Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Т,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тү холбогдох 1729000130005 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гоёотын 18-5 тоотод оршин суух, Шарнууд хөрх овогт Цэдэнноровын Т /РД:КЙ82122970/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 07 дугаар сарын 16, 21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн харьяат иргэн Г.Мягмарын хээлтэй болон хээлгүй 2 тооны ингэн тэмээг бэлчээрээс нь хулгайлж бусдад 4,500,000и төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-15-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мягмарын: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баян багийн Шар хошуу гэдэг газар нүүсэн. Нүүхэд манай тэмээнүүд сумын төвийн ойролцоох Дөрөлж гэдэг газар үлдсэн. 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тэмээгээ бүртгээд үзтэл ижлээсээ салдаггүй хоёр бүдүүн ингэ алга байсан. Тэгээд хайгаад явж байтал сумын төвийн зүүн зээргэнэ дотор шувуу эргээд байхаар нь очоод үзтэл манай “Урт шар” нэртэй ухаа зүсмийн ингэний толгой, шир, таваг нь хэвтэж байсан. Би толгойгоор нь өөрийн ингийг таньсан боловч баталгаажуулаад ширний тамгатай хэсгийг сөхөж үзэхэд манай хас тамга дарагдсан байсан. Тэр хавиар жаахан явтал сумын төвийн хамгийн зүүн хойд талд байх эзэнгүй хашааны зүүн хойд буланд нөгөө олдохгүй байсан “Эрх гунж” гэдэг ингийг маань төхөөрөөд арьс, толгой, тавгийг нь хаячихсан байсан ба нэлээд хэд хоногийн өмнө төхөөрсөн бололтой арьс нь өмхийрч муудсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Ц.Т нь хохирол төлбөр барагдуулаагүй. Түүнээс 4,640,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 99-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Амарсанаагийн: “...Түвшинзаяа хөдөө хүргээд өг гэхээр нь хаана хүргүүлэх гэж байгаа юм гэхэд нэг тэмээ алах гэсэн загийн бетоны үйлдвэрийн урд хэвтчихлээ гэсэн. Тэрээр мотоциклоо нэг айлын хашаанд тавьчхаад атаман буюу Батмөнх ахынд очсон. Бид гурав ширээ бөхтэй хөнгөн цагаан ээмэгтэй бүдүүн ингэ байсан газарт очсон. Би Түвшинзаяад туслаад зогсож байсан. Тэгээд тэмээний арьсыг хуулаад байж байтал портер унаад Ганаа мөн Пүүжээ ах 2 танихгүй залуутай ирсэн.Тэгээд махаа ачаад хөдөлсөн би гэртээ хоолоо идээд “Цогтхан” махны дэлгүүрт ирэхэд тэд махаа буулгаад дуусаж байсан. Түвшинзаяа надад 10,000 төгрөг өгсөн. Тэмээг хулгайлж байгааг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 23-24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Батмөнхийн: “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Амарсанаа, Түвшинзаяа нар манайд ирсэн. Тэгээд намайг хөдөө яваад тэмээ алаад өгчих, танд өгөх мөнгөнд мах өгье, мах ачих машин олоод өгөөч гэсэн. Тухайн үед Ганаа манайд байсан. Бид хоёр сайранд явж ирээд унтах гэж байсан. Тэгээд бид гурав сумын зүүн талд хуучин Заг ХХК-ийн бетоны үйлдвэрээс баруун хойно нь бүдүүн бор ингэ байсныг төхөөрөөд дуусаж байхад Ганаа цагаан өнгийн портертой Пүүжээ, Зоригоо, Бааска нартай хамт ирсэн. Тэгээд Ганаа 1 шил 0.75 граммтай “Ёрөөл” архи авчирсныг Түвшинзаяа, Амарсанаа нараас бусад нь уугаад махаа ачаад сум явсан. Тэгээд сумын төвд “Цогтхан” махны дэлгүүрт махыг аваачиж өгсөн. 258 кг орчим болсон байх мөнгийг нь Түвшинзаяа авсан. 100,000 төгрөг авч байсан үлдсэнийг нь махыг зараад өгнө гэж байсан. Тэгээд  Түвшинзаяа надад 20,000 төгрөг өгөөд би тэмээний 2 бөх, хошного, 2 хавирга, цоройны өөх зэргийг авсан. Тэмээг төхөөрч байхад хог дээрээс Баатар ирэхэд нь гэдсийг нь өгсөн. Махаа дэлгүүрт өгөөд Түвшинзаяа яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 29-30-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Элбэгсайханы: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байх өдрөө сайн санахгүй байна. намайг Энх-Уяатай сайр ачиж байхад Түвшинзаяа утсаар яриад тэмээ төхөөрөхөд туслаад өгөөч гэж гуйсан. Тэгээд сайраа буулгаад яваад очтол Түвшинзаяа нэг залуутай тэмээгээ алчихсан арьсыг нь хуулаад дуусчихсан байсан. Энх-Уяа бид хоёр махыг эвдэлцээд байж байтал цэнхэр өнгийн портер хүрээд ирсэн. Тэгээд машинд махыг ачиж өгөөд Түвшинзаяа суугаад нөгөө залуу нь мотоциклоороо араас нь явсан. Тэнд гэдэс ширэн дээр байхаар нь Түвшинзаяа руу залгаад хэлтэл хая гэсэн. Тэгэхээр нь би хошного, зүрхийг нь авсан. Мөн Баатар гэдэг хүн эхнэртэйгээ ирээд  нохойн хоол аваад явсан. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эрдэнэ-Очирын: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Түвшинзаяа ирээд тэмээний мах авах уу гэхээр нь авъя гэсэн. Тэгээд сумын зүүн хойно тэмээгээ төхөөрч байна гэхээр нь харъя гэж бодоод очтол тарган тэмээ байсан. Тэр тэмээний мах 290 кг болж, 730,000 төгрөг болсон. Мөнгийг Түвшинзаяа өөрөө авсан. Махаа өгөхдөө эхнэртэйгээ хамт ирж өгсөн байсан. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирж тэмээний мах авах уу гэж дахин асуусан. Тэгээд авахаар болоод Түвшинзаяа хөдөө явна гээд дэлгүүрээс 33,900 төгрөгийн зүйл  аваад явсан. Маргааш өдөр нь махаа авчирч өгсөн. Гахайндаа өгөх хоол гээд тэмээний гэдсийг авах гээд хуучин хашаанд нь очтол байхгүй байсан. Би Түвшинзаяагийн утсыг мэдэхгүй эхнэрээс нь хаана тэмээ төхөөрч байгаа талаар асуухад мэдэхгүй байсан. Сүүлийн тэмээний мах нь 260 кг болсон. Тэмээний махнаас 2 бөх, 1 хавирга, өөх зэрэг зүйлүүд байхгүй байсан. Ер нь их тарган тэмээ байсан. Тэгээд тэр өдрөө 150,000 төгрөг авсан. Маргааш нь цувуулж мөнгөө аваад одоо 186,000 төгрөг өгөхөөр үлдсэн байгаа.  Нийт 620,000 төгрөг болсон. Түвшинзаяад сүүлийн авсан тэмээний мөнгө 434,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэбаатарын: “...хогийн цэгийн наахан талд цагаан өнгийн Портер, саарал өнгийн жижиг машинтай хүмүүс мал нядалсан бололтой байхаар нь яваад очтол танихаас Түвшинзаяа, Жоохноо буюу Элбэгсайхан, Атман хочит Батмөнх, танихгүй 2 эрэгтэй хүн байсан. Тэд бор зүсмийн гэмээр тэмээ нядлаад машин дээрээ ачаад бүтээсэн байсан. Тэгээд намайг явах гэтэл Жоохноо, Атман хоёр “та гэдсийг нь авахгүй юм уу, хаях гэж байгаа” гэхээр нь тарган тэмээний гэдэс болохоор нь авсан. Гэдэснээс элэг, уушиг, зүрх зэргийг авсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Баасанхүүгийн: “...тэмээгээ төхөөрөөд дуусахаар нь портерт ачаад сумын төвд “Цогтхан” махны дэлгүүрт махыг буулгасан. Тэгээд Пүүжээгийн машиныг аваад бензин хийчхээд буцаад ирсэн Түвшинзаяа явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гантөмөрийн: “...намайг очиход Түвшинзаяа, Атман, Амарсанаа нар тэмээний арьсыг хуулаад дуусаж байсан. Тэгээд махыг нь ачаад “Цогтхан” махны дэлгүүрт буулгасан. Тэндээс би Атманы авсан өөх, 2 бөхийг гэрт нь буулгачхаад гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/

            “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №138/01 тоот шинжээчийн: “...Зах зээлд дээрх үнийн судалгаагаар 7 настай хээлтэй ингэ, сумын сайхан ингэний тэмцээнд орж байсан 2,000,000 төгрөг, 8 настай хээлтэй ингэ сумын сүүтэй ингэний уралдаанд мөнгөн медаль авч байсан 2,500,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63-р хуудас/

Ц.Т үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хавтаст хэргийн 67-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 07 дугаар сарын 16, 21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн харьяат иргэн Г.Мягмарын хээлтэй болон хээлгүй 2 тооны ингэн тэмээг бэлчээрээс нь хулгайлж бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Мягмар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4,640,000 төгрөг нэхэмжилсэн. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №138/01 тоот үнэлгээгээр зах зээл дээрх үнийн судалгаагаар 7 настай хээлтэй ингэ нь сумын сайхан ингэний тэмцээнд орж байсан 2,000,000 төгрөг, 8 настай хээлтэй ингэ нь сумын сүүтэй ингэний уралдаанд мөнгөн медаль авч байсан 2,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр тогтоогдож байх ба Г.Мягмар нь дээрх үнэлгээний үнийн талаар маргаагүй байна. Харин 60 литр түлшний үнэ, хохирлын үнэлгээ тогтоолгоход “Хөрөнгө Эстимэйт” ХХК-д төлсөн төлбөр нийт 160,000 төгрөгийн нэхэмжлэлийн талаарх нотлох баримт байхгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 160,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус оногдуулав.

Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мягмарт учруулсан хохирлыг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах боломжтой гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Т 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор хохирогч Г.Мягмарт олгуулахаар шүүхээс хугацааг тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд хөрх овогт Цэдэнноровын Түвшинзаяаг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэдэнноровын Түвшинзаяаг хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Т нь тэнсэгдсэн 4 /дөрөв/-н жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор хохирогч Г.Мягмарт олгосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Т иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Түвшиндаяад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН