Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/514

 

Ж.А-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Ж.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/469 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Ж.А-д холбогдох эрүүгийн 2002 00535 0194 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.А-, 1967 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ***  газрын дарга ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Ж.А- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана...” мөн зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан уүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

            Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

            Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилт”-ыг “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садангийн хүмүүс болох Н.С-, Б.Д-, Ш.Н-, Б.Ө-, Л.Б-, Ч.Б-, Д.Т-, Т.Т- нартай *** газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү Н.С- нь 52.961,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369.429.863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хавтаст хэргийн 171 дүгээр талд шүүгдэгч Ж.А-г ажилд авсан тушаал байх бөгөөд тушаалд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасан ямар ангиллын албан тушаалтан болох талаар дурдаагүй байна. Иймээс Төрийн албаны зөвлөлөөс түүний эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн албаны аль ангилалд хамаарах талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн талаар зөрүүтэй хоёр дүгнэлт хэрэгт авагдсан байх бөгөөд дахин дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээчээр гаргуулах нь зүйтэй. Мөн эдгээр дүгнэлтүүдтэй холбоотойгоор шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн магадлан шалгалтын 2021 оны 10 дугаар сарын 8-ны 205В дугаартай тайлан, мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 205/21 дугаартай дүгнэлтийг үндэслэн тайлан, дүгнэлт гаргасан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолтой гэж үзнэ. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу 369.429.863 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтад төлөх төлбөргүй гэсэн нь ойлгомжгүй, хохирол барагдуулсан ажиллагаа хэрэгт авагдаагүй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.А-гийн эрхэлж байсан ажил, албан тушаалын тухайд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн ангиллын алинд нь хамаарч байгааг Төрийн албаны зөвлөлөөр тогтоолгох гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасан тул төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах ёсгүй бөгөөд Ж.А-гийн эрхэлж байгаа ажил, албан тушаал нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаардаг болох, тэрээр нийтийн албан тушаалтан мөн эсэх асуудлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц зэрэг эрх зүйн баримт бичгийг хэрэглэж тодорхойлон дүгнэлт хийх боломжтой, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Хүсэлтийн мэдүүлэг, хэрэгт хамааралтай цаг хугацаагаар хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын үйл ажиллагаанд хийсэн Дотоод аудитын ажлын тайлангууд, гэрч, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, гэрч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн нарын мэдүүлэг, Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Улсын бүртгэлийн гэрчилгээ болон Сэргээн засах амралтын газрын Улсын бүртгэлийн 0003248 дугаартай Салбарын гэрчилгээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан “Сэргээн засал, сувиллын цогцолборын 2016-2020 он хүртэлх хугацааны орлого, зардлын төлөвлөгөө, Ж.А-г Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын даргаар ажилд томилсон Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/164 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет болон ажлын байр /албан тушаалтны тодорхойлолт, Ж.А-гийн 2015-2019 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ж.А-гийн эрхэлж байгаа ажил, албан тушаалыг холбогдох хуулиуд болох Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц, Эрүүгийн хуулиудад зааснаар төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлох болон тэрээр нийтийн албан тушаалтан мөн эсэхийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар байгуулагдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэй байх ба үүний нэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газар байна.

Тус газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3- д “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах..., албан тушаал” гэсэнд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан бөгөөд Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “төрийн буюу нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон тул нийтийн албан тушаалтан мөн болно.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын дагуу гаргасан “Вендо” ХХК-ийн дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад, өөрийн зардлаар гаргуулсан “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх, уг дүгнэлтүүдтэй холбоотойгоор шүүгдэгчээс гаргаж өгсөн Магадлан шалгалтын тайлан, Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлт, тайлан гаргасан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах гэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан тул “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байх бөгөөд Ж.А- болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын тухайн баримтыг нотлох баримтаар үнэлүүлэх талаар гаргасан хүсэлт, гомдлын хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана” гэж зааснаар хэрэгт хавсаргасан болно.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас эдийн хор уршиг учраагүй гэж үзсэн талаараа дүгнэлтийг хийсэн бөгөөд Ж.А-, Н.С- нар нь ямар хэмжээний ашиг хонжоо олсон гэдгийг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр тодорхойлох нь үндэслэлгүй байгаа талаар мөн дүгнэсэн.

Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн “Вендо” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлантай харьцуулан үнэлэх боломжгүй байхад тухайн баримтыг үнэлж дахин шинжилгээ хийх үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дээрх дүгнэлттэй холбоотой Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Магадлан шалгалтын тайлан, Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн тайлан гаргасан хүнээс гэрчийн мэдүүлэг авах гэсэн нь үндэслэлгүй, ач холбогдолгүй байна.

3. Шүүх “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг их хэмжээний буюу 369.429.863 төгрөгийн хохирол учруулан үйлдсэн гэсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтад төлөх төлбөргүй гэсэн нь ойлгомжгүй, хохирол барагдуулсан талаарх ажиллагаа хэрэгт авагдаагүй байхад төлөх төлбөргүй гэсэн нь ойлгомжгүй...” хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Иймд Ж.А-гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад тэгш, шударгаар өрсөлдөн оролцож ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих бусад хүн, хуулийн этгээдийн эрх ашиг, боломжийг хасаж, хязгаарласан буюу нийтийн эрх ашигт халдсан үйлдэл тул гэмт хэргийн хохирлыг зөвхөн өөрийн бэр дүү Н.С-т хууль бус давуу байдал бий болгоход чиглэсэн гэрээний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газарт нийлүүлэгдсэн мах, махан бүтээгдэхүүний төлбөрт тооцож, төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн нийт өртөг үнэ болох 369.429.863 төгрөгөөр тооцож прокуророос яллах дүгнэлтийг үйлдсэн болно.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдлийг хийж төсвийн хөрөнгийг зарцуулчихсан буюу нэгэнт хохирол учирчихсан, харин давуу байдал олж авч буй этгээдээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу гэрээний үүрэг биелэгдэж, нийлүүлэгдсэн мах, махан бүтээгдэхүүн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын хоол үйлдвэрлэх үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэд дүгнэсэн болно.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ж.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь тендер зарлаад 11.000 төгрөгөөр авах махыг тендер зарлахгүйгээр 8500 төгрөгөөр авч байгууллагынхаа төсвийн хөрөнгийг хэмнэсэн. Маш олон удаагийн үйлдлээр мах авч байгаа, нэг удаагийн үйлдлээр тендер зарлах боломжгүй. Мөн тэрээр тендер зарлах эрх бүхий этгээд биш байсан. Махаа урьдчилж аваад нэмүү өртгөө шингээж хоол хүнсээ бэлтгэчихээд 17 хоногийн дараа мөнгөө төлж байсан. Тиймээс прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 369.429.863 төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал үндэслэлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Ж.А-г “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Апбан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана...” мөн зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан уүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

            Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

            Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилт”-ыг “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садангийн хүмүүс болох Н.С-, Б.Д-, Ш.Н-, Б.Ө-, Л.Б-, Ч.Б-, Д.Т-, Т.Т- нартай *** газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү Н.С- нь 52.961,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369.429.863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хэд хэдэн үндэслэлийг заасан ба эдгээрээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаагүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлсон хоёр өөр дүгнэлт хэрэгт авагдсан буюу мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын дагуу гаргасан “Вендо” ХХК-ийн дүгнэлт болон шүүгдэгчийн өөрийн зардлаар гаргуулсан “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, мөн дээрх хоёр дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын магадлан шалгалтын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 205/В дугаартай тайлан, мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 205/21 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлт, тайлан гаргасан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж ердийн бүрэлдэхүүнийг, 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг, 3 дахь хэсэгт эдгээр гэмт хэргийг “улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол” гэж онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид “их хэмжээний хохирол” учруулсан байхыг шаардсан тул уг гэмт хэргийг “материаллаг бүрэлдэхүүнтэй” гэж ойлгох ба энэ төрлийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд үйлдэл, эс үйлдэхүй, үр дагаврын хооронд шалтгаант холбоо зайлшгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болоод эд хөрөнгийн эрхэд давхар халдаж, бодит хохирол учруулснаар гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэдэг тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болж хуульчлагдсан болно.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт цугларсан харилцан зөрүүтэй дүгнэлтүүдэд тулгуурлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэх бөгөөд хавсралтад тусгавал зохих асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан. Үүнд хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл гэдэгт гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан, хэдий хэмжээний хохирлыг нөхөн төлсөн, одоо хэдий хэмжээний хохирол барагдуулах талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд ямар арга хэмжээ авсан болохыг дурдсан байхыг хэлдэг.

Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу 369.429.863 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн атлаа яллах дүгнэлтийн хавсралтад “төлөх төлбөргүй” гэсэн нь ойлгомжгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирол барагдуулах ажиллагаа хэрхэн явагдсан нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйл /Чиг үүргээ урвуулан ашиглах/-д “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олж авах зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.” гэж тусгасан.

Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субьект болох магадлалтай нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгохоор зарим нэр томъёог тодотгож өгсөн ба дээрх конвенц, хуульд заасан хэм хэмжээнүүд нь 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-үүдийн шинжийг тодорхойлох нөхцөл болжээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ж.А- нь *** газрын даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садны нэр бүхий хүмүүстэй тус амралтын газрын хэрэгцээнд мах махан бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хийхэд дан ганц өөрийнх нь үйлдлээс гадна, худалдагч /нийлүүлэгч/ тал буюу бэр дүү Н.С-ын оролцоотой хийгдсэнээр үйлдэл төгсөхөөр байхад гэмт хэрэгт хамтран оролцогчийн талаар шалгалтын ажиллагаа хийгдээгүй байна.

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны үед шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн гүйцэд шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Ж.А-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн бусад үндэслэл болох “...Ж.А-гийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаардаг болох, тэрээр нийтийн албан тушаалтан мөн эсэхийг тодруулахаар Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулах...” асуудлаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийн заалтыг хүлээн авлаа.

Монгол Улс соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн “а” хэсэгт: Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг /албан тушаалын зэрэглэлээс нь үл хамаарна/;

- оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг;

- оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон аливаа бусад хүнийг тус тус хэлнэ гэж өргөн утгаар тодорхойлсон бол “нийтийн албан тушаалтан” гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт цугларсан Ж.А-гийн ажил байдлын талаарх мэдүүлгүүд болон түүнтэй холбогдох бичгийн нотлох баримтуудын хүрээнд, Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн түүний эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн албан тушаалын ямар ангилалд хамаардаг болох, тэрээр нийтийн албан тушаалтан мөн эсэх асуудлыг тодорхойлох боломжтой тул энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байгааг хэвээр үлдээлээ.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмыг тус тусад нь хуульчлан зохицуулсан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт дээрх заалтуудыг давхар баримтласан нь буруу байгааг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/469 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурор Г.Эрдэнийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН