| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/04907/И |
| Дугаар | 181/ШШ2024/02166 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/02166
| 2024 05 27 | 181/ШШ2024/02166 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,/-т холбогдох,
Өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Пүрэвсүрэн миний бие нь миний хүү болох Э.Мөнхтавилангийн хамт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Тамиртай орон сууцны захиалгын гэрээ байгуулж, , тоот хаяг бүхий нутаг дэвсгэрт 1534,8 мкв талбайтай 80% хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд 3 давхарын 10 тоот гэж заасан 33,42 мкв нэг өрөө орон сууц худалдан авсан. Гэрээ хийсэн өдрөө орон сууцны төлбөр болох 42,875,000 төгрөгийг бүрэн буюу 100% төлсөн. Уг барилгыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтад оруулж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний өмчид шилжүүлж өгөх гэрээ хийс эн. Гэвч өнөөдрийг хүртэл бидний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байна. Энэ нь гэрээний 1.1,1.2, 3.2, 3.4 заалтуудыг зөрчиж байна. Гэрээний 3.2 дугаар заалтад тухайн үед тус барилга Сонк ББСБ-д барьцаанд байгаа ба хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн саналыг бид зөвшөөрч гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Түүнээс гадна бидэнд мэдэгдэлгүй тус орон сууцыг өнөөдрийн байдлаар үргэлжпүүлэн ХААН банкинд барьцаанд өгсөн байна. Энэхүү үйлдэл нь хууль бус учир иргэн Э.Пүрэвсүрэн болон миний хүү болох Э.Мөнхтавилан нарыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлбийн /14020/ 9-р хэсэг гудамд байрлах орон сууцны 10 тоотын 33.42 мкв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Иргэн Э.Пүрэвсүрэн миний бие нь анх 2023 оны 10 сарын 18-ны өдөх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Сэлбийн /14020/, 9-р хэсэгт байрлах орон сууцны 10 тоотын 33.42 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал болох иргэн Д.Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хурал болж дууссаны дараа орон сууцны захиалгын төлбөр болох 42,875,000 төгрөгийг буцаан авах тал дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд миний бие 2023 оны 10 сарын 18-ны өдөр анх гаргаж байсан өмчлөх эрх үүссэн тухайгаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрчлөн орон сууцны захиалгын төлбөр болох 42,875,000 төгрөгийг буцаан нийлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Э.Пүрэвсүрэн, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
1. Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 42,850,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2024.06.15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн хаан банкны 5058134769 дугаарын данс руу шилжүүлэхээр тохиролцов.
2. Нэхэмжлэгч нь *******, 20 дугаар хороо, 1-р хэсэг, сэлх 195 хаягт байрлах 959-р байрны 10 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 42,850,000 төгрөг хүлээн авахыг зөвшөөрсөн болно.
3. Талууд цаашид энэ талаар дахин маргалдахгүй бөгөөд эцсийн шийдвэр болно.
4. Нэхэмжлэгч нь мөнгөө бүрэн авсны дараа орон сууцаа чөлөөлж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Пүрэвсүрэн нь Д.Тамирт холбогдуулан орон сууцны захиалгын төлбөр болох 42,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны захиалгын төлбөр болох 42,875,000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, хариуцагч Д.Тамир нь нэхэмжлэгчид орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 42,850,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2024.06.15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн хаан банкны 5058134769 дугаарын данс руу шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь мөнгөө бүрэн авсны дараа орон сууцаа чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцжээ.
Ийнхүү талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Пүрэвсүрэн нь Д.Тамирт холбогдуулан орон сууцны захиалгын төлбөр болох 42,875,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Тамир нь нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 42,850,000 төгрөгийг 2024.06.15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн хаан банкны 5058134769 дугаарын данс руу шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь мөнгөө бүрэн авсны дараа орон сууцаа чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 372,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тамираас 302,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ