Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 106

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа 

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000560032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Ц.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт Төмөртэйн уурхай явах засмал замын дэргэд 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 18.30 цагийн үед иргэн Ц.Б-д хүч хэрэглэн дээрэмдэж түүний биед баруун гарын шууны дотор хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл учруулан бусдад 84.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв.Үүнд:

 

 - Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр хүний эд зүйлийг дээрэмдсэн булаасан зүйл байхгүй. Өөрөө утсаа зараад нэг шил архи болгоод ууя гээд надад утсаа, цэнэглэгчтэй нь өгч явуулсан. Намайг явсны дараа өөрөө замын хажуу руу унаад унтаад өгсөн байсан. Тэгээд цагдаа дуудсан гэсэн... гэв.

 

Яллагдагч Ц.Б-ын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ...Архи уугаад тасарсан байсан. Болсон асуудлыг мэдэхгүй... гэх мэдүүлэг, / хх-н 25 х /

...2017 оны 09 сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: Надад урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, /хх-н 45 х /

...2017 оны 10 сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Сүхбаатар худалдааны төвд явж байхад Б байхаар нь утсаа гаргаад энэ бичлэгийг хийсэн. Энэ үед Б архи уусан байсан бөгөөд бичлэг хийсэн талаар мэдэгдээгүй, харуулаагүй гэх мэдүүлэг, / хх-н 62 х /

 

- Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 18.30 цагийн орчим Баруун- Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын байранд байдаг Б гэх айлаас гарч явган төмөртэйн уурхай явдаг засмал замын баруун талаар зам дагаад баруун урд зүг төврүү ганцаараа явж байсан. Тэгтэл зүс үл таних дээд уруул дээрээ хар сахалтай, барзгар царайтай 50 орчим насны эрэгтэй хүнээс “ энэ ямар газар вэ, граж мөн үү” гэж асуутал надад юу ч хэлэлгүй замын хажуу руу түлхэж унагаагаад хүзүү рүү гурван удаа өшиглөхөөр нь “ ахынхаа амийг авар “ гэж хэлэхэд халаас ухаад байхаар нь ахад нь гар утас, 2000 төгрөг байна гэхэд надад байсан цагаан өнгийн LG маркын, мэдрэгчтэй гар утас, гар утасны цэнэглэгч, бэлэн 2000 төгрөг зэргийг аваад баруун гудамж руу зугтсан.Тухайн хүн бол хүрэн өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй 50 орчим насны хүн байсан.../ хх- 12-13/,

...Би шууд босоод хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Б нь хэд хоногийн өмнө над дээр байн байн дахин ирээд “ дээрмийн хэрэг болоогүй, чи намайг архинд явуулсан “ гээд өргөдөл бичээд өгчих гээд гуйгаад байсан. Тухайн үед би бичиж өгөөгүй, миний бие согтуу байна, очиж чадахгүй гэх мэтээр өргөдөл өгөхөөс зайлсхийж зугтаад байсан юм. Харин 2017.10.03-ны өдөр Б нь намайг дагуулаад Прокурорын газар ирж прокурортой уулзуулсан. Прокурор нь “юу болсон юм бэ, гомдол тэмцэл байна уу ” гэхээр нь “ байхгүй “ гэсэн чинь “ тэгвэл бичиж өг” гэхээр би өөрийнхөө гараар өргөдлийг бичсэн. Надад прокурор ингэж бич гэж хэлээгүй. Харин би Б-ын хэлээд байгаа асуудлыг бичсэн. Б надтай хэзээ уулзаж ярианы бичлэг хийсэн талаар мэдэхгүй байна.  Хэрэг болсноос маргаашаас эхлүүлээд Б нь над дээр ирж янз бүрээр л гуйгаад байсан. Уг бичлэг дээрх яриа миний яриа мөн боловч би энэ яриаг санахгүй байна. Намайг согтуугаар тулгаж асуусан асуулт байна. Хэрэг болох үед би архи хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хувьд өргөдөл бичдэг учир нь нэгэнт болоод өнгөрсөн асуудал байна, гадны хүн байна, би өөрөө ч залуу явахдаа алдаж онож явсан болохоор гомдолгүй гээд хэлчихвэл хэрэг нь хаагдана гэж бодоод өргөдлийг Б-ын гуйснаар бичсэн юм...гэх мэдүүлэг /хх-60-61/,  

 

 - Гэрч М.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 18 цаг 40 минутын орчим гэртээ хүний толгой бариад сууж байтал гаднаас хүрэн цамцтай хар өмдтэй, 50 орчим насны согтуу хүн цагаан өнгийн утас, цэнэглэгчтэй нь барьж ирснээ ганцаараа үглээд зогсоод байхаар нь байхаар нь толгойгоо бариулж байгаа хүнтэй хамт явж байгаа юм байлгүй гэж бодсон. Тэгтэл толгойгоо бариулж байсан хүн явчихаад нөгөө хүн ганцаараа үлдчихээр нь би “ наад хүн чинь хүн дээрэмдчихсэн юм биш үү “ гэж хэлчихээд яваад өгсөн. Би тэр хүнээс чи юу хийж яваа юм бэ гэсэн чинь тэр хүн “ Сэлэнгэ аймгийнх юм аа, энэ ямар газар вэ “ гэж надаас асуугаад гэрээс гарахгүй болохоор нь би гадагшаа гарч цагдаа дуудсан. Тэгсэн намайг цагдаа дуудсаныг мэдээд тэр хүн гараад зугтсан...гэх мэдүүлэг / хх-11-12 х /,

 

- Гэрч Д.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 24-ний өдөр Б нь манай гэрт ирж хамтдаа машин янзалсан. Би хүнээс засварын хөлс гэж хэдэн төгрөгтэй болсон. Тэр мөнгөөрөө 0.75 граммын Ерөөл архи авч хамт уусан. Б нь нилээд согтсон бөгөөд 18-19 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд гарсан... гэх мэдүүлэг / хх-13-14 х /,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтэд: 1.Ц.Б-ын биед баруун гарын шууны доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамааралгүй гэжээ / хх-18 х/,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлэн авсан тэмдэглэл, 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.014.08.24, 

- Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл.2017.08.24. 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг. 2017.08.24. /хх- 9-10/

 

- Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээ. /хх- 25/

 

- Ц.Б-ын Прокурорын газарт гаргасан тайлбар/хх- 56/

 

- Прокурорын тогтоол.2017.10.04.№ 5/08 / Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай/ -хх- 57/ 

 

- Прокурорын тогтоол.2017.10.04. № 5/04 / Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай/ - хх 58

- “ Бын ярианы бичлэг” / цагаан өнгийн СД,  2 минут 36 секунд/ 

 

- Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл. / -хх- 59/ 

- Хэргийн газрын үзлэгийн бичлэг/ СД 1 минут 36 секунд/

 

- Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/ хх- 51- 52/

 

-  Ц.Б-ын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28 х/ 

 

-  Ц.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.09.08-ны өдрийн 3/343 тоот тодорхойлолт /хх-31 х / 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.27-ны өдрийн 2/465 тоот бичиг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

           Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 18.30 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Далангийн гудамж буюу Төмөртэйн уурхай явах засмал замын баруун талд иргэн Ц.Б-ыг түлхэн унагаж биед нь “ баруун гарын шууны дотор хэсгийн зөөлөн эдийн цус хуралт ” учруулан,  2000 төгрөг, LG- F160LV маркын гар утас, цэнэглэгчийг авч, 84000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б, гэрч М.Н, Д.Ц нарын мэдүүлгүүд, 2017.08.24-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 313 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, Ц.Б нь согтуурсан үедээ иргэн Ц.Б-ыг замын хажуу руу түлхэн унаган, өшиглөж, түүний халааснаас эд зүйлийг авсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Ц.Б-ын “ 2017.08.24-ний орой 18.30 цагийн орчим Төмөртэйн уурхай явдаг засмал замын баруун талаар зам дагаад баруун урд зүг төврүү ганцаараа явж байхад зүс үл таних дээд уруул дээрээ хар сахалтай, барзгар царайтай, 50 орчим насны эрэгтэй хүн замын хажуу руу түлхэж унагаагаад, хүзүү рүү гурван удаа өшиглөхөөр нь “ ахынхаа амыг авар “ гэж хэлсэн.Халаас ухаад байхаар нь ахад нь гар утас, 2000 төгрөг байна гэхэд надад байсан цагаан өнгийн LG маркын, мэдрэгчтэй гар утас, гар утасны цэнэглэгч, бэлэн 2000 төгрөг зэргийг аваад баруун гудамж руу зугтсан.Тухайн хүн бол хүрэн өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй 50 орчим насны хүн байсан ” гэх, 

гэрч М.Н-ийн “ 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 18 цаг 40 минутын орчим гэртээ хүний толгой бариад сууж байтал гаднаас хүрэн цамцтай хар өмдтэй, 50 орчим насны согтуу хүн цагаан өнгийн утас, цэнэглэгчтэй нь барьж ирснээ ганцаараа үглээд зогсоод байхаар нь толгойгоо бариулж байгаа хүнтэй хамт явж байгаа юм байлгүй гэж бодсон. Тэгтэл толгойгоо бариулж байсан хүн явахдаа “ наад хүн чинь хүн дээрэмдчихсэн юм биш үү “ гэж хэлчихээд яваад өгсөн. Би тэр хүнээс чи юу хийж яваа юм бэ гэсэн чинь тэр хүн “ Сэлэнгэ аймгийнх юм аа, энэ ямар газар вэ “ гэж надаас асуугаад гэрээс гарахгүй болохоор нь би гадагшаа гарч цагдаа дуудсан. Тэгсэн намайг цагдаа дуудсаныг мэдээд тэр хүн гараад зугтсан...гэх мэдүүлэг,

гэрч Д.Ц-гийн “ 2017 оны 08 сарын 24-ний өдөр Б нь манай гэрт ирж хамтдаа машин янзалсан. Би хүнээс засварын хөлс гэж хэдэн төгрөгтэй болсон. Тэр мөнгөөрөө 0.75 граммын Ерөөл архи авч хамт уусан. Б нь нилээд согтсон бөгөөд 18-19 цагийн үед гэр рүүгээ явлаа гээд гарсан ” гэх мэдүүлгүүд,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл “ а.цагаан өнгийн LG маркийн гар утас/сериал дугаар 065161, имей код 354249050631318/, 2. Хар өнгийн утасны цэнэглэгч, 3.АК 6311620 сери дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АТ0815184 сери дугаартай 1000 төгрөг 1 ширхэг ” зэргээр хэрэгт нотлогдсон байна.

 

         Ц.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  Тэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа түүнийг хүсч хохирогчид хүч хэрэглэж, эд хөрөнгийг авч гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

 

Харин Ц.Б-ын “ би тэр хүний эд зүйлийг дээрэмдсэн зүйл байхгүй. Өөрөө утсаа зараад нэг шил архи болгоод ууя гээд надад утсаа, цэнэглэгчтэй нь өгч явуулсан “ гэж гэм буруугийн талаар маргаж байгаа нь хэрэгт нотлогдоогүй хийгээд дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Тухайлбал, хохирогч Ц.Б нь тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ Би Б гэдэг хүнд дээрэмдүүлээгүй юм байна. Согтуу явж байгаад архи ууя гээд энэ утсыг тавиад, 1 шил архинд өг гээд явуулсан “ гэх өргөдлийг Ц.Б-ын гуйлт, шахалтаар бичсэн гэдгээ “ Б нь хэд хоногийн өмнө над дээр байн байн дахин ирээд “ дээрмийн хэрэг болоогүй, чи намайг архинд явуулсан “ гээд өргөдөл бичээд өгчих гээд гуйгаад байсан. Надад прокурор ингэж бич гэж хэлээгүй. Харин би Б-ын хэлээд байгаа асуудлыг бичсэн. Б надтай хэзээ уулзаж ярианы бичлэг хийсэн талаар мэдэхгүй байна. Хэрэг болсноос маргаашаас эхлүүлээд Б нь над дээр ирж янз бүрээр л гуйгаад байсан. Миний хувьд өргөдөл бичдэг учир нь нэгэнт болоод өнгөрсөн асуудал байна, гадны хүн байна, би өөрөө ч залуу явахдаа алдаж онож явсан болохоор гомдолгүй гээд хэлчихвэл хэрэг нь хаагдана гэж бодоод өргөдлийг Бы гуйснаар бичсэн ” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэх бөгөөд Ц.Б-ын хэрэгт өгсөн “Ц.Б-той ярьсан ярианы бичлэг” нь согтуурсан этгээдийг тулгаж асуух зэргээр хууль бус аргаар хийгдсэн ба хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдээгүй байх тул шүүх уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэвэл, цагдаагийн байгууллага “ Ц.Б-ын бусдад дээрэмдүүсэн ” гэх гомдол, мэдээллийг 2017.08.08-ны өдрийн 18.49 цагт хүлээн авч, 18.57 цагт хэргийн газарт үзлэг хийж хэрэг гарсан газрын байршил, хаягийг тогтоож,19.29 цагт Ц.Б-аас эд зүйлийг хураан авч хэрэг гарсан байдлыг даруй тогтоосон байх бөгөөд тэрээр 2017.08.28-ны өдөр  яллагдагчаар анх мэдүүлэг өгөхдөө ” 2017.08.24-ний өдрийн 13 цагийн үед охиныхоо гэрээс гарч Их зам нэртэй дэлгүүрийн баруун талд байх Ц гэх автомашины радиатор янзалдаг хүн дээр очиж 0.75 л архи хувааж уусан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Архи уугаад тасарсан байна. Болсон асуудлыг санахгүй байна” гэж мэдүүлэг “ Б гар утас, мөнгө өгч архинд явуулсан“ талаар огт дурдаагүй хийгээд мөн өдөр “ Ц.Б би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг шийдэж өгнө үү “ гэх хүсэлтийг/ хх- 33/ Прокурорын газарт гаргаж байсан байна.

Хэргийн баримтаар, шүүгдэгч Ц.Б-ын “ Ц.Б-оос гар утас, цэнэглэгч, мөнгийг нь авч архинд явсан ” гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд Ц.Б бусдад эд зүйлээ алдсан даруйдаа цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг үйлдэгдсэн газар, гэмт этгээдийн дүр төрх, хувцас, насыг тодорхой заасан, үүнийг гэрч М.Н давхар нотолсон, Ц.Б-аас хохирогчийн алдсан эд зүйл тоо, ширхэгээрээ гарсан зэргийг үндэслэвэл, шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйлд зааснаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

          Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

         Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон,  гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан боловч нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан          Ц.Б-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ. 

 

        Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ц.Б-ын ярианы дүрс бичлэг “ бүхий цагаан өнгийн СД / 2 минут 36 секунд/, Хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий мөнгөлөг өнгийн СД/ 1 минут 36 секунд/-г тус тус хэрэгт хадгална.  

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 1 / нэг/ жил 10 / арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б-д оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ц.Б-ын ярианы дүрс бичлэг “ бүхий цагаан өнгийн СД / 2 минут 36 секунд/, Хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий мөнгөлөг өнгийн СД/ 1 минут 36 секунд/-г тус тус хэрэгт хадгалсугай.

 

         6. Ялтан Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН