Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Цэлмэг |
Хэргийн индекс | 181/2023/03255/И |
Дугаар | 181/ШШ2024/02313 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/02313
2024 06 07 181/ШШ2024/02313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Боржигон овогт Болдбаатарын Ариунзаяа /РД:ЧТ83071561/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Зоригтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь хариуцагч Н.Зоригтын хүсэлтийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, *******,*******,,*******, тоотод байрлах, орон сууцыг барьцаалсан. Үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин 3.500.000 төгрөг нэмж зээлэхээр болж, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн юм. Хариуцагч Н.Зоригт нь дээрх 2 зээлийн гэрээний хугацаанд хүүг төлж байсан боловч үндсэн зээлийн төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Миний зүгээс хариуцагчид зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг шаардахад мөнгө байхгүй байна гэх шалтаг хэлсээр өдийг хүрлээ. 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус тус дууссан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.7 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч Н.Зоригт нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн алданги тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн /2023 оны 0. дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл/110 хоног болж байх ба нэг хоногийн алданги 50.000 төгрөг /50.000*110=5.500.000/ 5.500.000 төгрөг, 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн /2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл/102 хоног болж байх ба нэг хоногийн алданги 17.500 төгрөг /17.500*102=1.785.000/1.785.000 төгрөг тус тус болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "...Анз нь торгууль, алданги гэсэь төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж заажээ. Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг давсан байх тул хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн алдангийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний алданги 5.000.000 төгрөг, 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээний алдангийг 1.750.000 төгрөгөөр тооцох нэхэмжилж байна.
Иймд хариуцагч Н.3оригтоос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг буюу нийт 15.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг, алдангид 1.750.000 төгрөг буюу нийт 5.250.000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. Түүнчлэн хариуцагч Н.Зоригт нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
2. Хариуцагч Н.Зоригт шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх4/, зээлийн гэрээ /Хх5-6/, барьцааны гэрээ /Хх7-8/, зээлийн гэрээ /Хх9-10/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх11/, дансны хуулга /Хх12-13/-г гаргасан.
Хариуцагч тал нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
Хариуцагч Н.Зоригтод шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдэж, өмнөх хуралдаануудад оролцох эрхийг удаа дараа хангасан. Хариуцагч нь өөрийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр татгалзсан, мөн өмгөөлөгч нь энэ талаар утсаар мэдэгдсэн атал өөрөө шүүх хуралдаанд оролцохоор ирээгүй буюу тус өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н.Зоригттой 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 20,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч надад олгох, хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3. Хариуцагч Н.Зоригт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- , Н.Зоригт нар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд тус өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хувийн хүүтэй шилжүүлэхээр, зээлийн хугацааны эцэст зээлийг бэлнээр төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, мөн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 3,500,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд тус өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хувийн хүүтэй шилжүүлэхээр, зээлийн хугацааны эцэст зээлийг бэлнээр төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулжээ.
- Талууд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2203012386 дугаарт бүртгэлтэй, Мэргэд овгийн Зоригтын Ариунбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо,*******,*******, тоот, 74,5 мкв орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.
- Нэхэмжлэгч гийн голомт банкны 3105100962 болон 1705020260 дугаартай дансны хуулгаар 10,000,000 төгрөг, 3,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд мөнгөн хөрөнгийг хариуцагч тал хүлээн авсан эсэхэд маргаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
- Гэрээнд талууд гэрээний хугацаанд хүү 5 хувийг төлөхөөр тохирсон байна. Харин зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр гэрээнд тусгасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
5. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 14 долоо хоног 4 өдөр буюу 102 хоногийн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөр хугацаа нь дуусч, нийт 15 долоо хоног 5 өдөр буюу нийт 110 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
6. Хариуцагчийн төлөх нийт алдангийн хэмжээг тооцоход 10,000,000 төгрөгийн хоногт төлөх алданги 10,000,000*0,5% гээд 50,000 төгрөг үүнийг 110 хоногоор тооцоход 5,500,000 төгрөгийн, 3,500,000 төгрөгийн хоногийн алдангий 17,500 төгрөг үүнийг 102 хоногтоор тооцоход 1,785,000 төгрөг болно. Нийт алдангийн хэмжээ 7,285,000 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлж үндсэн төлөх төлбөр 10,000,000 төгрөгийн 50 хувиар бодож 5,000,000 төгрөгийн алданги, 3,500,000 төгрөгийн 50 хувиар бодож 1,750,000 төгрөгийн алданги нийт 6,750,000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 13,500,000 төгрөг алданги 6,750,000 төгрөг нийт 20,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна. Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
8. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо,*******,*******, тоот, 74,5 мкв орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Зоригтоос зээлийн гэрээний үүрэгт 20,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012386, 000973806 гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, олимпийн гудамж, 20 байр, тоот хаягт байршилтай, 74.50 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид 329,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ