Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0254

 

2021 04 09 128/ШШ2021/0254

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ат******а нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б****х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.Б****х би 2019 оны 4 дүгээр сард тухайн үед Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Ам******нд холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд хамаарч байсан юм. Одоо 2020 оны орон нутгийн сонгууль болж, сонгуулийн үр дүн хэрэгжиж эхэлсэн тул уг маргааныг шийдвэрлүүлэх ач холбогдолгүй болсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хэлэлцэгдэж буй Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ат******а нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцохгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ат******а нарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/41, Б/42 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоол гэх баримтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа нэхэмжлэгч Т.Б****х нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/174 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ат******а нарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/41, Б/42 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоол гэх баримтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, Т.Б****х болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ат******а нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА