Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0856

 

2022       12           19                                   128/ШШ2022/0856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: "Па*******нд" ХХК /Регистрийн дугаар: 2******9/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ба****х

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Ба*****а /Шүүхэд төлөөлөх бүрэн эрхийн дугаар №0***1/

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Да******а, Э.Зо*****о, Ц.То*****а

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ба****х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ба*****а, хариуцагч Р.Цэ******р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Да******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарт холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн НА-23210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 тоот нөхөн ногдуулалтын актад “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1.1, 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 280,134,496.95 төгрөгийн нөхөн татвар, 85,434,593.07 төгрөгийн торгууль, 55,252,396.85 төгрөгийн алданги, нийт  420,821,486.87 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов. Акт гардуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор нэхэмжлэхийн дагуу төлж барагдуулахыг "Па*******нд" ХХК-д даалгасугай” гэжээ.

3. Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан байна.

4. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар “"Па*******нд" ХХК-ийн гомдлын тухай” тогтоолд “...Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 28 дугаар зүйл, 29 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн  79.1, 79.4.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.9, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.5, 47.14, 47.17 гэж заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн НА-26210000157 дугаар нөхөн ногдуулалтын актаар 7,263,718,814.27 төгрөгийн зөрчилд 280,134,496.95 төгрөгийн нөхөн татвар, 85,434,593.07 төгрөгийн торгууль, 55,252,396.85 төгрөгийн алданги, нийт 420,821,486.87 төгрөгийн төлбөр ногдуулсныг хэвээр үлдээсүгэй” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Га*****т 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай:

Нэхэмжлэл гаргагч "Па*******нд" ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн НА-26210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.1 дэх хэсэгт зааснаар харьяаллын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл "Па*******нд" ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдөр хэлэлцэн нөхөн ногдуулалтын НА-26210000157 актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг татвар төлөгч 2022 оны 5 сарын 20-ны өдөр гардан авсан. Дээр дурдсан татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн утга: "Па*******нд" ХХК-ийн 2017 оны 01-р дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12-р дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар шалгасан гээд 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын акт үйлдэж шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч "Па*******нд" ХХК гардаж авсан. Нехен ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.1.9.1.2, 11.19.4. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 280,134,496.95 төгрөгийн нөхөн татвар, 85,434,593.07 төгрөгийн торгууль, 55,252,396 85 төгрөгийн алданги, нийт 420,821,486.87 төгрөгийн төлбөр төлүүлэхээр хариуцлага хүлээлгэсэн байна. Ийнхүү татвар төлөгч нэхэмжлэгчийн зүгээс Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нэгдүгээрт, Татварын улсын байцаагч нар нь НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын актын 1-т "2018 онд 375,530,054.12 төгрөг, 2019 онд 1,786,359,647.37 төгрөг, 2020 онд 252,702,671.31 төгрөг, нийт 2,414,392,372.80 төгрөгийн нүүрс борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь..." гэж буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК нь 2018 онд нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 826,526,006 төгрөгийн татвар ногдох орлого олсон бөгөөд уг орлогын 250,383,920 төгрөг нь албан татвар ногдох үйл ажиллагааны орлого буюу экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого, 576,152,086 төгрөг нь дотоодын түлшний жижиглэн худалдааны борлуулалтын орлогоос бүрдсэн болно. Манай компани 2018 онд 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрсийг гэрээний үнэ болох 215 хятад юань/тонн буюу 1 тонн нүүрс тутмыг (тухайн үеийн Монгол банкны ханшаар хөрвүүлэн) 82,409 төгрөгөөр экспортод гарган борлуулсан нь 2018 оны 12 дугаар сарын 16, 18, 21-ний өдрүүдийн гадаад худалдааны гаалийн мэдүүлгийн нэгж үнээр, нүүрсний экспортын борлуулалтын гэрээний үнээр батлагдана. "Па*******нд" ХХК нь 2019 онд нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1,324,834,667.56 төгрөгийн татвар ногдох орлого олсон бөгөөд уг орлогын 935,303,863 төгрөг нь экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого, 389,530,804.56 төгрөг нь дотоодын түлшний жижиглэн худалдааны борлуулалтын орлогоос бүрдсэн болно. Манай компани 2019 онд нийт 12747.05 тонн боловсруулаагүй нүүрсийг экспортод гарган борлуулсны 5950.95 тонн нүүрсийг гэрээний үнэ болох 215 хятад юань/тонн буюу 1 тонн нүүрс тутмыг (тухайн үеийн Монгол банкны ханшаар хөрвүүлэн 83,931.7 төгрөгөөр экспортод гарган борлуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдийн гадаад худалдааны гаалийн мэдүүлгийн нэгж үнээр, 6796.1 тонн нүүрсийг гэрээний үнэ болох 160 хятад юань/тонн буюу 1 тонн нүүрс тутмыг (тухайн үеийн Монгол банкны ханшаар хөрвүүлэн) 62,769.6 төгрөгөөр экспортод гарган борлуулсан нь 2019 оны 3 дугаар сарын 4, 8, 11, 13-ны өдрүүдийн гадаад худалдааны гаалийн мэдүүлгийн нэгж үнээр болон нүүрсний экспортын борлуулалтын гэрээний үнээр тус тус батлагдана. Уг борлуулалтын орлогыг бид 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21-р заалтын дагуу албан татвар ногдох орлогыг тайлагнах хугацаанд нь, гэрээний үнэ болох борлуулалтын нийт орлогыг үнэн зөв тайлагнасан болох нь манай компанийн 2018, 2019 онуудын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангууд, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан болон уг тайланд хавсаргасан нүүрсний экспортын борлуулалтын гэрээний хуулбар, гадаад худалдааны гаалийн мэдүүлгүүд болон бусад баримт бичгээр нотлогдоно.

Хоёрдугаарт, Татварын улсын байцаагч нар нь НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын актын 2-т "2018 онд 375,530,054.12 төгрөг, 2019 онд 1,786,359,647.37 төгрөг, нийт 2,161,889,701.49 төгрөгийн экспортод гаргасан нүүрсний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчих нь..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өмнө дурдсанчлан манай компани 2018 онд 250,383,920 төгрөгийн экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого, 2019 онд 935,303,863 төгрөгийн экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого олсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 болон 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасны төлбөрийн баримт, нэхэмжлэл үйлдсэн өдрийн Монгол банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлэн бүрэн зөв тайлагнасан болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан болон уг тайланд хавсаргасан нүүрсний экспортын борлуулалтын гэрээний хуулбар гадаад худалдааны гаалийн мэдүүлгүүдийн нэгж үнэ, бусад баримт бичгээр нотлогдоно.

Гуравдугаарт, Татварын улсын байцаагч нар нь НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо уг актын 3-т "Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх чөлөөлөгдөх орлогод ногдох 2018 онд 69,496,538,23 төгрөг, 2019 онд 2,240,046,072.61 төгрөг, нийт 2,309,542,610.84 төгрөгийн худалдан авалтын падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж төсөвт төлөх татвараа бууруулсан зорчил нь..." гэж чөлөөлөгдөх орлого, 0%-ийн борлуулалтын орлогыг буруу тооцож худалдан авах төрлийг ялгалгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна Дээр дурдсан экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөгдөх орлого гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх чөлөөлөгдөх орлогод ногдох худалдан авалтын дүнг 2019 оны хувьд 137,787,438,28 төгрөг (тухайн оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татвартай) буюу үүнд хамаарах нөхөн татварын 13,778,743,83 төгрөг болохоор байна.

Дөрөвдүгээрт, Татварын улсын байцаагч нар нь НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо уг актын 4-т "2018 онд 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрс, 2019 онд 12,747.05 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан гэж тайлагнасныг олон улсын зах зээлийн үнээр тооцохгүй 2018 онд 374,800,690.29 төгрөг, 2019 онд 2,893,438.85 төгрөг, нийт 377,694,129.14 төгрөгийн борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу тооцсон зөрчил..." гэж хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, татварын төлөгчийн эрх ашгийг хохироосон. Манай компани 2018 онд 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрс олборлож худалдан борлуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасны дагуу олон улсын зах зээлийн үнийг 2016 оны 2 сарын 1-ний өдрийн № 81 Монгол улсын засгийн газрын тогтоолын 1, 2-р заалт, уг тогтоолын 2-р хавсралтын 6-р заалтыг (тухайн үеийн тайлант хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан) үндэслэн "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ-эр зах зээлийн үнийг тодорхойлж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3-т заасны дагуу борлуулалтын үнэлгээний 5.0 хувь болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17.1-р заалт "Боловсруулаагүй нүүрс, зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ 25-50 хүртэл, 1.00 хувь" -г нэмэгдүүлэн тооцож боловсруулаагүй нүүрс олборлож худалдан борлуулсан орлогыг тайланд тусгаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнасан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан болон уг тайланд хавсаргасан нүүрсний экспортын борлуулалтын гэрээний хуулбар, гадаад худалдааны гаалийн мэдүүлгийн нэгж үнээр, бусад баримт бичгээр нотлогдоно. Гэтэл татварын улсын байцаагч нар нь тайлант хугацаанаас сүүлд хүчин төгөлдөр болж мордогдсон хуулийн хэм хэмжээг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу тооцож улсад төлөөгүй гэж, мөн гэрээний үнэд байхгүй үнээр борлуулсан мэтээр хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.17.1-р заалт "Боловсруулаагүй нүүрс, зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ 75-100 хүртэл, 3.00 хувь гэж зааснаар акт тогтоосон нь үндэслэлгүй юм” гэжээ.

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар нь "Па*******нд" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгасан гээд 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэхүү нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ "Па*******нд” ХХК-ийг 4 үндэслэлээр буруутгасан байдаг бөгөөд "Па*******нд" ХХК-ийн зүгээс дээрх 4 үндэслэлийг аль алиныг нь эс зөвшөөрч, үндэслэл тус бүр дээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан шүүхэд хандсан. Иймд Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-ийн зүгээс "Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн НА-26210000157 тоот Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Монгол Улсын Их хурлаас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж буй Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т "Энэ хуулийн 47.1-д заасан гомдлыг дараах харьяаллын дагуу шийдвэрлэнэ" гээд 47.5.1-т "аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл", 47.5.2-т "Том татварын төлөгч хариуцсан нэгжид харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөл" гэж заасан. Харин "Па*******нд" ХХК Баянгол дүүргийн Татварын хэлтэст харьяалагдах тул нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрсөн гомдлоо Нийслэлийн Татварын албанд хандан гаргаж зохих хариуг авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Па*******нд" ХХК нь том татвар төлөгч хариуцсан нэгжид харьяалагддаггүй тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжгүй бөгөөд тус албанаас 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 37 тоот албан бичгээр "Па*******нд" ХХК-д дээрхийн адил хариуг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тогтоосон хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрдүүлбэр ханган хүргүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ба****х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус актаар "Па*******нд" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл, 82 дугаар зүйл, 74 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн 280,134,496.95 (хоёр зуун наян сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийн нөхөн татвар, 85,434,593 (наян таван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуун ерэн гурав) төгрөгийн торгууль, 55,252,396 (тавин таван сая хоёр зуун тавин хоёр мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийн алданги, нийт 420,821,486 (дөрвөн зуун хорин сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа) төлбөр гаргуулах хариуцлага хүлээлгэсэн. Тухайн нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт нь 2018 онд 375,530,054 (гурван зуун далан таван сая таван зуун гучин мянга тавин дөрөв) төгрөг, 2019 онд 1,789,359,647 (нэг тэрбум долоон зуун наян есөн сая гурван зуун тавин есөн мянга зургаан зуун дөчин долоо) төгрөг, 2020 онд 252,702,671 (хоёр зуун тавин хоёр сая долоон зуун хоёр мянга зургаан зуун далан нэг) төгрөг, нийт 2,414,592,372 (хоёр тэрбум дөрвөн зуун арван дөрвөн сая таван зуун ерэн хоёр мянга гурван зуун далан хоёр) төгрөгийн нүүрс борлуулсан орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК нь 2018 онд нийт аж ахуй нэгжийн орлогын албан татварын 826,526,006 (найман зуун хорин зургаан сая таван зуун хорин зургаан мянга зургаа) төгрөгийн татвар ногдох орлого олсон бөгөөд уг орлогын 250,383,920 (хоёр зуун тавин сая гурван зуун наян гурван мянга есөн зуун хорь) төгрөгийн татвар ногдох үйл ажиллагааны орлого буюу экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого, 576,152,086 (таван зуун далан зургаан сая нэг зуун тавин хоёр мянга наян зургаа) төгрөг нь дотоодын түлшний жижиглэн худалдааны борлуулалтын орлогоос бүрдсэн. "Па*******нд" ХХК нь 2018 онд аж ахуй татварын 3000 тонн боловсруулагдаагүй нүүрсийг гэрээний үнэ буюу 215 хятад юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 82,409 (наян хоёр мянга дөрвөн зуун ёс) төгрөгөөр экспортод гарган борлуулсан. Энэ нь 2018 оны 11 дүгээр сарын 16, 18, 21-ний өдрүүдийн гаалийн мэдүүлэгт дурдсан нэгж үнээр нотлогдоно. 2019 онд 1,324,834,667 (нэг тэрбум гурван зуун хорин дөрвөн сая найман зуун гучин дөрвөн мянга зургаан зуун жаран долоо) төгрөгийн татвар ногдох орлого олсон. Уг орлогын 935,303,863 (есөн зуун гучин таван сая гурван зуун гурван мянга найман зуун жаран гурав) төгрөгөөр экспортод гаргасан нүүрсний борлуулалтын орлого, 389,530,804 (гурван зуун наян есөн сая таван зуун гучин мянга найман зуун дөрөв) төгрөгөөр дотоодын түлшний жижиглэн худалдааны борлуулалтын орлогоос бүрдсэн. Уг борлуулалтыг "Па*******нд" ХХК нь 2019 онд нийт 12,747 (арван хоёр мянга долоон зуун дөчин долоо) тонн боловсруулаагүй нүүрсийг экспортод гаргаж, 5,955 (таван мянга есөн зуун тавин тав) тонн нүүрсийг гэрээний үнэ болох 215 тонноор буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 83,931 (наян гурван мянга есөн зуун гучин нэг) төгрөгөөр борлуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд гаргасан нэгж үнээр 6,796 (зургаан мянга долоон зуун ерэн зургаа) тонн нүүрсийг гэрээний үнэ болох 160 хятад юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 62,769 (жаран хоёр мянга долоон зуун жаран ес) төгрөгөөр экспортод гарган борлуулсан. 2019 оны 3 дугаар сарын 4, 8, 11, 13-ны өдрүүдийн гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Уг борлуулалтын орлогод нийт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварт ногдох орлогыг тайлант хугацаанд тайлагнан гэрээний үнэ болох борлуулалтын нийт орлого, гэрээний үнийг зөв тайлагнасан гэж үзэж байна. Улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 2-т 2018 онд 375,530,054 төгрөг, 2019 онд 1,789,359,647 төгрөг, нийт 2,161,889,701 төгрөгийн экспортод гаргасан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн ба түүнийг зөвшөөрөхгүй байна. "Па*******нд" ХХК нь 2018 он, 2019 онд нүүрсний борлуулалтын орлого олсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зааснаар Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 болон 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасны дагуу төлбөрийн баримт биш гэж үзэж тухайн үеийн Монгол банкны ханшаар зөв тусгасан гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 3-д нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар чөлөөлөгдөх орлогод 2018 онд 69,496,538 төгрөг, 2019 онд 2,240,046,072 төгрөг, нийт 2,309,542,610 төгрөгийн худалдан авалтын падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь гэж чөлөөлөгдөх орлого 0 хувийн борлуулалтын орлогод буруу тооцож худалдан авалтын төрлийг ялгалгүйгээр үндэслэлгүй шууд нэгтгэн ерөнхий дүн тавьсан гэж үзэж байна. Экспортын гаргасан нүүрсний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх чөлөөлөгдөх орлогод ногдох худалдан авалтын дүнг 2019 онд 137,787,438 төгрөг буюу түүнд хамаарах нөхөн татварын хэмээг 13,778,743 төгрөг болох байтал илүү дүгнэн ерөнхий бичсэн гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын 4-т 2018 онд 3000 тонн боловсруулаагүй нүүрс, 2019 онд 12,000 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан гэж тайлагнасныг олон улсын зах зээлийн үнээр тооцохгүйгээр 2018 онд 374 сая төгрөг, 2019 онд 2 тэрбум 893 сая төгрөг гэж буруу тооцож дүгнэсэн ба татварын төлөгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нар нь жишиг үнийн зах зээлийн мэдээллийг шууд ашиглан тооцсон. Тухайн үед жишиг үнэ тооцох хууль журам хэрэгжээгүй байсан. Гэрээ байгуулсан талууд гэрээний үнэд заасны дагуу төлөх байсан гэж үзэж байна. Иймд татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “..."Па*******нд" ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р бид “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж". "Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамж"-ын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2621902558 тоот томилолтыг үндэслэн иж бүрэн шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 26210000157 тоот нөхөн ногдуулалтын актаар 7,263,718,814.27 төгрөгийн зөрчилд 420,821,486.87 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гарган, гомдлыг хянан хэлэлцэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20 тоот тогтоолоор улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын НА-26210000157 актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Энэ нь дараах үндэслэлтэй болно.

1. Гаалиас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр 2018 онд 625,913,974.12 төгрөгийн 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрс, 2019 онд 2,721,663,510.38 төгрөгийн 12,747.05 тонн боловсруулаагүй нүүрс экспортолсныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2018 онд 250,383,920.00 төгрөг, 2019 онд 935,303,863.00 төгрөгөөр тайлагнан, 2018 онд 375,530,054.12 төгрөг, 2019 онд 1,786,359,647.37 төгрөгөөр экспортод гаргасан нүүрс борлуулсан орлогыг дутуу тайлагнасан, 2020 онд цахим тайлангийн нэгдсэн системд 252,702,671.31 төгрөгийн төлбөрийн баримт илгээснийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчил нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно, 7.3-д Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1-т үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-т Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-т үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно, 7.4-д Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.1-т үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 1-т Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-т бараа, үйлчилгээний борлуулалтын орлого, 13 дугаар зүйлийн 13.1-т дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх, 13.1.4.а-д энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал гэж заасан заалтыг зөрчсөн. 2018 оны тайлангаарх 383,451,810.00 төгрөгийн алдагдлыг 375,530,054.12 төгрөгөөр бууруулж 7,921,755.88 төгрөг, 2019 оны тайлангаарх 2,100,756,466.72 төгрөгийн алдагдлыг 1,786,359,647.37 төгрөгөөр бууруулж 314,396,819.35 төгрөг болсон, 2020 оны тайлагнаагүй 252,702,671.31 төгрөгийн борлуулалтын орлогоос дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай 113,278,272.73 төгрөгийн зардлыг хасаж 139,424,398.58 төгрөгийн татвар ногдуулах орлого дутуу тайлагнасан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан хариуцлага тооцсон.

2. Гаалиас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр 2018 онд 625,913,974.12 төгрөгийн 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрс, 2019 онд 2,721,663,510.38 төгрөгийн 12,747.05 тонн боловсруулаагүй нүүрс экспортолсон орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2018 онд 250,383,920.00 төгрөг, 2019 онд 935,303,863.00 төгрөгөөр тайлагнан, 2018 онд 375,530,054.12 төгрөг, 2019 онд 1,786,359,647.37 төгрөгөөр экспортод гаргасан боловсруулаагүй нүүрс борлуулсны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.3-т Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 13 дугаар зүйлийн 13.1-т дараах барааг албан татвараас чөлөөлнө, 13.1.13-т энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн гэж заасан заалтыг зөрчсөн ба чөлөөлөгдөх орлого учраас төлбөр ногдуулаагүй.

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 2018 онд нийт 826,536,006.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 250,383,920.00 төгрөг буюу 30.29 хувь нь чөлөөлөгдөх орлого, 576,152,086.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлоготой, нийт 229,413,259.19 төгрөгийн худалдан авалттайгаар тайлагнасан боловч чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан худалдан авалтыг хасаж тооцоогүй 69,496,538.23 төгрөг, 2019 онд нийт 1,324,834.667.55 төгрөгийн борлуулалтын орлогоос 935,303,863.00 төгрөг буюу 70.60 хувь нь чөлөөлөгдөх орлого, 389,530,804.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлоготой, нийт 3,172,969,567.76 төгрөгийн Худалдан авалттайгаар тайлагнасан боловч чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан худалдан авалтыг хасаж тооцоогүй 2,240,046,072.61 төгрөгийн худалдан авалтыг илүү тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлд албан татварын хасалт хийх, 14.9-д албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно гэж заасан заалтыг зөрчсөнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т заасан хариуцлага тооцсон.

4. 2018 онд 3,047.14 тонн боловсруулаагүй нүүрс, 2019 онд 12,747.05 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан гэж тайлагнасныг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал"-д заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээлэлд үндэслэн тооцоогүй. 2018 онд 374,800,690.29 төгрөг, 2019 онд 2,893,438.85 төгрөг, нийт 377,694,129.14 төгрөгийн борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дутуу тооцсон зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно: 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47 дугаар зүйлийн 47.3-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3-т энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47 дугаар зүйлийн 47.5-д энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно, 47.5.11-т боловсруулаагүй нүүрс, зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ 75-100 хүртэл, 3.00 хувь, 47 дугаар зүйлийн 47.14-д экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана, мөн зүйлийн 17-д /Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/ 47.17-д Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно, 47.17.1-т боловсруулаагүй нүүрс, зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ 75-100 хүртэл, 3.00 хувь, мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2.1-т аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон бүх төрлийн нүүрсэнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээлэлд үндэслэн тооцно гэж заасан заалтыг зөрчсөнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т заасан хариуцлага тооцсон.

“Па*******нд” ХХК-ийн захирал С.Га*****т, нягтлан бодогч Ч.Мөнхтөр нараас санхүүгийн анхан шатны баримт, экспортод гаргасан нүүрсний борлуулалтын гэрээг удаа дараа шаардсан боловч 2018, 2019 оны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан Li Yan Jun нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчин Ковид-19 өвчний улмаас Монгол улсад ирэх боломжгүй шалтгаанаар санхүүгийн анхан шатны баримт, экспортод гаргасан нүүрсний борлуулалтын гэрээ болон бусад баримтыг ирүүлээгүй тул хяналт шалгалтын явцад файлаар ерөнхий дэвтэр, гүйлгээ баланс, банкны хуулга, тайлан балансыг үндэслэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд Татвар төлөгч гомдолд дурдаж байгаа "гэрээ”, чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг тооцоолсон нягтлан бодох бүртгэл хөтөлсөн жагсаалтыг нотлох баримтаар ирүүлээгүй. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр хавсралт "Па*******нд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар нь Монгол улсад байгаа ба хяналт шалгалтыг хойшлуулах боломжгүй учраас татварын тайлан, санхүүгийн тайлан баланс, хөндлөнгийн мэдээллийн сангаас ирүүлсэн гаалийн мэдээ, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, худалдан авалтын падааны мэдээлэл, Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл, “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн харилцах дансны хуулга, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ирүүлсэн ашиглалтын үйл ажиллагааны тайлан зэрэгт тулгуурлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн болно” гэжээ. 

8. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Цэ******р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэргийн материалын 102, 103 дугаар хуудаст "Па*******нд" ХХК-ийн экспортын мэдээ байдаг ба тус мэдээнд нийт 2018 онд 3047.14 тонн нүүрс гаргасан. Тус нүүрсийг тухайн үеийн зах зээлийн үнэ буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнийн мэдээлэл тул экспортод гаргасан зах зээлийн үнийг 2018 оны 11 дүгээр сарын үнийн дундаж зарчмыг тогтоох зарчмаар 77.92 төгрөгөөр тооцсон. 2019 оны татварыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэ буюу 83.51 төгрөгөөр тооцсон. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019 оны 01 дүгээр сарын зарлага дах олон улсын зах зээлийн үнэ буюу 2018 оны 12 дугаар сарын дундаж үнийг тогтооно гэж 79.44 төгрөгөөр, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн татварыг 2019 оны 4 дүгээр улиралд зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийн 2019 оны 3 дугаар улирлын дундаж үнийг тооцно гэж 83.51 коксжих чанаргүй нүүрс гэж тооцож тооцооллоо хэргийн материалын 103, 104 дүгээр хуудаст тооцуулсан. "Па*******нд" ХХК нь тухайн хяналт шалгалтын үеэр гэрээний үнэ авчраагүй, гэрээ байгуулсан талууд авчраагүй тул гаалийн мэдээллийг үндэслэсэн. Хэргийн материалд гэрээний үнийг хэдэн төгрөгөөр тусгасан нь тодорхойгүй байгаа тул зах зээлийн үнийг баримталсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт нөхөн ногдуулалтын акт тавигдсан нь үндэслэлгүй гэж үзсэн боловч Татварын байгууллага нь тухайн үед зах зээлийн үнийг баримтлан аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тавьсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь 2018 онд 826 сая төгрөгөөр борлуулалтын орлогоо тайлагнасан бол татварын байгууллага нь 1 тэрбум 202 сая төгрөгөөр тайлагнах ёстой байсан гэж үзэж "Па*******нд" ХХК-ийн хасагдах зардлын дүн нь тайланд 1,265,545,092 төгрөг байсан. Тухайн онын алдагдал нь 383,451,810 төгрөгийн алдагдлыг бууруулж, 7,921,755.88 төгрөг болгон бууруулсан болохоос тухайн аж ахуй нэгжийн орлогын албан татварын зөрчилд тооцоогүй. Алдагдлыг зөрчлийн дүнгээр бууруулан зөрчилд тооцоогүй. 209 онд ялгаагүй "Па*******нд" ХХК-ийн тайлагнасан тайлангаар 1,333,727,013.56 гэсэн "Па*******нд" ХХК-ийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тооцоонд 2018, 2019 он гэсэн “excel” хүснэгтээр гаргасан ба тус хүснэгтэд тайлан, шалгалтаар гэдэг. Хяналт шалгалтаар 3,120,086,660.93 төгрөгөөр тайлагнан, "Па*******нд" ХХК нь тухайн ондоо алдагдалтай 2,176,466.72 төгрөгийн алдагдалтай гэж тайлагнасан. Зөрчлийн дүнг нэхэмжлэгчийн алдагдлыг бууруулан 1,786,359,647.37 төгрөгөөр алдагдал бууруулан 314,396,819.35 төгрөгөөр байна гэж алдагдлын бууруулан зөрчилд тооцоогүй. 2018 он, 2019 онд зөрчлийн дүн бууруулсан аж ахуй нэгжийг зөрчилд тооцоогүй. 2020 онд "Па*******нд" ХХК нь тайланд тайлагнаагүй байсан. 252,702,671.31 төгрөгийн “e-barimt”-ын борлуулалтын орлоготой байсан. Үүнээс хасагдах зардлын дүн буюу тухайн үед “e-barimt”-аар 113,278,272.73 төгрөгийн “e-barinmt”-аар хасагдах зардалтай гэж шивсэн байсан. “e-barimt” шивсэн орлого болон зардлын зөрүүгээ 139,424,398.58 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэж аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр зөвхөн 2020 онд зөрчил, торгууль, алданги ногдсон. "Па*******нд" ХХК нь экспортын эцсийн бүтээгдэхүүн тул зөрчилтэй боловч энэ нь татвар ногдохгүй гэж чөлөөлөгдсөн. Аж ахуй нэгжид алдагдал бууруулан "Па*******нд" ХХК-д ямар нэгэн байдлаар төлбөр тавигдаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварт эцсийн бүтээгдэхүүн тул чөлөөлөгдөнө гэсэн. Аж ахуй нэгжид алдагдал бууран, нэхэмжлэгчид 2020 онд зөрчилтэй торгууль, алданги ногдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварт эцсийн бүтээгдэхүүн гэж зөрчил, алданги, торгуулийн үнийг ногдуулаагүй. Яагаад гэвэл чөлөөлөгдөх орлого тул. Илүү төлөлт буюу чөлөөлөгдөх орлогод хариуцагч торгууль, алданги ногдуулсан байна гэж үзэж байна. Гэтэл "Па*******нд" ХХК нь өөрсдийн тайлагнасаар чөлөөлөгдөх борлуулалтын орлого нь 2018 онд 250,383,920 төгрөг гэж тайлагнасан. 2019 онд 935,303,863 төгрөг гэж тайлагнасан. Чөлөөлөгдөх орлоготой холбоотой худалдан авалтыг хасаж тооцохгүй. Гэтэл "Па*******нд" ХХК нь чөлөөлөгдөх орлогоо тайлагнасан тул илүү төлөлт үүссэн. Үүнийг улсын байцаагч нар хувь тэнцүүлэн хассан. Орлоготой холбогдуулан хувь тэнцүүлэн чөлөөлөгдөх орлогоос хассан. 2018 онд "Па*******нд" ХХК-д тухайн үед программаас харахад дутуу төлөлттэй байсан. 2019 онд илүү төлөлт үүсэн. Яагаад илүү төлөлт үүссэн бэ гэвэл чөлөөлөгдөх орлогоо хасаж өгсөн тул илүү төлөлт үүссэн. Хасагдахгүй илүү төлөлт байсан. Тус орлоготой нь нийт худалдан авалтыг харьцуулан чөлөөлөгдөх орлогод нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Нөхөн ногдуулалтын актад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд албан татварын хасалт хийх гэсэн байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д албан татвар суутган төлөх, өр төлбөрийг үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа ажил үйлчилгээний зарим хэсгийг татвар ногдох орлогод үлдсэн албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход эсвэл албан татвар ногдох орлогод хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд албан татвар ногдох үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно гэсэн байдаг тул түүнд зөрчил тооцон торгууль, алданги тооцсон. Нэхэмжлэгч талыг жишиг үнийг баримталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Жишиг үнийг баримтална гэсний дагуу хавтаст хэрэгт авагдсан тухайн үеийн экспортод гаргасан олон улсын зах зээлийн үнийг баримталсан баримтуудаа хавсарган өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгчийн экспортын мэдээ таарч байгаа ба зах зээлийн үнийг хэрхэн тооцсоныг тооцооллоор ам.доллараар бодож хийсэн байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд "Па*******нд" ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн мөрний Нэгдүгээрт “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг хасаж тооцсон” зөрчил, Хоёрдугаарт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо зах зээлийн үнийг баримтлаагүй, үнийг буруу хэрэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн”, Гуравдугаарт “Бараа ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан”, Дөрөвдүгээрт “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг хасаж тооцсон”, Есдүгээрт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо зах зээлийн үнийг баримтлаагүй, үнийг буруу хэрэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчсөн” гэсэн зөрчлүүдийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар маргажээ.

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 6 дугаарт “Нүүрс” гээд уг хэсгийн эх сурвалж болох гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна.

3. Нэхэмжлэгч “Па*******нд” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-нд нүүрсний үнийг 1 тонн тутмыг 215 юань, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-нд нүүрсний үнийг 1 тонн тутмыг 160 юаниар худалдахаар гэрээ байгуулжээ.

4. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хяналт шалгалт хийхдээ нэхэмжлэгч "Па*******нд" ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байхад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын дагуу жишиг үнээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь зөрчилтэй байна.

5. Харин нэхэмжлэгч "Па*******нд" ХХК нь татварын хяналт шалгалт хийх явцад Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г нотлох баримтаар гарган өгөөгүй ба татварын улсын байцаагч нарт нотлох баримтаар "Па*******нд" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МҮ-021718 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлангийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллүүд, 2018, 2019 оны гаалийн мэдүүлгийг ирүүлсэн талаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоолд дурдсан.

6. "Па*******нд" ХХК болон Бүгд Найрамдах Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г нотлох баримтаар гарган өгсөн тохиолдолд “...Татварын ерөнхий газар болон Нийслэлийн Татварын газарт шалгалт дахин хийгддэг. Гэрээ гарч ирсэн бол тухайн гэрээ нь хэр үндэслэлтэй эсэх талаар лавлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай компани нь үйл ажиллагаа явуулдаг эсэх, Х тайлантай газар хуурамч гэрээ хийсэн эсэх талаар нягтлан шалгах давхар хяналт шалгалт хийгдэх байсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

7. Нэхэмжлэгч “Па*******нд” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 179,975,398.58 төгрөг, 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 72,727,272.73 төгрөг, 2020 онд нийт 252,702,671.31 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого тайлагнасан боловч аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд орлого тайлагнаагүй “Х” тайлан илгээсэн нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээллээр нотлогддог ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж заажээ.

8. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд "Па*******нд" ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-ийн зүгээс нотлох баримтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г гарган өгөөгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй хэдий ч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар нь хяналт шалгалт хийх явцдаа нотлох баримт цуглуулж "Па*******нд" ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г шаардах боломжтой байсан байна.

8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Па*******нд" ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” нотлох баримтаар ирсэн ба шүүх хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэхийн тулд хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нар дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” үндэслэлтэй эсэх, уг гэрээнд заасан үнийн дүнгээр хяналт шалгалт хийх нь шүүх нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ.

9. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд "Па*******нд" ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн мөрний Тавдугаарт “Үйл ажиллагааны орлого”, Зургаадугаарт “Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцох”, Долоодугаарт “Нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр тооцоо хийлгүй дутуу тооцох”, Наймдугаарт “Үйл ажиллагааны орлого” гэсэн зөрчлүүдийн нөхөн татвар, торгууль, алданги нь 0 байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тус зөрчлүүдтэй маргахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаартай нөхөн ногдуулалтын актыг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Эн*****а, Р.Цэ******р нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-26210000157 дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Па*******нд" ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА