Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2016/0296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Ж.О*******

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1*** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ж.О******* намайг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх зүй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар улсын байцаагч, мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Ж.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ит*****нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ж.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аю******нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны А/1***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

          Энэхүү тушаал болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын хууль бус эс үйлдэхүйг дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус, иргэн миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар олгогдсон, хамгаалагдсан төрийн албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

          1. Иргэн миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.А********2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалыг хууль бус гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан.

          Төрийн албаны зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 228 дугаар тогтоолыг гарган Сахилгын шийтгэл ногдуулах тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхийг тус агентлагийн даргад даалгасан байдаг.

          Төрийн албаны зөвлөл нь уг тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1720 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн бөгөөд миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй уулзаж албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох хүсэлтийг тавьсан.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2** дугаар тогтоолыг биелүүлэх үүрэгтэй билээ.

          Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь өнөөдрийг хүртэл уг үүргийг үл биелүүлэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалыг хүчингүй болгоогүй, намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоогоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд заасны дагуу нөхөн олгох талаар шийдвэр гаргаагүй байгаа нь иргэн миний хуулиар олгогдсон Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болсоор байна.

          2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аю******нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалын эрх зүйн үндэслэлийн нэг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны А/1***дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийн тухайд:

          Б/1***дугаар тушаалыг гаргахаас өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1***дүгээр тушаалаар ажлын хэсэг гэх бүрэлдэхүүнийг байгуулж дүгнэлт гаргахыг даалгасан байдаг. Энэ тухай миний бие ажлаас халагдсан өдрөө мэдсэн.

          Уг ажлын хэсэг гэгчийн дүгнэлтийг үндэслэн ажлаас халах шийдвэрийг гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй болсон.

          Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас халах хуулийн зохицуулалттай бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь ажлын хэсэг гэгчийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж байгаа нь хуульд нийцээгүй.

          Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны албан тушаалтны буюу дарга Т.А********гаргаж буй тушаал бүр нь зөвхөн хууль тотоомжид үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй байна.

          Нөгөөтээгүүр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1***дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гэгч нь Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удааширсан шалтгаан нөхцөлийг тогтоох, хяналт шалгалт гэх мэт зүйлийг хийж дүгнэлт гаргасан байгаа нь эрх зүйн үндэслэлгүй буюу ямар нэг хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээгүй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаа болсон байна.

          Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелүүлэлт, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйлүүдээр зохицуулагддаг бөгөөд үүнд зөвхөн шүүх хяналт тавьж гүйцэтгүүлэх талаар арга хэмжээ авахаар хуульчлагдсан билээ.

          Гэтэл Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх эрхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гурван албан хаагч нарт Монгол Улсын ямар ч хууль тогтоомжоор олгоогүй байгаа нь эдгээр албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлтэй болох юм.

          Төрийн албан хаагч нь зөвхөн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж, зөвхөн хууль захирагдах учиртай.

          Зүй нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлдог бөгөөд шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх, харин хэрэгжүүлж дуусах хугацааг мөн л шүүх тогтоох эрх зүйн зохицуулалттай байдаг.

          Мөн түүнчлэн уг ажлын хэсэг гэгч нь Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн боловч тухайн шүүхийн тогтоолд хэн нэгэн улсын байцаагчид үүрэг, даалгавар өгсөн зүйл байхгүй, харин уг тогтоол нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэрэглэгчийн гомдлыг хангахгүй орхисон шийдвэр юм.

          Иймээс хяналтын шатны шүүхийн 2013 оны 1*** дугаар тогтоолын хэрэгжилт удааширсан гэх зүйл байх боломжгүй юм.

          3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аю******нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэсэн тухайд:

          Дарга Т.А********Б/1***дугаар тушаалын 1 дэх хэсэгт Эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Ж.О******* нь Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн ... гэснийг зөрчил гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй билээ.

          Учир нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалаар хянан шийдвэрлэхдээ Н** ХХК, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1 дэх заалтыг зөрчсөн болохыг батлан тогтоож, улсын байцаагч нарын дүгнэлт, албан шаардлагыг хэвээр үлдээж, торгууль ногдуулсан шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

          Ингэхдээ шүүхээс торгуулийн хэмжээг дахин тооцож шинээр торгууль тавихыг хариуцагчид даалгасан байдаг.

          Н*** ХХК давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Улсын дээд шүүх хэрийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаагүй байдаг.

          Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд улсын байцаагч торгуулийг хэрхэн дахин ногдуулахыг үүрэг болгохдоо Хариуцагч нь Н*** ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу Аи-92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтад төлбөр тогтоох замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэсэн.

          Шүүхээс үүрэг болгосны дагуу Н*** ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу Аи-92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тогтоох ажлыг хийж эхэлсэн бөгөөд үүнийг гүйцэтгэх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 148 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан байдаг.

          Уг ажлын хэсэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.О*******, улсын байцаагч М.М*******, Б.Н********, Б.З******, К.Ж******* нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж Төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд болох Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Газрын тосны газар болон Н*** ХХК-иас холбогдох мэдээллийг авч судалсан боловч Н*** ХХК-ийн зөрчилд холбогдох Аи-92 маркийн автобензин, дизелийн түлшний 2011 онд борлуулсан нийт орлогын дүнг тооцох боломжгүй гэсэн дүгнэлт гарган газрын дарга О.М******* танилцуулсан байдаг.

          Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад миний бие бүрэн оролцсон бөгөөд шүүхээс гарсан дээрх шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүх бүрэлдэхүүн тогтоогоогүй юм.

          Учир нь торгуулийг дахин тооцож ногдуулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар төдийгүй төрийн эрх бүхий байгууллагуудаас үндэслэл бүхий мэдээлэл гаргах боломжгүй, төвөгтэй, удаашралтай, ажиллагаа ихтэй байдагтай шууд холбоотой юм. Үүнийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн сайтар ойлгосон байх тул торгуулийг дахин тооцож ногдуулах хугацааг тогтоож өгөөгүй билээ.

          Олон улсын онол практикийн хувьд ч Өрсөлдөөний тухай эрх зүйн зөрчлийн хүрээнд торгууль ногдуулах ажиллагаа нь маш нарийн төвөгтэй, мэдлэг, мэргэшил, тооцоо судалгаа шаардагдсан ажил байдаг бөгөөд 5 жил хүртэл хугацаагаар хэрэгжсэн практик ч байдаг.

          Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аю******нь Ж.О******* намайг Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн гэх шалтгаанаар ажлаас халсан нь үндэслэлгүй болж байна.

          Уг ажлыг гардан гүйцэтгэж байсан төрийн албан хаагчийг даргаар томилогдмогцоо ажлаас чөлөөлсөн байгаа нь мөн л энэ ажилд өөрөө саад учруулсан гэх үндэслэл болж байгаа юм... гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Б.Ит*****нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ж.О******* нь эхэлсэн ажилдаа дараах хэд хэдэн алдаа гаргаж, хариуцлага алдсантай холбогдуулан агентлагийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнд:

          1. Агентлагийн даргын баталсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/10 дугаартай удирдамжийн дагуу МИАТ ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийзийг борлуулах үйл ажиллагаа болон зорчигчийн тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн.

          Хяналт шалгалтаар М****** *эр эжинси ХХК, На***** в**** ХХК, А** н******* ХХК, С****** тр***** ХХК, С***** эй****с ХХК-иуд нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.0-д заасныг зөрчсөн болохыг улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/34 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

          Үүнтэй холбогдуулан удирдлагын зүгээс улсын байцаагчийн дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх болон зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд захиргааны хариуцлага ногдуулах чиглэлээр үүрэг даалгаврыг удаа дараа Ж.О*******т өгсөн боловч биелүүлээгүй, албан ажлаа хангалтгүй биелүүлсэн зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ... төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн заалтад хамаарч байсан тул уг хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байдаг.

          2. Иргэн А.Б******** тус газарт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр танай байгууллагад гаргасан өргөдлийг хуулийн дагуу албан хаагчид хариуцлага тооцуулах, иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, боловсронгуй болгож ажиллах талаар энэхүү өргөдлийг гаргаж байна.

          Би танай байгууллагад 2015 оны 5 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа талаар өргөдөл гаргаж, хяналт, шалгалт хийж өгөхийг хүссэн ... хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгсөнгүй гэсэн агуулгатай гомдол гаргасан.

          Гомдлыг судлан үзэхэд Ж.О******* хариуцаг ажилласан ба тухайн иргэний өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй.

          Түүнчлэн Ж.О******* иргэн А.Б*****т өргөдлийн хариуг амаар өгсөн гэж тайлбарладаг боловч амаар хариу өгсөн нь тогтоогдохгүй байдаг.

          Хэрэв амаар хариу өгсөн тохиолдолд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасны дагуу бүртгэж, баримтжуулах үүрэгтэй байтал тухайн үүргийг хэрэгжүүлээгүй ажлын хариуцлага алдсан байдаг.

          3. Агентлагийн даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/161 дугаар тушаалаар Н*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаартай тогтоолын хэрэгжилтийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэлгүй удаашруулсан, агентлагийн удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаагүй ажлын хариуцлага алдсан байдаг.

          Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 3*** дугаартай тогтоолоор батлагдсан Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам болон нэгжийн чиг үүргийн дагуу хэрэгжүүлсэн.

          Тодруулбал журмын 3 дугаар зүйлийн 3.7.1-д зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт, шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах гэж заасны дагуу тухайн албан хаагчийн ажлын зохион байгуулалт, ажлын сахилга, хариуцлага, хяналт шалгалтын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийж дүнг танилцуулсан.

          Өөрөөр хэлбэл агентлагийн удирдлагыг мэргэжил, арга зүйн зөвлөмж, шаардлагатай мэдээллээр хангаж ажилласан байдаг.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сити Эйр Майлс ХХК, Э*** н*******ХХК, С********** трэвел ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.О*******, К.Ж******** нарын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагатай холбогдуулан дүгнэлт гаргасан.

          Нэхэмжлэлд агентлагийн дарга заавал торго, дээд албан тушаалтны торгууль тавих, эс тавих үүрэг даалгавар өгч байсныг түүнээс өөрийг мэдэхгүй гэх зүйлийг мэдэхгүй гэж дурдсан байдаг.

            Гэтэл торгууль ногдуулах эсэх асуудлаар Ж.О******* нь агентлагийн удирдлагатай зөрчилдөж, хэтэрхий өөрийн дур зоргоор хандаж байгаа үйлдэл нь тухайн аж ахуй нэгжүүдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан тайлбараас харагдаж байгаа болно.

          Ж.О******* нь зан харилцаа, ажлын хариуцлага, зохион байгуулалтын хувьд эрхэлсэн ажилдаа хэт өөрийн зоргоор ханддаг, энэ нь өөрөөс шалтгаалах зан харилцааны буруутай үйлдлүүд хийгдэх шалтгаан нөхцөл болдог гэж үзэж байна.

          Иймд Ж.О*******ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

          Нэхэмжлэгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Тэрбиш орсон хурлыг мэдэж байсан гэж байна. Гэтэл би 07 дугаар сард амралттай байсан. Шүүхээс 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. 08 дугаар сарын эхээр Ц.Тэрбиш байцаагч ээлжийн амралтаа авч явсан. Тэгэхээр бид 2 зөрж амарсан тухайн үед би Ц.Тэрбиштэй уулзаагүй. Би ажилдаа ороод торгууль ногдуулах ажил хийсэн Т.Аю******даргатай уулзсан дарга хөрөнгөөр нь торго гэсэн. Тухайн үед Т.Аю******дарга энэ асуудлыг мэдэж байсан. Гэтэл надад хэлээгүй. Торгууль тавьсны дараа Т.Аю******даргатай уулзахад тогтоол нь хүчингүй болсон талаар хэлсэн.

          Мөн иргэн А.Б***** гэдэг хүний өргөдөл тушаалын үндэслэл болоогүй. А.Б***** гэдэг хүний тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар би тухайн өргөдлийг авсны дараа шийдвэрлэж хаасан. Үүний дараа 10 сард А.Б***** гэдэг хүн өргөдлийн хариугаа бичгээр авъя гэсэн хүсэлт өгсөн. Гэвч Ц.Тэрбиш гэдэг хүн тухайн өргөдлийг хүлээж аваад шийдвэрлээгүй. Гэтэл өргөдлийг нь хүлээж аваад шийдвэрлэсэн Ж.О*******т арга хэмжээ авсан үндэслэлгүй. Билетийн кассууд бол Өрсөлдөөний тухай хуулийн хэрэглээний асуудал байгаа. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлсэн шалгалт хийсэн үүний дагуу дүгнэлт гарсан. Дүгнэлт гаргаж шаардлага хүргүүлсэн компаниуд бүгд зөрчлөө арилгасан. Шалгасан байцаагч нар торгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Төрийн албан хаагч гэдэг хүн бол зөвхөн хуульд захирагдах ёстой болохоос биш удирдлагын өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Үүний дагуу би Т.Аю******даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Тухайн хуулбар албан бичгийг архивлах ёстой гэсэн зүйл Архив бичиг хэргийн зааварт зааж өгөөгүй. Хэрэв тухай албан бичгийг архивт өгөхөөр бол тухай жилд цугларсан материалыг дараа жилийн 02 дугаар сарын 01-ний дотор архивлах ёстой. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн. Тухайн албан бичгийг архивлаагүй учраас зөрчил гаргасан гэж үзсэн. Тэгэхдээ ямар хуулийн заалтыг үндэслэж зөрчил гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа. Мөн А.Б***** гэдэг хүний өргөдлийг шийдвэрлээгүй гэдэг. Гэтэл байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй. Өрсөлдөөний тухай хуулиар тухайн байгууллагын дарга ямар эрх үүрэгтэй бэ, улсын байцаагч ямар эрх үүрэгтэй бэ гэдгийг зааж өгсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ит*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.О******* бүх үйл баримтыг ярилаа энэ үйл баримтуудтай маргах зүйл байхгүй. Ёс зүйн зөрчил болон сахилгын зөрчил гэдэг бол хоорондоо өөр байгаа. Ёс зүйн зөрчил гэдэг бол ёс зүйн асуудлыг ярьдаг. Сахилгын зөрчил гэдэг бол хөдөлмөрийн сахилгын асуудал яригддаг. Ёс зүйн зөрчил бол оногдуулаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон. Тухайн байгууллагад торгууль тавигдахаас өмнө. Анх давамгай байдалтай аж ахуйн нэгж давамгай байдлаа буруу ашигласан байна гэж үзсэн. Гэтэл Н*** ХХК-ийг торголгүй 1 жил 8 сар болох үйл явцын дунд шүүх хүчин төгөлдөр акт болохыг нь тогтоож хэрэг үүсгэсэн. Гэвч Н*** ХХК-ийг 2012 онд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон байдаг. 2015 оны 06 дугаар сард шүүхэд хандсан. Шүүх давамгай байдалтай аж нэгжээр тогтоосон тогтоолыг илт хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Гэтэл 2 сарын дараа давамгай байдалтай аж ахуйн нэгжээр торгосон байгаа. Тэгэхээр Н*** ХХК-ийн давамгай байдал үүсэхээс өмнө 1 жил 8 сарын хугацаа байгаа. Энэ хооронд торгох боломжтой байгаа. Торгоогүй үндэслэлийг нь Ж.О******* ярьсан. Мэдээлэл нь олдохгүй байсан гэж байна. Гэтэл дараа нь мэдээлэл нь 1 жил 6 сарын дараа олдсон гэх мэт хугацааны хувьд асуудалтай байгаа.

          Ж.О******* гэж хүний эрх ашиг хөндөж байгаа гэдгийг ойлгож байна. Шүүх асуудлыг цогцоор нь харж шийдвэрээ гаргах байх гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ж.О******* нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/1***дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ж.О******* намайг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх зүй, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар улсын байцаагч, мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу тогтоон олгохыг хариуцагчид даалгах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /цаашид ШӨХТГ гэх/-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалаар тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Ж.О*******т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

          Дээрх Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалыг гаргахдаа: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны А/1***тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-дэх заалтыг тус тус үндэслэсэн байх ба дараах шалтгаан, үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.Үүнд:

    Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн

    Шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй

    2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зорчигчийн тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн боловч зохих шийтгэлийг ногдуулаагүй 4 сарын хугацаа өнгөрүүлсэн

    Удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар[1][1] болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараас үзэхэд хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалын үндэслэл тус бүрийг буюу халах шалтгаан болсон зөрчил тус бүрийг нотлох баримтад үндэслэн үндэслэлтэй, тодорхой тайлбарлахгүй, нотолж чадахгүй байна.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалыг гарах шалтгаан, үндэслэл болсон зөрчил тус бүрээр авч үзвэл:

          Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн гэх зөрчлийн тухайд:

          Н*** ХХК-ийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалаар[2][2] хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал ШӨХТГ-ын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 тоот шийтгэврийг түдгэлзүүлэн шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01*** дугаар тогтоолоор[3][3] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

          Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлсэн байх ба харин хэдий хугацааны дотор давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхийг заагаагүй.

          Тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалаар Н*** ХХК-ийн дизель түлшний борлуулалтыг судлан үзэж төлбөр тогтоох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон байна.

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд хэдий хугацааны дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг заагаагүй, хэн нэгэн улсын байцаагчид үүрэг, даалгавар өгөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан ажлын хэсэгт би болон улсын байцаагч М.Мөнхбаяр, Б.Наранцэцэг, Б.Золбоо, К.Жархынбек нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан, зөвхөн би шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээхгүй, торгуулийг дахин тооцож ногдуулахад төрийн эрх бүхий байгууллагуудаас үндэслэл бүхий мэдээлэл гаргах боломжгүй, төвөгтэй, удаашралтай, ажиллагаа ихтэй байдаг, олон улсын практикийн хувьд ч Өрсөлдөөний эрх зүйн зөрчлийн хүрээнд торгууль ногдуулах ажиллагаа нь маш нарийн төвөгтэй, мэдлэг, мэргэшил, тооцоо судалгаа, хугацаа шаардагдсан ажил байдаг гэсэн агуулгаар тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

          Учир нь холбогдох үндэслэл бүхий тооцоо, судалгаа хийж, нөхцөл байдлыг судлан үзэж захиргааны шийтгэл ногдуулах нь ШӨХТГ-ын улсын байцаагчийн өөрийнх нь хуулиар олгогдсон бүрэн эрх буюу эрх хэмжээний асуудал тул Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн зөрчил гаргасан гэж Ж.О*******ийг шууд буруутгах боломжгүй ба ийнхүү хяналтын шатны шүүхийн 1*** дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн гэж үзэж Ж.О*******т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл муутай байна.

          Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба ..., 20.3-д Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан ба 20.3.1-20.3.8-д өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах, хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах, судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах гэх мэтээр улсын байцаагчийн эрх, үүргийг нэрлэн зааж хуульчилсан байна.

          Дээрх хуулиудад заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн агуулгаас үзэхэд холбогдох тооцоо, судалгаа хийж, нотлох баримт, нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр захиргааны шийтгэл ногдуулах нь ШӨХТГ-ын улсын байцаагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул хяналтын шатны шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэлгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн гэх зөрчлийг Ж.О******* гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

          Н*** ХХК-ийн 2011 онд борлуулсан Аи-92 бензин, дизелийн түлшний нийт орлогын хэмжээг тогтоох зорилго бүхий ажлын хэсгийн хийсэн ажлын танилцуулга[4][4]-аас үзэхэд Ж.О*******ийг хяналтын шатны шүүхийн тогтоолыг биелүүлээгүй 2 жилийн хугацаа өнгөрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх ба Н*** ХХК-д торгууль ногдуулахын тулд тодорхой хяналт, шалгалт, судалгаа хийсэн болох нь нотлогдож байна.

          Шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалд нэхэмжлэгчийг шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн байх ба ийнхүү үзэхдээ ямар хяналт шалгалтын материалыг хэзээ архивт шилжүүлэх үүрэгтэй байсныг хэдий хугацаагаар хэтрүүлсэн болохыг тодорхой заагаагүй, ерөнхий, ойлгомжгүй байдлаар уг тушаалыг гаргасан байгаа нь уг захиргааны акт алдаатай болохыг харуулж байна.

          Иймд Б/1***дугаар тушаалд чухам ямар хяналт шалгалтын материалыг хугацаанд архивд шилжүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

          Мөн нэхэмжлэгч нь хяналт шалгалтын материалыг архивлах үүрэггүй бөгөөд шүүхэд ашиглаж байгаа тохиолдолд архивлаж хүлээлгэж өгнө гэдэг нь утгагүй, шүүхэд хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал өөр дээрээ байлгадаг, энэ бол зөрчил биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаар тушаалын хавсралтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба уг журмын 8.3-д ажлаас шууд халах зөрчлүүдийг нэрлэж заасан байна.

          Дээрх хөдөлмөрийн дотоод журамд нэрлэж заасан ажлаас шууд халах зөрчлүүдэд маргаан бүхий тушаалд заасан нэхэмжлэгчийн гаргасан гэх хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй гэх мэт зөрчлүүд хамаарахгүй байх тул Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй зөрчлийг гаргасан гэж хэрэв үзвэл Н*** ХХК-д холбогдох хяналт шалгалтын материалуудыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01*** дугаар тогтоол гарснаас хойш сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааны дотор буюу 2014 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах учиртай байтал сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн ажлаас халсан нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

          Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан ба нэхэмжлэгчийг шийдвэрлэсэн хяналт шалгалтын материалуудыг хугацаанд нь архивт шилжүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас халахдаа дээрх хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

          2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зорчигчийн тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн боловч зохих шийтгэлийг ногдуулаагүй 4 сарын хугацаа өнгөрүүлсэн гэх зөрчлийн тухайд:

          ШӨХТГ-ын улсын байцаагч Ж.О*******, К.Ж************ нар МИАТ ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийзийг борлуулж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж М**** ХК-аас зөвшөөрөл авалгүйгээр, МИАТ ХК-аас зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийз худалдан борлуулах эрх авсан компаниас дамжуулан худалдан борлуулах эрх авч зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийзийг худалдаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасныг зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага[5][5] үйлдсэн байна.

          М***** ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчид нь МИАТ ХК-аас зөвшөөрөл авалгүйгээр тасалбар, тийз борлуулах эрхээ олж авсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд шууд хамаарахгүй байна.

          Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 20.3.1-д өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан  тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэх мэтээр улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан байна.

          Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч хохирлын хэмжээг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна, 27.1.3-д энэ хуулийн 12.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг 10 000 000 хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах гэж заажээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 24.1.1-д зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны зөрчлийн бүрэлдэхүүн бүрэн тогтоогдсон эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр, хохирлын хэмжээг харгалзан захиргааны шийтгэл ногдуулах эсэх нь улсын байцаагчийн хуулиар өөрт нь олгогдсон бүрэн эрх байх тул зорчигчийн тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн боловч зохих шийтгэлийг ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж Ж.О*******ийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

          Мөн ямар нэг хохирол учруулаагүй, зөрчил бүхий үйлдлээ таслан зогсоосоор байхад торгууль ногдуулах нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй, захиргааны шийтгэл ногдуулах нь улсын байцаагчийн хэнээс ч хараат бусаар, хөндлөнгийн нөлөөнд үл автан хэрэгжүүлэх хуулиар олгогдсон бүрэн эрх тул намайг зөрчлийг хянан шийдвэрлэсэн боловч зохих захиргааны шийтгэл ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь миний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

          Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлүүдийг нэрлэж заасан ба төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа дээрх хуулийн 25 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэх нь хуульд нийцэх юм.

          Гэтэл Ж.О*******ийг ажлаас халсан Б/1***дугаар тушаалыг гаргахдаа ажлаас халах эрх зүйн харилцаанд хамааралгүй Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг баримталсан нь буруу ба уг захиргааны акт алдаатай болохыг харуулж байна.

          Удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

          ШӨХТГ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалд удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гэсэн шалтгаан, үндэслэлийг заасан байх ба удирдлагаас өгсөн тодорхой, ямар хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, ерөнхий, ойлгомжгүй байдлаар уг тушаалыг гаргасан байгаа нь буруу юм.

          Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: иргэн А.Б*****аас тус газарт гаргасан гомдлыг судлан үзэж, шийдвэрлэж, хариу өгөх үүргийг Ж.О******* хариуцан ажилласан ба тухайн иргэний өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, Ж.О******* иргэн А.Б*****т өргөдлийн хариуг амаар өгсөн гэж тайлбарладаг боловч амаар хариу өгсөн нь тогтоогдоогүй, хэрэв амаар хариу өгсөн тохиолдолд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заасны дагуу бүртгэж, баримтжуулах үүрэгтэй байтал тухайн үүргийг хэрэгжүүлээгүй ажлын хариуцлага алдсан тул ажлаас халсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Учир нь ШӨХТГ-ын даргын 2015 оны Б/1***дугаар тушаалд иргэн А.Б*****аас гаргасан гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй гэж гэсэн шалтгаан, үндэслэлийг тодорхой заагаагүй байх тул тус тушаал үндэслэлгүй.

          Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд: ...анх энэ өргөдлийг улсын байцаагч Ц.Тэ****** цохсон байсан, улсын байцаагч Ц.Тэ****** надад шилжиж ирсэн, ... 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөдлийг хүлээн авсан Ц.Т***** байцаагч хариу өгөх ёстой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь өргөдөл гомдлын цахим системийн хуудсаар[6][6] нотлогдож байна.

          Мөн иргэн Төрийн албаны зөвлөлөөс нотлох баримтын шаардлага ханган тус шүүхэд ирүүлсэн А.Б*****ын Төрийн албан зөвлөлд бичгээр гаргасан тайлбараас[7][7] үзэхэд Ж.О******* гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил гаргасан болох нь үгүйсгэгдэж байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох ШӨХТГ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг болон Ж.О*******ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ШӨХТГ-ын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацаагаар тооцож олгох, мөн тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санхүүгээс ирүүлсэн Ж.О*******ийн ажиллаж байсан хугацааны цалингийн карт болон нийгмийн даатгалын дэвтэрийн дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг болон нэмэгдэл цалинг 955.122 төгрөгөөр тооцож, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хүртэл нийт 6 сар 3 хоногийн цалин, хөлстэй тэнцэх 4.817.858 /хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасан дүн болно/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

            

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/1***дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.О*******ийг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ж.О*******т 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.817.858 төгрөгийг олгож, тухайн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.           

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ