Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 202/МА2020/00002

 

 

Ц.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00264 дүгээр шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Ц.З-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Г-д холбогдох

Зээл, алданги нийт 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энх-Амарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Ц.Г-ээс 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний 2.6 дахь хэсэгт тусгагдсан үлдэгдэл 1000000 төгрөгийг 2016 оны 11 сарын 27-ны өдрийн дотор бөөнд нь төлнө гэсний дагуу авах ёстой байтал, 2016 оны 11 сарын 02-ны өдөр хэлцэл хийж, уг хэлцлийн нэмэлт хэсэгт “...2016 оны 11 сарын 27-ны өдрийн дотор төлөх 1000000 төгрөгийг 2017 оны 02 сарын 25-ны дотор төлөхөөр хугацааг сунгъя...” гэж хэлцэл хийсэн. Энэ үед буюу 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 11 сарын 27-ны өдөр төлөх 1000000 төгрөгийг, жич 1000000 төгрөгийг төлөх хугацаа болоогүй байгаа тул нэхэмжлээгүй болно гэсэн байдаг. Гэтэл Ц.Г нь шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөө арай гэж цувуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан. Гэтэл Ц.Гээс үлдэгдэл 1000000 төгрөгөө алдангийн хамт нэхэх гэхэд олдохгүй болохоор нь Дорнод аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ өгч 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Үүний дагуу Цагдаагийн газраас нэхэмжлэлд дурдсан хаягийг олж өгсөн. Иймд би Ц.Гээс 1000000 төгрөгөө, 2016 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан хэлцэлд заасан хугацаа нэгэнт хэтэрсэн учир алданги 500000 төгрөгийн хамт нэхэмжилж байна…” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 138/ШШ2016/01236 дугаартай шүүхийн шийдвэрт заагдсан 3227500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрээр гаргуулсан 3227500 төгрөг нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр Ц.Зтой байгуулсан зээлийн гэрээний 2.5, 2.6 дахь заалтуудад дурдсан 437000*5 сар=2185000, үүний алданги 1092500 төгрөг, нийт 3227500 төгрөг байсан. Тус гэрээгээр тохиролцсон 2185000 төгрөгийг алданги тооцож 3227500 төгрөг болгож аваад зогсохгүй, үлдэгдэл 1000000 төгрөгийг одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Ц.Г нь гэрээгээр хүлээсэн сард төлөх 437000 төгрөгийг 2016 оноос хойш бөөнөөр нь өгч чадаагүй боловч боломжоороо бэлэн мөнгөтэй үедээ Ц.Зд өгдөг байсан. 2015 оны 10 сард 437000 төгрөг, 90000 төгрөг, 2015 оны 12 сард 350000 төгрөг, 56000 төгрөг, 2015 оны 12 сарын 26-ны өдөр 48000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 25000 төгрөг, 2015 оны 12 сарын 22-ны өдөр 180000 төгрөг, 20000 төгрөг, 2016 оны 01 сарын 06-ны өдөр 30000 төгрөг, 2016 оны 01 сарын 11-ний өдөр 40000 төгрөг, 2016 оны 03 сарын 16-ны өдөр 40000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр 300000 төгрөг, 2016 оны 04 сарын 31-ний өдөр 300000 төгрөг, 2016 оны 06 сарын 02-ны өдөр 260000 төгрөг, 40000 төгрөг, нийт 2176000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч Ц.Згоос 3185000 төгрөгийг зээлж аваад 5403500 төгрөгийг буцааж төлсөн байдаг. Ц.З нь буцааж авсан мөнгөний талаар яагаад дурдахгүй байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 1000000 төгрөг, алданги 500000 төгрөг, нийт 1500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

            Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д зааснаар хариуцагч Ц.Гээс 1500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Зд олгож,

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 38950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Зд олгож,

            Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энх-Амар давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ц.З, Ц.Г нар 2015 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, нөхцлийг анхаарсангүй. Ц.З нь Ц.Гт урьд нь бага багаар хүүтэй, хүүгүйгээр мөнгө зээлж байгаад үлдэгдэл мөнгө, хүүг нэгтгээд 2015 оны 12 сарын 25-ны өдөр 3185000 төгрөг бэлнээр зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө ... шилжүүлэх үүрэгтэйг заасан. Тэгвэл Ц.З нь 2015 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 3185000 төгрөг Ц.Гт шилжүүлээгүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг зээлийн гэрээ нь анхан шатны шүүхийн дүгнэснээр талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэж дүгнэсэн хэдий ч шүүх гэрээний заалт бүрийг нарийвчлан шалгасангүй. Зээлийн гэрээний заалтуудыг судалвал:

  • Ц.З, Ц.Гт хүүгүйгээр 3185000 төгрөг бэлнээр зээлсэн гэдэг. Гэтэл зээлийн гэрээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйл “Зээлийн гэрээний хүү” буюу хүүтэйгээр мөнгө зээлэх зохицуулалтыг баримталсан. Гэтэл зээлийн гэрээний 2.4-т Зээлийн хүү: Зээлийн хүү сарын хувь байна. Хүүгүй зээл болно гэжээ. Энэ нь ойлгомжгүй.
  • 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 сарын 27-ны өдрийн хооронд буюу 1 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулжээ. Тиймээс Иргэний хуулийн 283 дугаар зүйл “Зээлийн гэрээний хугацаа”-ны тухай зохицуулалтыг үндэслэл болгож гэрээнд баримтлах ёстой. Зээлийн гэрээнд хугацаа нарийвчлан тогтоох, энэ талаарх хуулийн зохицуулалтыг үндэслэх нь зээлдүүлэгчийн хувьд зээлээ хэдийд төлөх эрхтэй болох, мөн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болох зэрэг ач холбогдолтой байсан. Иргэний хуулийн хугацааны талаарх зохицуулалтаа гэрээнд үндэслээгүй атлаа Зээлийн гэрээний 2.7-д эргэн төлөх нөхцөл-Зээлдэгч сар бүрийн 27-ны өдрийн дотор 437000 төгрөг төлнө. Үлдэгдэл 1000000 төгрөгийг 2016 оны 11 сарын 27-ны өдрийн дотор бөөнд нь төлнө гэжээ. Энэ заалт нь мөн ойлгомжгүй, тодорхойгүй.
  • Зээлийн гэрээний 3.1-т зээлдэгч зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө зээлсэн мөнгийг бүгдийг болон хэсэгчлэн төлж болно. Энэ нь хоёр талын гарын үсэг эсхүл баримтаар баталгаажна гэжээ. Энэ заалт маань гэрээний 2.7 дахь заалттайгаа утга, агуулга нь зөрчилдсөн.

Мөн шүүх Ц.З нь Ц.Гээс 2015 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн “Зээл 1000000 төгрөг, алданги 500000 төгрөг, нийт 1500000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь тухайн гэрээг хүчинтэй гэж үзсэнтэй утга нэг.

Тэгвэл 2015 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 11 сарын 27-ны өдөр дуусах байтал нэхэмжлэгч Ц.З нь 2016 оны 09 сарын 08-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэг тал гэрээг цуцлах санал гаргаж, шүүхийн шийдвэр гарснаар тухайн зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. 2008 оны 10 сарын 10-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт” 1-бичмэл нотлох баримт “Тэмдэглэл-бичиж тэмдэглэсэн аливаа зүйл хамаарах бөгөөд албан ёсны болоод албан бус, хувийн аль ч тэмдэглэлийг бичмэл нотлох баримт гэж үзнэ” гэжээ. Ц.Зд бэлнээр мөнгө өгч байсан тухай тэмдэглэл бичвэртэй дэвтрээ нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад Ц.Згийн гарын үсэггүй, хүлээн аваагүйгээ тайлбарладаг болно гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан зээл 1000000 төгрөг, алданги 500000 төгрөг, нийт 1500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Г эс зөвшөөрч зээлд нийт 2176000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энх-Амар эс зөвшөөрч “... зээлийн гэрээгээр 3185000 төгрөгийг Ц.Г-т шилжүүлээгүй, ... анхан шатны шүүх гэрээний заалт бүрийг нарийвчлан шалгасангүй, ... шүүхийн шийдвэр гарснаар гэрээ цуцлагдсан байхад ... гэрээг хүчинтэй гэж үзсэн, ... тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй ... “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нь талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчид 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нийт 3185000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар хүүгүй зээлэх, хариуцагч нь уг зээлийн мөнгийг сар бүрийн 27-ны өдрийн дотор 437000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1000000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бөөнд нь төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон боловч хариуцагч Ц.Г нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандаж Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138/ШШ2016/01236 дугаартай шүүгчийн захирамжаар зээл 2185000 төгрөг, алданги 1092500 төгрөг, нийт 3277500 төгрөгийг хариуцагч Ц.Г төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгчид нийт 2176000 төгрөг төлсөн байсан гэх боловч түүний энэхүү татгалзал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх энэ талаарх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд болох Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Гээс гаргаж өгч байсан гэх тайлбар /хх-26/, хариуцагчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр /хх-27-28/ зэрэг бичмэл нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн, зөрчөөгүй болно.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар нийт 5 сарын хугацаанд буюу сар бүр төлөх 437000 төгрөг, нийт 2185000 төгрөг, түүний алданги 1092500 төгрөг, нийт 3277500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Г төлөхийг хүлээн зөвшөөрснөөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138/ШШ2016/01236 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Ц.Г нь гэрээний үүрэгт өмнө нь 2176000 төгрөг төлсөн байсан болох нь тогтоогдоогүй байна.

            Түүнчлэн  одоо нэхэмжилж байгаа зээл 1000000 төгрөг, алданги 500000 төгрөг болон урьд шүүхээр шийдвэрлүүлсэн зээл, алданги нийт 3277500 төгрөгийн хувьд нэг зээлийн гэрээний үүрэг байх боловч уг 1000000 төгрөгийн үүргийн хувьд биелүүлэх хугацаа болоогүй үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлээгүй ба энэхүү шаардлагыг шүүх өмнө шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Энэ нь одоо нэхэмжилж байгаа зээл 1000000 төгрөг, түүнийг хугацаанд нь төлөөгүйн алданги 500000 төгрөгийн хувьд үүрэг дуусгавар болоогүй бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гарснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний сар бүр  437000 төгрөг, нийт 2185000 төгрөг, түүний алданги 1092500 төгрөг, нийт 3277500 төгрөгийг төлөх үүргийн хувьд тухайн үүрэг дуусгавар болсон гэж ойлгох бөгөөд энэ нь гэрээг бүхэлд нь цуцлагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

        Өөрөөр хэлбэл өмнөх шүүхийн шийдвэрээр гэрээг цуцлаагүй бөгөөд гэрээ цуцлах, үүрэг дуусгавар болох тухай асуудал нь эрх зүйн агуулгын хувьд өөр өөр ойлголтууд тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...”шүүхийн шийдвэр гарснаар гэрээ цуцлагдсан ...”  гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүйн гадна хуульд заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан ч энэ нь гэрээний талуудын гэрээний үүргийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энх-Амарын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2019/00264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энх-Амарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                          ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                              Н.БАТЧИМЭГ