Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 133

 

А.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, А.Д-д холбогдох 1802004200215 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан Б овогт А-ын Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Д-г сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 66 хоног хорих ял болгон ялыг нэмж нэгтгэн 2 жил 66 хоног хорих ялаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Д- гаргасан гомдолдоо “А.Д- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж байхад уг мэдүүлгийг үндэслэн намайг ялласан. Миний хувьд шинэ Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, улмаар хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор холбогдлыг сайтар ухамсарлан маш их гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ял болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Д нь мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан болон бусад бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Мөн Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SKA” зочид буудлын өрөөнд 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий 0.11 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” бааранд иргэн Б.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь баруун гуя, дагзны хуйх, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Д-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хасаж хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг зайлшгүй харгалзахаас гадна хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тооцон үзэхийг шүүхэд үүрэг болгожээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу А.Д-гийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг судлан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж тогтсон нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр болно.

А.Д нь 1997, 2002, 2006, 2008, 2016 онуудад удаа дараа ял шийтгүүлж байсан атал гомдолдоо өөрийгөө “шинэ Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэгт холбогдсон” гэсэн хуулиар тогтоогоогүй үндэслэл зааж хорих ялыг хасаж хөнгөрүүлэх журмыг хэрэглэхийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-д оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул түүний гаргасан ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 856 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН