Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0132

 

2022 02 28 128/ШШ2022/0132

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэ******а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өс*******р нарыг оролцуулан Д.Би*******ний гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч Э.Эн******рт холбогдох ...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005664 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Д.Би*******н Турк улс руу явсан гээд байдаг. Доод тал нь 5 сая дээр эвлэрэх боломжтой байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрэх дээр шинэ санал байна. Энгийн үед 2 сая 500 мянган төгрөгийн зардал гардаг байсан. Энэ хөл хорионы үед илүү зардал гарч байгаа нь үнэн юм байна. Энэ нь 2 сая 900 мянган төгрөг зарцуулж байгаа гэдэг тооцоолол гарсан. Шууд 3 сая 500 мянган төгрөгөөр эвлэрэх боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хүмүүсийнх нь 7 сая төгрөгийн зардал гардаг юм байна. 3 сая гэдэг дундаж тоо хэлж байсан байна гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...4 сая төгрөгийг хасаж эвлэрье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болж байна. 4 сая төгрөгийг хасаад тохироод эвлэрье. Нэхэмжлэгчийг ирэхээр нь баримтад гарын үсэг зуруулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүхэд Д.Би*******нээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч Э.Эн******рт холбогдуулан ...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005664 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

          Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Би*******нийг төлөөлж өмгөөлөгч Ю.Сэ******а, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч Э.Эн******рийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өс*******р нар нь эвлэрэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч П.Н******н-Э*****э, Э.Эн******р нар нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005664 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль бус орлого 25,000,000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл, нийт 27,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Үүнээс талууд 4 сая төгрөгийг замын зардалд хасан тооцож 23,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч нь гадаад улсад байгаа бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан эвлэрэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Ирсэн даруйдаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагавартай танилцуулсан баримтад гарын үсэг зурахаа мэдэгдсэн болно.

          Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өс*******р, нэхэмжлэгч Д.Би*******ний эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Д.Би*******ний гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч Э.Эн******рт холбогдох ...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005664 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 27,000,000 төгрөгөөс 4 сая төгрөгийг хасан тооцож, 23,000,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мичидэд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА