Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0279

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 1738000700059 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух иргэн Х.Юрагийн байшингийн таазыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.237.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багт оршин суух иргэн Х.Юрагийн байшингийн таазыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.237.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Юра гэдэг айлд ганцаараа очсон чинь байшингийнх нь хаалга цоожтой байхаар нь дээврийнх нь задгай мансартанд байх шатаар өгсөж гараад таазны банзыг нь ховхлоод доошоо буусан. Авдар дотор нөүтбүүк, ууттай чихэр, нэг шил архи аваад цонхны салхивчаар гадагшаа гарсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

      Хохирогч Х.Юрагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манай хадам ээж Тэгшбаяр хүний утсаар дамжуулан байшинд хулгай орсон талаар хэлүүлсэн байсан. Тэгээд байшин дээрээ ирэхэд таазаар нь хулгай орж доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгосон байсан. Нөүтбүүк, хоёр ширхэг орос бакаль, 7 кг элсэн чихэр, 15 ширхэг барааны саван, 1 кг орчим орос чихэр, 0.5 литр орос архи, бэлэн 100.000 төгрөг, хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс алга болсон байсан...Хохирлоо хурдан төлүүлж авмаар байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

        Гэрч Ш.Жадваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Манай хүргэн Мөнхбаяр Юрагийн гэрээс эрүүл мэндийн дэвтэр авах гэж очсон чинь байшингийнх нь цонх онгойсон байсан гэж байсан. Тэгээд би очоод үзтэл байшингийнх нь цонх онгойсон байхаар нь Мөнхбаярыг цагдаад хэл гээд явуулсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

        Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Юрагийн гэрээс эрүүл мэндийн дэвтэр авах гэж очсон чинь байшингийнх нь цонх онгойсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирээд байшин дотор ороход цагаан таазыг нь цөм жийгээд шар өнгийн бүс зүүгээд хаясан байсан. Мөн авдар доторх эд зүйлсийг бүгдийг нь гаргасан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

        Гэрч Н.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Гантогтох нэг хар цүнхтэй зүйл барьсан орж ирээд утсаа цэнэглээд мөн энэ зүйлийг цэнэглээд авъя гээд цэнэглэж байсан. Тэр цэнэглэж байсан зүйлээ нөүтбүүк байгаа юм гэж байсан. Эгчдээ чихэр өгье гээд нэг атга чихэр өгч байсан. Мөн нэг цагаан шилтэй архи гаргаж ирээд тэрнээсээ өөрөө 2-3 хундага ууж байгаад тэр архиа аваад гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

       Гэрч Ё.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Гантогтох миний хоёр дахь хүүхэд байгаа юм. Одоогийн байдлаар айлаас хулгай хийсэн юм шиг байна. Надад нарийн мэдсэн зүйл алга. Миний хүү элдэв зан ааш байхгүй архи дарс уугаад байхыг нь би хараагүй надаас хол яаж явдгийг нь би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-15 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 36, 84 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000700059 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       Хохирогч Х.Юра нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Шүүгдэгч Б.Г нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / ХХ-ийн 66-78 дугаар хуудас/-аар тогтоогдож

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 1738000700059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР