| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 136/2019/00271/И |
| Дугаар | 202/МА2020/00003 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 202/МА2020/00003
Ч.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2019/00366 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 10 115 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ч.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Г.Бтой 1985 онд танилцаад 1986 онд гэр бүл болж бидний дундаас хүү Б.Б 1987 онд төрсөн. Г.Б нь 1987 онд зодоон танхайн хэргээр 5 жил хорих ял шийтгэгдэж, уг ялаас 2.5 жилийг биечлэн эдэлж байгаад гарч ирсэн. Тухайн үед би хань ижлээ гэж бодоод Г.Быг хорих ангид байхад нь эргэж очихоор намайг байнга хэл амаар доромжилдог, зүй зохисгүй, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг байсан. Г.Б нь хорих ангиас суллагдсанаас хойш байнга архи ууж, намайг элдвээр доромжлон зодож, гэртээ амар тайван байхад маш хүнд байсан учир би дүүгийндээ очиж тус тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш 29 жил болж байна. Хүү маань ч 32 нас хүрсэн. Г.Б намайг явангуут хамтран амьдрагчтайгаа цуг амьдарч эхэлсэн байсан. Г.Бын нэр дээр бүртгэлтэй 2 өрөө байр нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн байр байгаа юм. Миний аав С.Чойжилжав нь тухайн үед Улаанбаатар Төмөр Замын 4 дүгээр ангид ахлах мастер хийж байхад нь байгууллагаас нь өгөхөд аав маань уг байраа бидэнд өгч манайх амьдрах орон байртай болж байсан. Миний бие байрнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах авах хүсэлтэй байна. 2 өрөө байр орон нутгийн зах зээлийнхээ ханшаар 24000000 төгрөгийн үнэтэй байгаа учир үүнээс өөрт ногдох хэсэг болох 8000000 төгрөгийг гаргуулан авч, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна…” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Тухайн орон сууцыг Хөрөнгө-Эстимейт ХХК-иар хөндлөнгийн үнэлгээг хийлгүүлэхэд 30346200 төгрөгөөр үнэлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 2115000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10115000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Г.Б нь энэ байрыг 3-33 тоотын 1 өрөө арктай байраар сольж зөрүү мөнгө авсан гэж надад өөрөө ярьж байсан. Г.Бын одоогийн амьдарч байгаа байр нь анхны байраар солигдсон 1 өрөө байр, өөрийнх нь аавын 1 өрөө байрны нийлэмжээс бүтсэн буюу Г.Бын аавд байгууллагаас нь өгсөн байр, манай аавын байгууллагаас нь өгсөн байр гэсэн 2 байрны нийлэмжээс бий болж гарч ирсэн байр юм. Уг байрыг Г.Б өмчлөөд надад хамаагүй мэтээр тайлбарлаад байна. Тухайн үед Г.Б надад 127-р байрны 4-45 тоот аавынхаа байрыг ав гэсэн бол өдийд би ч гэсэн энэ байраа өөрийнхөө нэр дээр хувьчлаад авчих боломж байсан. Би замын 4-р ангид замчин хийж байсан. Гэвч намайг тэсэж тэвчихийн аргагүй байдалд хүргэж хөөж явуулж байгаад байрыг бусадтай сольж зөрүү мөнгө төгрөг авч өөртөө ашигтай зүйлийг хийсэн...” гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. 1986 онд 127-р байр ашиглалтанд орж албан газруудад байр хуваарилахад 4-р орцны 45 тоот 2 өрөө байрыг Замын 4-р ангийн мастер Чойжилжавт хуваарилсан. Өөрсдөө ороогүй манайх орж Депогийн ажилчны байр болсон. Тэр үед би аав, ээжтэйгээ 2 өрөө дан байранд амьдарч байсан. 4-45 тоот байрны ордер албан ёсоор миний нэр дээр шилжсэн. Төмөр замын ажилчдын байрыг хэн нэгэн өмчилдөггүй, халагдсан, шилжсэн айлын оронд дараагийн төмөр замчид орж амьдардаг байсан. Тэр байранд амьдарч байхад хүү Б төрсөн. Одоо 33 настай. Би 1987 онд шоронд ороход хүүг минь аав, ээж дээр орхиод явчихсан хүн. Хүү минь манай аав, ээж дээр өссөн. Би 1991 онд шоронгоос гарч ирээд Ч.Дтай амьдрах боломжгүй гэдгээ хэлээд 2 тийш болсон. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бидний хооронд ямар нэгэн харилцаа байгаагүй. 1991 онд Төмөр замаас аав, ээж хоёрт 129-1-1 тоотод 1 өрөө байр өгсөн. Хүү маань аав, ээжтэй нүүсэн. Би тэр байрандаа амьдарч байгаад Төмөр замын эмнэлэгийн нягтлан Т гэдэг хүний 127-р байрны 3-р орцны 33 тоот арктай 1 өрөө байраар сольж амьдарсан. 1997 онд ээж минь нас барж, аав, ээжийн 129-1-1 тоот 1 өрөө байрыг өөрийн 127-3-33 тоот 1 өрөө байрны хамт эрчим хүч, ус хангамжийн 2-р ангид ажиллаж байсан Оюун гэдэг хүний 127-2-18 тоот 2 өрөө байраар сольсон. 2004 онд өмч хувьчлалаар аав Д.Г, хүү Б.Б бид гурвын нэр дээр хувьчлагдсан. Тийм учраас Ч.Дд энэ байр ямарч хамаагүй. Надтай байраа сольсон Т дараа жил нь Улаанбаатар хот руу шилжиж оронд нь өөр айл орсон байсан. Сүүлд хувьчлалаар Депогийн орлогч дарга Ж.Ж хувьчилж авсан...” гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...127-р байрыг ашиглалтанд ороход 4-45 тоотыг Ч.Дгийн аавд хувьчилсан нь үнэн. Намайг ажил дээрээ байхад жижүүрийн утсаар ярья гэж байна гэхээр нь очиход надад хуваарилсан байранд орох уу гэсэн. Энэ тухай Депогийн даргад хэлсэн. би тэр байранд орж болох юм уу гэж асуусан. Депогийн дарга зохицуулсан байх. Удалгүй намайг дуудаж тэр байранд ор, өөрийнхөө байранд машинч Дамдинсүрэнг оруулаарай би ярьчихсан гэсэн. Тэгээд би тэр байранд орж байр эзэмших эрхийн бичиг миний нэр дээр болж байр, гэрэл, ус, утасны төлбөрийг депогийн санхүү шууд цалин дээрээс суутгаад явсан. 1993 онд Төмөр замын эмнэлэгийн нягтлан Т надад та ганцаараа байдаг юм чинь хоёулаа байраа сольё гэсэн. Би хариуд нь чи өөрөө дарга нартай ярь, зөвшөөрвөл сольё гэж хэлсэн. Зохих зөвшөөрлийн дагуу сольсон. Байрны зөрүү мөнгө авсан гэж худал...” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний хувьд уг хэрэгт хамааралгүй, оролцохгүй, нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь миний аав, ээж байх тул уг хэрэгт ямар нэгэн байдлаар оролцмооргүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Чойжилсүрэнгийн Ч.Д, Аргөрөөчин овогт Ггийн Г.Б нарын гэрлэлтийг цуцалж,
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 10115000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Д давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дорноговь аймаг Сайншанд сум 4-р баг 127 байрны 2-18 тоот 2 өрөө орон сууц Г.Б, Б нарын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч анх тухайн байр ямар эх үүсвэрээс бий болсныг анхаарч үзсэнгүй. Мөн Г.Б намайг гэр оронд минь байлгаж суулгахгүй зодож, доромжлоод, хөөгөөд байхаар нь аргагүй эрхэнд би гэрээсээ Г.Бын гарт алуулахаасаа өмнө явъя гэж бодоод явсан, хүүг минь надтай уулзуулахгүй салгаж байсан. Г.Б шоронд яваад ирэхдээ өөр эмэгтэй хүнтэй болчихсон, шоронд явж ирээд гэр оронг минь бэлэнчилж өөрөө дагуулж ирсэн эмэгтэйтэйгээ байх гээд байсныг нь би хожим ойлгосон. Гэвч эдгээр нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр хамт амьдраагүй байна гэж дүгнэх нь үндэслэлгүй. Албан ёсны гэр бүлийн баталгаатай, үр хүүхдээ эргэж тойрох, харж хандаж уулзах гэх мэт гэр бүлийн харилцаа холбоо өдийг хүртэл байсаар л байхад үүнийг хүртэл харж үзсэнгүй.
Төмөр замын орон сууц баригдаж ашиглалтанд орж байхдаа тухайн үеийн дарга нартаа хувиарлан өгч байсан. Энэ ч үүднээс 127 байрны 4-45 тоот 2 өрөө орон сууц манай аав Чойжилжавт олгогдож, үүнийгээ аав биднийг тусдаа айл өрх болж байна гээд Г.Бод шилжүүлэн өгч байсан. Г.Б 127 байрны 4-45 тоот 2 өрөө орон сууцыг 127 байрны 3-33 тоот арктай 1 өрөө байраар сольж авсан юм. 127-3-33 тоотод манай ам бүлийн өрхийн бүртгэлд хэн хэн тоологдож байсан нь хэрэгт авагдсан. Тухайн үед буюу 1990 онд өмч хувьчлал явагдаж байгууллагын орон сууцыг улсын өмч өмчлөл явагдаж дууссаны дараагаар хувьд өгөх асуудал ч яригдаж эхэлж байсан. Яг энэ үед 127 байрны 3-33 тоотын 1 өрөө байрыг өөрийнхөө аавын 129 байрны 1-1 тоот 1 өрөө байртай нийлүүлээд 127 байрны 2-18 тоот 2 өрөө байрыг сольж авч байсан юм. Ийнхүү 2 байрны нийлэмжээс бүтсэний үүднээс 127 байрны 2-18 тоот байр анх Г.Б, Б, Гомбожав гэсэн 3 хүний нэр дээр бүртгэгдсэн байдаг. Би ч тухайн үед уг байрны бүртгэлд Г.Б, Б нарын нэр бичигдсэн байсан болохоор болно гэж бодоод явж байсан. Байрны хувьчлал ч хийгдэж 127-р байрны 2-18 тоот 2 өрөө орон сууц хувьд гарсан. Миний хувьд орох орон гэргүй олон жил явлаа. Өөрт ногдох хэсэг болох 8 сая төгрөгийг гаргуулан авч гэр орон олж авах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би 1991 оны 7 сард наадмын дараа шоронгоос суллагдсан. Гэртээ ирж Ч.Дтай хамт байх боломжгүй гэдгээ хэлж 2 тийш болсон. 127-р байрны 4-45 тоотыг 127-р байрны 3-3 тоот байраар /арктай 1 өрөө/ сольж орсон. Би Ч.Дг айлгаж зодож байгаагүй. 1997 онд ээж минь нас барж аавын 129-1-1 тоот байр, өөрийн 127-3-33 тоот байрыг хамтад нь 127-2-18 тоот 2 өрөө байраар сольж аав, хүү хоёртойгоо амьдарч эхэлсэн. Хүү Б надтай хамт амьдарч байсан. 2004 онд өмч хувьчлал явагдахаас өмнө Төмөр замын байр албаны байр байсан. Ажлаас халагдвал байрнаас гардаг байсан. Ч.Дгийн ярьж байгаа шиг зарж солиод зөрүү мөнгө авдаг зүйл байгаагүй. Тэр үед зардаг зүйл, зардаггүй зүйл гэж байсан...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь хамтран амьдраагүй байна гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй юм. Гэр бүлийн харилцаа бол албан ёсны гэр бүлийн баталгаа. Хавтаст хэрэгт гэрлэлтийн баталгаа авагдсан. Гэрлэх харилцаа нь хэзээнээс дуусгавар болж байгаа юм бэ гэдэг асуудлыг хэрэг хянан шийдвэрлэхдээ онцгойлон анхаараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохоор өөрөө нэхэмжлэл гаргасан байгаа. Гэр бүлийн гишүүн гэр бүлээс гарахдаа дундын эд хөрөнгийн өмчлөлөө хуваахаар шийдсэн. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Энэ зөвлөмжөөс харахад гэрлэлт цуцлах тухай шийдвэр гарснаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар гэр бүлийн харилцаа дуусгавар болгосон гэж үзнэ гэж байгаа юм. Гэрлэлтийн асуудал цуцлагдаж байж гэр бүлийн харилцаа дуусаж байна уу гэж үзэхээс биш хамтран амьдраагүй байна гэдэг шалтгаанаар гэр бүлийн харилцаа байхгүй юм байна гэж үзэх үндэслэл болохгүй юм гэж Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс харагдахаар байгаа. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгээр хамтран амьдраагүй байна гэдэг гол үндэслэлээр дундын эд хөрөнгийг үгүйсгэсэн байгаа. Гэтэл Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс харахад хамтран амьдарсан, амьдраагүй зэргийг үндэслээд дундын эд хөрөнгийн өмчлөлийг шийдэхгүй байх, баримтлахгүй байх үндэслэл болохгүй гэж байгаа. Ч.Дгийн хувьд анхан шатны шүүх дээр ч тэр, хамтран амьдраагүй хугацаа нь ч тэр хүний байнгын дарамттай харилцаанаас болж тэнд амьдрах боломж байгаагүй. Мөн өөр гэр бүл зохиогоод ирсэн хүнтэй цаашид хамт амьдрахад хэцүү нөхцөл байсан болохоор чадаагүй гэдэг. Гол нь тэр байранд одоо хүртэл маргаан үүсгээгүй явж байсан нь үр хүүхэд минь тэнд амьдарч байсан болохоор үр хүүхдээ тэр байрнаас гаргахыг хүсээгүй гэдэг байдлаар тайлбар тавьдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хөрөнгө мөн үү гээд эд хөрөнгийг харахаар энэ байр бол хамгийн анх 127 дугаар байрны 2-18 тоот нь Гомбожав, Г.Б, Б гэсэн гурван хүний өмчлөлтэй байсан байдаг. Гомбожав нь Г.Бын аав. Энэ хүн нас барснаар тухайн байрны эзэмшил Г.Б, Б нарын эзэмшил дээр болсон. Энэ баримт хэрэгт хангалттай авагдсан байдаг. Гэтэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан дундын эд хөрөнгө гээд тооцсон байдаг. Гэтэл энэ эд хөрөнгө яах аргагүй дундын эд хөрөнгө байгаа учраас шүүхийн шатанд энэ асуудал яригдаж гэрлэлтээ цуцлуулахаар гэрлэлтийн асуудал яригдаж байгаа учраас энэ дундын эд хөрөнгөө хуваалгая гэдэг хүсэлтийг гаргаж байгаа. Энэ үүднээс энэ дундын эд хөрөнгөөс Ч.Дд оногдох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 8 000 000 төгрөгийн үнэлгээг Ч.Д өөрөө үнэлсэн байдаг. Миний зүгээс үзэхэд 127 дугаар байрны 2-18 тоот анх ямар журмаар бий болсон гэдэг асуудлыг тавихад хариуцагчийн тайлбараас харахад тодорхой байдаг. Тухайн байрыг хамгийн анх арктай нэг өрөө байраар 3-33 тоотоор сольсон байсан. Гэтэл аавд нь бас төмөр замаас байр өгсөн. Энэ хоёр байрны нийлэмжээс энэ 2-18 тоот байр гарч ирсэн гэдгийг хариуцагч маргаагүй хэлсэн. Энэ талаар нэхэмжлэгч хүртэл дурддаг. Гэтэл эдгээрээс харахад тухайн орон байрны өмчлөх асуудал бол анхнаасаа Ч.Д, Г.Б нарын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хамааралтай үүссэн байдал харагдаж байгаа учраас үүнийг гишүүд тус бүрээр нь тодорхойлон хувааж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 366 дугаар шийдвэрээрээ маргаан бүхий 2-16 тоот үл хөдлөх хөрөнгийг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө биш байна гэдэг дүгнэлт хийгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ маргаан бүхий 127-2-18 тоот байр нь гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн үү гэдэг дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш юм байна, энэ хүнээс Ч.Д гэдэг хүн шаардах эрхгүй юм байна гэдэг дүгнэлт хийсэн. Энэ байр нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанаар Чойжилжав гэдэг хүн бид нарт өвлүүлсэн байрнаас бий болсон хөрөнгө гээд тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Тэгээд 127-02-18 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн түүхийг нь үзэхээр Гомбожав гэдэг хүний нэр дээр байж байгаад Гомбожав гэдэг хүн хувьчилж аваад 2004 онд өв залгамжлалын чиглэлээр Г.Б гэдэг хүнд шилжсэн байдаг. Тэгэхээр энэ нь Г.Б, Б нарын хуваарьт хөрөнгө. Анхан шатны шүүх дүгнэхдээ гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болоогүй байна, энэ хоёр хүн 1991 онд салсан, 1991 оноос Г.Б гэдэг хүний нэр дээр бий болсон хөрөнгө юм байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал болохоор 127-2-18 тоот байр нь Чойжилжав гэдэг хүнээс өвлөгдөж, уламжлагдаж ирээд энэ хөрөнгөөс үүссэн хөрөнгө юм гэдгийг нотолж чадаагүй байгаа. Ямар үл хөдлөх хөрөнгийн түүх байдаг вэ гэхээр 2001 онд Гомбожав хувьчилж аваад, Гомбожав, Г.Б нар хамтран амьдарч байгаад Гомбожав гэдэг хүн нас бараад, өв нээгдээд ирсэн ийм л түүх байгаа. Тэгэхээр энэ түүхээс харахад хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм байна гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн ярьж байгаа гэрлэлтийн баталгаа л салгаагүй байх юм бол энэ хоёр хүнээс үүссэн хөрөнгө нь дундын өмч байна гэж яриад байна. Энэ нь учир дутагдалтай. Гэрлэлтийн баталгаа гэдэг зүйл нь зөвхөн улсын бүртгэлд гэрлэснээ бүртгүүлж байгаа л баталгаа юм. Түүнээс биш хөрөнгө хуваах үндэслэл болохгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Г.Бод холбогдуулан гэрлэлт цуцлах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 8000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 10115000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г:Г.Б гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгт 10115000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд маргаан бүхий орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө гэж маргажээ.
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-т заасныг хэрэглэж гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 10115000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ч.Д эс зөвшөөрч “... тухайн байр ямар эх үүсвэрээс бий болсонг анхаарч үзсэнгүй, ... гэр бүлийн харилцаа холбоо өдийг хүртэл байсаар байхад ... хамт амьдраагүй гэж дүгнэх үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Г.Б нар нь 1985 оны 11 дүгээр сарын 05-нд гэр бүл болж, гэрлэлтээ 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Б төрж, амьдралын явцад гэрлэгчид таарамжгүй харьцаатай болж 1991 оноос хойш тусдаа амьдарсан, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 127 дугаар байрны 2-18 тоот орон сууцыг 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д.Г, Б.Б, Г.Б нар нь төрөөс үнэгүй хувьчилж авсан тухай үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүх гэрлэгчдийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нийцжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлага болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгт 10115000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд зохигчдыг гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Учир нь зохигчид таарамжгүй харьцаатай болж 1991 оноос хойш тусдаа амьдарсан хэдий ч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний гэрлэснээс хойш бий болсон ба энэ үед тэдний гэрлэлт дуусгавар болоогүй хүчинтэй хэвээр байсан, уг хөрөнгийг хариуцагч нарын хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх гэрлэгчдийг хамтран амьдараагүй гэсэн шалтгаанаар тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж үзсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг тодорхойлохдоо гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг ойлгохоор тусгагдсан байх бөгөөд энэ нь гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарахаас гадна гэрлэгчдийн тусдаа амьдарсан шалтгаан нь тухайн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн эцэг болох Чойжилжав өөрт хуваарилсан албаны орон сууц буюу 127 дугаар байрны 45 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшилд шилжүүлж, зохигчид уг орон сууцанд анх гэр бүл болохдоо амьдарч байсан, улмаар хариуцагч Г.Б нь уг орон сууцыг 127 дугаар байрны 33 тоот 1 өрөө бүхий орон сууцаар сольж эзэмшиж байгаад өөрийн эцгийн эзэмшлийн 129 дүгээр байрны 1 тоот 1 өрөө орон сууцны хамт уг орон сууцуудыг 127 дугаар байрны 18 тоот орон сууцаар сольж эзэмшиж, уг орон сууцыг 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Б.Б, Г.Б нар болон хариуцагч Г.Бын аав Д.Г нар хувьчилж өмчлөлдөө авсан болох нь тогтоогджээ.
Эндээс үзвэл одоо хариуцагч Г.Б, Б нарын өмчлөлд байгаа 127 дугаар байрны 18 тоот орон сууцыг тэдний хуваарьт хөрөнгө гэж үэзх үндэслэлгүйн гадна Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох нөхцөл үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч Ч.Д нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт нийт 10115000 төгрөг нэхэмжилж байсан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 30346200 төгрөгөөр үнэлэгдсэн байх боловч одоо уг үл хөдлөх эд хөрөнгийг 24000000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчлөн өөрт ногдох хэсэгт 8000000 төгрөг нэхэмжилсэн ба гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлохдоо ийнхүү багасгасан шаардлагын хэмжээнд авч үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчихгүй юм.
Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд /хх-19/ хариуцагч нарын буюу 2 хүний өмч болох тухай тэмдэглэгдсэн хэдий ч 2004 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц хувьчилсан тухай гэрчилгээнд хариуцагч Г.Бын аав Д.Г нь өмчлөгчөөр бүртгэлтэй байсан /хх-18/ тул түүнд ногдох хэсэг нь хариуцагч Г.Бын хуваарьт хөрөнгө болох ба энэхүү хэсгээс үлдэх 16000000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчид ногдох хэсгийг тодорхойлох үндэслэлтэй болно.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг 24000000 төгрөгийн үнэ бүхий гэж үзвэл эндээс хариуцагч Г.Бын аав Д.Ггийн хувьд ногдох хэсэг буюу 8000000 төгрөг нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар өв буюу хариуцагч Г.Бын хуваарьт хөрөнгө болох тул үлдэх 16000000 төгрөгийг гэр бүлийн гишүүд болох Г.Б, Б.Б, Ч.Д нарт хуваавал нэг гишүүнд 5333333 төгрөг ногдох ба нэхэмжлэгч энэ хэмжээгээр өөрт ногдох хэсгээс шаардах эрхтэй гэж үзэж энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2666667 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад нэхэмжлэгчийн эцгийн нэрийг буруу бичсэн тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулав.
Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Дгийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2019/00366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Чойжилсүрэнгийн ...” гэснийг “Чойжилжавын” гэж,
2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар хариуцагч Г.Б, Б.Б нараас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсэгт 5333333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2666667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 246990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Боос 127817 төгрөг, хариуцагч Б.Бээс 57617 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Дгийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ