| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03304/И |
| Дугаар | 181/ШШ2024/02504 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ХН85112811 регистрийн дугаартай Чулуундоржийн Чинзориг нь өөрийн эзэмшиж байсан 99202840 дугаар дээр 2017 оны 10 сарын 27-ны өдөр ******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ч.Чинзориг нь уг гэрээний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Мобифинанс ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 31 гудамж, 341б тоот хаягаар шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/Ш32024/03844 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь Ч.Чинзоригийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Ч.Чинзоригийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 389,519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,856 төгрөг, нийт 666,375 төгрөг байх ба зээлдэгчийн хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ХН85112811 регистрийн дугаартай Чулуундоржийн Чинзоригийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, итгэмжлэл /Хх4/, зээл, зээлийн эрх нээх гэрээ /Хх5/, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт /Хх6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх7/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "Мобифинанс" ББСБ ХХК нь 666,375 төгрөгийг гаргуулахаар Ч.Чинзоригт холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 31 гудамж, 341б тоот хаягаар хүргүүлсэн боловч дээрх хаягт тус хороонд байдаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Ч.Чинзоригийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Чулуундоржийн Чинзориг /РД: ХН85112811/-г эрэн сурвалжилсугай.
2. Чулуундоржийн Чинзориг /РД: ХН85112811/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чулуундоржийн Чинзориг /РД: ХН85112811/-г оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Мобифинанс" ББСБ ХХК /утас:*******/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ