Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Юрагийн Болчулуунд холбогдох 1729000390023 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хөөвөрийн 7-4 тоотод оршин суух, урьд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 63.б-ээр 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөн хуулийн 239.3 дахь хэсгээр 2 жилийн хорих ял, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 112.1 дэх хэсгээр 3 жилийн хорих ял, 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 239.2, 90.1 дэх хэсгээр 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдэлж байсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. Ямаан Ойдов овогт Юрагийн Болчулуун /РД:КЕ71040311/

Үйлдсэн хэргийн талаар:            

 D:\Ajil\Shiitgeh togtool\\

Шүүгдэгч Ю.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг дэвсгэрт буюу Бунхан гэх газарт согтуугаар иргэн Ц.Хүрэлбаатартай гэрт нь маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн, хутгаар гарыг нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Б мэдүүлэхдээ: “ Цагаан хаднаас гараад явж байхдаа Ган-Уул бид хоёр 2 шил архи уусан. Ган-Уулын хөдөө гэр рүү явж байх замдаа төөрөөд бид хоёр хөдөө нэг айлд очтол Ц.Хүрэлбаатарынх байсан. Ц.Хүрэлбаатарынд нэмж архи уугаад согтсон байсан. Ц.Хүрэлбаатартай маргалдсанаа санахгүй байсан. Бид хоёрт муудах зүйл байгаагүй. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэгээд Ц.Хүрэлбаатарын гарыг зүсчихсэн гэдгийг би 7,8 хоногийн дараа мэдсэн. Ган-Уулын машинаар Хатанбулагийн боомт  дээр явж байхад Ган-Уул ирж чи Ц.Хүрэлбаатарын гарыг зүсчихсэн юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд би Б.Ган-Уулын машиныг өгчихөөд ”тийм юм болсон бол би Ханбогд сум руу буцлаа” гээд тэр даруй нааш ирж цагдаа нартай уулзсан” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ц.Хүрэлбаатарын өгсөн:”...2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цаг 00 минутын үед би хөдөө гэртээ Бунхан гэх газарт ганцаараа байсан. Тэр үед миний танил Болчулуун гэдэг хүн Цагаан хаднаас буцаж яваад төөрчихлөө гээд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн Бямбасүрэн овогтой Ган-Уул гэдэг хүний хамт хоёулаа нилээд халамцуу орж ирсэн. Тэгээд би тэр хоёрт цай чанаж, хоол хийж өгсөн. Хоол хийж байхад Болчулуун нэг шил 0,75 гр Ерөөл архи гаргаж ирж бид 3 түүнийг хуваан уусан. Тэгээд би мах чанаж өгсөн юм. Болчулуун мах идэж байснаа гэнэт миний зүүн гарын шууны дотор тал руу хутгаараа хатгасан. Тэгээд би хутгыг нь булаах гэж байгаад баруун гарын эрхий хуруугаа эсгүүлээд хутгыг авч чадалгүй зугтаасан. Тэгээд манайхаас 2-3 зм орчим зайд байдаг Буяндэлгэр гэдэг айлд очиж Болчулуун намайг хутгаллаа гэж хэлээд Буяндэлгэрийн дүүг дагуулаад иртэл Болчулуун нөгөө хүний хамт яваад өгсөн байсан. Тэгээд би цагдаад мэдэгдээд, маргааш нь ирж эмнэлэгт үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Ган-Уулын өгсөн:”... Тэр айлд Хүрэлбаатар ганцаараа байсан. Хүрэлбаатар, Болчулуун бид хоёрт хоол хийж өгсөн. Тэнд бид 3 дахин нэг шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд би согтоод унтчихсан байсан. Дараа нь сэргэхэд бид хоёр Хүрлээгийнхээс хөдлөөд явчихсан, гадаа харанхуй болчихсон, бид хоёр машиндаа унтаж байсан. Тэгээд тэндээсээ замаа зөв олоод манай хөдөө гэрт очсон. ...Түүнээс хэд хоногийн дараа “Болчулуун, Хүрлээгийн гарыг хутгаар зүссэн гэнэ, Хүрлээ гараа боолгоод эмнэлгээр явж байна” гэсэн там тум сураг сонсоод би Болчулууны араас Хангийн боомт орж түүнтэй уулзаж, машинаа аваад болсон явдлыг түүнд хэлсэн. Болчулуун, Хүрлээгийн гарыг зүссэнээ санахгүй байсан ба “тийм юм болсон бол би Ханбогд орье” гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №176 дугаартай шинжээчийн

  1. Ц.Хүрэлбаатарын биед зүүн шуу, баруун гарын 1-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт
  4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/

Ю.Болчулууны яллагдагчаар өгсөн: ”...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Цагаан хаднаас Хатанбулаг сум орохоор Ган-Уул гэх танилын хамт явж байгаад замдаа төөрч явсаар нэг айлд очиход Ц.Хүрэлбаатар тэр айлд ганцаараа байж байсан. Хүрэлбаатар бидний дунд өмнө нь зодоон цохионы асуудал үүсч би шүүхээр шийтгүүлж байсан юм. Ган-Уул бид хоёр замдаа 2 шил архи уучихсан ба Хүрэлбаатарынд очоод дахин нэг билүү хоёр шил архи уусан. Тэдгээр архийг Ган-Уул бид хоёр машиндаа авч явсан юм. Тэгээд би нэг мэдэхэд согтчихсон хөдөө машин дотроо унтаж байсан. Ган-Уул жолооны ард рулээ дэрлээд унтаж байсан. Хүрэлбаатарынхаас хэзээ яаж явсан, яасан ийснээ санахгүй байсан. Тэгээд бид хоёр Хатанбулаг сумын нутаг Шар хад гэх газар байдаг Ган-Уулын хөдөө гэрт очиж 3-4 хоносон. Би тэндээс Хангийн боомт ороод 7 хоног яваад Ган-Уулынд эргээд иртэл “Чи эртээд Хүрэлбаатарын гарыг хутгаар зүссэн байна. Хүрэлбаатар Ханбогдын эмнэлэгт гараа боолгоод явж байна гэнэ” гэж Ган-Уул хэлсэн. Би тэгээд тэндээс мотоциклтой хүнээр хүргүүлэн Ханбогд суманд ирж Хүрэлбаатартай уулзахад “чи бид хоёр муудаж сайдаагүй мах идээд сууж байхад чи миний гарыг хутгаар зүсчихсэн” гэж надад хэлсэн. Түүний гар боолттой байсан. Би одоо яахав, ийхэв гэхэд “цагдаа сэргийлэх мэдсэн. Чи надад 2,000,000 төгрөг өгчих. Би өөр гомдол саналгүй” гэж Хүрлээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

Ю.Болчулууны иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, /хх-ийн 28-р хуудас/,

Шүүгдэгч Ю.Болчулууны хувийн байдлыг нотлох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №841 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 29-р хуудас/,  

Шүүгдэгч Ю.Болчулууны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,

 Шүүгдэгч Ю.Болчулууны арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 38-43-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  Шүүгдэгч Ю.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутаг дэвсгэрт буюу Бунхан гэх газарт согтуугаар иргэн Ц.Хүрэлбаатартай гэрт нь маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн, хутгаар гарыг нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ю.Болчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Хүрэлбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Болчулуунд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаан Ойдов овогт Юрагийн Болчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Болчулууныг450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Болчулуунд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, тус бүр 225,000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Хүрэлбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ю.Болчулууны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА