Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/476

 

Л.Б-ад холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Солонгын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр Л.Б-ад холбогдох эрүүгийн  2011 01340 0308 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Л.Б-, 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Л.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр *** тоотод байрлах нийтийн байранд хамт байсан П.М-ын “Redmi Note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Л.Б-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргаж шүүхэд хүргүүлсэн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зөвтгүүлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Л.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр *** тоотод байрлах нийтийн байранд хамт байсан П.М-ын “Redmi Note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч П.М- нь “...би 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-345 тоот хашаанд байрлах нийтийн байрны 05 тоот өрөөнд байхад тус байрны жижүүр залуу Ө-гийн найз болох Б- манай өрөөнд ирээд бид 3 хамтдаа 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд намайг согтоод унтчихсан байх хойгуур Б- нь миний 2020 оны 7 дугаар зарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “MN tower”-ийн 1 дүгээр давхраас 790.000 төгрөгөөр худалдаж авсан 2 сим уншдаг, ногоон өнгийн “Redmi Note-9” загварын гар утсыг хулгайлж аваад явчихсан. Улмаар би Б-ын Facebook хаяг руу “Утсыг маань аваад ир” гэсэн зурвас бичихэд “Чиний утсыг авч яваад алдчихсан, төлж өгнө” гэсэн хариу илгээсэн. ...” /хх 46/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Ц.Ө-батын “...2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэртээ байж байтал найз М-, Б- нар ар араасаа орж ирсэн. ... манай гэрт эхлээд том савтай “Боргио” нэртэй пиво авч ууцгаасан. Тэгээд би согтоод унтаад өгсөн байсан. Нөгөө хоёр найз маань манайхаас гарч яваад М-ын гэрт нь орсон байсан. ... орой 17 цагийн үед сэрэхэд М- “Гар утсаа алдчихлаа” гэхээр нь гэрт нь зөндөө хайгаад олоогүй. Б- гараад явчихсан ... гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. ...” /хх 50/,

- шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /хх 64-65, 104/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ЧД1-20-503 дугаартай тайлан /хх 58-59/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй бөгөөд гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан тусгай журмаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн, бусдад төлөх төлбөргүй болсон, прокуророос сонсгосон албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэвч ийнхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Л.Б-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримталсныг буруу гэж үзэв.

Учир нь, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл хангагдсан тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тодорхой хуульчилсан бөгөөд энэ талаар нэг мөр тогтсон ойлголтод хүрсэн билээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэрэг, маргаантай холбоотойгоор шүүх хуулийг зөв хэрэглэсэн байх явдал юм.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН