Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 4

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01209/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, Л.Амарсанаа, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 18-ны өдрийн 1177 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

"Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч М.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

М.Г- миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын Малчин багийн нийгмийн ажилтнаар томилогдон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн 8 дугаар хурал хуралдаж тус багийн засаг даргаар ажиллаж байсан С.А- нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Малчин багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж 8/01 дугаар Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор багийн засаг даргаар ажиллаж байсан С.А-г ажлаас нь чөлөөлж, улмаар тус багийн засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн. Миний бие Малчин багийн засаг даргад нэр дэвшиж Б.Б-тай өрсөлдөж нийт хуралд оролцсон 81 иргэнээс 73 иргэний санал буюу 90.1 хувиар ялалт байгуулж, Малчин багийн засаг даргаар сонгогдсон. Уг хурлын үр дүнгээр тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор М.Г- намайг Малчин багийн засаг даргаар томилох захирамжийг Сумын засаг дарга Б.А- гаргана гэж хэлсний дагуу миний бие 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийгмийн ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч улмаар Дархан сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалын дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Ийнхүү миний бие Монгол улсын иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ шударгаар хэрэгжүүлснийхээ төлөө засаг дарга Б.Азжаргалд таалагдахгүй байна гэх шалтгаанаар Малчин багийн засаг даргаар томилогдохгүй, Нийгмийн ажилтны ажлын байрнаасаа үндэслэлгүйгээр халагдаж Хөдөлмөрлөх эрх маань хүртэл давхар давхар зөрчигдөж хөндөгдөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Хүрэлчулуун нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн хурлын 8 дугаар хуралдаанаар багийн Засаг даргад тус багийн нийгмийн ажилтан М.Г- өрсөлдөн улмаар Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор Малчин багийн засаг даргад нэр дэвшүүлж сумын засаг даргад уламжилсан болно.

Үүнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь М.Г-ий өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар нийгмийн ажилтны албан үүргээс нь чөлөөлж, холбогдох материалыг бүрдүүлэн багийн засаг даргаар томилох тухай сумын засаг даргын захирамжийн төслийг боловсруулан сумын засаг даргад уламжилсан болно.

Үүний дараа сумын засаг дарга М.Г-тэй ярилцлага уулзалт хийсэн бөгөөд ярилцлагын үр дүнд Монгол улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин багийн засаг даргаар томилохоос татгалзсан.

Өнгөрөгч хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 23, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд сумын Засаг дарга М.Г-тэй болон түүний ээж Ш.Гантуяа нартай уулзсан 2 удаагийн уулзалтын үеэр Малчин багийн нийгмийн ажилтнаар эргүүлэн томилон ажиллуулах боломжтойг мэдэгдсэн бөгөөд сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1573 албан бичгээр Малчин багийн нийгмийн ажилтны орон тоонд эргүүлэн томилох боломжтой тухай мэдэгдлийг М.Г-д хүргүүлсэн боловч өдийг хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 18-ны өдрийн 1177 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ий хариуцагч Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.128.861 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун 2019.10.16-ны өдөр нэхэмжлэгч М.Г-ийг дуудаж Засаг дарга чамайг томилох захирамж гаргах гэж байна. Чи нийгмийн ажилтны ажлаа өгөх шаардлагатай хүсэлтээ бичиж өг гэж шаардаж, М.Г-ийг хуурч хүсэлтийг нь бичүүлж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдана.

Энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий тушаал болох Б/123 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.1-ийг барьж үндэслэлгүй тушаал гаргаснаас тодорхой харагдаж байна.

Ийнхүү шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй, хариуцлагатай шийдвэрлэж чадаагүйн улмаас өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж иргэний, /ажилтны/ үндсэн эрх болох, сонгогдох, хөдөлмөрлөх эрхийг дур зоргоороо зөрчиж буй төрийн захиргааны удирдах албан тушаалтан, улс төрийн албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг өөгшүүлсэн, хэт нэг талыг барьж хуулийн зөрчлийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүргээсээ хазайсан хариуцлагагүй үйлдэл болж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.

Хариуцагч тал шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө болон хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авч болно. Харин цалин олгох тал дээр татгалзаж байна. Гэсэн тайлбар өгч байсан болохыг мөн гомдол дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч М.Г- шүүхэд түүнийг Дархан сумын Малчин багийн нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн Дархан сумын Засаг даргын тамгын газрын  даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгож түүнийг урьд эрхэлж байсан  багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийлгэх тухай  нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ дараах үйл баримтыг дурджээ.

Үүнд 2019 оны 10 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Дархан сумын Малчин багийн иргэдийн нийтийн хурлаар багийн Засаг даргад миний нэрийг дэвшүүлж  би 90.1 хувиар ялалт байгуулж багийн Засаг даргаар  батламжлуулахаар Сумын Засаг даргад уламжлах болж намайг О.Хүрэлчулуун дарга намайг өмнөх нийгмийн ажилтны ажлаа өг гэхээр нь би түүний шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгсөн. Ингээд намайг томилуулах гэсэн боловч Засаг дарга Б.Азжаргал томилохоос татгалзсан. Одоо хүртэл томилсон захирамж гараагүй өмнөх ажлаасаа халагдсан тул миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байна гэжээ.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хариуцагч тал маргаагүй бөгөөд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах асуудал нь түүний бичгээр гаргасан өргөдөл хүсэлтэд тулгуурласан байх ёстой.  Ажилтан ийнхүү ажлаас гарах болсон шалтгаан нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн илрэл байх бөгөөд түүний хувьд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байж болох талтай.

            Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн шалтгаан, өөр орон нутагт шилжин ажиллах, цалин хөлсөндөө сэтгэл ханамжгүй байх  гэх мэт. Ийм тохиолдолд өөрөө санаачлан ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр хүсэлтээ бичих явдал юм.

Харин М.Г-ийн хувьд сонгуулийн үр дүнд Засаг даргаар дэвшин ажиллах болсонтой холбогдуулан эрх бүхий албан тушаалтан түүнийг ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардан холбогдох баримтыг бүрдүүлэн багийн Засаг даргаар батламжлуулахаар сумын Засаг даргад уламжлах болсонтой холбогдуулан тэрээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байна.

Шүүх түүнийг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө бичиж өгсөн мөн түүнийг “Дархан сумын Малчин багийн Засаг даргаар батламжлах эсэх асуудал нь эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байхаас гадна М.Г-ийг Малчин багийн Засаг даргаар батламжлаагүй нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаартай тушаал гарснаас хойш бий болсон үйл баримт нь М.Г-ийг ажлаас чөлөөлсөн энэхүү тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

Ажилтан ямар нөхцөл байдал үүсч, ямар учир шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг эрх бүхий албан тушаалтан шаардсаны дагуу гаргасан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч хангаж М.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буцаан тогтоож ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 18-ны өдрийн 1177 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ий хариуцагч Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.128.861 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г-ий хариуцагч Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилтныг урьд эрхэлж байсан Малчин багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 1.742.765 төгрөгийн нөхөн олговрыг ажил олгогчоос  гаргуулан  нэхэмжлэгч М.Г-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг ажил олгогч Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

                             

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХЖАРГАЛ

                                                  ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ