Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/490

 

 

 

 

 

 2022         5       10                               2022/ДШМ/490

            

    Д.Ц-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Г.Х-ынөмгөөлөгч Б.Бурмаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/894 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 2103003690046 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-гийн Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймгийн ................. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, .... ХХК-д жолооч ажилтай, ам бүл .., ..............., ...................-ийн хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, ....... дүгээр байрны ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/.

Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.  

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цаг 13 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.86 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” Шатахуун түгээх станцын хойд замд “Тоёота Приус” маркийн 39-04 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 38-05 УНГ, Т.Цолмонбаатарын жолоодож явсан “Киа Оптима” маркийн 52-08 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, явган зорчигч Г.Х-ыг мөргөж улмаар А.А жолоочтой “Тоёота Приус” маркийн 59-91 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг налж унан Г.Х-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр, зорчигч О.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

  1. Хохирогч Г Х-ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар:

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаартай дүгнэлтээр Г.Х-ынбиед умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал, духанд шарх, их тархины духны таславчинд аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай баруун сарвуу, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /1-р хх 81-83/ авагдсан байх ба шинжээчийн дүгнэлт гаргасан эмч Б.Сэргэлэнгээс гэмтлийн талаар тайлбар мэдүүлэг аваагүй байна.

Шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт: Хохирогч Г.Х-ынбиед умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал, духанд шарх, их тархины духны таславчинд аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай баруун сарвуу, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэжээ.

Хохирогч Г.Х-ын учирсан умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Гэмтмийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т ... аарцаг ясны хугаралд орохоор байх тул хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэхээр байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт: Хохирогчид учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. Хэрэг учрал болсноос хойш энэ гэмтлийн улмаас хэвтэрийн дэглэм хүний асрамжид байгаа талаар хохирогчийн мэдүүлэг, эмнэлэгийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

Иймд бүрэлдэхүүнтэй шинжээч томилон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10994 дугаартай шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэстэй эсэхийг тогтоолгож дүгнэлт гаргасан шинжээч нараас мэдүүлэг, тайлбар авах ажиллагааг хийх,

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ... хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах чадваргүй болсон бол энэ хуульд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: ... шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэрийг гаргана гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Г.Х нь эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас удаан хугацаагаар хэвтрийн дэглэмд байсан байх ба хуульд хохирогчийн эрхийг эдэлж чадаагүй нөхцөл байдалтай байхад мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилон хуульд заасан эрхийг эдлүүлэх ажиллагааг хийх,

         3. Гэмт хэргийн учирсан хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах,

         4. Шүүгдэгч Д.Ц нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх ба энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялын талаарх мэдээлэл, лавлагааг гаргуулан ирүүлэх, зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт буцаан хүргүүлж, шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Гурав. 3.1. Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна. Үүнд ... 3.1.15-т “аарцаг ясны хугарал Үүнд: хоёр талын умдаг болон суудал ясны хугарал /урд хэсгийн буюу эрвээхэй хэлбэрийн хугарал/, нэг болон хоёр талын олон яс уулзах үеэр салсан хугарал /аарцгийн ар хэсгийн хугарал/, умдаг ба суудал ясны нэг болон хоёр талын хугарал нь олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал /Мальгены хугарал/, нэг талын умдаг, суудал ясны хугарал нь эсрэг талын олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал /Воллюмийн хугарал/ энэ ангилалд хамаарна.” гэж заажээ.

Тодруулбал: Дээрх журмын 3.1.15 дахь заалтад “хоёр талын умдаг болон суудал ясны хугарал’’-ыг “хүнд” гэмтэлд хамааруулах хугарлын хэлбэрүүдийг тодорхой зааж өгсөн байх ба хохирогчид учирсан “умдаг ясны заадас салсан зөрөөтэй хугарал” гэмтэл нь уг заалтад хамаарахааргүй байна. Харин “эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах” шалгуур шинжээрээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан “хүндэвтэр” зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн гаргасан 10994 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд дуудан оролцуулж гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой юм.

  1. Хохирогч Г.Х нь хэвтрийн дэглэмд байсан гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хохирогчийн байгаа газар нь очиж мэдүүлэг авах, дүгнэлт болон хэргийн материал танилцуулах зэргээр шаардлагатай ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн ба шүүх ямар ажиллагаанд хохирогчийн эрхийг зөрчсөн талаар захирамжиндаа заагаагүй байна. Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө төлөөлөн хүн оролцуулах талаар хүсэлт, гомдол гаргаж байгаагүй ба анхан шатны шүүх хуралдаанд өөрөө биечлэн ирж оролцсон бөгөөд энэ талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байхад “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилон хуульд заасан эрхийг эдлүүлэх” гэж заасан нь үндэслэлгүй байна.
  2. Мөн хохирогчоос гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтуудыг шүүх тулгалт хийж үзэн хэрхэх талаар шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой байхад гэмт хэргийн учирсан хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах гэж заасан нь ойлгомжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/894 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Х-ын өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/894 дугаар шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд заасан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэсэн үндэслэлээр хүндэвтэр зэргийн гэмтэлд оруулсан ба шүүхийн дүгнэлтэд тус журмын 3.1.15 дахь заалтад арцаг ясны хугарал нь умдаг ясны заадас салсан зөрүүтэй хугаралд орж байгаа эсэх асуудлыг мэргэжлийн шинжээч эмчийн тайлбар мэдүүлгийг авах, мөн бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй учраас энэхүү үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь үндэслэлтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15 дахь заалтад хоёр талын умдаг болон суудал ясны хугарал, хоёр ясны уулзах үеэр салсан хугарал гэх 3 төрлийн хугарлын асуудал яригддаг. Энэ нь дээр зайлшгүй мэргэжлийн эмчийн тайлбар, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт, гаргуулах нь зүйтэй. Хэрэв гэмтлийн хүнд зэрэгт орвол мөрдөн шалгах ажиллагаанд буцаагдаж давхар давхар ажиллагаа явагдах учраас нэгэнт хэргийг буцаасан ажиллагаан дээр шинжээч томилж эсхүл тайлбар гаргуулан энэхүү асуудлыг тодруулах хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Д.Ц-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихгэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, “...хохирогч Г.Х-ынбиед учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дахин дүгнэлт гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилон оролцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах, шүүгдэгчийн урьд шүүхээр ял шийтгүүлж эдэлсэн эсэх талаарх нэмэлт баримт авах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай...” гэсэн дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч Д.Ц-ийг гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийн талаар тодруулах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилох зэргээр хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/894 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ 

             ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ