Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Туваандорж,

Шүүгдэгч: Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даш овогт Борисын Отгонбаатарт холбогдох 1729000250013 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрэхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 603-65 тоотод оршин суух Даш овогт Борисын О /РД:ЧМ85030414/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож байгаад “Тавантолгой”-н уурхайн 6 дахь км-т уг тээврийн хэрэгслийн 10 ширхэг дугуй, статчер, трубин, 2 ширхэг аккумулятор, 50 литр түлшийг завшиж нийт 2,728,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: ”...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг нүүрс тээвэрлэхээр авч явсан. Уг машиныг 6 дугаар километрт орхиж явсан. Тэгээд орхиж явахдаа 10 ширхэг дугуй, 1 статчер, 1 турбин, 2 аккумуляторыг  авсан. Тухайн үед очер ихтэй байсан учраас миний бие шантран 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туваандорж мэдүүлэхдээ: “...Миний хувьд хохирол төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Одоогийн байдлаар хохирол төлбөрийн хагас нь хийгдсэн байгаа. Үлдсэн 1,192,000 төгрөгийг  нэхэмжилж байна. Хавтаст хэрэгтээ танилцсан Б.Отганбаатар хохирол төлбөрийг барагдуулна гэсэн хүсэлт бичээд нотариатаар батлуулсныг харлаа яг хэзээ, ямар журмаар төлөх нь тодорхойгүй байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй”

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 06-16 дугаар хуудас/

Хохирогч Ц.Нямдаваагийн: “...манай компанийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашинаас Б.О нь турбин, статчер, 8 ширхэг дугуй зэрэг эд зүйлүүдийг тоносон байсан. Б.Отгонбаатараас үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Туваандоржийн :”...”Эм Жи Өү” ХХК-ийн эзэмшлийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Б.О 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч нүүрс тээвэрлэхээр “Тавантолгой” нүүрсний уурхай руу явсан. Гэтэл Б.О нь нүүрсээ тээвэрлэлгүй уг машинаас 10 ширхэг дугуй, статчер, турбин, хос аккумуляторыг завшиж, үрэгдүүсэн байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Ц.Нямдаваагийн: ”... би 8 дахь км-т байх колонк дээр байж байтал оройн 21 цагийн үед манай хятад захирал залгаж 25-78 ӨМӨ улсын дугаартай машин 6 км-т тоногдсон байна очиж үзээд эргээд хэлээрэй гэсэн. Тэгээд би оройн 22 цагийн орчим очиж үзтэл автомашины 2 дугуй огт байхгүй 4 дугуйг муу дугуйгаар сольсон, 2 запас дугуй, 2 аккумулятор, турбин, статчер зэрэг эд зүйлүүд байхгүй болсон байсан. Тэгээд би сумын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 27 дугаар хуудас/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт, үнэлгээний тайлан / хх-ийн 34-41 дүгээр хуудас/

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орон нутгийн үнэлгээний комиссын 2-436 дугаартай үнэлгээ / хх-н 43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Эм Жи Өү” ХХК-ийн эзэмшлийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Хятадын Ганц мод боомтод нэрийг нь мэдэхгүй хятад хүнээс нэг рейсийг нь 1,200 юаниар тээвэрлэхээр амаар тохиролцож тухайн өдрөө жолоодож Гашуунсухайт боомтоор Монгол Улс руу орж ирсэн. Тэгээд машиныг унаж явсаар Цогтцэций сумын нутаг 6 км-т очоод дугуй засварын хойно машиныг орхисон. Улаанбаатар хот руу явахдаа машины  банкнаас нь 50 литр түлш авч хувийн машинтай танихгүй жолоочид 1 литрийг нь 1000 төгрөгөөр бодож зараад замын зардал хийгээд явсан. Нэг дугуйг 100,000 төгрөгөөр, 2 ширхэг аккумулятор, трубин, статчер гурвыг нийтэд нь 250,000 төгрөгөөр, түлшийг 1 литрийг нь 1,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг / хх-н 49-50, 52 дугаар хуудас/

Б.Отгонбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 54 дүгээр хуудас/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл / хх-н 58-65 дугаар хуудас/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 4119 тоот тодорхойлолт / хх-н 70 дугаар хуудас/

Б.Отгонбаатарын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 94-98 дугаар хуудас/

Хүү О.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 115 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Өү Транс” ХХК-ийн эзэмшлийн 25-78 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож байгаад “Тавантолгой”-н уурхайн 6 дахь км-т уг тээврийн хэрэгслийн 10 ширхэг дугуй, статчер, трубин, 2 ширхэг аккумулятор, 50 литр түлшийг завшиж нийт 2,728,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч “Эм Жи Өү Транс” ХХК-ийн төлөөлөгч Э.Туваандорж нь гомдол саналгүй, хохирлоос одоогоор 1,536,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 1,192,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилнэ, хохирол төлөгдсөн тохиолдолд түүнд гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Б.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даш овогт Борисын Отгонбаатарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Борисын Отгонбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.О нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь хохиролд 1,536,000 /нэг сая таван зуун гучин зургаан мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирол төлбөрөөс үлдэх 1,192,000 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Отгонбаатараас гаргуулж 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хохирогч “Эм Жи Өү Транс” ХХК-д олгосугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Отгонбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Отгонбаатарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Отгонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН