Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2016/0258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О*******

Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газрын дарга

Гуравдагч этгээд: Х.На******

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсаны цалингийн зөрүүг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар Сайншанд дахь гаалийн газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн.

          Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулан, жил бүр дүгнүүлж, үр бүтээлтэй ажиллаж байсан болно.

          Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга нь ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Ц.О******* намайг албан тушаал бууруулсан тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь дараах байдлаар хууль бус байна. Үүнд:

          1. Миний бие 1999 оноос эхлэн Гаалийн байгууллагад гаалийн байцаагч, үнэлгээний байцаагч зэрэг ажлыг тасралтгүй эрхэлж байгаад 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Сайншанд дахь гаалийн газрын орлогч даргаар томилогдон ажилласан.

          Ингээд Гаалийн ерөнхий газрын даргаас 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр албан тушаал дэвшүүлж, Сайншанд дахь гаалийн газрын даргаар томилогдсон цагаас эхлэн ажил үүргээ хуулийн дагуу бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлж ирсэн тул албан тушаалаас чөлөөлөх үндэслэл огт бүрдээгүй гэж үзэж байна.

          2. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тухай тушаалын хууль зүйн үндэслэлээс үзвэл зөвхөн газрын даргын бүрэн эрхэд хамаарах заалтуудыг баримталжээ.

          Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ..хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг болон Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна.

          Мөн газрын даргаас аливаа төрийн албан хаагчийг чөлөөлөх, албан тушаал бууруулахдаа зөвхөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсний үндсэн дээр шийдвэрлэх ёстой байхад шууд чөлөөлсөн нь албан тушаалаа хэтрүүлсэн хэрэг юм.

          Дээрх байдлаар хууль бус тушаал гаргаж, эрхэлж байсан албан тушаалаас маань чөлөөлж, хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад албан тушаал бууруулан, гаалийн хяналт, бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагчаар томилсон нь төрийн албан хаагч миний эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын даргын Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***дугаартай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 271.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Ц.О*******ыг Сайншанд дахь гаалийн газрын даргаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон.

          Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйл /Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх/-ийн 271.1.10 дахь заалтад ...гаалийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох..., мөн хуулийн 274.3 дахь хэсэгт Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж тус тус заасныг удирдлага болгон хуулиар олгогдсон гаалийн удирдах төв байгууллагын даргын бүрэн эрх болон сэлгэн ажиллуулах зохицуулалтын дагуу гарсан шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

          Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.О******* нь Сайншанд дахь гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа 2014 он болон 2015 оны эхний хагас жилд хийгдсэн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон.

          Иймд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээд Х.На****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан хэдий ч түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг тодорхой заагаагүй байна.

          Энэ нь түүнийг он дуустал Гаалийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаа хийж бай гэж Ерөнхий сайд үүрэг өгсөнтэй холбоотой болов уу.

          Гаалийн ерөнхий газрын дарга ннь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан ажлаа эрх үүргийнхээ дагуу хэвийн явуулж, энэ өдөр 13 ширхэг тушаал шийдвэрүүдийг гаргаж эдгээр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна.

          Гэтэл эдгээр 13 ширхэг тушаалаас яагаад ганцхан Б/5***тоот тушаал нь хүчингүй болох ёстой гэж нэхэмжлэгч үзээд байгааг би ойлгохгүй байна.

          Дорнод, Сайншанд, Замын-Үүд гэх мэт доголдож байгаа гурван гаалийн газрын даргыг ажлаас чөлөөлөх тухай яриа 2014 оноос Гаалийн ерөнхий газрын хэмжээнд яригдаж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг Гаалийн ерөнхий газрын удирдлагууд 2015 онд багтаан шийдвэрлэсэн юм.

          Сайншанд дахь Гаалийн газарт 2012-2015 эхний хагас жилийн байдлаар хийгдсэн санхүүгийн шалгалтаар Ц.О*******тай холбоотой төрийн өмч үрэгдүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх мэт нэлээдгүй зөрчил дутагдал илэрч 9 сая 567,5 мянган төгрөгийн акт тавигдсан байна.

          Энэ тухай удирдлагын түвшинд удаа дараа яригдаж бусад гаалийн газрын дарга нарт жишээ болгон анхаарч ажиллахыг сануулж байсныг би санаж байна.

          Мөн Ц.О*******ын албан тушаалын зэрэг дэвийг 6 сарын хугацаатай бууруулах сахилгын арга хэмжээ авч байсан талаар дээрх шалгалтын тэмдэглэлд дурдсан байна.

          Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын мөрдөж ажилладаг Гаалийн ажилтнуудыг сэлгэн ажиллуулах журам гэж бий.

          Энэ журмын дагуу сүүлийн 3 жилд системийн хэмжээнд сэлгээнд хамрагдаагүй нэг ч газрын дарга Ц.О*******аас өөр байхгүй. Миний бие гэхэд л 2-3 удаа шилжин ажиллаж байна.

          Ер нь Гаалийн байгууллага гэдэг бол босоо удирдлагын тогтолцоотой, төрийн тусгай алба билээ. Энд намын харьяалал байдаггүй бөгөөд улс төрөөс ангид гэдгийг хэн бүхэн мэднэ.

          Ерөнхий газрын даргын тушаал гарсан байхад бид үг дуугүй тухайн томилогдсон газраа очиж ажиллах ёстой байдаг.

          Гэтэл энэ хүн томилогдсон газраа очиж ажиллахгүй ажил таслан шүүхийн байгууллагын үүд хэсэж яваа нь энэ хүнд төрийн албан хаагчийн ёс зүй ямар байгааг харуулж байна уу гэлтэй... гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 30 дугаар зүйлийн 30.7-д Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Уг хуульд заасан журмын дагуу Гаалийн ерөнхий газрын дарга асан н.Г******* нь чөлөөлөгдсөн өдрөө тушаал гаргасан гэдгийг хүсэлтдээ дурдсан. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн гол үндэслэлээ болгоогүй.

          Сэлгэн ажиллуулахад Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т заасныг баримтлах ёстой. Гэтэл маргаан бүхий Б/5***дүгээр тушаалд ямар үндэслэлээр сэлгэн ажиллуулж байгаа талаар болон Гаалийн тухай хуулийн 274.3-т заасан заалт, сэлгэн ажиллуулах журамд заасан заалтуудаас огт тусгагдаагүй. Сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд Төрийн албан тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хуулийн заалтыг болон ямар шалтгааны улмаас сэлгэн ажиллуулах болсон талаар тодорхой байдлаар дурдах ёстой байсан. Иймд төрийн албан хаагчийн ажлаас халж, албан тушаал бууруулсан нь нэхэмжлэгийн эрх ашиг сонирхлыг хөндсөн. Мөн хэргийн материалд авагдсан 2016 оны прокурорын бичгийн талаар гуравдагч этгээдээс тайлбарлаж байна. Энэ нь Б/5***дүгээр тушаалд зөрчлийн талаар тусгагдсан зүйл байдаггүй байх тул тухайн баримт бичиг нь хэрэгт хамааралгүй.

          2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн аудитын дүгнэлтээр 2012 оноос 2015 оны ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх аудитын газраас шалгасан байдаг. Энэ шалгалтаар зөрчлүүдийн 6 зөрчил 2012 оны асуудал буюу Ц.О*******ын албан тушаалд хамааралгүй байх үеийн зөрчил байсан. Аудитын зөрчлүүд нь дандаа нягтлангийн тооцоо буруу олгосонтой холбоотой асуудлууд байсан. Энэ нь Сайншанд дахь Гаалийн газрын нягтлан 2013 оноос 2015 оны хооронд 6 удаа солигдсон. Нягтлан солигдсонтой холбоотойгоор зөрчлүүд гарсан байдаг.

          Аудитын тайландаа 9 дүгээр зүйлийн 9.1.2-т санхүү бүртгэлийн ажилтнуудыг Гаалийн ерөнхий газарт тогтвор суурьшилтай ажиллуулж, санхүүгийн сахилга батыг дээдэлж ажилламаар байна гэсэн Гаалийн ерөнхий газарт албан шаардлага хүргүүлсэн.

          Сайншанд дахь Гаалийн газрын нягтлангуудыг яагаад ойр ойрхон солигдож ажилласан талаар н.Ганбат мэдэх болохоос Ц.О******* мэдэх боломжгүй. Хэдийгээр 2015 оны аудитын дүгнэлтийг хариуцагч, гуравдагч этгээд нар үндэслэл болгож байгаа хэдий ч аймгийн Засаг даргын дэргэдэх Аудитын газраас 2015 оны 09 дүгээр сардаа Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг. 9 сард Ц.О*******ыг зөрчил, алдаа гаргасан гэх яриа огт яригдаж байгаагүй.

          2015 оны 09 сар дууссан асуудлыг 2015 оны 12 дугаар сарын 25-нд үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Мөн тушаал тухайн асуудлын талаар тусгасан зүйл байхгүй. Хариуцагчийн Ц.О*******ыг сэлгэн ажиллуулсан гэж нэг тайлбарладаг. Мөн нөгөөтээгүүр зөрчил гаргасан гэж нэг тайлбарладаг. Энэ нь өөрөө хоорондоо ямар ч уялдаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***дугаартай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4-т, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.10-т заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийг Сайншанд дахь Гаалийн газрын даргаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт ахлах байцаагчаар томилсон.

          Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд Гаалийн удирдах төв байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг заасан. Тус хуулийн 271 дүгээр зүйлийн 271.10-т гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэж заасны дагуу Гаалийн байгууллагын удирдлагын даргын бүрэн эрхийн хүрээнд сэлгэн ажиллуулах, 274 дүгээр зүйлийн 274.3-т гаалийн улсын байцаагчийн гаалийн газар, хороодод 2 жил хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байдаг.

          Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн ахлах улсын байцаагч Ц.О******* нь Сайшанд дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны эхний хагас жилд хийгдсэн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил гарсан нь тогтоогдсон. Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газар нь өөрөө босоо удирдлагатай байгууллага юм. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч гуравдагч этгээдийг ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй.

          Нэхэмжлэгч Ц.О******* нь албан тушаалаа зохих журмын дагуу биелүүлээгүй учир дутагдалтай байсан. Гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, гаалийн татвар хураалтын асуудалд хэд хэдэн байцаагчийн акт тавигдсан байдаг боловч биелэлт нь хэрэгжээгүй байна гэсэн Дорноговь аймгийн Сайшанд дахь Прокурорын газраас ирүүлсэн бичигт дурдсан байдаг.

          Гаалийн ерөнхий газрын дарга ажилд томилох, чөлөөлөх, цалингийн сан тогтоох зэргийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүрэн эрхийг тусгаж өгсөн. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т гаалийн улсын байцаагчийн гаалийн газар, хороодод 2 жил хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байдаг.

          Сайшанд дахь Гаалийн газрын дарга гэж байгаа боловч ерөнхий статусын хувьд Гаалийн улсын байцаагч гэсэн статустай байдаг. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын Б/5***дүгээр тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсаны цалингийн зөрүүг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба харин Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулахтай холбоотой заалтуудыг үндэслээгүй байна.

Аливаа захиргааны актыг гаргахдаа уг захиргааны актыг батлан гаргах болсон шалтгаан, үндэслэлээ тодорхой, ойлгомжтой заах нь захиргааны актад тавигдах үндсэн шаардлага бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б/5***тоот тушаалыг гаргахдаа яагаад Ц.О*******ыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаал бууруулж өөр албан тушаалд томилж байгаа шалтгаан, үндэслэлээ тодорхой нэрлэж заалгүйгээр, тодорхойгүй байдлаар уг тушаалыг гаргасан нь буруу байна.

Тодруулбал маргаан бүхий захиргааны актаас үзэхэд ямар шалтгаан, үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байгаа эсэх, өөрийнх нь зөвшөөрлөөр сэлгэн ажиллуулж байгаа эсэх, эсхүл ямар үндэслэлээр албан тушаал бууруулж байгаа эсэх зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг ямар зорилго, шалтгаан, үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Б/5***тоот тушаалыг зөвтгөх боломжгүй.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[1][1] Гаалийн тухай хуулийн...274 дүгээр зүйлийн 274.3-т заасныг удирдлага болгон сэлгэн ажиллуулсан гэж тайлбарлаж буй боловч маргаан бүхий захиргааны актад энэ талаар заагаагүй байна.

Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Ц.О******* нь...2014 он болон 2015 оны эхний хагас жилд хийгдсэн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарлаж буй атлаа Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай Б/5***тоот тушаалд энэ талаар заагаагүй байна.

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулсан, эсхүл зөрчил гаргасан тул албан тушаал бууруулсан мэтээр зөрүүтэй, ойлгомжгүй тайлбар өгч байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно...., 23 дугаар зүйлийн 23.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:, 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулсан бол өөрийнх нь зөвшөөрлийг авсан эсэх, албан тушаал бууруулж байгаа бол ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэх, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон эсэх зэрэг үндэслэлүүдийн аль үндэслэлээр маргаан бүхий тушаалыг гаргаж байгаагаа уг тушаалд заах ёстой ба ийнхүү заагаагүй нь маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.

Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 222 тоот тушаалаар Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталсан ба тус журмын 3.14-т ажилтныг албан тушаалаас бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэхээр заасан байх ба үүнээс үзэхэд маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь буруу байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх болон эрх чөлөөний зарчмыг хэрэгжүүлээгүй байх ба тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.

Шүүх Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу албан тушаал буурч, бага цалин хөлстэй ажил хийж байсан цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг маргаан бүхий тушаал гарсан өдрөөс буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацаагаар буюу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хүртэл хугацаагаар тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/5***тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Ц.О*******ыг Гааль, татварын ерөнхий газрын харъяа Сайншанд дахь Гаалийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ц.О*******д бага цалинтай ажил хийж байсан цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хүртэлх хугацаагаар тооцон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцон олгохыг Гааль, татварын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ