Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 00278

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл ,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгий 201722000091 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Б.Бямбадалайтай маргалдаж түүний биед нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд иргэн Б.Бямбадалайтай маргалдаж түүний биед нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Бямбадалай бид хоёр архи ууж байгаад маргалдаад барилцаж аваад Бямбадалай миний цээж, толгой руу нэг нэг удаа цохисон. Би зөрүүлээд уруул руу нь гараараа нэг удаа цохисон. Маргааш нь Бямбадалайтай уулзахад урд талын нэг шүд нь унасан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бямбадалай мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б гарч ирээд та хоёр айлд юу юу яриад байла хоёр пизда вэ гэхээр нь би Б мөрөн дээрээс нь бариад авсан чинь Б намайг шууд мөргөөд авсан. Тэгээд миний үүдэн шүд унасан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч П.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбадалай бид хоёр Ядам гэх айлаас гараад зогсож байтал араас Б гарч ирээд та хоёр юу яриад байгаа юм бэ гээд Бямбадалайтай маргалдсан. Бямбадалай Б цохиод авсан тэгтэл Б зөрүүлээд нүүрлүү нь цохьсон. Тэгтэл Бямбадалай шүд уначихлаа гээд байсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Мөнх-Очирын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Б орон даяар эрэн сурвалжилж байгаа талаар 2 сард мэдсэн. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сумын төвд ээжийнхээ гэрт байгаа талаар мэдээд очиж барьж авсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-57 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 118 тоот

1. Б.Бямбадалайн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Бямбадалайн биед нэг шүдний булгарал бүхий  гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт 5% нөлөөлнө.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги бага хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бямбадалай нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 58 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000091 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Бямбадалай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шарнууд  БХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн  201722000091 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР