Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02165

 

 

 

 

2024 05 27 181/ШШ2024/02165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох,

 

1,415,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай Шинэ Хангай Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2018 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх 18/098 дугаартай гэрчилгээг дүүргийн Засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХ-ны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийж зүлэг мод тарих, хүүхдийн тоглоом талбай засварлах, орцны гоёлын заслын ажил, сантехникиин засвар үйлчилгээ, зогсоолын хаалт хийлгэх, жил бүрийн дулааны шугамын урсгал засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн. Гэвч Шинэ Хангай Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд, аж ахуйн нэгж байсаар байгаа болно.

Хариуцагч Э.Нэргүйцэцэг нь 514 байр 27 тоотод амьдардаг бөгөөд 2017 оны 12 дугаар сараас эхлэн 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрийг төлөлгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд удаа дараа төлбөр төлөхийг шаардаж Шаардах хуудас, Албан мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Манай Шинэ Хангай СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн удирдах зөвлөлийн тогтоол гарч 2017 оны 12-р сард 20,641 төгрөг, 2018 оны 1 сараас эхлэн 2019 оны 7 сарыг дуустал 22141 төгрөг, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал 22,242 төгрөг, 2021 оны 1, 2 саруудад 15,442 төгрөг 2021 оны 03-12 сарыг дуустал 19442 төгрөг, 2022 оны 01 сараас 2023 оны 3 сарыг дуустал сар бүр 24366 төгрөг тус тус авахаар тогтоосон болно.

Хуулийн үндэслэл:

1.1. Монгол Улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 -т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.

1.2. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-т Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

1.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хорөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн.

Хариуцагч Э.Нэргүйцэцэгээс 2017 оны 12 дугаар сараас эхлэн 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,415,232 /нэг сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртгэлх төлбөр болох 242,051 төгрөгөөр багасгаж, нийт 1,173,181 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

2. Хариуцагч Э.Нэргүйцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.Нэргүйцэцэг надад Шинэ хангай СӨХ-с хамаатуулан гаргасан нэхэмжлэл нь хууль тогтоомж, гэрээний эрх зүйн ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1. Хангай хотхон 2016 онд ашиглалтад орж бид нүүж орсноос хойш хэн, хэзээ, хэрхэн байгуулсан нь үл мэдэгдэх Хангай хотхон СӨХ гэх субентын дарга Ундармаатай иргэн миний бие харилцаж, үүрэг хүлээх зохицуулалттай гэрээ байгуулсан. Байр тогтсон үйлчлэгчгүй тул цэвэрлэгээ үйлчилгээ тааруухан, орцны эд зүйлс, шилэн хаалга хагарах, хаалга үүдний бариул эвдрэх зэрэг зөрчил удаа дараа байсныг тухайн СӨХ-д хандаж, дуудаж үзүүлж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй. Гэвч би төлбөрөө төлсөөр л байсан. Гэтэл өмнөх зөрчилд арга хэмжээ аваагүй байтал хаалганы дуранг ухаад авсан байсан. /бараг бүгд/ хаалга дурангүй болсон. Ингээд дахиад л СӨХ-д хандсан. Шийдвэр гаргах эрх бүхий хүн нь олдохгүй байцаагч гэх эмэгтэй арга хэмжээ аваагүй ба түүнийг илрүүлэх камер ч үгүй тул төлбөрөө төлөхгүй гэдгээ хэлж, зөрчлийг арилгасан тохиолдолд /хаалганы бариул, дуран/ төлнө гэсэн. Ер нь СӨХ гэдэг нь дүрэм журмаараа хуралдаж, бүтэц бүрэлдэхүүн нь тодорхой үйл ажиллагаа нь тогтвортой, үүрэг хариуцлагатай байх болов уу гэж боддог.

2.2. Өнөөдөр надаас төлбөр нэхэмжилж буй Шинэ хангай СӨХ-ыг хэзээ, хэн, хэрхэн байгуулсныг би мэдэхгүй. Би тус СӨХ-той эрх зүйн болон гэрээний ямар нэгэн харилцаа үүсгээгүй ба харилцан үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн үйлчилгээ шаардаж байгаагүй, гэрээ хийгээгүй болно. Иймд тэдний зүй бус шаардлага нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус орон сууцны өмчлөгч эзэн нь ТОСК бөгөөд бид түрээсээр оршин суудаг. СӨХ-ийн төлбөрийг ТОСК хариуцан төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Бид нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ-тэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд бүх нийтийн хурал огт хуралдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3-4/, гэрчилгээний хуулбар /Хх5/, Шинэ хангай СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтооол /Хх6-9/, төлөх төлбөрийн дүн /Хх10-11/, итгэмжлэл /Хх12, 25/, Шинэ хангай СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтооол /Хх26-29/, албан бичиг /Хх39/, Шинэ хангай СӨХ-ны зөвлөлийн хурлын тэмдэглэл /Хх43-44/, дээд шүүхийн тогтоол /Хх56-60/, оршин суугчдын хурлын тэмдэглэл /Хх61-64/-ийг гаргасан.

 

Хариуцагч талаас нотлох баримтаар: 2021.02.19-ний өдрийн үзлэг шалгалтын талаарх дүгнэлт /Хх40-42/, оршин суугчтай хамтран ажиллах гэрээ /Хх45-46/, итгэмжлэл /Хх47/-г гаргасан.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Нэргүйцэцэг нь 514 байр 27 тоотод амьдардаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрийг төлөлгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Э.Нэргүйцэцэгээс 1,173,181 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Тус орон сууцны өмчлөгч нь ТОСК бөгөөд хариуцагч нь түрээсээр тус байранд оршин суудаг. СӨХ-ийн төлбөрийг ТОСК хариуцан төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ-тэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, бүх нийтийн хурлыг хуралдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.    Хариуцагч нь Шинэ хангай СӨХ-тэй гэрээ байгуулаагүй, бүх нийтийн хурлыг хуралдуулаагүй бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг орон сууцны өмчлөгч ТОСК төлөх үүрэгтэй, хариуцагч төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Шинэ хангай СӨХ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр Сүхбаатар дүүргийн*******ны 513-518 дугаар байрны оршин суугчдын байгуулсан 18/098 дугаартай гэрчилгээг авчээ.

-       Шинэ хангай СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ томилж, гүйцэтгэх захирлаар У.Самданнямыг томилсон байна.

-       Шинэ хангай СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаартай тогтоол болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор СӨХ-ийн төлбөрийг нэг бүрчлэн баталсан байх бөгөөд талууд СӨХ-ийн төлбөрийн задаргаанд маргаагүй.

-       Сүхбаатар дүүргийн 11-р хороо,*******ны 27 тоот Э.Нэргүйцэцэг нь 2017 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл СӨХ-ийн төлбөр төлөөгүй болох нь хариуцагчийн програмаас гаргасан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

-       Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2023/00232 дугаартай тогтоолоор Ч.Амарсайханы Шинэ хангай СӨХ-ийн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг дээд шүүх нь хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Иймээс Шинэ хангай СӨХ-ийг хуулийн дагуу байгуулагдаж, бүх нийтийн хурлаа хуралдуулж, үйл ажиллагаагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар тус СӨХ-д харъяалагдах*******ны оршин суугчид энэ СӨХ-д төлбөрөө төлөх үүрэгтэй байна.

-       *******, 11-р хороо, Хангай хотхоны 513,*******ны нийт оршин суугчдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэлээр хурлын ирцийг бүртгэлтэй 143 айл өрхөөс 53 гишүүн биеэр ирж, 27 гишүүн бичгээр саналаа ирүүлсэн, нийт 80 гишүүн 55,94%-ийн ирцтэй тул хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн талаар баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тус хурал нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн бүх нийтийн хурлыг хуралдуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6.          Хариуцагч СӨХ-ийн төлбөрийг ТОСК төлөхөөр гэрээ байгуулсан, манайх төлөхгүй гэж тайлбарладаг боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул татгалзал үндэслэлгүй байна.

 

7.          Иймд нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу хариуцагч Э.Нэргүйцэцэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхтэй.

 

8.          Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар заасан. Нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ нь хариуцагч Э.Нэргүйцэцэгт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өмнө хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлтийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилж байсан талаар баримтыг ирүүлээгүй тул шүүх 2020 оны 06 дугаар сараас өмнөх хугацааны буюу 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 667,831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9.          Иймд хариуцагч Э.Нэргүйцэцэгээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд нийт 505,350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 667,831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.       Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Э.Нэргүйцэцэгээс 505,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 667,831 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нэргүйцэцэгээс 15,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шинэ хангай СӨХ-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ