Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2019/00002

 

С.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00170 дугаар шийдвэртэй, С.Б нэхэмжлэлтэй Д.Ж холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5 311 423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ж нь 2018 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас миний төрсөн ах С.Б мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан. Осолд ороод 1 сар орчмын дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-нд С.Б нь нас барсан. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Талийгаач С.Б нь тухайн зам тээврийн ослын улмаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өвчний акттай байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Талийгаач нь осолд орсны улмаас ажилдаа явж чадаагүй бөгөөд дээрх хугацаанд олох байсан орлого буюу 5 311 423 төгрөг нь хор уршигт тооцогдоно. Талийгаач нь УБТЗ-ын 2-р ангид сэв шалгагч ажилтай байсан бөгөөд сард тогтмол 1 500 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тогтмол цалин дээр сар бүр илүү цаг, урамшууллын мөнгө нэмж олгогддог байсан бөгөөд энэ нь С.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлаар тогтоогдоно. Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар сард дунджаар 1 770 474 төгрөг буюу 2018 оны 07 дугаар сар хүртэл нийт 5 311 423 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм ор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэмт хэргийн улмаас С.Б учирсан хохирол, хор уршгийг арилгуулж Д.Ж 5 311 423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач С.Б нь сард 1500000 төгрөгийг үндсэн цалинтай, мөн үндсэн цалингийн 50 хувиар тооцож шагнал цалин авдаг байсан учир түүний сарын цалинг 2250000 төгрөгөөр тооцсон. Шагнал цалинг өмнөх сарын ажлын урамшуулалд тооцоод дараагийн сард нь олгодог байгаа. Үүнээс 2018 оны 5 дугаар сард 337211 төгрөгийн цалин авсныг хасч, 1912789 төгрөг, 6 дугаар сард бүтэн өвчтэй байсан учраас 2250000 төгрөг, 7 дугаар сард 6 хоног ажиллах ёстой байсан тул 525000 төгрөг, дээр нь 262500 төгрөгийн шагнал цалинг тооцоод 787500 төгрөг, нийт 4 950 289 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Өмнө гаргасан шаардлагаа 361 134 төгрөгөөр багасгаж байна. Нийгмийн даатгалаас авсан тэтгэмжийг нэхэмжлэгч хасаж тооцохгүй гэсэн тул хасаагүй гэжээ.

Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ж миний бие С.Б гэж хүнээс ирсэн өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би буруутай үйлдэл хийгээгүй гэжээ.

Хариуцагч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед хохирогч, надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би эмнэлэгт хэвтэж байхад нь мөнгө өгсөн. Гэхдээ надад баримт байхгүй болохоор одоо хэлж чадахгүй байна. Ажилгүй байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр тэтгэмжийн мөнгө авч байсан учраас энэ мөнгө нь хасагдах ёстой. Тэтгэмж хэдэн төгрөг авсныг тооцож цалингийн зөрүү олгох ёстой. Хэдэн төгрөгийн тэтгэмж, цалин авсан нь баримтаар тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч С.Б хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 464 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 485 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Ж улсын тэмдэгтийн хураамжид 14 584 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д  давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00170 дугаартай шийдвэрийг гардаж аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4 950 289 /дөрвөн сая есөн зуун тавин мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Гэвч Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” дагуу сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцож сард 1 224 060 /нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга жаран/ төгрөгийн цалинтай гэж үзсэнийг эс хүлээн зөвшөөрч байна.

Учир нь шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн, мөн хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр маш үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт С.Б нь хэдэн төгрөгийн цалинг, хэрхэн тооцож авдаг байсан талаарх баримтыг гаргаж өгсөн байдаг.

Талийгаач С.Б нь Улаанбаатар төмөр замын хоёрдугаар ангид сэв шалгагч ажилтай байсан.  Улаанбаатар төмөр замын ажилчид нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг тул ажилчиддаа сар бүр үр дүнгийн шагналт цалинг өмнөх сарын цалингийн 50 хувиар тооцож авдаг байсан. Үүнтэй холбоотой Улаанбаатар төмөр замын  хоёрдугаар ангиас гаргуулж авсан С.Б цалингийн карт, талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн.

Талийгаач С.Б нь сард 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн үндсэн цалинтай мөн үндсэн цалингийн 50 хувиар тооцож шагналт цалин авдаг байсан учир нь түүний сарын цалинг 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тооцсон. Шагналт цалинг өмнөх сарын ажлын урамшуулалд тооцон дараагийн сард олгодог. Үүнээс 2018 оны 05 дугаар сард олгосон 337 211 /гурван зуун гучин долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг хасч үлдэгдэл 1 912 789 /нэг сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун наян есөн/ төгрөг, мөн 6 дугаар сард бүтэн өвчтэй байсан учраас 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, 7 дугаар сард 6 хоног ажиллах ёстой байсан тул 525 000 /таван зуун хорин таван мянга/ төгрөг, түүн дээр сарын үр дүнгийн шагналт цалин 262 500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийг нэмж тооцход 787 500 /долоон зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг, нийт 4 950 289 /дөрвөн сая есөн зуун тавин мянга хоёр зуун наян есөн/ төгрөгийг хариуцагч Д.Ж нэхэмжилсэн.

С.Б нь өмнөх сарын үндсэн цалингийн 50 хувиар тооцож сар бүр үр дүнгийн шагналт цалин нэмж авдаг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

Гэвч шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг үнэлэлгүйгээр зөвхөн сарын дундаж цалинг бодож, үр дүнгийн урамшуулалт цалинг орхигдуулан хохиролыг тооцоолж гаргасан байна.

Шүүх “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу дундаж цалинг тооцсон атлаа хэрэгт авагдсан байгууллагаас сар бүр үр дүнгийн шагналт цалин авдаг талаарх баримт гаргаж өгсөн байтал энэхүү баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00170 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Д.Ж гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4 950 289 /дөрвөн сая есөн зуун тавин мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Ж холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч ах С.Б хөдөлмөрийн чадвараа алдсанаас  авах байсан  цалин гэж 5,311,423 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4,950,289 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс хохирогчийн дундаж цалинг тооцон сард дунджаар 1224060 төгрөг байна гэж үзэн улмаар түүнд байгууллага болон нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийг хасч тооцон хариуцагчаас 464,466 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь  ... шүүх хэрэгт авагдсан байгууллагаас сар бүр үр дүнгийн шагналт цалин авдаг талаарх баримт гаргаж өгсөн байтал  түүнийг үнэлээгүй, үр дүнгийн урамшууллын цалинг орхигдуулж хохирлыг тооцоолон гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч  давж заалдах гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хэрэгт хохирогч С.Б нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, цалингийн карт зэрэг нь хэрэгт авагдсан байх боловч анхан шатны шүүх хохирогчийн дундаж цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хэрэгт авагдсан  ажилтны цалингийн карт/хх- 64/- г үндэслэж тооцсон  нь зөв байна.

Учир нь дундаж цалин хөлс тодорхойлох журмын 9 дүгээр заалтанд “ Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж заасан.

Мөн хохирогчийн гарт олгогдсон цалин нь хэрэгт авагдсан хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон  цалингийн карт зэрэгт өөр өөр тусгагдсан байна.

Анхан шатны шүүх хохирогч С.Б 2018 оны 2 дугаар сард гарт олгосон цалингаас жилийн үр дүнгийн шагналт цалин, ХХОАТ-ын буцаалт жилээр гэх нийт 740,034 төгрөг нь сар бүр тооцогддог үндсэн цалин, түүнтэй адилтгах орлого буюу тухайн сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй гэж хасч тооцсон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл болон дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2-т зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд  ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг оруулж тооцохоор зохицуулсан байх ба шагнал урамшуулал гэж  дээрх журамд зааснаар  ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгуулагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ. Үүнд урамшуулал, хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоон олгож буй мөнгөн урамшуулал орно гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн дундаж цалин хөлсийг тодорхойлсон тооцоонд өөрчлөлт оруулж, улмаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан байх хугацаанд олгосон цалин, байгууллага болон нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж зэргийн зөрүүг анхан шатны шүүхээс бодсон аргачлалын дагуу тооцож  хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 Хохирогч С.Б 2018 оны 2, 3, 4 дүгээр сард гар дээрээ авч байсан цалин хөлсний дундаж нь 1,470,737 төгрөг /1,851,293+1,263,440+1,297,480=4,412,213 төг : 3 сар/  болох ба үүнээс  5 дугаар сард  гарт олгосон цалин болох 703, 802 төгрөгийг хасахад зөрүү 766,935 төгрөг /1,470,737-703,802/,

2018 оны  6 дугаар сард гарт олгосон цалин болох 2,196,438 төгрөгөөс амралтын олговор болох 1,353,918 төгрөгийг хасахад 842,520 /2,196,438-1,353,918/ төгрөгийн  цалинг тухайн сард авсан гэж үзэж зөрүү 628,217 төгрөг/1,470,737-842,520/  буюу нийт 1,397,152 /766,935 +628,217/ төгрөг болох ба үүнээс 2018 оны 07 сард Нийгмийн даатгалын байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гэж олгосон 437,332 төгрөгийг хасч/1,397,152-437,332/ 957,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 3,992,469 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй .

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн  нэхэмжлэгч тал  хохирогч С.Б нь сард 1,500,000 төгрөгийн үндсэн цалинтай, уг цалингийн 50 хувиар тооцож шагналт цалин авдаг хэмээн ажилгүй байсан хугацааны цалингаас гадна шагналт цалин нэхэмжилсэн байх ба үүнийгээ УБТЗ-н 2-р ангийн 2019.11.13-ны 29/1709 тоот албан бичигт үндэслэсэн байна.

Тухайн байгууллага нь “үр дүнгийн урамшуулал, шагналт цалин олгох” журам  болон “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэгт шагнал, урамшууллын талаар тодорхой  зохицуулсан байх  учиртай.

Гэтэл хэрэгт энэ тухай нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хуульд заасан энэхүү  үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байх тул  энэ талаарх  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.   

ИХШХШ тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШШ2019/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...  “464,466 төгрөгийг ” гэснийг “957,820 төгрөгийг “ гэж, “4,485,823 төгрөгийг” гэснийг “3,992,469төгрөгийг ” гэж,  тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “14584” гэснийг “27537” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                          О.ОДНЯМАА

                                                               Г.ТЭГШСУУРЬ