Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/491

 

 

 

 

 

 

   2022              5            10                                        2022/ДШМ/491

 

 

   О.О-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.О-т холбогдох эрүүгийн 2008026561308 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О О, 1960 оны 2 дугаар сарын 19-ний өдөр .............. аймгийн .............. суманд төрсөн, .. настай, ............, бүрэн дунд боловсролтой, .................. мэргэжилтэй, ..........., ам бүл ганцаараа, ......................... дүүргийн ... дугаар хороо, ................... хотхоны .... дугаар байрны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./.

Шүүгдэгч О.О нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүн рүү шаазан аяга, варианы шил зэрэг эд зүйлсийг шидсэний улмаас П.О-ын эрүүл мэндэд “дух, баруун чамархайд зулгаралт, зүүн хацар, эрүүнд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч О.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.О-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн; амь хохирогч П.О-ын хар өнгийн өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн нэхмэл цамц 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, цустай бор өнгийн дэрний уутнаас 36х24см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг, бор шаргал өнгийн даавууг гудас хэсгээс 15х13см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг, шалан дээрээс цус мэт зүйлийг цагаан өнгийн хөвөнд шингээсэн зүйл, шоон хээтэй гудасны цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс авсан 15х25см хэмжээтэй хэсэг, обойн дээр бохирлогдсон 8x15см хэсгээс арчдас, шүүгээн дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон аяга 1 ширхэг, паарны доод хэсгээс хатсан цус мэт зүйл, тунгалаг шилний хэлтэрхий 3 см урттай цагаан өнгийн шаазангийн хэлтэрхий, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн синтепон материалтай дэрний дотор тал 2 хэсэг, паарны доод хэсэгт 6 ширхэг шилний хэлтэрхий, цэцгэн хээтэй ногоон өнгийн дэр, угаалгын машин дээр байсан цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг дэвсгэр даавуу, сэржим нэртэй архины шил, дотор гадна хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотроо хөзрүүд хийсэн цагаан өнгийн сав, цоохор сэнжтэй аяганы 5 хэсэг хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.147.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэмт хэргийг бурэн илрүүлэх, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж хуульчилсан.

Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн шууд ба шууд бус нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзсэний эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Хэргийн материалаас харахад, шүүхээс О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй юм. Учир нь:

2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр О.О нь хохирогчийн толгойн тус газарт нь аяга шидэж, толгойноос нь их хэмжээний цус гарсан талаар тухайн үед хамт байсан гэрч О.Б, Ч.Т нар мэдүүлдэг.

Гэрч А.Н“...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр би оройн 19 цаг 30 миунтаас ... кино үзэх санаатай сууж байсан ... гэнэт аймар өндрөөс нэг юм унаж байгаа ч юм уу, юм унаад хагарч байгаа шиг их чанга чимээ гарсан ... аймар өндрөөс юм унаж байгаа юм уу, хагарч байгаа юм шиг чимээ гарсаны маргааш буюу 9 дүгээр сарын 03-ны өдөр бол 2 тоот айлаас нэг ч чимээ гараагүй...” гэх мэдүүлгээс үзэхэд, О.О нь амь хохирогчийн толгойн тус газарт аяга шидсэн нь нотлогддог. Амь хохирогч аяганд оногдсоны улмаас их хэмжээний цус алдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл О.О нь амь хохирогчийг толгойдоо гэмтэл авч их хэмжээний цус алдсан байдалтай байсныг мэдсээр байж эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүйгээр цаг хугацаа алдсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагддаг.

Хэдийгээр О.О амь хохирогч П.О-ыг хаалга мөргөж унасан гэж мэдүүлдэг ч 2-р хх 28, 34 хуудсанд авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр “...уг орон сууцны талийгаач унасан байсан гэх чиглэл ... ямар нэг мохоо зүйлийг мөргөж унасан гэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” уг нотлох баримтаар О.О-ийн мэдүүлэг үгүйсгэгддэг.

Түүнчлэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “... цогцост 2 тал бөмбөлгийн дух зулай суурийн хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн талын чамархайн булчин, баруун зүүн чамархай дух зулай болон дагзны хуйханд цус хуралт тархины цусан хурааг авч тархи дарагдалыг чөлөөлсөн мэс ажилбар, ... дагз дух баруун чамайрхайд зулгаралт, зүүн хацар эрүүнд няцарсан шарх, зүүн хацар зовхины зөөлөн эдийн няцрал зүүн нүдний салст зүүн чамархай 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар эрүү, зүүн мөр, 2 бугалга, цээж, баруун мөр, шилбэ, гуя, зүүн суга, даланд цус хуралт зэрэг гэмтэл учирсныг мөн амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломж муутай, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь эсэргүүцэн тэмцэлдсэн үед үүсч болно гэж шинжээч тодорхойлж, түүний үхлийн шалтгааныг гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан хэмээн...” тогтоосон. Уг нөхцөл байдлаас үзэхэд, дээрх гэмтлүүд нь О.О-ийн үйлдлийн улмаас учирсан, эдгээр гэмтлийн улмаас амь хохирогч нас барсан ба амь хохирогч руу аяга шидсэн гэмт үйлдэл хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн шинжээч эмч С.Чулуунсүх 2-р хх 81-83 хуудсанд “...талийгаач Оын биед учирсан гэмтлүүдээс нүүр, толгой хэсэгт учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаан буюу гавал тархины гэмтэлд нөлөөлсөн гэмтлүүд байх боломжтой...” гэж, мөн 2-р хх 85 хуудсанд “...духны урд хэсгийн хар хүрэн өнгийн зулгаралт баруун чамархайн зулгаралт ... шалан дээр унах үед үүсэх боломж муутай байна. Яагаад гэвэл зулгаралтын байрлалаас харахад ар хэсгээр унах үед үүсэх боломжгүй юм. ...” гэж мэдүүлсээр байтал шүүхээс дүгнэлт хийхдээ дээрх нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан зарим нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Түүнчлэн энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Т нь 1-р хх 66 хуудсанд талд “...миний мэдэхээр О 2 удаа гэртээ ухаан алдаж унаж байсан ухаан алдахаараа ямар нэгэн таталт байхгүй чив чимээгүй болчихдог бөгөөд явж байгаад явган суугаад хэвтээд өгдөг бөгөөд заримдаа сууж байдаг...” гэж мэдүүлжээ. Гэтэл 2-р хх 66-67 хуудсанд мөн гэрчээр мэдүүлэхдээ “...гэнэт унаж татдаг арагшаа унадаг зүйл байгаагүй ээ, миний нүдэн дээр тийм зүйл болж байгаагүй худлаа хэлээд яахав...” гэж илт худал мэдүүлгүүд өгч энэ хэрэгт анхнаасаа өөр ашиг сонирхолтой хандсан байдаг. Түүний энэ байдал нь ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

2-р хх 50 хуудсанд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын 4 дүгээр хуудсанд “...талийгаач П.О-ын амь нас хохирсон үхлийн шалтгаан буюу гавал тархины битүү гэмтэл нь яллагдагч О.О-ийн согтуугаар шаазан аяга, варианы шил зэрэг эд зүйлсийг шидэж, талийгаачийн толгой, нүүр хэсэгт оносоны улмаас үүссэн, талийгаачийн үхэлд хүргэх дээрх гэмтэлтэй шалтгаант холбоотой байна гэж прокуророос дүгнэсэн болно...” гэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Тодруулбал, прокурор О.О-ийн үйлдэлд дээрх байдлаар дүгнэлт хийсэн байсан атлаа ямар нотлох баримтыг үндэслэн ял өөрчлөн сонгосон болох нь эргэлзээтэй байгаа юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан О.О-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан. Энэхүү дүгнэлтээр хэргийн нөхцөл байдлыг эцэслэн тодруулах зорилгоор дахин шинжээчийг томилсон. Уг дүгнэлтээр эхний мөрдөн шалгах ажиллагааны 1 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг бататгасан байдаг. Гол нь гавал тархины битүү гэмтэл нь аль ч тохиолдолд үүснэ гэсэн дахин шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн үйл баримтын хувьд 2021 оны 9 дүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд талийгаач П.О нь хамтран амьдрагч О.О болон түүний дүү нар болох Т, Б нартай 3 өдрийн турш согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой 19 цагийн үед О.О нь талийгаач П.О-тай маргалдаж, 1 удаа аяга шидсэн. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад варианы шил, аяганууд болон шилэн шаазан эдлэлүүдийг шидсэн үйл баримт тогтоогдсон. Үүнийг хэргийн газар хамт байсан гэрч Т, Б нар  мэдүүлдэг. Мөн хөрш айлын 1 тоотын гэрч Номин удаа дараагийн мэдүүлгээрээ мэдүүлдэг. 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө 6 цагийн үед талийгаач П.О нь юм мөргөж унасан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог ба пид хийх чимээ гарсан гэдгийг хөндлөнгийн гэрч буюу хөрш айлын гэрч мэдүүлдэг. Хэргийн газар хамт байсан гэрч Т, Б нарын 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн анх өгсөн мэдүүлэг байдаг. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Т, Б нарын мэдүүлгийг үнэн зөв болохыг шалгах зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Уг мэдүүлгүүд нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа буюу гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар тогтоогддог. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавтаст хэргээс харахад, бор өнгийн модон хаалга тухайн гэрт байдаг. Тэр нь ариун цэврийн өрөөний хаалга байдаг. Т, Б нарын хувьд өглөө 6 цагийн үед хаалга мөргөж унахад О.О босож ирээгүй байсан. О.О нь тэргэнцэртэй суумгай хүн байдаг ба нэг хэвтэхээрээ босож чаддаггүй, нэг суухаараа тэргэнцэртэйгээ явдаг хүн байдаг. “...талийгаач П.О нь өглөө хаалга мөргөж унасан, 5 орчим минут чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би Т, Б нарт П.О-ыг аваачээ. ...” гэж хэлсэн гэж О.О мэдүүлдэг. Тэрхүү мэдүүлэг нь Т, Б нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Б тухайн үед боссон. Босоход талийгаач П.О нь ухаан орсон байдалтай байсан. Түрүүлгээ хараад хаалга хэсэг рүү хөлөө харуулсан, хаалганы эсрэг тал руу толгой нь түрүүлгээ харчихсан байрлалтай хэвтэж байсан гэдгийг гэрэл зургийн үзүүлэлтээр шалгах явцад тодорхой хэлж байсан. Хэргийн газарт байсан гэрчүүд болох Т, Б нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. О.О-ийг хүн амины эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдал тогтоох, хэргийн нотолбол зохих байдал, цагаатгах, яллах талын бүхий л нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлөөр нууц мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Үүнтэй холбоотой магадлагаа гарсан. Тухайн хэргийн яллагдагч О.О, гэрч Т, Б нарын тээврийн хэрэгсэлд хяналт тогтоох байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч уг мөрдөн шалгах ажиллагаагаар эцэст нь дүгнэхэд, эдгээр 4 хүн нь 3 өдөр архидан согтуурч, хэн нь ч ямар үйлдэл хийсэн болохоо санадаггүй. Хэргийн үйл баримтыг тал талаас нь дүгнэж үзвэл хэрэгт 2 үйл баримт тогтоогдож байгаа. О.О нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүн рүү шаазан аяга, варианы шил зэрэг эд зүйлсийг шидсэний улмаас П.О-ын эрүүл мэндэд “дух, баруун чамархайд зулгаралт, зүүн хацар, эрүүнд няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан. Энэ нь шинжээч эмчийн дүгнэлтээр амьд байх цаг хугацаанд үйлдэгдсэн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэдгийг нотолсон. Талийгаач П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ариун цэврийн өрөөний хаалгыг мөргөж шалан дээр унасан гэх үйл баримт тогтоогдож байгаа.  2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өглөө 6 цагийн үед ариун цэврийн өрөөний хаалга мөргөж шалан дээр ар дагзаараа савж унасан үйл баримтыг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Шинжээч эмчийн удаа дараагийн мэдүүлэг, дахин шинжээчийн дүгнэлт зэргээр 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өглөө 6 цагийн үед талийгаач П.О нь ариун цэврийн өрөөний модон хаалга мөргөж, ар дагзаараа унаснаас болж гавал тархины битүү гэмтэл үүсэх боломжтой гэх дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээс үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх шаардлага прокурорт гарсан. Эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн нь сүүлд өгсөн шинжээчийн дүгнэлтээр гарч, прокурорын тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт прокуророос үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэж заасан. Энэхүү заалтыг прокуророос баримталж, хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, О.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэ хэрэгт анх 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Цагдаагийн байгууллагад Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс дуудлага ирсэн байдаг. Талийгаач П.О нь эмнэлэгт шокын байдалтай ирсэн талаарх эмчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэргийн газарт 3 удаа нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. Хэргийн газарт гэрээр дүүрэн будагдсан цуснууд нь шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаач П.О-ын цус болох нь тогтоогдсон. Өөр хүний цус илрээгүй гэж дүгнэсэн. Гэрч Т, Б нарыг тус тусад нь байлгаж байгаад анх авсан мэдүүлгийг гол нотлох баримтаа болгосон. Энэ хэрэгт 2 эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэлээр яллагдагчид ашигтайгаар зүйлчилж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд таамаг төдий зүйлээр гомдол гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, О.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.О-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүн рүү шаазан аяга, варианы шил зэрэг эд зүйлсийг шидсэний улмаас П.О-ын эрүүл мэндэд “дух, баруун чамархайд зулгаралт, зүүн хацар, эрүүнд няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт

хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4-5/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 26-31/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 32-40/,

мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай прокурорын 145 дугаар тогтоол /1-р хх 43-44/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн “...О гэдэг эмэгтэй хүнтэй 7-8 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн. Отэй албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. ... сүүлд 2020 оны 01 дүгээр сард талийгаачийг сүрьеэ өвчин туссан гэдгийг мэдсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн. Манай дүү 1997-1998 оноос эхлэн архи ууж эхэлсэн. ... О нэг эмэгтэй хүнтэй ирэхдээ согтуу байсан бөгөөд би юу болсон талаар асуухад О хэлэхдээ дүүг чинь түргэн дуудаад эмнэлэг рүү явуулсан шүү гэсэн бөгөөд яагаад эмнэлэгт очсон талаар асуухад, талийгаачийг сүүлийн үед ухаан алдаж унаад байдаг болсон. Тэгээд шөнө ариун цэврийн өрөөний хаалга мөргөсөн байна лээ гэж хэлсэн бөгөөд өөр зүйл хэлээгүй...” /1-р хх 51-52/,

гэрч Ч.Т-ын “...О.О, П.О, Б бид нар 2020 оны 7 дугаар сараас хойш тэтгэврийн мөнгө болон Оын гэрийн зурагт, гар утсыг ломбарданд барьцаанд тавьж өдөр болгон шахуу архи уусан. ... 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед О нь О руу ширээн дээр байсан дунд зэргийн хэмжээтэй бор шаргал өнгийн бөөрөнхий цайны аяга шидээд толгой хэсэгт нь онох шиг болсон. Би согтуу байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө босоход Оийн шидсэн аяга хагарчихсан шалан дээр байсан ба бас сэнжтэй бор шаргал аяга хагарсан байсныг би цэвэрлэж хогийн саванд хийсэн...” /1-р хх 65-66/,

гэрч Ч.Т-ын дахин өгсөн “...О нь О руу аяга шидэх үед ... би Бтай тагтан дээр орондоо орсон байсан. Тагтны хаалга нээлттэй би хэвтэж байхдаа аяга шидэхийг харсан. Аяга шидэх үед О.О орон дээр хэвтэж байсан. Талийгаач О зурагтын урд босоо зогсож байсан, би аяга хаана туссаныг хараагүй бөгөөд ор зурагт хоёр хоорондоо 3-4 метр юм ... цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар шөнийн 1-2 цаг болж байсан байх...” /1-р хх 68/,

гэрч О.Бы “...тэгээд нэмж архи уугаагүй унтах гэж байтал О эгч нөхөр болох Отай муудалцаад хөөж туугаад О ах руу ширээн дээр байсан шаазан аяга шидээд толгойг нь оночихсон. Толгойн орой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би О ахад ус хийж өгөөд О ах толгойгоо өөрөө угааж цусаа тогтоочихоод ... газарт дэвсэж өгсөн гудсан дээр хэвтээд унтсан. О эгч орон дээрээ унтаад, өглөө босоод харахад О ахын нүүр нь тэр чигтээ хавдчихсан байсан. Тэгээд бид 4 дэлгүүрээс 0.33 литрийн “Хараа” архи 1 шилийг аваад хувааж уусан. ...О нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой манай эгч Отэй бага зэрэг муудалцсан бөгөөд өөр хүнтэй огт муудалцсан зүйл байхгүй...” /1-р хх 70-71/,

гэрч О.Бы дахин өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байхаа Т, талийгаач О, О эгч бид 4 хамтдаа “Сэржим” нэртэй 0.75 литрийн архи 3 шилийг авч уусан. Тэгэхэд О эгчийнх гэрлийн мөнгө өгөөгүй гээд тогоо таслуулсан байсан. Гадаа нэлээн харанхуй болж байх үед яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. О эгч От хандаж “чи одоо наад бие хаа чинь муу сүрьеэтэй байж эгч дээрээ оч” гэж хэлсэн. Тэгсэн чинь О “би мэдэж байна аа дуугүй бай” гэхэд ... Оюунаа эгч “битгий хуцаад бай чи” гээд цагаан өнгийн шаазан аяга аваад шидсэн чинь Оын яг духны голын дээд хэсэгт оноод толгой нь хагараад нэлээд их цус гарсан. Би хөнжлийн даавуугаар толгойг нь ороосон... тухайн үед Т бас согтуу тагтан дээр хаалганы наана сууж байсан байх... Т бид хоёр 2020 оны 7 дугаар сараас эхлэн О эгчийнд хамт амьдарсан. ...бид дөрөв 2021 оны 9 дүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд архи ууцгаасан. От О эгчийг аяга шидэхээс өмнө ямар нэг гэмтэл учирсан зүйл байгаагүй... тэр аяга шидэж духанд нь оносноос хойш цус их гарсан, ядаж байхад тог нь байхгүй гэрэлгүй байсан болохоор харанхуйд сайн анзаарч хараагүй... ямар ч байсан тэр шаазан аяга нь духан дээр нь оноод л газар унаад хагарсан...” /2-р хх 54-55/,

гэрч А.Номингийн “...Би “Титэм” хотхоны 106 байрны 01 тоотод нөхөр, хоёр хүүхдийн хамт 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн амьдарч байгаа юм. Би 02 тоот хаалганд ямар хүмүүс амьдардаг талаар мэдэхгүй. ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой 12 цаг өнгөрч байх үед би нөхөртэйгөө утсаар ярих гээд тагтан дээрээ гарч ирэх үед 02 тоотод хүмүүс муудалцах чимээ сонссон. Манай тагт 2 тоотын тагтгай зэргэлдээ байдаг. Тэр үед хүмүүсийн хоорондоо хэрэлдэж байгаа нь манай тагтан дээр сонсогдож байсан. Уг хүмүүсийн хэрэлдэхийг сонсож байхад 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн лав байсан. Би хэдүүлээ гэдгийг нь мэдээгүй, намайг тагтан дээр гарахын өмнө 2 номерт аяга хагарах чимээ гарч байсан юм. Намайг тагтан дээр нөхөртэйгөө утсаар ярих үед 2 эмэгтэй нь хоорондоо хэрэлдэж байсан бөгөөд нэг эмэгтэй нь нөгөө эмэгтэйдээ хандаж чи манайхаас зайл, гар яв гээд байсан. Харин нөгөө эмэгтэй нь би танайхаас явж чадахгүй дууддаг хүнээ дуудаач утас чинь хаана байна гээд байсан. Тэр үед нэг эрэгтэй та нар одоо хэрэлдэхээ болиоч яагаад хэрэлдээд байгаа юм гэж хэлж байсан. ...Тэр өдрөө өөр чимээ гараагүй. ...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 19 цаг 30 минутын үед 2 тоот байр буюу манай байрны баруун талын ханан дээр олон аяга шидээд хагалж байгаа юм шиг их чанга чимээ гарсан. Би бүр хаалгаа онгойлгоод харахад орцонд ямар нэгэн чимээ гарсан юм байхгүй байсан. ...хүмүүс орилолдох чимээ би дуулаагүй, аяга, таваг том зүйл хагарч байгаа юм шиг их чанга чимээ гарсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх 77-79, 80-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1835 дугаартай “...амь хохирогч П.О-ын цогцост 2 тал бөмбөлгийн дух, зулай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн талын чамархайн булчин, баруун, зүүн чамархай, дух, зулай болон дагзны хуйханд цус хуралт, тархины цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбар ... дагз, дух, баруун чамархайд зулгаралт, зүүн хацар, эрүүнд няцарсан шарх, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн чамархай, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн мөр, 2 бугалга, цээж, баруун мөр, шилбэ, гуя, зүүн суга, даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 105-117/,

Шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүүн хацар, эрүүний өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шаазан аяганд оногдож хагарсан хэлтэрхийгээр зүсэгдэх үед нэгэн зэрэг үүссэн байх боломжгой байна. Бусад гэмтлүүд нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр зэрэг үүссэн байх боломжгүй...” /2-р хх 81-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 655 дугаартай “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1835 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /2-р хх 185-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 4946 дугаартай “...Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн хувин, цагаан өнгийн хуванцар үнсний сав, мезимфорте гэсэн эмийн саванд хийсэн мараль, витагрип гэсэн эмийн саванд хийсэн шар өнгийн обойн хэсэг, линекс гэсэн эмийн саванд хийсэн аяганы хагархай, миг гэсэн эмийн саванд хийсэн мараль, аяганы хагархай,... зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов...” гэх дүгнэлт /1-р хх 143-147/,

талийгаач П.О-ын ХӨСҮТ-ийн хяналтанд байдаг талаарх 487 дугаартай өвчний түүх, эмнэлгийн холбогдолтой баримтууд /1-р хх 87-100/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн нөхцөл байдалд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс “...Хэргийн зүйлчлэл буруу, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин гаргуулах шаардлагатай, гэрч худал мэдүүлэг өгсөн. Иймд дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1835 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...амь хохирогчид хийсэн задлан шинжилгээгээр баруун уушгины тархмал сүрьеэ, элэгний идэвхжилт үрэвсэл архаг өвчин тогтоогдлоо. ...” гэжээ. ... шүүгдэгч О.О-ийн аяга, варианы шил шидэж гэмтэл учруулсан үйлдэл нь амь хохирогчийн үхлийн шалтгаантай холбоогүй талаар өгсөн тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжээчийн мэдүүлэг үндэслэлтэй байх бөгөөд мөн гэрч Ч.Т нь “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өөр, өөр мэдүүлгүүд өгдөг боловч...” хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр О.О-ийн гэмт үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байх тул “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

                                               ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ