| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2108028810305 |
| Дугаар | 2022/ДШМ/477 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/477
Н.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
хохирогч Г.Н-,
яллагдагч Н.М-,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/572 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Н.М-д холбогдох эрүүгийн 2108 02881 0305 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.М-, 1985 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Н.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр *** тоотод Г.Н-ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, баруун зүүн шилбэний урд хэсгийн шарх, зүүн өвдөг, ахар сүүл хэсэгт зулгарал, баруун 3, 5 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 4 эсхүл 5-ны өдөр эсэх нь эргэлзээтэй бөгөөд хөдөлбөргүй тогтоогдоогүй. Хохирогч Г.Н-ын “...найз У-тай хамт архи ууж байгаад ... арай гэж салгаад У- бид хоёр гараад яваад өгсөн...”, дахин өгсөн “...би тухайн үед найз О-тай цуг явж байсан. 21 цагийн үед Х-ын гэрт очоод бид гурав ууж идээд сууж байтал гаднаас 1 эмэгтэй, 2 залуугийн хамт орж ирээд...” гэсэн мэдүүлгүүд нь яллагдагч Н.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...дүү Б-, А- нарын хамт явж байсан...” гэж байгаатай тохирч байх бөгөөд эдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваагүй нь хэргийн үйл баримт, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг сэргээн тогтоож, үнэн зөв тооцоход бүрэн хангалтгүй байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх ажиллагаанаас гадна мөрдөн шалгах ажиллагааны дараах зөрчилтэй нөхцөл байдлууд байгааг дурдах нь зүйтэй байна. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Гомбодорж овогтой Содномцэрэнгээс гаргасан гэж байгаа нь Г.Н-ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлтэй, Ө-7725 дугаарласан гомдол мэдээллийн тэмдэглэл нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсэгт Ө-6262 гэсэнтэй тус тус тохирохгүй байна.
- шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасантай, хохирогч Г.Н-т хавтаст хэргийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан атлаа 2022 оны 2 сарын 17-ны өдөр дахин мэдүүлэг авсан нь мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй байна. ...” гэж дүгнэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үед хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт цугларсан байсан бөгөөд Г.Н-ын цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан “...11 дүгээр сарын 3-ны орой очиж хамтдаа архи уусан. 11 дүгээр сарын 4-ний өдөр үдээс хойш гэрт хамт байж байтал...” /хх 4/ гэх гомдол, түүний хохирогчоор /дахин/ өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 3-ны орой 19 цагийн орчим Х- гэх таксинд явж байсан залуутай танилцаад тэдний гэрт очсон...” /хх 14/ гэх, гэрч А.Х-ын “...2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 19 цагийн орчимд ... манайд архи уугаад хоносон юм...” /хх 21/ гэх мэдүүлгүүд, хохирогчийн 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 03 цаг 10 минутад, Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хандан зөвлөгөө авсан талаар баримт /хх 6/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтууд, тухайлбал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Н.М-ийн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн бэ гэх асуултад хариулсан “2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр” гэх, хохирогч Г.Н-ын “Хэзээ, хэдэн цагт зодуулсан бэ” гэх асуултад хариулсан “11 дүгээр сарын 4-ний өдөр” гэх хариултууд болон прокурорын тайлбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа хөдөлбөргүй тогтоогдсон байна.
2. Хохирогч Г.Н-аас үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж, яллагдагч Н.М-ийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас зодсон талаар “...Намайг бодвол нөхөртэйгөө хардаж зодсон байх, ... намайг таксины жолооч Х-ын эхнэр гэх эмэгтэй л ганцаараа зодсон, өөр хүн зодоогүй...” гэж тогтвортойгоор мэдүүлдэг. Уг мэдүүлгийг давхар баталж гэрч А.Х-ын хохирогч, яллагдагч нарын харилцан зодолдсон талаарх удаа дараагийн мэдүүлэг авагдсан.
Яллагдагч Н.М-ийн хохирогч Г.Н-ыг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй хэдий ч хэрэгт авагдсан хохирогч Г.Н-, гэрч А.Х- нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол яллагдагч Н.М-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудын хүрээнд Н.М- нь Г.Н-ыг зодоогүй, түүнд хүндэвтэр хохирол учруулаагүй гэх мэт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрчээс мэдүүлэг авахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.
Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “Гомбодорж овогтой Содномцэрэнгээс” гаргасан гэсэн атлаа гомдол мэдээлэл гаргасан Г.Н- гэж бичсэн, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолд “Ө-7725”, “Ө-6262” гэж зөрүүтэй бичсэн зэрэг нэр, дугаар зөрүүтэй бичсэн бичиг техникийн алдаа нь хэргийг прокурорт буцааснаар засагдах боломжгүй, харин уг зөрчлийг шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж, мэдүүлэг авч асуулт асуух, нотлох баримтыг шинжлэн судлах замаар тодруулж, нөхөн гүйцэтгэх боломжтой юм.
Хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэхэд хохирогч Г.Н-ын биед хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.4.1-т заасан хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11083 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалыг бүхэлд нь хэргийн оролцогчдод танилцуулж, гарын үсэг зуруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нараас шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй, маргаагүй болно.
Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлэн цуглуулсан бөгөөд нотлох баримтуудыг хуульчийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Г.Н- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Яллагдагч Н.М- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Н.М-ийг “2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр *** тоотод Г.Н-ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, баруун зүүн шилбэний урд хэсгийн шарх, зүүн өвдөг, ахар сүүл хэсэгт зулгарал, баруун 3, 5 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 4 эсхүл 5-ны өдрийн аль нь эсэх эргэлзээтэй, хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хангалтгүй хийгдсэн буюу гэрчээр тогтоовол зохих зарим хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “Гомбодорж овогтой Содномцэрэнгээс гаргасан” гэсэн атлаа “гомдол мэдээлэл гаргасан Г.Н-” гэж, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолд “Ө-7725”, “Ө-6262” гэж нэр, дугаарыг зөрүүтэй бичсэн, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй, хохирогчид хавтаст хэргийн материалыг танилцуулж дууссаны дараа түүнээс дахин мэдүүлэг авсан зэргээр мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гаргасан. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь;
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлууд нь шинжилгээ заавал хийлгэх хууль зүйн үндэслэл болох бөгөөд уг ажиллагааг явуулахгүйгээр тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй байдаг.
Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчөөс шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаргах ба энэхүү шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нэрлэн заасан оролцогчдод танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх учиртай.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолыг яллагдагч Н.М-д танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд олгогдсон “шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах” эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.
2. Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл хавтаст хэргийн материал танилцуулах ажиллагааг хийж мөрдөн байцаалтыг дуусгадаг.
Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэдэг нь яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй нотлох баримт бий болсныг ойлгоно.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг яллагдагч, хохирогчид нэгэнт мэдэгдэж, тэдэнд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан атлаа хохирогчоос 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дахин мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан явдал нь оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцах, түүнтэй холбогдсон бусад эрхүүдийг хэрэгжүүлэх боломж нөхцлөөр хангаагүй байна.
3. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Нөгөөтээгүүр, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “Гомбодорж овогтой Содномцэрэнгээс гаргасан” гэсэн атлаа “гомдол мэдээлэл гаргасан Г.Н-” гэж, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолд “Ө-7725”, “Ө-6262” гэж нэр, дугаарыг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй болохыг буруутган тэмдэглэж байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэртээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/572 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН