| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03455/И |
| Дугаар | 181/ШШ2024/02536 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алтан төгрөг ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, хамтран хариуцагч Цэдэнбалжирын Мөнхжаргал /РД:ОК 80090203/ нар нь "Алтантөгрөг ББСБ" ХХК-с 2023 оны 04-р сарын 05-ны өдөр АЗ/Г01/202304 зээлийн гэрээ, ФГ01/202304 фидуцийн гэрээ байгуулан АТН208038393 арлын дугаартай, 9706УНВ улсын дугаартай, хар өнгөтэй Toyota Vellfire H20 маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлэн, 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Гэвч Зээлдэгч нь 2023 оны 10-р сарын 16-наас хойш одоог хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүйн улмаас үндсэн зээлийн өр 15,763,593.21 төгрөг, хүүгийн өр 3,296,102.52 төгрөг, хуримтлагдсан хүү 513,072.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,036.17 төгрөг, нийт 19,658,804.46 /арван есөн сая зургаан зуун тавин найман мянга найман зуун дөрөв зууны дөчин зургаан/ төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлийн гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх тухайд Б.Ган-Илдэд утсаар удаа дараа мэдэгдэхээр оролдсон боловч холбогдоогүй тул 2024 оны 01-р сарын 24-ний өдөр болон 2 дугаар сарын 25-ны /гэрээ байгуулах үедээ бидэнд өгсөн хаягаар нь/ төлбөр төлөх тухай мэдэгдэл илгээсэн боловч огт хариу ирүүлэхгүй байсан. Бидний зүгээс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болон 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрийн мэдээллийн сангаас гаргасан иргэний оршин суугаа газрын хаяг бүртгэлийн лавлагаанд заасан хаяг буюу анх зээлийн гэрээ байгуулахад өгч байсан хаягаар Монгол шуудангаар зээл төлөх мэдэгдлийг мөн адил хүргүүлсэн боловч хаягт газар хүн байхгүй гэсэн хариутайгаар шуудан буцаагдсан байдаг. Ингээд хаягт заасан Баянгол дүүргийн 14-р хороонд очиход тус хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй гэх хариуг өгөөд одоогоор Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хорооны Туулын, 40-21 тоотод орон сууц хөлслөн амьдарч байгаа талаар мэдээлэл өгсөн тул 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн хаягт газар тийм хүн байхгүй гэсэн хариутай шуудан буцаагдсан ба одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Бадамын Ган-Илд, хамтран хариуцагч болох Цэдэнбалжирын Мөнхжаргал нарыг эрэн сурвалжилж олж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, итгэмжлэл /Хх3-4/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх5/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх6/, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Билэгтийн /Хх7-8/, нэхэмжлэх /Хх9/, зээлийн гэрээ /Хх10-12/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /Хх13-14/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хх15/, техникийн тодорхойлолт /Хх16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх17/, 531/202401, 540/202402 дугаар албан бичиг /Хх18-19/, зээлийн үлдэгдлийн хураангуй мэдээлэл /Хх20/, зээлийн эргэн төлөлттийн хуваарь /Хх21/, зээлдэгч Б.Ган-Илдийн зээлийн үлдэгдлийн хураангуй мэдээлэл /Хх22/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /Хх23/, №531/202401 дугаар албан бичиг /Хх24/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Алтантөгрөг ББСБ" ХХК нь Б.Ган-Илд, Ц.Мөнхжаргал нараас 19,658,804.46 төгрөгийг гаргуулах гэсэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүрэг, 16-р хороо, туулын 40-21 тоот хаягаар хүргүүлсэн боловч дээрх хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шуудангийн буцаалт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Б.Ган-Илд, Ц.Мөнхжаргал нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Алтантөгрөг ББСБ ХХК /утас:*******/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ