Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт овогт Цоолойн Идэрчулуунд холбогдох 1729000590027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4-р багийн 6-11 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Өлзийт овогт Цоолойн Идэрчулуун РД/КЮ81060276/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.И нь эхнэр Ө.Батнасанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Цэций-Уулын 17-23 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.И мэдүүлэхдээ: “Би Цогтцэций сумын нутаг, нүүрс тээврийн замын 6 дахь километрт хувиараа гагнуур хийдэг. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү Баатар, эхнэр Б.Саранцацралтай хамт сум ороод хөдөө гэр рүүгээ буцаж явна, гэж ирэхдээ ахдаа өгнө гээд нэг шил архи авч ирсэн. Тэр архийг дүү бид хоёр хувааж уугаад байж байтал Б.Шагайбаатар сум орохоор явж байна гээд манайд ирсэн. Түүнийг ирлээ гээд Баатар авч явсан бас нэг шил архиа задлаад бид хувааж ууцгаасан. Тэр үед манай эхнэр Ө.Батнасан, Б.Саранцацрал хоёр Цогтцэций сум руу хүүхдүүдэд хоол унд дөхүүлэхээр явсан. Б.Шагайбаатар, Баатар хоёр удаагүй явсан. Би эхнэрийн араас сум руу очсон. Эхнэр түрээсэлсэн байрандаа байгаагүй. Утсаар хаана байгааг нь асуухад байгаа газраа хэлэхгүй байсан. Тэгж байтал манай том хүү хичээлээсээ тараад ирсэн. Би эхнэр рүү дахин залгаад байгаа газрын асуухад байгаа газраа хэлсэн. Тэгээд би Цэций уулын 13-27 тоот буюу бидний одоо амьдарч байгаа хашаанд эхнэрийн дүү Баттөмөрийн гэрт очиход Б.Саранцацрал, манай эхнэр Б.Шагайбаатар нар архи ууж байсан. Тэгэхээр нь би та нар “айл эзгүйчилж архи уулаа” гэж уурласан. Манай эхнэр намайг “холд, зайл” гэж хөөхөөр нь би уурандаа очиж хөшиглөтөл эхнэрээ оноогүй. Хамт байсан хүмүүс эхнэр, бид хоёрыг салгасан. Би дэлгүүрээс нэг 0,5 литрийн архи авч ирээд ганцаараа уусан. Тэгээд тэр шөнө эхнэртэйгээ дахин ам мурийгаад эхнэр Ө.Батнасангийн нүд рүү цохисон гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ө.Батнасангийн өгсөн:”...Би нөхөр Ц.И 2016 оны 11-р сараас эхлэн хамтран амьдарч байгаа. Түүнээс хойш бид хоёр гэр бүлд дотор болдог жижиг хэрүүл маргаанаас болж хэрэлдэж байсан. Энэ хугацаанд надтай хамт амьдарч байхдаа2017 оны 06 дугаар сард шиг санаж байна. Намайг зодож улмаар миний баруун талын хавирга хэсэг рүү махны сэрээгээр хатгаж гэмтээж байсан. Түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөнөөс дүү болох Баатараа гэх хүн эхнэртэйгээ хамт гашуун сухайт авто замын 6 дахь км-т ирсэн юм. Тэгээд дүү нь цүнхнээсээ 0,75 литрийн дундуур Ерөөл нэртэй архи гаргаж ирээд хамт хувааж уусан. Тэр үед манай нөхөр болох Идрээгийн найз нь гээд Шагай гэх залуу ирсэн тэгсэн дүү нь дахиад цүнхнээсээ 0,75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд хувааж уусан тэгээд дүү болох Баатараатай маргалдсан. Би 6 дахь км-ээс сумын төв рүү сараа гэх хүнээр хүргүүлээд ирсэн. Орой гэгээ тасраагүй байхад манай нөхөр Идэрчулуун ганцаараа гэрт ирээд надад агсан тавиад миний нүүр рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би гуйгаад тайвшруулаад байж байтал дахиж босож ирээд агсам тавиад өөрийнхөө өмсөж явсан гутлаараа миний толгой руу 2-3 удаа цохисон. Тухайн үед би цагдаа дуудаагүй. Маргааш нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Шагайбаатарын өгсөн:”...Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Гашуун сухайт авто замын 6 дахь км-т байх найз Идэрчулууны гэрт өөрийн машиндаа гагнуур хийлгэх гээд, яриа хийх гээд ирсэн. Намайг тэнд очиход Идэрчулуун эхнэр болох Батнасан дүү нь Баатар эхнэрийн хамт дөрвүүлээ байсан. Идэрчулуун тухайн үед гадаа гагнуур хийгээд гэрт орж гараад байсан. Намайг тэнд очиход тэр хэд 0,75 литрийн Ерөөл нэртэй архи уугаад дуусаж байсан. Идэрчулуун надад хэлэхдээ “хүний архи уучихсан. Сум явж архи авах гэсэн юм. Намайг яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд, өөрийн ява мотоциклтой, миний араас Батнасан, Сараахай хоёр бас нэг мотоцикл унаад сумын төв рүү хамт явсан. Тэгээд сумын төв рүү орж, хаягийг нь сайн хараагүй хашаанд ороод Батнасан түлхүүр гаргаж ирээд гэрээ нээсэн. Тухайн үед би өөрийнх нь гэр юм байх гэж бодоод орсон. Тэгээд Батнасан надад нэг шил архины мөнгө өгсөн. Би дэлгүүр яваад 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад, авч ирж өгсөн. Намайг ирэхэд Батнасан, Сараахай хоёр 0.5 литрийн дундуур Ерөөл нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би нэг татаад дахиж уугаагүй. Удалгүй араас Идэрчулуун согтуу орж ирээд, эхнэрийгээ “яагаад айлд архи ууж байдаг юм” гээд эхнэрээ өшиглөөд оноогүй юм. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад “Идэрчулууныг аваад явъя” гэсэн чинь тэр хоёр хоорондоо эвлэрээд учраа олсон. Идэрчулуун намайг “яв, яв би одоо зүгээр” гэхээр нь би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Саранцацралын өгсөн:”...Би мотоциклоо асаагаад Батнасангийн хамт сумын төв рүү явсан. Сумын төв рүү орж ирээд Батнасангийн төрсөн ах болох Төмрөөгийн гэрт ирээд байж байхад гаднаас Шагай ирээд Батнасан шүүгээнээс 0,75 литрийн гурван хуруу хэртэй Ерөөл архи гаргаж ирээд “уухуу” гэхээр нь би “уухгүй” гээд Шагайд нэг хийж өгөөд сууж байтал гаднаас Идрээ ах том хүүтэйгээ хамт ороод ирсэн. Тэгээд “айл эзгүйчилж архи уулаа чи” гээд эхнэр рүүгээ дайраад байсан. Тэгээд гар далайхаар нь Шагай дундуур нь ороод “яах гээд байгаа юм. Эхнэрээ зодох нь уу чи” гээд салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №209 дугаартай шинжээчийн

  1. Ө.Батнасангийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

Хүний их эмч Б.Амартүвшингийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 15-р хуудас/

Ц.И яллагдагчаар өгсөн: ”...Би Цогтцэций сумын нутаг, нүүрс тээврийн замын 6 дахь км-т хувиараа гагнуур, дугуй засварлах ажил эрхэлдэг юм. Тэр өдөр буюу 2017 оын 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү Баатар эхнэр Саранцацралтай хамт “сум ороод хөдөө гэр рүүгээ буцаж явна” гэж ирэхдээ “ахдаа өгнө” гээд нэг шил архи авч ирсэн. Тэр архийг дүү бид хоёр хувааж уугаад байж байтал Шагайбаатар “сум орохоор явж байна” гээд манайд ирсэн. Түүнийг ирлээ гээд Баатараа авч явсан бас нэг шил архиа задлаад бид хувааж ууцгаасан. Тэр үед манай эхнэр Батнасан, Саранцацрал хоёр Цогтцэций сум руу хүүхдүүдэд хоол унд дөхүүлэхээр явсан. Шагайбаатар, Баатараа хоёр тэгсгээд явсан. Би эхнэрийн араас сум руу очсон. Эхнэр түрээсэлсэн байрандаа байгаагүй. Утсаар хаана байгааг нь асуухад байгаа газраа хэлэхгүй байсан. Тэгэж байтал 07-р ангид сурдаг манай хүү Өсөх-Ирээдүй хичээлээсээ тараад ирсэн. Би эхнэр рүү дахин залгаад байгаа газрыг нь асуухад байгаа газраа хэлсэн. Тэгээд би Цэций уулын 13-27 буюу одоо бидний амьдарч байгаа хашаанд эхнэрийн дүү Баттөмөрийн гэрт очиход Саранцацрал, манай эхнэр Шагайбаатар нар байж байсан. Тэр хэд тэнд архи ууцгаагаад байж байхаар нь “та нар айл эзгүйчилж архи уулаа” гэж уурласан. Манай эхнэр “холд, зайл” гээд намайг хөөхөөр нь би уурандаа очоод, өшиглөтөл эхнэрээ оноогүй. Хамт байсан хүмүүс эхнэр бид хоёрыг салгасан. ...би дахин нэг 0,5 литрийн архи авч ирээд ганцаараа уусан. Тэгээд тэр шөнө эхнэртэйгээ дахин ам мурийгаад тэр үедээ би эхнэр Батнасангийн нүд рүү ганц удаа гараараа цохчихсон. Түүнээс болж эхнэрийн зүүн нүд хавдаж хөхөрсөн. Эхнэр маань маргааш нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад би өнөөг хүртэл шалгагдаж байна. Одоогоор эхнэрийн бие эдгэсэн. Бид хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Ц.И иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 26, 28-р хуудас/,

Ц.Ид оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/,

Шүүгдэгч Ц.И ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/,

Шүүгдэгч Ц.И арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 33-36-р хуудас/,

Шүүгдэгч Ц.И гарын дардасны зураг /хх-ийн 38-р хуудас/,

Хохирогч Ө.Батнасангийн “нөхөр Ц.И гомдолгүй” гэх баримт /хх-ийн 39-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.И нь эхнэр Ө.Батнасанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн Цэций-Уулын 17-23 тоотод эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ц.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Батнасан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.И урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт овогт Цоолойн Идэрчулуунийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Батнасан нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.И иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА