Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2020/00003

 

     Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Г, Д.О нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 138/ШШ2019/00780 дугаар шийдвэртэй, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г, Д.О нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 773 171 005,50 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийг хариуцагч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г, О нар нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай банктай гэрээ байгуулан 195,0 сая, 455,0 сая төгрөгийг тус тус зээлсэн. Мөн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 110,0 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 75,0 сая төгрөгийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлж байгаад 8 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар зээл болон зээлийн хүү төлөгдөхгүй болж эхэлсэн. Зээлдэгчийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч зээлээ төлөхгүй байгаа. Иймд банк зээлийн гэрээг цуцалж, 773,0 сая төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Банк зээлдэгч нарыг дэмжиж 2019 оны 1 дүгээр сард 455,0 сая төгрөгний зээлийн хугацааг 15 жил болгож, төлөлтийг багасгаж өгье гэсэн саналыг тавьсан. Гэтэл тухайн үед зээлдэгчийн өмнөх зээл 5 сая төгрөг үлдсэн байсан ба зээлдэгч нар энэ зээлээ төлж чадахгүй гэсэн учраас хугацааг сунгах боломжгүй болсон. Мөн 2019 оны 7 дугаар сард дахин дээрх зээлүүдийг бүгдийг нь нийлүүлээд хугацааг нь сунгаж, төлөлтийг багасгаж өгье гэсэн санал тавьхад зээлдэгч нар татгалзсан. Ингээд бид хоёр удаа санал тавьсан, мөн удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг өгч байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар зээлийн гэрээг цуцлах санал гаргасан. Иймд банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Х банкны Дорнод салбараас 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 110,0 сая төгрөгийн зээл авсан. Сард 2 500 000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Сити центр”-ийн 6 дугаар давхарыг худалдаж авах саналыг надад банкнаас найз нөхдөөр маань дамжуулан тавьсан. “Сити центр”-ийн энэ барилгыг А гэх залуу Х банкаас зээл авч барьсан юм байна лээ. Тэгээд мөн над шиг зээлээ төлж чадахгүй болоод надад санал болгож “Сити центр”-ийн 6 дугаар давхарыг худалдах санал гаргасан. Амарсанаа анх энэ объектоо зарахдаа урьдчилгаагүйгээр хоорондоо тохиролцоод 8 жилийн хугацаатай зээлээр авах боломжтой гэж хэлсэн. Үүний дараа Х банкны захирал намайг удаа дараа дуудаж энэ объектыг авах уу гэж санал тавьсан. Тухайн үед би өндөр зээлтэй байгаа. Дахин зээлийн төлөлт хийж чадахгүй талаараа хэлж байсан. Гэтэл бид таныг бүх боломжоор дэмжинэ. Он гараад төслийн зээлд хамруулж өгнө гэсэн. Тэгээд би энэ объектыг аваад эхний хэдэн сар доторх засварыг хийсэн. Энэ хугацаанд зээлийн хүүгээ төлж байсан. Үүнээс хойш орлого орохгүй зээлийн төлөлт доголдсон. 2018 оны 6 дугаар сараас зээлийн төлөлт доголдолтой байж байгаад 2018 оны 12 дугаар сар гэхэд зээлийн хүүнд нийт 70,0 гаруй сая төгрөг төлсөн байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сард төслийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан. Гэтэл намайг төслийн зээлд хамруулж өгөөгүй. Ингээд үйл ажиллагааны ашиг багатай, зээлийн төлөлт доголдолтой явж байгаад өнөөдөр зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 2019 оны 1 дүгээр сард 15 жилийн хугацаагаар таны зээлийг сунгая гэсэн. Тухайн үед үлдсэн зээлээ төлөөд хугацаагаа сунгая гэсэн боловч мөнгө олдоогүй. 2019 оны 7 дугаар сард бүх зээлийг нийлүүлээд 15 жилийн хугацаатай 1,2 хувийн хүүтэй зээл болгоё гэсэн. Ингээд банкнаас санал болгосны дагуу зээлийн хүүгээ 1,2 хувиар бичээд хүсэлт өгөхөд хүүг нь 1,25 хувиар гаргасан. Ингээд хүүг нэмэгдүүлсэн учраас би татгалзсан. Яагаад гэвэл төслийн зээлд хамруулж өгнө гэж объектоо зарсан мөртлөө 2 жилийн хугацаанд хамруулж өгөөгүй болохоор би итгээгүй. 2018 оны 6 дугаар сард “та хэцүү байдалд орчихлоо, өөр банкинд хүсэлт тавиад үзэх үү” гэсэн. Ингээд би “Голомт” банкинд зээлийн хүсэлт бичиж өгөхөд 800 сая төгрөгийн зээл гарах боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд би тус банкнаас надад 2019 оны 01 дүгээр сард төслийн зээлд хамруулж өгнө гэж албан бичгээр хариу өгөөч гэхэд татгалзсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт зээлийг бөөнөөр нь төлөх боломжгүй, тодорхой графикаар төлөөд явах боломжтой мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлгүй байна” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 138/ШШ2019/00780 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк, хариуцагч Б.Г, Д.О нарын дунд байгуулагдсан №ЗГ/RCC171201031-4 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ, №ЗГ/RCC171201031-3 тоот болон №ЗГ/RCC161207028-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт хариуцагч Б.Г, Д.О нараас нийт 765 313 917.1 /долоон зуун жаран таван сая гурван зуун арван гурван мянга есөн зуун арван долоон төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 857 088.4 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримтлан хариуцагч “М Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

- Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г, Д.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болох Б.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0614008954 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, “Сити центер” гудамж, “Сити центер”-ийн 6 давхарт байрлах 543 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-0614006289 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60 дугаар байрны зоорийн давхарт байрлах, 243.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-0614006372 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60 дугаар байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 64.2 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн Ү-0614006371 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60 дугаар байрны 01 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  даалгаж,

- Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 094 010 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 4 054 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “... Б.Г миний бие нь эхнэрийн хамт хувиараа бизнес эрхэлж бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөж Х банктай байнгын харилцаатай найдвартай зээлдэгч байсан юм. Гэтэл Х банк нь өөрсдөө болон миний найз нөхөд, танил талаар удаа дараа хэлүүлж Хэрлэн сумын 9 дүгээр баг, Сити центерийн 6 дугаар давхарын 543 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдан авах санал маш олон удаа тавьсан болно. Тухайн үед миний бие банктай очиж уулзсан бөгөөд банкнаас манай банкны барьцаанд байгаа хөрөнгө танд зээлийг маш шуурхай түргэн хугацаанд бүтээж өгнө. Та төслийн зээлээр энэ хөрөнгийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжтой гэж хэлсэн юм. Ингээд миний бие нь төслийн зээлэнд оруулж өгвөл энэ хөрөнгийг авч зээлийг буцаан төлөх боломжтой гэж өөрийн хэмжээнд судалгаа хийсэн юм. Гэтэл надтай зээлийн гэрээ хийхдээ жилийн 14.4 хувийн хүү буюу сарын 1.2 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн бөгөөд он гараад гэрээгээ өөрчилж төслийн зээлд оруулж өгнө гэж амаар хэлж итгүүлэн их хэмжээний зээл олгосон болно. Монгол банкнаас баталсан зээл олгох журам болон хууль дүрмийг маш ноцтой зөрчиж дээрх үл хөдлөх хөрөнгийн 30 хувийг төлөөгүй байхад төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж зээлийн хорооны шийдвэр гаргуулж зээл олгосон байна. Мөн миний бие нь өөр бусад зээлтэй нийлээд сард 18 сая гаруй төгрөгийн зээлийг банкинд төлөх ёстой болсон бөгөөд миний тооцоогоор хэрэв банк хөнгөлөлттэй зээлд хамруулж өгсөн бол сард 11,0 сая төгрөг болж буурах боломжтой байсан юм. Х банк нь намайг хуурч мэхлэн төслийн зээлд оруулж өгнө гэж хэлж хуурамч материал бүрдүүлэн эцэст нь миний бие болон манай гэр бүл хамт олныг маш эрсдэлтэй нөхцөлд оруулж эцэст нь намайг буруутган зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж байгаад маш их гомдолтой байна. Тухайн үед миний бие төслийн зээлд оруулж өгч чадахгүй бол төлж чадахгүй гэдгээ хэлж байсан бөгөөд он гараад л таныг төслийн зээлд хамруулна гэж хуураад зээл олгожээ. Манай ирээдүйд олох орлогыг 11,0 саяар тооцож банкны эдийн засагч тооцоо гаргасан байдаг бөгөөд төлөх ёстой зээл нь 18,0 сая төгрөг байхад 11,0 сая төгрөг ирээдүйд олно гэж зээл олгосон нь баримтаар нотлогддог юм. Миний бие маш их хэмжээний хөрөнгө оруулалт буюу 300 орчим сая төгрөг энэ ресторанд зарцуулаад байгаа бөгөөд маш олон хүнийг цалинжуулж татвар, шимтгэл, нийгмийн даатгал төлдөг болно. Эцэст нь Х банкнаас болж миний бие нь эд хөрөнгө, сэтгэл санааны маш их дарамтанд ороод байна. Миний бие дээрх 455,0 сая төгрөг болон зээлийн хүүгийн хамт нэг дор төлөх ямар ч санхүүгийн боломж байхгүй тул банктай тодорхой хугацаанд тохирч дээрх зээлийг хүүгийн хамт цувуулж төлөх саналтай байна. Иймд дээрх 455,0 сая төгрөгийн зээл олгохдоо зээлийн журам болон банкны тухай хууль тогтоомж зөрчиж зээл олгосон тул анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж намайг тодорхой хугацаанд цувуулж төлөх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Б.Г, Д.О, “М х” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 773 171 005.50 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-4 дэх талууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар:

1. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Дорнод салбараас “Үл хөдлөх хөрөнгийн зээл”-ийн зориулалтаар тус салбартай  2012 оны 06 сарын 08-ны өдөр №12/62 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулж, 110,0 сая төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй /жилийн 20,4% /, 84 сарын хугацаатай авч, зээлдэгч нь уг зээлийн барьцаанд Дорнод аймаг, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60 дугаар байрны 01 тоот 53,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60 дугаар байрны 02 тоот 64,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан байна. Хариуцагч Б.Г нь 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 60 246 592.89 төгрөг, зээлийн хүү 3 010 209.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 178.25 төгрөг, нийт 63 261 980.14 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байна./хх-ийн 58-64 дэх талууд/

   2.  Хариуцагч Б.Г нь  нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Хэрлэн тооцооны төвөөс “Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, засвар хийх” зориулалтаар тус төвтэй 2016 оны 12 сарын 08-ны өдөр №ЗГ/RCC161207028-2 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулж, 75,0 сая төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй /жилийн 21,6% /, 83 сарын хугацаатай авч,  2016 оны 12 сарын 14-ний өдрийн №ЗБ/RCC161207028-2-1 дугаар бүхий “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 01 тоот 53,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2016 оны 12 сарын 14-ний өдрийн №ЗБ/RCC161207028-2 дугаар бүхий “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 02 тоот 64,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 2016 оны 12 сарын 15-ны өдрийн №ЗБ/RCC161207028-2-3 дугаар бүхий “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны зоорийн давхар 0 өрөөг тус тус барьцаалуулсан байна. Хариуцагч Б.Г нь 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 6 533 384.88 төгрөг, зээлийн хүү 37 021.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 404.01 төгрөг, нийт 6 577 840.40 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж дуусгасан байна. /хх-ийн 45-57, 106 дахь талууд/

   3. Хариуцагч Б.Г, Д.О нар нь “Х банк” ХХК-ийн Дорнод салбартай “Үйлчилгээний зориулалттай талбай худалдаж авах” зориулалтаар  2017 оны 12 сарын 04-ний өдөр №ЗГ/CC171201031-3 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулж, 455,0 сая төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй /жилийн 14,40% /, 84 сарын хугацаатай авч, 2017 оны 12 сарын 05-ны өдрийн №ЗБCC171201031-3-1 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 01 тоот 53,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 02 тоот 64,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн №ЗБ/CC171201031-3-3 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны  зоорийн давхарын 243,4 м.кв талбайтай 0 өрөөг, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн №ЗБ/CC171201031-3-4 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Сити центер, 6 давхар, 543 м.кв талбайтай 0 өрөөг тус тус барьцуулсан байна. Хариуцагч Б.Г, Д.О нар нь 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 454 999 048.46 төгрөг, зээлийн хүү 34 329 705.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 858.62 төгрөг, нийт 489 383 612.25 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс 1042 470.00 төгрөгийг төлсөн байна.  /хх-ийн 32-44, 110 дахь талууд/

   4. Хариуцагч Б.Г, Д.О нар нь “Х банк” ХХК-ийн Дорнод салбартай “Хөрөнгө оруулалтын зориулалттай” ашиглахаар 2017 оны 12 сарын 04-ний өдөр №ЗГ/CC171201031-4 дугаар бүхий “Зээлийн гэрээ” байгуулж, 195,0 сая төгрөгийг, сарын 1,5 хувийн хүүтэй /жилийн 18,0% /, 60 сарын хугацаатай авч, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн №ЗБ/CC171201031-4-1 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 01 тоот 53,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Дорнод аймаг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны 02 тоот 64,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, Хэрлэн сум 9 дүгээр баг, 60 дугаар байрны  зоорийн давхарын 243,4 м.кв талбайтай 0 өрөөг, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн №ЗБ/СС171201031-4-4 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, Сити центер, 6 давхар, 543 м.кв талбайтай 0 өрөөг тус тус барьцаалсан байна. Хариуцагч нар нь 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 194 999 820.80 төгрөг,  зээлийн хүү 18 852 875.82 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 48 406.09  төгрөг, нийт 213 901 102.71 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс 236808.00 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 24-31, 109 дэх талууд/

 Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Дорнод салбар болон хариуцагч Б.Г, Д.О нарын хооронд нийт 4 удаа зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нийт 4 удаагийн зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 4 удаагийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 773 124 505.50 төгрөг, бусад зардалд 46 500 төгрөг, нийт 773 171 005.50 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын 2016 оны 12 сарын 08-ны өдөр авсан 75,0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6 577 840.40 төгрөгийг бүрэн төлсөн, мөн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн №ЗГ/CC171201031-3 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ” байгуулж авсан 455,0 сая төгрөгийн зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс 1042 470 төгрөг,  мөн 2017 оны 12 сарын 04-ний өдөр №ЗГ/CC171201031-4 дугаар бүхий “Зээлийн гэрээ” байгуулж авсан 195,0 сая төгрөгийн зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс 236 808.00 төгрөгийг тус тус төлснийг  нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон одоо хариуцагч нар нь үлдэх 3 удаагийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт  765 313 917.1 төгрөгийг төлөөгүй байна. Энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч гомдол гаргаагүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж, мөн хариуцагч “М х” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч Б.Г нь “Х банк” нь Монгол банкнаас баталсан зээл олгох журам болон хууль дүрмийг маш ноцтой зөрчиж, хуурамч баримт бүрдүүлэн зээл олгосон 455,0 сая төгрөгийн зээлийг нэг дор төлөх санхүүгийн ямар ч боломж байхгүй тул тодорхой хугацаанд зээлийг хүүгийн хамт цувуулж төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч нарт зээл олгохдоо Монгол банкнаас баталсан зээл олгох журмыг зөрчсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойш биелүүлээгүй, гэрээний зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний үүргийг биелүүлэх, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах боломжгүй юм.

Харин хариуцагчийн зээлийн төлөлтийг тодорхой хугацаанд цувуулж төлөх талаар давж заалдах гомдол гарган тайлбарлаж байгааг хангах боломжгүй. Учир нь энэ нь талуудын хоорондын гэрээгээр зохицуулагдах асуудал бөгөөд давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 599 655.71 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 138/ШШ2019/00780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 599 655.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсн

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Л.НАРАНБАЯР

   ШҮҮГЧИД                            Ж.ДОЛГОРМАА

                                              З.ЭНХЦЭЦЭГ

  •