараас Ноён Богд ХХК-ний жолоочтой хамт явуулсан, удалгүй түлш аваад өөрийн запрушкандаа хийчихлээ гээд Батбаатар ороод ирсэн. Тэгэхээр нь би түлшээ машинууддаа тараа гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Наранбаатарын өгсөн:”... Тэр өдөр манай компани МТ ШТС-аас түлш авах боломжгүй өртэй байсан учраас “Ноён Богд” ХХК-наас 3 тонн түлш авахаар болоод “Ноён богд” ХХК-нд би болон түлшний жолооч Батбаатартай хамт очоод тухайн компаний түлшний жолооч гэх нэг залуу мөн экскаваторын  жолооч гэх 2 залуу байж байсан. Тэгээд би тэр 2 залуутай колонк явж байтал би тухайн запрушканы жолооч залуу нь манай жолооч болох Батбаатартай утсаар ярихдаа энэ залуу чинь найдвартай юм уу, мэдэж байгаа юм уу? гэж ярьсан. Тэгээд бид 3 МТ ШТС-н дээр очоод тэдний 3 тонны капрушкаар түлш авчихаад буцаад “Ноён богд” ХХК-ний кемп дээр очоод манай түлшний машинд нөгөө авсан 3 тонн түлшээ юүлж эхлэхэд нь би байж байгаад өөрийн кемп рүү явах гэтэл Батбаатар өөрийн халааснаас 10 000 төгрөг гаргаж ирээд 3 тонн түлш авсан гэж хэлээрэй гэж хэлээд мөнгөө өгсөн. Тэгэхлээр нь аваад яваад өгсөн.” Гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тогтохсүрэнгийн өгсөн:”...Би Таван толгой ХК-ний туслан гүйцэтгэгч хөрс хуулах үйл ажиллагаа явуулдаг Суусар Алтай ХХК-нд 2016 оны 09 дүгээр сараас одоог хүртэл уулын мастер албан тушаал дээр ажиллаж байна. Улмаар ажиллах хугацаанд 04 сард хүний хариуцсан ажилтай Мөнхтүвшин, нягтлан Солонго гэх тус компаний ажилчид ирж шалгалт хийсэн. Үүний үндсэн дээр компаниас 48 сая төгрөгний түлш дутсан гэсэн байсан. Энэ асуудлаар би ерөөсөө мэдээгүй ба тухайн үед хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан Балт, түлшний жолооч Батбаатар нар нь түлшийг Сод Монгол, НИК, Магнай трейд зэрэг колонкуудаас авч уурхайд дотор байрлах техник хэрэгслүүдэд тараадаг байсан. Тухайн үед энэ хоёрыг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байх үед түлш дутсан асуудал яригдаж эхэлсэн. Энэ нь юутай холбоотойг мэдэхгүй байна. Мөн ажиллаж байх хугацаандаа компанийн эзэмшлийн түлш зөөдөг запрушик /тээврийн хэрэгсэл/-ийн шатахуун түгээгүүрийн хошуу нь удаа дараа эвдэрч байсан талаар Балт надад хэлдэг байсан. Тухайн хошууг нийтдээ 10 гаруй удаа сольсон гэж ярьж байсан. Тухайн хошуунаас болж түлш дусан талаарх асуудал гарсан байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Солонгын өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Суусар алтай ХХК-ний кемпэд тухайн өдрийн тараалтын түлшнээс дутсан асуудал гарсан. Тэгээд манай төв оффиссоос хуулийн зөвлөх Мөнхтүвшин бид 2 Цогтцэций суманд байх кемп дээр очоод ажилчидтай уулзтал манай маркшедэр ажилтай Наранбаатар хэлэхдээ ер нь ийм түлш авдаг асуудал гардаг байх. Би нэг удаа хамт очиж түлш авахаар явахад манай өөрийн түлшний запрушка эвдэрээд нөгөө компаний запрушкийг түр хэрэглэхээр болсон гэсэн тэгээд манай компаний запрушкины жолооч Батбаатар нь Наранбаатарт 10 000 төгрөг өгөөд энэ талаар чимээгүй байгаарай гэж хэлсэн гэсэн гэж ярьсан. Тэгээд бид 2 компаний 2017 оны 05 дугаар сарын 20-21-ний өдрүүдийн түлшний баримтуудыг шалгаж үзэхэд эхний өдөр 340 литр, дараагийн өдөр нь 500 орчим литр түлш дутсан байхаар нь 2017 оны баримтууд дээр бүгдэд нь хяналт шалгалт хийхээр болоод цагдаад өргөдөл өгсөн. Тэгээд манай хуулийн зөвлөх тухайн өдөрт 200 литр түлш дутаж байгаа байдлаар тооцож тухайн хүнийг ажилд орсон 2016 оны 11 сараас эхлэн үзээд 48 330 000 төгрөгийн түлш дутсан гэж үзээд өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын “Тус суманд 2017 оны 04 дүгээр сарын байдлаар дизель түлш 1 литр нь 1840 төгрөгний үнэ ханштай байсан болно” гэх 2017 оны 08 дугаар сарын 02-ны 2-319 дугаартай албан тоот /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б үйлдсэн хэргээ үгүйсгээгүй яллагдагчаар өгсөн: ”...Би “Суусар алтай” ХХК-д түлш түгээлтийн машины жолоочоор 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэл ажилласан юм. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн жолооддог машинд байсан дизель түлшнээс 200 литрийг бусдад зарчихсан юм. Энэ явдлаас өөрөөр надад дизель түлш завшсан, зарсан ямар нэг үйлдэл байхгүй. Тухайн үед цалин мөнгө буугаагүй, тамхи тарианы мөнгө дутагдаад тэр түлшийг нэг литрийг нь 1000 төгрөгөөр нийт 200 000 төгрөгөөр зарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б “Суусар алтай” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 52-54-р хуудас/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №1/962 дугаартай албан тоот /хх-ийн 64-р хуудас/,

 Шүүгдэгч Д.Б арилжааны банкуудад хадгаламж, зээл, харилцах данстай эсэх мэдээлэл /хх-ийн 70-76-р хуудас/

Шүүгдэгч Д.Б хувийн байдлыг нотлох урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/, Даланзадгад сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар,  гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б гарын дардасны бланк, гурван талаас нь харуулсан гэрэл зураг /хх-ийн 81-82-р хуудас/,

Хохирогч Б.Мөнхтүвшингийн “...хохирол төлбөрийг барагдуулсан, санал гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Суусар Алтай” ХХК-д түлш түгээлтийн автомашины жолоочоор ажиллаж байхдаа тус компаниас худалдан борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан 200 литр дизель түлшийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бусдад худалдаж, орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 368.000 /гурван зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Батбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б

 хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Суусар Алтай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхтүвшин нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА