Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лүү Балжир овогт Отгонбаярын О холбогдох 1729000490026 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн Бумбан-Овоогийн 4-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Лүү Балжир овогт Отгонбаярын О /РД:ЕЕ86011219/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2017 оны 09-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 95-55 ӨМӨ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Насандэлгэр, Б.Оргодолчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:” Би 2017 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих  шөнө 04 цагт Цогтцэций суманд гэртээ амарч байхад Цогтцэций сумын эмнэлгийн их эмч Сэлэнгээ миний утас руу залгаад “Ханбогд суманд нэг өвчтөний бие маш муу байна, аймгаас мэс заслын баг гарчихсан. Би түрүүлээд Ханбогд руу гарч байна. Ирж яваа эмч нарыг чиний машинаар Ханбогд сум руу хүргэхээр би засаг даргатай ярьчихлаа” гэсэн. Би маргааш нь зээр хөөлгөд явах төлөвлөсөн ажилтай гэсэн чинь “би даргад чинь хэлчихсэн. Яв гэсэн”. Тэгээд хүний амь настай холбоотой зүйл яригдаж байгаа болохоор явъя гээд. Би колонкоос бензин аваад хүлээж байтал аймгаас эмч нар Фургон машинтай ирсэн. Тэгээд фургон машин нь үлдэж байгаа юм байна гэж ойлгосон чинь сүүлд нь намайг Оюутолгой руу салдаг шороон зам дээр гүйцэж ирсэн. Тэр үед нар дөнгөж мандаж байсан. Замын хөдөлгөөн ихтэй байснаас болж зам дагуу шороо тоосон манан тогтчихсон байсан. Тэгтэл гэнэт үзэгдэх орчин хязгаарлагдсан. Би машины хурдыг хасаж, тоормос  гишгэсэн. Тэгээд замаас гараад зогссон. Манай дарга Сэлэнгээ эмчээс тэр аймгаас гарсан түргэний тэрэг чинь явахгүй байгаа юм уу, эвдэрсэн юм уу, гэж лавлаж асуугаагүй.  Учир нь шөнийн 04 цагт унтаж амарч байсан. Тэгсэн машин нь зүгээр байсан. Осол болох үед миний араас ирсэн. Тэгээд Оюутолгойн түргэн тусламж дуудсан. Манай машинд сууж явсан нэг хүнийг аваад явсан” гэв.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оргодолчулууны өгсөн:”...2017 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд суманд эх барихын дуудлаганд аймгийн төвөөс эмэгтэйчүүдийн 2 эмчийн хамт Фургон машинтай шөнө 3 цагт хөдөлсөн. 05 цагийн үед Цогтцэций суманд явж байхад дуудлага өгсөн. “Хүн цус алдаад байна” гэсэн болохоор Ланд машинд сууж цаашаа Ханбогд сум руу явсан. Тэгсэн Ланд машины жолооч шороон зам руу ороход машин их олон удаа донсолсон. Тэгэхэд миний нуруунд гэмтэл учирсан. Тэндээсээ Оюу толгойн эмнэлэгт үзүүлээд өдөр ГССҮТ-д ирж хэвтсэн. Тэгээд миний нуруу хугарсан болохыг мэдсэн. Машинд жолоочийн хажууд 1 эмч, хойд талд нь 5 хүн сууж явсан. Би хойд талд нь сууж явсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг би мэдэхгүй байна. Тухайн машины жолоочид гомдолтой байна. Уг жолоочийн хариуцлагагүй байдлаас болж миний биед гэмтэл учирсан...Би ер нь гомдолтой байна. Цаашид эрүүл мэндээрээ хохироод мөн би зүгээр ажлаа хийгээд явж байгаад гэмтсэнд гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 9, 28-29 хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Насандэлгэрийн өгсөн:”...Би тухайн үед гэртээ амарч байхад 2017 оын 09-р сарын 07-ны шөнө 7053103 дугаарын түргэн тусламжийн утаснаас залгаад “Ханбогд сум руу яаралтай ирлээ гэж хэлээд” манай гэрт түргэний машин ирээд Мөнхбат, Нандинцэцэг, Туул, Ганбат, Баасансүрэн, Даваа, Оргодолчулуун гэх хүмүүс явсан нийт жолоочтойгоо 9 хүн явсан. Бид нар яваад Цогтцэций сум ороод Ханбогд сум дээр байгаа хүний бие муу байна. Хурдан очих ёстой гэж ибд ярилцаад Мөнхбат эмч утсаар ярьж байгаа Цогтцэций сумаас Lexus-470 маркийн автомашин гуйгаад нэг танихгүй жолооч унаад явсан. Уг машинд Мөнхбат, Нандинцэцэг, Туул, Баасансүрэн, Оргодолчулуун эмч бид нар суугаад манай түргэний машин араас дагаад явсан. Би машинд унтаж явсан гэнэт шороон зам дээр машин шороон замын далан дээгүүр 2 харайлгаад зогссон. Тухайн үед миний бие зүгээр байсан. Оргодолчулуун эмч дуу алдаад миний нуруу эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд Ханбогд сумын эмнэлгээс түргэний машин дуудаа “Оюутолгой” ХХК руу орж эмчид үзүүлсэн. ...Би уг машины хойд талд буюу баруун гар талаасаа 2-т сууж явсан. Тухайн үед миний бие гайгүй байсан. аймгийн төвд ирээд томографикаар үзүүлэхэд миний нурууны L1 нугаламын хажуугийн сэртэн хугарсан байсан. Өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг хх/-ийн 33-34 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Баасансүрэнгийн өгсөн:”...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын БОЭТ-д сувилагчаар ажилладаг. Тухайн үед 2017 оын 09 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн үед байхаа би сайн санахгүй байна. гэртээ амарч байхад 7053103 дугаарын түргэн тусламжийн утаснаас залгаад “Ханбогд сум руу явна. Тэнд савын гадуурх жирэмслэлтийн хагалгаатай” гэж хэлсэн. Тэгээд би түргэний машин гэрээс очиж аваад шууд хүмүүсээ цуглуулж аваад Ханбогд сум руу гарсан. Манай түргэний машин болох УАЗ фургон машин байсан. Жолоочоор манайд шинээр ажилд орсон Лхагва гэх нэртэй хүн жолоодож аймгийн төвөөс 6 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд бид нар Цогтцэций сум руу шөнийн 05 цагийн үед орсон байхаа, хамт явж байсан Мөнхбат эмч Цогтцэций сумын утсаар яриад 200 маркийн автомашинаа явна. Хурдан очих байх гэж ярьсан. Тэгээд бид нар машинаа сольж унаад Ханбогд сум руу явсан. Би машинд унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь миний сууж явсан машин гэнэт замын хажуу руу хариалгаад зогссон. Машинд сууж явсан хүмүүс гайгүй байсан. Харин Оргодолчулуун эмч дуу алдаад нуруу эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд “Оюутолгой” ХХК- руу утастаад машинд сууж явсан хүмүүсийг үзүүлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Туулын өгсөн:”...2017 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө гэртээ амарч байхад 7053103 дугаарын түргэн тусламжийн утаснаас залгаад “Ханбогд сум руу яаралтай алсын дуудлага ирлээ” гэж хэлсэн. Тэгээд манай түргэний машин ирээд Ханбогд сум руу жолоочтойгоо нийлээд 9 хүн УАЗ фургон машинаар явсан. Бид нар Цогтцэций сум руу 05 цагийн үед орсон байхаа, Мөнхбат эмч хүмүүстэй гар утсаараа холбогдоод Цогтцэций сумаас Ланд 200 маркийн автомашинаар явахаар болоод Ланд 200 маркийн машинд Мөнхбат эмч, Баатарсүрэн, Нандинцэцэг, Оргодолчулуун, Насандэлгэр гэх хүмүүс машинд хамт суугаад, бид нарын араас фургон машинд үлдсэн хүмүүс суугаад дагаад явсан. Бид нар Ханбогд сумын төвд байгаа хүний биеийн байдал муу байсан тул хурдан очих санаатай машин сольж унаад явсан. Тэгээд Ханбогд сум руу засмалаас салдаг шороон зам дээр явж байхад өглөөний нар яг өөдөөс тусаад өнгөрч байгаа том машинуудын тоосжилт үүссэн байсан болохоор үзэгдэх орчин муу байсан гэж бодож байна. Бид нарын сууж явсан машин замын хажуу руу хариагаад хэлтийгээд зогссон, үзэгдэх орчин муу байсан болохоор замын мушгиа хэсэг дээр чигээрээ гарсан байх гэж бодож байна. Тэгээд Ханбогд сумаас эмнэлгийн машин ирээд “Оюутолгой” ХХК-руу утастаад машинд сууж явсан хүмүүсийг үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №451 дугаартай шинжээчийн

  1. Ц.Насандэлгэрийн биед бүсэлхий 1-р нугаламын сэртэн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №452 дугаартай шинжээчийн

  1. Б.Оргодолчулууны биед цээжний 12-р нугаламын  хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №7 дугаартай шинжээчийн

А. Ослын үед Лексус-470 маркийн 95-55 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Отгонбаяр овогтой О нь МУ-н ЗХД-ийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан байна.

Б. Лексус-470 маркийн 95-55 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Отгонбаяр овогтой О нь “B,C” ангиллын №528973 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

Шүүгдэгч О.О жолоочийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч О.О иргэний үнэмлэхийн болон жолоочийн үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан-Овоо багийн Засаг дарга Ц.Баярсайханы 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №2046 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1-465 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

О.О, Ж.Мөнхзул нарын гэрлэлтийн гэрчилгээ, О овогтой Сүхбат, Урангоо нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61-р хуудас/,

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 65-76-р хуудас/,

Шүүгдэгч О.О гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 77-78-р хуудас/,

Өмнөговь аймгийн авто тээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82-83-р хуудас/,

Хохирогч Ц.Насандэлгэр, Б.Оргодолчулуун нарын хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримт /хх-ийн 84-86-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч О.О нь 2017 оны 09-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 95-55 ӨМӨ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Насандэлгэр, Б.Оргодолчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оргодолчулууны өгсөн мэдүүлэг /хх-ийн 9, 28-29 хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Насандэлгэрийн өгсөн мэдүүлэг хх/-ийн 33-34 дугаар хуудас, Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Баасансүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Туулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганбатын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/ шүүгдэгч О.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.О авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Хохирогч Ц.Насандэлгэр, Б.Оргодолчулуун нарын хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

О.О ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.О урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лүү Балжир овогт Отгонбаярын О авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.О700 / долоон зуун /нэгж буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О оногдуулсан 700 / долоон зуун /нэгж буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Насандэлгэр, Б.Оргодолчулуун нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА