Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:114/2016/0028/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоотод оршин суух, Боржигон овгийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаартай захирамжийн С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч С.*******

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие Аймгийн Засаг даргын 2016.04.23-ны өдрийн 201 дугаар захирамжаар Дархан сумын 10-р баг 12 хороололд нэгж талбарын ******** дугаартай 500м2 газрыг нийтийн орон сууцны зориулалтаар хоёр жилийн хугацаатай эзэмшихээр 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ хийж, гэрчилгээ авсан. Миний бодлоор газар эзэмших гэрээ 2016.11.18-нд дуусна гэж бодож 10 сард хугацаа сунгах тухай хүсэлтээ гаргана гэж байсан. Энэ тухайгаа лавлаж тодруулах гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016.04.29-нд очтол миний газрыг 2016.04.12-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын А/85 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан.Тэгээд надад энэ тухай хэлээгүй

                                                                                                        C:\Documents and ЗАХИРГАА/ Шийдвэрl\Desktop\Эх\А4.doc

хэлээгүй 17 хоног байсан байна, би очоогүй бол энэ тухай мэдэхгүй байсан. Гэтэл миний  шүүхэд хандах эрх зөрчигдөж байна. Газрын тухай хуульд зааснаар “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад би өөрөө очиж байж 17 хоногийн дараа дээрх шийдвэр гарсныг мэдсэн. Захирамж гарсан өдрөөс гэрээний хугацаа 2 жилээр тооцож бодсон ч миний гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 23-нд дуусна. Гэтэл хугацаа дуусаагүй байхад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гарч газар эзэмших эрхийг цуцлаж байгаа нь  үндэслэлгүй байна. Надад энэ тухай урьдчилан мэдэгдээгүй. Тухайн хороололд дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр  шийдвэрлэх учраас нилээд цаг хугацаа, санхүүгийн асуудал шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Бид нар барилгын зураг хийлгэх компани сонгож зургаа хийлгэхээр ярилцсан. Миний бие 1 настай хөхүүл хүүхэдтэй эрүүл мэндийн хувьд шалтгаантай нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлгээр явж  байсныг харгалзан үзэж, Дархан-Уул аймгийн Засаг даргын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаартай захирамжийн С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 520 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 616 мкв газрыг нэг жилийн хугацаагаар Дархан сумын 9-р багийн 4-р хороолол 4-р байрны баруун урд талд албан байрны зориулалтаар иргэн Э.*******т олгосон байх ба аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжаар газар эзэмших гэрээний хугацаа дууссан, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцалсан байна.

Гэтэл иргэн Э.******* нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Т.Биндэръяа, С.******* нартай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байх ба иргэн Т.Биндэръяа нь дээрх газарт 49 айлын орон сууц барихаар  Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ А-450-г Аркон ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, 75.0 сая төгрөгийн төлбөр төлсөн байна. Иргэн С.*******ийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “Газар эзэмших эрхийн хугацаа дууссан, барилгын ажлыг 2014 оны 02 дугаар улиралд эхлүүлж, 2015 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах тул зохих газрыг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж ирүүлсний дагуу газрын байршлыг өөрчлөн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 201 тоот захирамжаар Дархан сум 10-р баг 12 хороололд нийтийн орон сууцны газрын зориулалтаар 500 мкв газрыг олгож, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Дээрх газрыг иргэн С.*******д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ газрыг 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн, мөн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байна. Иргэн С.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний хугацаа дууссан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасны дагуу гэрээг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.

Иймд иргэн С.*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаартай захирамжийн С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.*******ээс  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан иргэн  Э.*******тай хамтран 612м2 газарт 49 айлын орон сууц барихаар зураг төслөө батлуулан барилгын бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд газар эзэмших хугацаа дууссан тул газар эзэмших эрх сунгуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу иргэн С.*******д газрын байршлыг өөрчлөн 500 м2  газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 201 дүгээр захирамж, захирамжийн хавсралт зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ шийдвэрийн талаар талууд маргаагүй болно.

Шүүхээс Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмших нэгж талбарын ******* дугаартай хувийн хэрэгт үзлэг хийж авсан бичгийн нотлох баримтаар  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь иргэн С.*******тэй 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон болох нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 000453377 тоот гэрчилгээ, мөн өдөр хэвлэн гаргасан эзэмшил газрын байршлын кадастрын зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж  зааснаар нэхэмжлэгч С.*******д Дархан сумын 12 дугаар хороололд 500 м2  газрыг  аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 201 дүгээр захирамжаар олгосон боловч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар иргэн С.*******тэй 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ олгосноор иргэн С.*******ийн газар эзэмших эрх цогцоороо 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн  байна гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс дүгнэхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь иргэн С.*******ийн газар эзэмших эрхийн 2 жилийн хугацаа дуусаагүй байхад  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газар эзэмших хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч С.*******ийн газар эзэмших эрхийг сэргээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн С.*******д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул  хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч тайлбартаа “нэхэмжлэгч С.*******д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэх журмыг зөрчсөн, мөн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутган маргаж байгаа боловч газрын дуудлага худалдаа явуулах, газрын үнэ төлүүлэх асуудал нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиргааны актад нэхэмжлэгч С.*******ийн газар эзэмших асуудлыг шийдвэрлэхдээ дээрх үндэслэлийг тусгаагүй болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн С.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА