| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03240/И |
| Дугаар | 181/ШШ2024/02506 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч X. Сувдаа миний бие нь Япон улс руу аялах аяллын хөтөлбөрт гэр бүлээрээ хамрагдахаар аялал жуулчлалын *******-тай 2022 оны 06 сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. Аялалын үйлчилгээний төлбөр болох 9,239,400 төгрөгийг тус компанийн аялал хариуцсан захирал ******* нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5063373020 тоот дансанд пшлжүүлэн авсан байдаг. 2022 оны 09 сарын 13-ны өдөр Япон улс руу аялах аялал тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан. Компаниас тодруулахад тухайн асуудал нь компанид хамааралгүй, хуучин захирал Н.Амарзаяа төлбөрийг өөрийн дансаар авсан, компаниас төлбөрийг буцаан төлөхгүй гэх хариуг өгсөн. 2022 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган, Н.Амарзаяагийн үйлдлийг шалгуулах явцад хариуцагч ******* нь буцаан өгөх ёстой мөнгийг цувуулан шилжүүлэх байдлаар нийт 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Түүнээс хойш үлдэгдэл 4,239,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байна. Миний бие ******* нь үлдэгдэл 4,239,400 төгрөгийг нэхэмжилж, шүүхэд хангасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 102/Ш32024/11039 дугаартай захирамжаар Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй байдалд хүрсэн, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 4,239,400 төгрөгийг буцаан шаардахын тулд хариуцагчийг хаягийг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул *******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх3/, дансны хуулга /Хх4-5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх6-7/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******гаас 4,239,400 төгрөгийг гаргуулах гэсэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох ,,,, тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, шуудангийн буцаалт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/-г эрэн сурвалжилсугай.
2. Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Болдбаатарын Амарзаяа /РД:ЧЕ84041863/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* /утас: /-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ