Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Ч.А, Д.М, /өөрийгөө өмгөөлөн оролцсон/

Шүүгдэгч Ч.А өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангад овогт Чулуунбаатарын Ариунболд, Галзууд овогт Должингийн Мөнхтуяа нарт холбогдох эрүүгийн 1729000380020 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 12  сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг Дарьганга суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа нүүрсний тээвэрлэлт хийх ажил эрхэлж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Чойбалсангийн 4-10 тоотод оршин суух Хангад овгийн Чулуунбаатарын Ариунболд /РД:ЛГ83120710/

Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17дугаар хорооны Сурагчийн 17-145 тоотод оршин суух Галзууд овгийн Должингийн Мөнхтуяа /РД:68042301/  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А, Д.М нар нь бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт бйрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хилээр хязгаарласан эд зүйл буюу ямааны 608 кг жинтэй, 2,736,000 төгрөгийн үнэлгээ бүхий махыг “ШИНЛУНЮУАН” ХХК-ийн эзэмшлийн 06-59 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 85-03 ӨМӨ улсын дугаартай нортбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 31-нд  Д.М гэдэг хүний махыг тээвэрлэсэн. Д.М эгч надаас эгчийн дүү ганц удаа мах ачаад гаргаад өгөөч гэж гуйгаад байсан. Би тухайн үед удаа дараа зөвшөөрөөгүй. Гашуун сухайт хилийн боомтоор гарах гэтэл хилийн цэрэг миний машиныг зогсоогоод гаалийн байцаагч дуудан ирүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Би Ганц модонд цайны газарт ажилладаг. Намайг таньдаг нэг өвөрмонгол надад  мах хэрэгтэй байна гээд, тэгэхээр нь би мах гаргасан юм. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ч.Аг машиндаа мах нуугаад гаргаад өгөөч гэж гуйсан. Эхлээд хэлсэн зөвшөөрөөгүй. Тэгтэл Ч.А миний тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь ярьсан чинь улаан автобусны буудлын хажууд байна гэсэн. Би Цагаан хаданд байрлах махны дэлгүүрээс ямааны мах худалдаж аваад тэндээс жижиг тэргээр Ч.А байгаа газар очиж өгсөн гэв. Махаа ачаад хөлсийг нь махаа зарчхаад өгнө гээд Цагаан хад руу таксийгаар буцсан. Тэгээд би тухайн өдрийн 9 цагийн үед Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарсан. Удалгүй Д.Ариунболд над руу 11 цагийн үед баригдчихлаа гэж ярьсан. Түүний дараагаар дахиад залгаснаа мах ачуулсан хүнээ дууд гэсэн гэхээр нь би өдөртөө Монгол Улс руу гараад гаалийн байцаагчтай очиж уулзсан.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/219 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/

Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/

Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/

Бараа, бүтээгдэхүүний устгалын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Хохирогч Б.Баяр-Өлзийгийн: ”...гаалийн байцаагч Жамбалдорж, мэргэжлийн хяналтын байцаагч Буяннэмэх нарын хамтаар 85-03 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлд үзлэг хийхэд чиргүүлд ачигдсан байсан нүүрсэн дээр 26 ширхэг хар өнгийн гялгар уутанд савлан скочидсон нийт 608 кг ямааны мах байсан. Тэгээд тэр ямааны махны зургийг нь авч  түр хураан аваад гаалийн түр агуулахад тээврийн хэрэгслийн хамтаар саатуулсан. Намайг шалгах үед тухайн мах нь чанарын хувьд хэвийн байсан, ямар нэгэн муудаж, илжирсэн зүйл байгаагүй. гомдолгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

Гэрч Н.Буяннэмэхийн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нүүрсний экспорт гарах чиглэлд хяналт шалгалт хийх хуваарьт тавигдсан. Тэгсэн 14 цаг өнгөрч байх үед манай ахлах Чулуунхүү надад хэлэхдээ нүүрсний гарах чиглэлд нэг машин махтай явж байгаад хилийн цэрэгт баригдсан юм байна. Тэгээд манайхтай нарийвчилсан хамтарсан хяналт, шалгалт хийе гэж байна гэсэн тэгээд би гаалийн байцаагч хилийн цэргийн ажилтнуудын хамтаар гаалийн тавцангийн хажууд 85-03 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулаад тухайн тээврийн хэрэгслийн хучлагыг сөхөж үзтэл 26 ширхэг хар гялгар уутаар ороосон ямааны мах байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч А.Гэрэлчулууны: “...би тухайн өдөр Гашуун-Сухайт хилийн боомтын нүүрс гарах чиглэлд манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би нүүрс тээврийн автомашины кавин болон багаж, чиргүүл дээрх ачаанд шалгалт хийж байсан юм. Тэгсэн нүүрс тээврийн 85-03 ӨМӨ улсын дугаартай нортбенз маркийн тээврийн хэрэгслийг зогсоогоод чиргүүл дээрх ачааг нь өнгийж хартал хар өнгийн гялгар уутанд хийж савалсан скочоо битүү ороосон эд зүйл байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл дээр хууль бус эд зүйл байна гэж бодоод өөрийн ээлжийн даргад мэдэгсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулаад мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нартай хамтран өдрийн 15 цагийн орчимд тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 26 уут хар өнгийн гялгар уутанд хийж савлан гадуур нь скочоор битүү ороосон малын мах байсан.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч С.Отгонцэцэгийн: “...би энэ  хүнийг сайн танихгүй. Садан төрлийн холбоо байгүй. Энэ хүн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай дэлгүүрээс 225 кг хэмжээтэй ямааны ястай гулууз мах худалдан авсан юм. Манай дэлгүүр тэгэхэд ямааны махны нэг кг-ийг нь 4500 төгрөгөөр зарж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Гэрч Ц.Есөн-Эрдэнийн: “...би энэ хүнийг танихгүй. Бидний дунд төрөл садангийн холбоо байхгүй. Өнгөрсөн 08 дугаар сарын сүүлээр /одоо өдрийг нь санахгүй байна/ манай ээж Б.Чимэдцэрэн надруу утасдаад /тэгэхэд манай ээж хот явсан байсан/ “Мөнхтуяа гэдэг хүн очиж мах авна гэнэ, наанаа мах байвал хилээд өгчих” гэсэн. Тэгэхэд манай дэлгүүрт 7 ширхэг ямааны гулууз мах байсан. Мөнхтуяа гэх энэ эмэгтэй ирээд тэр 7 гулууз махыг худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгөөд явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын төрөл тодорхойлох тухай шинжээчийн 152 дугаар дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 153/01 дугаар дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ч.А яллагдагчаар өгсөн: “...намайг 2017 оны 08 дугаар сарын 30-ны орой 85-03 ӨМӨ улсын дугаартай норт-бенз машин жоолоодоод цагаан хаднаас урагш Хайлаастын хойхно машинуудын очерт зогсож байхад шөнийн 02 цагийн үед Мөнхтуяа эгч таксигаар хар өнгийн гялгар уутанд хийгээд гадуур нь скочидсон 26 ширхэг малын мах авч ирсэнийг би машиныхаа нүүрс ачсан чиргүүлд ачсан. Тэгээд 08 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-руу хил нэвтэрхээр явж байгаад Гашуун-Сухайт боомт дээр хилийн цэргийн ажилтанд баригдсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудсанд/

Шүүгдэгч Ч.А яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны орой 85-03 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Цагаан хадаас урагш Хайлаастын хойно машинуудын очерт зогсож байхад шөнийн 02 цагийн үед Мөнхтуяа эгч таксигаар хар өнгийн гялгар уутанд хийгээд гадуур нь скочдсон 26 ширхэг малын мах авчирсныг би машиныхаа нүүрс ачсан чиргүүлд ачсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ руу хил нэвтрэхээр явж байгаад Гашуун сухайт боомт дээр хилийн цэргийн ажилтанд баригдсан.” Гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.М яллагдагчаар өгсөн: “...би өнгөрдөг өвөл Цагаан хаданд хоол хийж зардаг байхдаа энэ Ариунболдтой анх танилцсан юм. Өнгөрсөн 06 дугаар сард Ариунболдтой Цагаан хаданд таараад ”хүүхдээ эмчлүүлэхэд мөнгө хэрэг болоод байна, цайны газарт ажиллаад мөнгө олж чадахгүй байна, чи эгчдээ хэдэн мах урагш нь оруулаад өгөөч” гэж анх гуйсан. Тэгэхэд Ариунболд зөвшөөрөөгүй. Түүний дараа 3-4 удаа түүнээс гуйхад зөвшөөрөөгүй бөгөөд би 08 дугаар сарын 30-ний өдөр би дахин Ариунболдруу утасдаж гуйсан. Ариунболд нэг удаа туслая гэж надад хэлсэн. Би түүнийг зөвшөөрөхөөр нь Цагаан хадны “Мандах” махны дэлгүүрээс 19 гулууз, Чимэдээ гэдэг эгчээс 7 гулууз ямааны махыг худалдан авч өөрөө гулууз, гулуузаар нь боож цэгцлээд нэг такси хөлслөөд 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед Ариунболдын машин руу би өөрөө хүргэж өгсөн. Тэгээд би Цагаан хаданд хоночхоод маргааш өглөө нь зорчигчоор хятадын Ганц модруу ороод Ариунболдыг хүлээж байтал өдрийн 11 цагийн үед “ Монголын гааль дээр баригдчихлаа, махныхаа эзнийг дууд гэж байна” гэж надруу Ариунболд утсаар ярьсан. Тэгээд би цайны цагийн дараа буцаж Монголруу орж ирээд гааль дээр очиход Ариунболд махтайгаа баригдсан байж байсан.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.А, Д.М нар нь бүлэглэн, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хилээр хязгаарласан эд зүйл буюу ямааны 608 кг жинтэй, 2,736,000 төгрөгийн үнэлгээ бүхий махыг “ШИНЛУНЮУАН” ХХК-ийн эзэмшлийн 06-59 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий 85-03 ӨМӨ улсын дугаартай нортбенз маркийн тээврийн хэрэгсэлд нууж нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/219 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/, бараа, тээврийн хэрэгсэлд гаарийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/, мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/, бараа, бүтээгдэхүүний устгалын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, хохирогч Б.Баяр-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Н.Буяннэмэхийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч А.Гэрэлчулууны мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч С.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Ц.Есөн-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын төрөл тодорхойлох тухай шинжээчийн 152 дугаар дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/, “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 153/01 дугаар дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.А, Л.Мөнхтуяа нарын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.А, Д.М нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Б.Баяр-Өлзий нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 116 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ч.А, Д.М нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.А, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангад овогт Чулуунбаатарын А, Галзууд овогт Должингийн Мөнхтуяа нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Д.М нарыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А, Д.М нарт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.А, Д.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.А, Д.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Баяр-Өлзий нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ч.А, Д.М нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.А, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА