Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мандахын Гэрэлт-Одод холбогдох 1729000280012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчны мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5,эх, эгч, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, Хан-Уулын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Мандахын Гэрэлт-Од. /Регистрийн дугаар: КД98072419/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 08дугаар сарын 13-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багын нутаг дэвсгэрт Цэций хорооллын гадна иргэн Д.Марс-Одтой маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хохирогч Д.Марс-Одын: ”2017оны 08 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Эрдэнэтөгс, Бааснжав нартай хамт Цэций хорооллын сүүдрэвч доор Евок нэртэй 0,75 гр-ийн архи уугаад сууж байхад нэг залуу ирээд гал асуухад нь манай найз Баасанжав гал гаргаж өгөхөд нөгөө залуу сүүдрэвч доор байсан сандлыг татаж унагаахаар нь би “дүү согтчихсон юм биш үү” гэхэд тэр залуу над руу салаавч гаргахаар нь юм хэлэлгүй байж байсан чинь нөгөө залуу тамхиа асаачхаад “гал өгсөн ахад салаавч өгөөгүй шүү” гэж хэлээд татаж байсан тамхиа Баасанжавруу нясалчхаар нь манай найз “Эрдэнэтөгс чи яаж байгаа юм” гээд босоод ирэхэд нь нөгөө залуу Эрдэнэтөгсийн зүүн нүдний доод хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би салгах гээд босоод ирсэн чинь цаанаас нь нэг цагаан цамцтай залуу гүйж ирээд намайг цохих гээд дайрахаар нь би бултаж нөгөө залууг зөрүүлээд баруун шанааны хэсэгт нь цохиход нөгөө залуу арагшаа гуйваад газарт унах шахаад босож ирэхээр нь би хараад зогсож байсан чинь хажуунаас миний духны зүүн дээд хэсэгт юмаар цохьчих шиг болоход би манараад газар суучихсан. Тэгээд сэргээд харахад танихгүй 5 залуу зогсчихсон манай 2 найз та нар хүний толгой хагалчихлаа ш дээ гэхэд нөгөө залуучууд намайг дахиж зодох гээд дайраад байсан ба манай 2 найз намайг хамгаалж байгаад цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч С.Эрдэнэтөгсийн: “2017оны 08 дугаар сарын 13-ны өдөр Цогтцэций сумын Цэций хорооллын гадаа байрлах саравчин доор өөрийн найз болох Баасанжав, Марс-Од хоёртой хамт 750 гр-ийн /нэрийг нь санахгүй байна Эдэн нэртэй байсан шиг санагдаж байна/ архи ууж байсан. Тэгтэл орой 23 цагийн үед сагсны шийдний ойр хавиас нэг залуу бид нар дээр ирээд “гал байна уу?” гэхээр Баасанжав байна гээд захад сууж байгаад өгтөл тэр ирсэн залуу гал авах гээд явж байхдаа замд таарсан сандлыг хөлөөрөө өшиглөж унагаачхаад Баасанжав дээр очтол Март-Од “чи жаахан согтоо юу даа” гэтэл тэр залуу өдөөс нь салаавч гаргасан. Тэгээд тэр залуу тамхиа чүдэнзээр асаачхаад Баасанжавруу тухайн чүдэнзээ нясалтал бид нарын дунд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Улмаар тэр залуу намайг барьж аваад зүүн талын шанаа руу 1 удаа цохиод авахаар би зөрүүлээд гарнаас нь бариад автал цаанаас нь 2-3 залуу хүрч ирэхээр нь Марс-од ирсэн нэг залууг цохиод авсан. Тухайн үед тэр цохиулсан залуу газраас чулуу авах гээд хайж байгаад гэнэт ширээн дээр байсан архины шил авахаар би “хөөе чи хүн ална шүү боль” гэж хэлтэл тухайн залуу архины шилээр Марс-Одын толгойн тус газарт цохисон. Гэхдээ би тухайн үед Марс-Одыг биш Баасанжавыг цохисон гэж бодоод “ өвчтэй хүн цохиод хаячихлаа гэж орилж байсан санагдаж байна.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Б.Ганболдын: “ 2017 оны 08 дугаар сар 13 –ны өдөр би өөрийн найз нар болох Буджаргал, Гэрэлт-Од, Одбаяр, Отгонхүү бид 5 Цогтцэций сумын Цэций хорооллын гадна талбайн сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад 21 цагийн үед дуусаад явах гэтэл Отгонхүү тортой юм барьж ирээд бид хэд пиво тойрууж уусан. Удалгүй харанхуй болсон үед Одбаяр бид 2 юм яриад зогсож байтал Буджаргал намайг дуудаад хоёулаа саадан дээр очиж гал асуучхаад ирье гэхэр нь би “бие засчхаад араас чинь яваад очъё” гээд бие засаж байгаад эргээд хартал манай найз Буджаргалыг нэг үл таних ах цохиод авсан чинь Буджаргал ар дагзаараа саваад унасан. Тухайн үед яг ямар хүн цохиж байгаа нь харагдаагүй бөгөөд очоод уулзтал одоо толгой нь хагарсан гэх ах намайг үгийн зөрөөгүй миний хүзүүн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгэхлээр миний уур хүрээд тухайн ахыг би баруун гараараа зөрүүлээд зүүн талын шанааруу нэг удаа цохьсон. Гэтэл нөгөө ах намайг заамдаад байж байтал манай дүү болох Гэрэлт-Од гүйж ирээд бид 2 г салгатал намайг цохьсон гэх залуу мөн Гэрэлт-Одын эрүүн тус газарлуу нэг удаа гараараа цохихоор нь бид хэд больцгоо гээд байж байтал нэг мэдсэн Гэрэлт-Од ширээн дээр байсан архины шил аваад тухайн залуугийн толгойн тус газарт нэг удаа цохитол тухайн архины шил хагараад унасан ба архины амсар үзүүртэй хэсэг нь газарт ойрхон байхаар нь дахиад хэн нэгнийг зүсчих байх гэж бодоод аль болох зодооноос хол байгаа газар руу буюу ширээ рүү шидсэн чинь тэнд байсан архины шил онож хагалсан. Удалгүй цагдаа нар ирж бид хэдийг цагдаагийн газар авч ирсэн.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/.

Гэрч Буджаргалын: “ 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз болох Ганболд, Гэрэлт-Од бид хэд 12 цагийн үед Цогтцэций сумын Цэций хорооллын гадна талбайд байрлах шийдэн дээр сагс тоглож байгаад 22 цагийн үед дуусаад Ганболд, Гэрэлт-Од, Одбаяр, Отгонхүү бид 5 нийлээд Нийслэл нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво болон 1 шил 500 граммын Охь нэртэй архи хувааж уусан. Улмаар бид хэд тамхи татах гэсэн чинь асаах гал байхгүй болохоор нь шийдний баруун талд байрлах саравчин доор 3 үл таних ах архи уугаад сууж байхаар нь би тэр гурваас гал сураад очтол жижиг туранхай ах нь гал өгөхөөр би тамхиа асаачхаад “баярлалаа” гэж хэлтэл тэр ах инээгээд байхаар нь би яагаад инээд байгаа юм гэтэл хажууд нь сууж байсан ах босоод ирэхээр нь та наанаа сууж бай гэтэл босч ирсэн ах гэнэт баруун гараараа миний толгойн тус газар буюу зүүн эрүүний доод хэсэг рүү цохитол би арагшаа ар дагзаараа савж унасан. Тэгээд босоод иртэл манай найз болох Ганболд намайг өмөөрч ирээд ах яагаад байгаа юм гэтэл тухайн ах дахин Ганболдын хүзүүн тус газарт нэг удаа цохитол Гэрэлт-Од араас нь гүйж ирээд тэр 2-н дундуур нь ороод салгатал бас дахин Гэрэлт-Одын хацар руу цохих шиг болсон. Гэтэл Гэрэлт-од ширээн дээр байсан 750 граммын Соёрхол нэртэй архины шил аваад тухайн бид нарыг цохисон ахын толгойн тус газарт цохисон чинь тухайн шил хагарсан. Улмаар Гэрэлт-Од цохисон архины шилний амсар хэсгийг газарт хаятал түүнийг Ганболд аваад холдуулж хаясан. Удалгүй тэнд цагдаа нар ирж бид хэдийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Баасанжавын: “...өнгөрсөн 08 дугаар сарын 13-ны орой би найз Марс-Од, Эрдэнэтөгс нартай Цэций хорооллын байрны гадна уулзаад дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил Эдэн гэдэг нэртэй архи аваад байрны урд талын сүүдрэвчинд суугаад уусан юм. Архиа уугаад бараг 2 цаг орчим суусан. Оройн 23 цаг болж байсан байх нэг залуу ирээд биднээс “гал байна уу?” гэсэн. Би түүнд гал аваад өгтөл тэр залуу тамхиа асаах үедээ манай хоёртой үг сөрөлдөөд байсан. Түүнд Марс-Од “чи согтчихсон юмуу даа” гэж хэлсэн. Тэр залуу Эрдэнэтөгстэй маргалдаад тэр 2 сүүдрэвчээс гараад явсан. Би тэднийг хоорондоо зодолдчихож магадгүй гэж бодоод салгахаар хажууд нь очсон. Тэр үед Марс-Одын хажууд нэг залуу гүйгээд хүрээд ирсэн. Тэр хоёр маргалдаад Марс-Од тэр залууг нэг цохиод унагасан. Би наанаас нь очиж байтал бас нэг залуу бидний ууж байсан архины шилээр Марс-Одын толгой руу нэг удаа цохисон. Марсаа түүнд цохиулаад газар унасан. Эрдэнэтөгс бид 2 Марсаагийн дэргэд очсон. Нөгөө залуу шилний хагархай хүзүү барьчхаад бидэнтэй маргалдаад дайраад байсан. Түүнийг хамт явсан залуус хориод байсан.түүнээс хойш дахин зодоон цохион болоогүй. Марсааш цохиход архины шил хагарсан бөгөөд дараа нь тэр залуу гартаа барьсан архины хагархай шилний хүзүүг хол шидчихэж байгаа харагдсан. “гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №174 дугаартай шинжээчийн: “...Д.Марс-Одын биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт урагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/.   

Эмчийн тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Г яллагдагчаар өгсөн: “...Марс-Од гэх махлагдуу халзан залуу миний шанаа руу нэг удаа гараараа цохиход нь би унасан. Би газраас босоод ширээн дээр тавиатай байсан архины шил аваад далайгаад /айлгая гэж бодсон/ цохитол Марс-Одын толгой оногдоод тэр дороо газарт бөгсөөрөө суугаад толгойгоо бариад байсан. Архины шил хагараад миний гарт хүзүү нь үлдсэн байсан ба түүнийг газарт хаятал Ганболд аваад хол шидчихсэн. Дахин тэнд зодоон цохион болоогүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд биднийг саатуулсан. 

  Шүүгдэгч М.Г иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 33-34-р хуудас/,

Шүүгдэгч М.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/,

Шүүгдэгч М.Г гарын дардасны бланк, гэрэл зураг /хх-н 37-38-р хуудас/

Шүүгдэгч М.Г арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 42-44-р хуудас/,

“Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбарын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/

Хохирогч Д.Марс-Одын эмнэлгийн хуудас хохирлын баримтууд /хх-н 48-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багын нутаг дэвсгэрт Цэций хорооллын гадна иргэн Д.Марс-Одтой маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж  дүгнэв.

Хохирогч Д.Марс-Од нь хохирлын төлбөрт 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаа ба 1,537,590 төгрөгийн баримт өгснөөс хавтаст хэргийн хүрээнд 585,988 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэв.

Харин хохирогч эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул түүний нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролоо  түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мандахын Гэрэлт-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, сар бүр 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Г 585,988 төгрөг гаргуулан хохирогч Д.Марс-Одод олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Марс-Од нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй М.Г иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА