Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/02333

 

 

 

 

2024 06 10 181/ШШ2024/02333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,*******, Шарга овогт Энхбаатарын Гэрэлт-Од /РД:ЧС87090874/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******-д холбогдох,

 

Гар утсыг буцааж, үнэ 899,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг эзгүйд хуралдуулж, хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг үндэслэн, нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Энхбаатар овогтой Гэрэлт-Од Эхлэл" брендийг буюу үндэсний үйлдвэрлэлээ сонгож эхнэрийн дүү болох Чингэлтэй дүүргийн*******нд байрлах салбар дэлгүүрээс 2022 оны 11 дүгээр гарын 24-ний өдөр Modun С7 рго" загварын гар утсыг Pocket zеrо" үйлчилгээг нь ашиглан авч би өөрөө төлөлтийг хийж дуусгасан. Тухайн утсыг авснаас хойш үе үе цэнэг орохгүй, их халалт өгдөг, үйлдлийн системийн системийн хурд маш удаан байсан. Авсан цагаас сар гаруйн ч хугацаа болоогүй байхад цэнэгээ шахахаа больж удаа дараа баталгаат засварын газарт хандахаар ажлын цаг нь таарахгүй, эсхүл баталгаат засварын ажилтан нь байхгүй, хаяг байршлаа байн байн сольж байсан. Үүнээс хойш 2 дугаар сарын эхээр баталгаат засварын газарт нь утсаа сэлбэг дууссан байна, удахгүй ирэхээр нь таньтай холбогдоно оо..." гэж хэлээд 3 сар гаруй хугацаанд таг болсон. Дахин 5 дугаар сард засварын газарт очиход ...Өө энэ утас плат солих шаардлагатай байна, сэлбэг байхгүй байна, сэлбэг ирэхээр бид холбогдоно оо гэсэн. Юу гэсэн үг вэ. Ашиглаад 1 сар ч хүрээгүй утас бүхэл бүтэн плат солих ёстойг ойлгохгүй байна. Анхнаасаа доголдолтой бараа байсан гэж миний хувьд үзэж 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тухайн утсыг буцаах тухай гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Оффист нь очих болгонд бөөн бухимдсан, ууралсан хүмүүс дүүрэн байдаг. Иймд миний бие уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн худалдан авсан утас нь лацтай, шинэ утас байсан. Хэрвээ цэнэг орохгүй халах гэх мэт доголдол байсан бол бид 5 хоногт утсыг шинэ утсаар сольж өгдөг. Гэтэл хариуцагч нь утсаа авснаасаа хойш 3 сар орчмын дараа хандсан байна. Тэр хооронд ашиглалтаас үүссэн эвдрэл гэмтэл гарсан байхыг ч үгүйсгэхгүй. Хариуцагч нь утсаа засварлуулаагүй, буцааж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3-4/, худалдан авалт /Хх5/, итгэмжлэл /Хх30/-г гаргасан.

 

Хариуцагч талаас: итгэмжлэл /Хх8/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх9/, итгэмжлэл /Хх16/, компанийн дүрэм /хх17-21/, гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн фэйсбүүк чатаас , гэсэн фэйсбүүк хаягтай бичсэн чатад үзлэг /Хх43-45/ хийж бэхжүүлсэн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 11 дүгээр гарын 24-ний өдөр Modun С7 рго" загварын гар утас худалдан авсан боловч утсыг авснаас хойш үе үе цэнэг орохгүй, их халалт өгдөг, үйлдлийн систем маш удаан байсан. Авснаас сар гаруйн хугацаа ч болоогүй байхад цэнэгээ шахахаа больж удаа дараа баталгаат засварын газарт хандахаар ажлын цаг нь таарахгүй, эсхүл баталгаат засварын ажилтан нь байхгүй, хаяг байршлаа байн байн сольж байсан. Миний хувьд анхнаасаа доголдолтой бараа байсан гэж үзэж 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тухайн утсыг буцаах тухай гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагчийн худалдан авсан утас лацтай, шинэ утас байсан. Нэхэмжлэлд дурдаж байгаа доголдлууд үүсээд, авч ирсэн бол манай байгууллага утсыг сольж өгдөг, гэтэл утсыг авч ирж өгөөгүй, мөн анх чатаар хандахдаа 3 сарын дараа хандсан байдаг учир эвдрэл гэмтэл байгаа эсэх, ямар шалтгаанаар үүссэн зэргийг мэдэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Хэрэгт авагдсан талуудын фэйсбүүк чатны харилцан яриа болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, модун С7 про загварын утсыг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэн өгчээ.

-       Гэрээг байгуулснаас хойш 3 сарын дараа буюу 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Э.Гэрэлт-Од нь утсанд доголдол үүсч байгаа талаараа хариуцагчид мэдэгдэж, фэйсбүүк чат бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

5.    Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд талууд хэн аль нь тус бүтээгдэхүүнд баталгаа өгсөн талаар баримт гаргаж өгөөгүй тул хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлснээс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол Иргэний хуулийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагуудыг гаргах эрхтэй байна. Иймээс нэхэмжлэгч Э.Гэрэлт-Од нь эдгээр шаардлагуудын аль нэг шаардлагыг хариуцагч Эхлэл брэнд-д холбогдуулан гаргах эрхтэй.

 

6.    Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч Э.Гэрэлт-Од нь нэхэмжлэлийн шаардлага болох тухайн гар утас доголдолтой эсэх, энэ нь өөрийнх нь ашиглалтаас үүсээгүй доголдол мөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

7.    Иймд нэхэмжлэгч Э.Гэрэлт-Одын гар утсыг буцааж, үнэ 899,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Гэрэлт-Одын хариуцагч Эхлэл бренд ХХК-д холбогдуулан гаргасан гар утсыг буцааж, үнэ 899,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ