Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/438

 

 

 

 

2022               4              26                                       2022/ДШМ/438

 

Х.Хад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Л.Б,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Хад холбогдох 2109000001360 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Хын Х, 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “...” ХХК-д барилгын заслын инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Л.Быг найзыг нь цохисон, нулимсан гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хаас 820.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Б нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х нь “...ширээн дээр архи уугаад сууж байхад нэг ах хүн болгонтой муудалцаад байсан. Удалгүй намайг нойл ороход надтай муудалцаад салсан. Тухайн залуу манай ширээн дээр ирчихсэн манай найзтай муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би очиход тэр залуу манай найзыг цохихоор нь би хохирогчийг нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн. ...” гэж мэдүүлсэн байдаг нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 9695 дугаартай дүгнэлтэд “...Л.Бын биед баруун зулай, дагзны хуйх, зүүн зовхинд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр гэсэн нь зөвхөн нэг удаа цохих, өшиглөхөд ийм гэмтэл гарахгүй юм. Хохирогчийг бүлэглэж зодсон нь тодорхой харагдаж байна. Хохирогчийн зүүн нүдний ухархайн яс гэмтсэн байж болзошгүй. Хавтас хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт ач холбогдол бүхий бичлэг олдоогүй ба тухайн иргэн нь хаана сууж байсан, мөн хэзээ орж үйлчлүүлсэн нь тодорхойгүй хохирогчийг шүүж таних боломжгүй гэсэн байдаг боловч урд орой нь буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Л.Б найз Н.Оюунбаатарыг гуйж “...” баарны хамгаалагч нартай уулзуулж камерын бичлэгийг харуулахад хохирогч Л.Быг монетон гинж кулонтой явж байсан нь харагдаж байсан гэж хохирогчид хэлсэн байхад маргааш өдөр нь байхгүй байгаа нь маш их эргэлзээтэй байдаг. Хохирогч Л.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23 цаг 10 минутын үед найз Батсайханы хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах “...” бааранд орж найз Батсайханы хамт согтууруулах ундаа бага зэрэг хэрэглээд Батсайхан тэнд удаагүй 15 минутын дараа гэр рүүгээ явсан байдаг. Хохирогч ганцаараа үлдэж жаахан архи ууж суухдаа хажуу талын ширээнээс Батбаяр гэх нэртэй залуу ирж танилцсан. Тэгээд баарны доод талын бүжгийн талбай орж бүжиглээд, бие засаад ороод ирэхэд Батбаяр ирээд тэгсэн тэдний найзууд нь ирж ганц нэг татаад яваад байсан. Тэгээд удалгүй тэд нарын нэг нь надтай маргалдаж миний хүзүүний гинжийг сонирхоод үзүүлэхгүй гэхэд гэнэт хохирогч толгой руу зүүн нүдний хэсэгт архи пивоны шилээр цохиулж доош унахад 3-4 удаа цохиж, 1-2 удаа өшиглөсөн гэдэг. Хохирогчийг баарны хамгаалагч нар гаргаж гадаа сандал дээр суулгах үед эргүүлийн цагдаа нар ирж эмнэлгийн тусламж авхуулж гэмтлийн эмнэлэг рүү явуулсан байдаг. Хохирогч өөрөө нэлээн согтуу байсан учраас тухайн үед хүзүүндээ байсан монетон гинж, кулоны хамт алга болсныг бол мэдээгүй. Мөрдөгч анх мэдүүлэг авахдаа тэдний нэг нь цохисон гэж өөрөө бичсэн тэгээд асуухад камерын бичлэгээр гарах юм чинь хамаагүй гээд мэдүүлэг авсан. Дараа нь камерын бичлэгээр гарах болов уу гэтэл камерын бичлэг байхгүй болсон. Тэр зодуулсан шөнө нь Х.Хын найз нь эгчийг нь нөхөртэй нь дуудаж Л.Быг гэмтлийн эмнэлгээс авч явж гэрт нь хүргэж өгсөн байдаг боловч энэ хүмүүсээс ямар ч тайлбар мэдүүлэг огт аваагүй. Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй шүүхийн хэлэлцүүлгийн дүгнэлтэд би тодорхой хэлсэн байгаа. Шүүгдэгч Х.Хын энэ үйлдэл нь хохирогч Л.Бын зүүж явсан монетон гинж, кулоныг хууль бусаар авахын тулд хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэж довтолсноор хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээс өөр байгаа юм. Довтолсон гэдэг нь дээрэмдэх гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд энэ нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэсэн, эд хөрөнгийг хууль бусаар авахад чиглэгдсэн халдлага юм. Дээрэмдэх гэмт хэрэг нь довтолгоо эхэлснээр төгсдөг учир хохирогчид эд хөрөнгийн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй боловч довтолгооны явцад бүх шинжийн хохирол, гэмтэл үүсэх боломжтой. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газар дээр очиж хавтаст хэргийн материалтай танилцаж хамт бааранд орсон найз Д.Батсайхан, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр камерын бичлэгийг үзсэн гэх найз Оюунбаатар нараас гэрчээр мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан боловч оролцогч нарын эрхийг хангаж өгсөнгүй. Хохирогч Л.Б нь Оюу-Толгой ХХК-д ажилладаг учир анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Иймд Х.Хад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотолж чадаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийг дутуу шалгасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулах зэрэг өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэж байна. Мөрдөн байцаагчтай нэг удаа л уулзаж мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан. Дараа нь би тусгаарлалтад зочид буудалд байсан. Надтай утсаар ярьж хоёр дахь удаагийн мэдүүлгээ авсан. Өмгөөлөгчтэй чинь ярьж байгаад итгэмжлэл хийлгээд прокурорт хэргийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Би ажилтай байж байгаад ирсэн чинь хэрэг прокурорт очсон байсан. Мөрдөн байцаалт сул явагдсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Хад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хууль ёсны дагуу авсан. Хохирогчоос тухайн үед учирсан гэмтлийн талаар 9695 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар дүгнэсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэх санаа, сэдэл, зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон. Хохирогч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Х болон түүний найзтай маргалдаж Х.Хын найзыг цохисон. Түүний улмаас шүүгдэгч Х.Х хохирогчийн эрүүл мэндэд халдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд хохирогчийг оролцуулахаар удаа дараа мэдэгдсэн. Хохирогч ажилтай гэх шалтгаанаар ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой холбогдох гэж прокурор болон мөрдөгчийн зүгээс удаа дараа утсаар залгасан. Эдгээр асуудлыг тодруулахаар утсаар залгахад хохирогч огт утсаа авдаггүй. Шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх санаачилга гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирлыг гаргуулж өгөхөөр түүний утас руу залгахад хохирогч утсаа авдаггүй. Мөн түүний гэр бүлийн гишүүнтэй холбогдож үзсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч оролцоогүй боловч түүний өмгөөлөгч оролцсон байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийг дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилготой буюу анхнаасаа хохирогчийн гинжийг авахын тулд довтолсон гэсэн асуудал яригддаг. Гэтэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхад эргүүлийн цагдаа очиж уулзаж, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед зодсон гэх Х.Хыг эрүүлжүүлэх байранд саатуулж, хонуулсан байдаг. Эрүүлжүүлэх саатуулах байранд түүний биед байсан эд хөрөнгүүдийг шалгахад түүнд ямар нэгэн гинж болон шаргал өнгийн зүйл илрээгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын зүгээс мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Шүүхээс шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Ийм учраас прокурорын зүгээс ямар нэгэн эсэргүүцэл бичээгүй. Хохирогч гинж алдагдсан талаараа ярьдаг. Тухайн гинж алдагдсан асуудлаар Х.Х болон түүний найзыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавигдсан уу гэдгийг нэгдсэн системээс хайлт хийхэд тавигдсан зүйл байгаагүй. Х.Хын эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан өдрийн эд хөрөнгө дунд байгаагүй. Хохирогчтой анх уулзсан цагдаагийн байгууллагын ажилтнаас гэрчээр мэдүүлэг авсан. Гинж алдагдсан асуудлын талаар огт ярьж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хүзүүнд ямар нэгэн зулгаралт, гэмтэл учраагүй байсан. Энэ бүх баримтыг тал бүрээс нь шалгаж тогтоож шүүхэд хэргийг шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Л.Быг найзыг нь цохисон, нулимсан гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бын “...удалгүй тэдний нэг нь надтай маргалдаж, миний хүзүүний гинжийг сонирхохоор нь үзүүлэхгүй гэхэд гэнэт толгой руу зүүн нүдний хэсэгт цохисон. Толгой манараад нүд харанхуйлсан. Тухайн үед архи юм уу пивоны шилээр цохих шиг болсон. Тэгээд тонгойгоод сууж байхад дахин толгой руу гараараа 3-4 удаа, мөн хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. ...” /хх 21-23/,

гэрч Х.Алтанхуягийн “...тухайн орчинд эргүүл шалгалтаар явж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... шөнийн цэнгээний газрын урд сандал дээр согтуу эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай, толгой орчмоос нь их хэмжээний цус гарч бохирлогдсон байсан. Уг асуудлыг шалгаад хохирогч болон зодсон гэх хүнийг олж тогтоосон. Зодсон гэх хүн нь их хэмжээний согтолттой байсан тул эрүүлжүүлсэн. Зодуулсан хүн нь энэ намайг зодсон гээд хажууд байгаа хүнээ заагаад байсан. ...” /хх 35-37/,

гэрч Г.Батболдын “...Х бүжиглэж байгаад буцаж ирэхэд нөгөө ах Хтай юм яриад сууж байснаа Х руу нулимаад намайг шууд гараараа цохисон. Би цохиулаад ухаан алдсан мэт буйдан дээр унасан. Хэсэг хугацааны дараа баарны хамгаалагч нар сэрээсэн. Тэгээд найзыгаа асуухад эрүүлжүүлэх рүү явсан гэхээр нь шууд харьсан. ...” /хх 40-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...Л.Бын биед баруун зулай, дагзны хуйх, зүүн зовхинд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй. ...” №9695 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45-46/,

хохирогч Л.Баас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 53-54/, өвчний түүх /хх 73-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.00 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “...Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр зөвхөн нэг удаа цохих, өшиглөхөд ийм гэмтэл гарахгүй юм. ...Хохирогчийг бүлэглэж зодсон. ...Дүрс бичлэг олдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. ...Хэргийн зүйлчлэл тохироогүй. ...Хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Л.Быг найзыг нь цохисон, нулимсан гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрч Х.Алтанхуяг /хх 35-37/, С.Билгүүн /хх 40-42/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Л.Бын монетон гинж, кулоны хамт алга болсон, бүлэглэн зодсон, эд зүйлийг нь авах гэж довтолсон гэх үйл баримт тогтоогдохгүй ба анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд оролцсон байх тул хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зөрчигдөөгүй гэж үзэв.

Харин хавтаст хэргийг судлахад, анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг прокурорт 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан /хх 147/ ба хохирогч Л.Бын гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр танилцуулан 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүх хуульд заасан чиг үүргээ зохих журмаар хэрэгжүүлж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.   

Иймд хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Бын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ