Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02168

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 27

181/ШШ2024/02168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... оршин суух, Х.Г  /регистрийн дугаар: ./

Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, Н.Х  /регистрийн дугаар: .../ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... өөрийн байранд байрлах, НШШГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Са., Б.Э., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А. нар оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь НШШГ т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01919 дүгээр шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн юмаа.

Дээрх шийдвэрээр Х.Г , Н.Х нар Худалдаа хөгжлийн банк ХХК-д 504.970.032 төгрөгийг төлж барагдуулах, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд ... тоот, Сүхбаатар дүүргийн, 01 дүгээр хороо, Олимпийн гудамж, 22 дугаар байрны 173,5 мкв талбайтай 1003 тоот орон сууцны үнийн дүнгээс хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх шийдвэрийн барьцаа хөрөнгө болох ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг маань иргэн С.З миний эзгүйд эхнэр Н.Х г дарамталж байгаад өөрийн нэр дээр шилжүүлснийг би гадаадаас ирж мэдсэн тул Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 02260 дугаартай шийдвэрээр иргэн С.З г ... тоот үл хөдлөх эд хөрөнгийг буцааж Н.Х д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Гэвч С.З шүүхийн захирамжаар шилжилт хөдөлгөөнийг нь зогсоогоод байсан гэх дээрх хөрөнгийг шүүхийн шийдвэр гарсны дараа бусдад шилжүүлсэн байсан. Иймд бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Улсын бүртгэлийн газраас лавлахад дээрхи хөрөнгийг битүүмжлээгүй болох нь тогтоогдсон. Тиймээс бид албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Аливлгалтай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулж байна.

НШШГ өөрсдөө ийм хууль зөчсөн Шүүхийг үл хүндэтгэсэн, хариуцлаггүй үйлдэл гаргасан хэрнээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бидний амьдарч байгаа байрыг хурааж дүн өвлийн хүйтэнд хөөж гаргахаар ямарч тайлбар хүлээн авахгүй зүтгэсээр байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.6-д заасан дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Бид шат дараатай гомдлоо гаргаж гагцхүү хуульд заасан дагуу үнэлгээ гарсны дараа өөрсдөө зарж борлуулах 1 сарын хугацаа хүссэн боловч Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболд тэгэх шаардлагагүй та шүүхээр явах гэж байгаа юм биш үү гэсэн. Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр талын эрхийг хангаж явагдах ёстой байтал дээр дурьдснаар бидний эдлэх эрх эдлүүлээгүй. Миний бие Х.Г , Н.Х нарт эрх, үүрийг маань сайн тайлбарлаж өгөөгүй болно.

Мөн бид нараас үнийн санал аваагүй бөгөөд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид эдлэх эрхээ бүрэн эдэлж чадаагүй. Мөн барьцааны үлдсэн ганц хөрөнгө дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2. дугаарт бүртгэлтэй, С... орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1919 тоот захирамжаар Х.Г , Н.Х нараас 504.970.032 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгох, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47/9 дүгээр байрны 3, 5 дугаар давхар 0 тоот хаягт байрлах 570 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн тус хөрөнгийг чөлөөлж, хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байна.

Харин төлбөр төлөгч Х.Г , Н.Х нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 22 дугаар байрны 1003 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилж, хураан авч, үнэлгээ тогтон худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж байна.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан шийдвэрлүүлэх боломжтой байна.

Барьцааны нөгөө хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, С... орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авсан боловч ирүүлээгүй тул шинжээч томилсон. Шинжээчээс хөрөнгийг 1.944.508.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч, авагч нарт мэдэгдсэн.

Иймд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Гуравдагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч Нямаа овогтой Хулан, Хүрэлбаатар овогтой Ганбаатар нар нь Худалдаа хөгжлийн банктай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Баталгааны гэрээг тус тус байгуулан 798.500.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №ЗБ/СС181115003-2-2-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо Олимпийн гудамж 22 дугаар байрны 1003 тоот хаягт байрлалтай 173.5 мкв орон сууцыг барьцаалсан болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/01919 тоот шүүгчийн захирамжийн дагуу Х.Нямаа, Х.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 504.970.032 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №3/103 тоот мэдэгдлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай, Сүхбаатар дүүргийн хороо Олимпийн гудамж дүгээр 22 дугаар байрны 1073 тоот хаягт байрлалтай 173.5 мкв орон сууц хөндлөнгийн үнэлгээчний тогтоосон үнэ болох 1.361.155.600 төгрөгөөр үнэлэгдсэн.

Төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, төлбөр төлөх боломж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/3368 тоот, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/104 тоот мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/01 дугаартай тогтоол, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01919 дугаартай захирамж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23361325/07, 23361325/05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Ган гурван од үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, Ган гурван од үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлжээ. /хх 4, 5, 6, 12-16, 17-19, 20, 21, 22-37/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ГХ2023/00943 тоот гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2023/15088 дугаар захирамж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01919 дугаар захирамж, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23361325/01 тоот төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23361325/05 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23361325/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/01 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/4516, 3/4515, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/4613 дугаартай мэдэгдэл, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/20 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хууль тайлбарласан тухай, Ган гурван од үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаартай хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Гангурван од үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/4801, 3/4802 дугаартай мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/01 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 3/103, 3/104 дугаартай мэдэгдэл зэргийг ирүүлжээ. /хх 45-90/

Гуравдагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 93-97/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Г , Н.Х нь НШШГ т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлаагүй, үнийн санал аваагүй, ажиллагаа хууль зөрчсөн гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, эрх үүргийг тайлбарласан, үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01919 дүгээр шүүгчийн захирамжаар: Н.Х , Х.Г нараас 504.970.032 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох, хэрэв төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081395 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 47/9 байр 3,5 дугаар давхар 0 тоотод байрлалтай 570 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, С... орон сууц, харилцах данснуудын орлогоос хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 47-49/

3.2.НШШГ 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 45-50/

3.3.Барьцаа хөрөнгөний нэг болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081395 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэгт байрлах 570 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгийн тухайд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, төлбөр авагчийн зүгээс барьцаа хангалттай үндэслэлээр тухайн хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн талаар шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс тайлбарласан, үүнд маргаагүй.

3.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, С... орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23361325/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23361325/09 тоот тогтоолоор хураажээ.

4.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлдээ үнийн санал аваагүй гэж дурджээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/4516, 3/4515 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг үнийн саналаа ирүүлэхийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангийн байгууллагаар хүргүүлсэн. Дахин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/4013 тоот мэдэгдлээр Н.Х , Х.Г нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгджээ. /хх 64-66/

Хэргийн баримтаар хураах ажиллагааг явуулах үед 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд энд суугаа айлуудын жишгээр мкв-г 11 сая төгрөгөөр үнэлж байна гэснийг баримтжуулсан байх тул Х.Г ын тухайд үнийн саналаа өгсөн гэж үзэхээр байна. /хх 61/

Харин төлбөр төлөгч Н.Х гийн тухайд үнийн санал өгсөн талаарх баримт авагдаагүй ч, хариуцагч байгууллагаас дээр дурдсан үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүдэд хоёр төлбөр төлөгчид хамтад нь хаяглаж хүргүүлсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул хариуцагч байгууллага харилцан тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

5.Тус газар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/20 тоот тогтоолоор Ган гурван од ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчээс дээрх хөрөнгийг 1.944.508.000 төгрөгөөр үнэлжээ. /хх 67-85/

5.1.Үнэлгээг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Х.Г т хүлээлгэн өгсөн болох нь мөн өдрийн 3/4802 тоот мэдэгдлийн доод талд гарын үсэг зурснаар тогтоогдсон. /хх 87/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан тул нэхэмжлэгч Х.Г ын тухайд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

5.2.Харин төлбөр төлөгч Н.Х гийн тухайд үнэлгээг мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/4802 тоот үнэлгээний мэдэгдлийг түүнд хүргүүлээгүй, шуудангийн байгууллагаар дамжуулж хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн зүгээс шуудангаар хүргүүлээгүй үйл баримтыг хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байх тул түүний хувьд хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой дэс дарааллыг баримтлан явуулна.

Шүүх хуралдааны явцад төлбөр төлөгч Х.Г , Н.Х нар нэг гэр бүл тул Х.Г оролцоод явсан, Н.Х ирээгүй, гэхдээ мэдэгдэл хүргүүлэх бүртээ Н.Х , Х.Г нарт хамтад нь хүргүүлж байсан хэмээн хариуцагч тайлбарлаж байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт Н.Х гаас Х.Г т олгосон итгэмжлэл авагдаагүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, баримт бичиг хүлээн авах баталгаа, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараагийн тэмдэглэлүүд зэрэг ажиллагааны баримтуудад Х.Г гарын үсэг зурсан, харин нэг ч баримтад Н.Х гийн гарын үсэг зурагдаагүй байна.

Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч хоёр иргэн нэг гэр бүлийн хүмүүс байсан хэдий ч нэг нь нөгөөдөө ажиллагаанд төлөөлж оролцуулах итгэмжлэл олгоогүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч тус бүрт холбогдуулж ажиллагааг гүйцэтгэх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1-д энэ талаар зохицуулсан.

Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасан хэдий ч шүүх түүнээс өмнөх шат дараалсан ажиллагаа хуульд нийцээгүй тохиолдолд үргэлжлүүлэх, ажиллагааг хэвээр үлдээх боломжгүй гэж дүгнэлээ. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлдээ оролцох эрх үүргийг тайлбарлаагүй, эрхийг эдлүүлээгүй гэж дурдсан тул шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгч Н.Х гийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

7.Гуравдагч этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар төлбөр авагч талаас өгсөн хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх тухай хүсэлт-ийг хариуцагчаас баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан. Нэгэнт хуралдааны явцад төлбөр төлөгч хоёр иргэний зөвхөн нэг болох төлбөр төлөгч Х.Г ыг оролцуулж явуулсан, нэхэмжлэгч Н.Х г ажиллагаанд оролцуулаагүй болох нь тогтоогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулах, уг баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, С... орон сууцыг үнэлсэн Ган гурван од үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ