Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/515

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогч “*** ” ХХК-ийн өмгөөлөгч Ө.БОЛОРТУЯА-,

яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/336 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 2110 00496 0913 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Б-, 1988 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Б- нь 2019 оноос 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “*** ” ХХК-д худалдааны менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 111.604.450 төгрөгийн бараа дутаасан, харилцагчдаас 166.252.158 төгрөгийн зохиомол авлага үүсгэсэн, 414.600 төгрөгийн бараа тооллогоор дутаасан зэргээр нийт 278.271.208 төгрөгийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “...1. Прокурорын хэрэгт үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг 278.271.208 төгрөг гэж тусгасан бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд 281.094.158 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд хохирлын зөрүү 2.822.950 төгрөгийн үйлдэл холбогдол хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хэрэгт баримтгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх юм.

            2. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам шаардлага зөрчигдсөн гэж шүүх үзсэн. Хэргийн 2, 3, 4 дүгээр хавтаст авагдсан хохирогчоос гаргасан гэх хохирол төлбөртэй холбоотой анхан шатны санхүүгийн баримтууд, мөн төлбөрийн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт бэхжүүлэгдсэн зөрчилтэй.

Хэргийн хохирогч “*** ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдээс өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр гомдол, хүсэлтээ гаргах, хохирогч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд өөрийн сайн мэдэх хэл дээр итгэмжлэл, төлөөлөн оролцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр гаргаж, тэрхүү баримт бичиг нь албан ёсоор монгол хэл дээр хөрвүүлж орчуулсан нөхцөлд итгэмжлэл, төлөөлөх эрх олгосон баримт нь хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Тухайн хэргийн нөхцөлд “*** ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч G-с гаргасан гомдол хүсэлт, итгэмжлэл /хэргийн 1-р хавтас 15 дугаар тал, 49 дүгээр тал/ баримтууд дээрх шаардлага нөхцөл хангаагүй байна.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нь бараа материалын үлдэгдлийг тоолсон акт байхгүй учир дутагдуулсан барааны дүнг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргасан ба хохирогч талаас хэрэгт гаргасан санхүүгийн тамга тэмдэггүй, гарын үсэг зурагдаагүй, хуульд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй /хэргийн 1 дүгээр хавтас 233-246 дугаар тал, 2 дугаар хавтас 173-179 дүгээр тал, 181-131 дүгээр тал, хэргийн 3 дугаар хавтас/ хохирогчоос хэрэгт хавсаргуулахаар өгсөн гэх баримтууд 55-250 дугаар тал, хэргийн 4 дүгээр хавтас 1-66 талд авагдсан бичгийн баримтууд нь эх хувиар авагдаагүй, хуулбар үнэн зөв болохыг гэрчлээгүй, бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, эх хувийг гаргаж өгөх боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан журам зөрчиж цуглуулсан бичмэл баримтуудад үндэслэн хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээний дүгнэлт гаргасан зэрэг зөрчилтэй байна. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-г нийт 281.0940158 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б- нь 114.427.400 төгрөгийн үнэ бүхий 2049 ширхэг архи вискиг дутагдуулж хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд үүн дээр “Дамно” хөрөнгө үнэлгээний газраар зах зээлийн бодит үнэ хохирол хор уршгийг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн бодит үнийг тогтоохдоо 111.604.450 төгрөг буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үнийн дүнгээс 2.822.950 төгрөгийн доогуур үнэлгээ гарсан.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Б-гийн албан тушаалын байдлаа ашиглаж 2049 ширхэг 111.604.450 төгрөгийн үнэ бүхий архи вискиг дутагдуулсан, нэр бүхий 12 харилцагчдаас 166.252.158 төгрөгийн зохиомол авлага үүсгэсэн, 414.600 төгрөгийг тооллогоор дутааж нийт 278.271.208 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нь тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, /50 сая/ түүнээс дээш хэмжээгээр буюу 278.271.208 төгрөг, 281.094.158 төгрөг ч байсан зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөхгүй, учруулсан их хэмжээний хохирол нь өөрчлөгдөхгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж.яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаагүй, 278.271.208 төгрөгийг хувьдаа завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заажээ.

Б.Б-д холбогдох хэрэгт яллагдагчийг буруутгаж байгаа хуулийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөхгүй учир яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаагүй болно.

2. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч бусад дутагдуулсан гэх баримтуудыг хохирогч байгууллагаас мөрдөгчид хэрэг бүртгэлтийн шатанд жагсаалтаар гаргаж өгсөн бөгөөд 166.252.158 төгрөгийн баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, 2049 ширхэг архи вискины үнэ болох 111.604.450 төгрөгийг дутагдуулсан нь хохирогч байгууллагаас гаргаж өгсөн жагсаалт, Б.Б-тай тооцоо нийлсэн акт, тооллого зэргээр тогтоогдож хэрхэн хаана юунд зарцуулсан талаар Б.Б- хэргээ хүлээн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байдаг.

Тухайлбал: хохирогч байгууллагаас хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь үнэн зөв эсэх, Б.Б- нь уг баримт жагсаалтад дурдагдсан бараа бүтээгдэхүүнийг дутааж, завшсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон, хохирогч байгууллага өргөдөл гаргахдаа түүнчлэн хүсэлтээр уг баримт, жагсаалтыг шалгуулах хүсэлт гаргаж, мөрдөгч хүсэлтийг хангаж хэрэгт хавсаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Мөн хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018 онд “*** ” ХХК-ийн захирал G-г томилсон байдаг бөгөөд уг асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж итгэмжлэлээр Б.Дашням оролцсон.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “*** ” ХХК-г хохирогч байгууллагаар тогтооход хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “*** ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ш.Н-г томилсон байдаг. Ш.Н- өөрөө хэрэгт шууд хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгч, хохирогчийн эрх үүргийг эдэлж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон.

3. Хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нь дүгнэлт гаргахдаа 414.600 төгрөгийг тооллогоор дутаасан, бусад бараа материалын үлдэгдлийг тоолсон акт байхгүй учир дутагдуулсан барааны дүнг тогтоох боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар “*** ” ХХК-ийн анхан шатны баримт шаардлага хангахгүй болох нь хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон, “*** ” ХХК-иас 166.252.158 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дутагдуулсан талаар жагсаалт мөрдөгчид гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан үүний дагуу 12 нэр бүхий харилцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан ажилтан нараас гэрчээр мэдүүлэг авч холбогдох гүйлгээ хийсэн баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд Б.Б- нь харилцагч байгууллага нараас зохиомол авлага үүсгэж, 166.252.158 төгрөг хувьдаа завшсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч байгууллагын гаргаж өгсөн гэх санхүүгийн баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон нь уг баримтуудыг хэрэгт хавсаргасан нь шаардлага хангахгүй хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Жич: Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Н-, гэрчээр Б.Дашням болон холбогдох ажилтан албан тушаалтнуудаас гэрчээр өгсөн мэдүүлэгт бараа бүтээгдэхүүнүүд нь компьютерт кодлогдож бүртгэгдсэн файл хэлбэрээр байдаг түүнээс холбогдох баримтуудыг хэвлэж хэрэгт хавсаргасан талаар мэдүүлдэг.

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх боломжтой шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч “*** ” ХХК-ийн өмгөөлөгч Ө.БОЛОРТУЯА- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна.  Хохирогч “*** ” ХХК-ийн захирал нь гадаад хүн байдаг. Гэхдээ одоо Монгол Улсад байхгүй байгаа. Үйл ажиллагаа хариуцсан итгэмжлэгдсэн захирлаар тухайн үед Н- гэх хүнийг томилсон байсан. Албан ёсны итгэмжлэлийг компанийн зүгээс гаргаж өгсөн. Иймд компанийн бичиг баримтууд гадаад хэл дээр орчуулагдах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Б-гийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Хохирлыг эцэслэн тогтоож чадаагүй. Хохирлыг өндөр үнэлгээгээр гаргасан. Мөн хохирогч гадаадын улсын иргэн учраас хэрэгт авагдсан баримтуудыг орчуулах шаардлагатай. Санхүүгийн баримтуудад үзлэг хийж бэхжүүлээгүй учраас нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г “2019 оноос 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “*** ” ХХК-д худалдааны менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 111.604.450 төгрөгийн бараа дутаасан, харилцагчдаас 166.252.158 төгрөгийн зохиомол авлага үүсгэсэн, 414.600 төгрөгийн бараа тооллогоор дутаасан зэргээр нийт 278.271.208 төгрөгийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь;

1. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үнийн дүнг 281.094.158 төгрөг гэсэн атлаа тогтоох хэсэгт 278.271.208 төгрөг гэж зөрүүтэй тусгажээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд дээрх дүнг 281.094.158 төгрөг гэж бичсэн байх бөгөөд уг тогтоолд өөрчлөлт оруулсан тухай шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй. Иймээс хохирлын зөрүү болох 2.822.950 төгрөгийн үйлдэл, холбогдол хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан нь нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой.

Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ гэдэг нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжсэн гэмт хэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамжийн агуулгаар хязгаарлагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг тогтоон хуульчилсан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хангалттай эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь энэ хуульд нийцсэн эсэхийг сайтар шалгах үүрэгтэй ба шаардлагатай бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”-ийн 1.2-т “хэргийг прокурорт буцаах;” гэж,

- мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”-ийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр “яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” асуудлыг хэлэлцээд яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт тусгагдсан хохирлын зөрүүг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Хэдийгээр дээрх зөрчлийг арилгах асуудал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй боловч прокурор гаргасан алдаагаа засах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж, 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “*** ” ХХК-ийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбогдуулан анхан шатны санхүүгийн баримтууд /2хх, 3хх, 4хх/-ыг хуулбарлан гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан боловч эдгээр баримтуудад санхүүгийн тамга тэмдэг дараагүй, хуулбар үнэн болохыг баталгаажуулаагүй зэргээр нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна, мөрдөгч, прокуророос тухайн баримтуудыг эх хувиас нь хуулбарлаж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж цуглуулсан дээрх баримтуудад үндэслэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй байх тул хуульд заасан шаардлага хангасан санхүүгийн баримтуудыг хэрэгт бэхжүүлсний эцэст, үзлэг шинжилгээ хийлгэх замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох нь зүйтэй.   

3. “*** ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 16/-ний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээс үзэхэд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Н-г, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс G-г тус ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдээр томилсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэх захирал Ш.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хохирогчийн эрх, үүргийг эдэлж оролцжээ.

 Харин шүүхэд хэрэг хянагдах явцад, хохирогч компанийг төлөөлөгч Ш.Н- нь ажлаас чөлөөлөгдсөн гэх шалтгаанаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Б-г өөрчлөн томилуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гарган өгсөн боловч Ш.Н-г ажлаас чөлөөлсөн болон гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд болох G-аас төлөөлөн оролцуулах этгээдийг өөрчлөн томилсонтой холбогдсон шийдвэрүүд эх хэл дээр авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”-ийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;” гэж заасан тул хохирогч компанийн төлөөлөгчийг өөрчлөн томилохтой холбогдсон ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэвэл зохино.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/336 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН