| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/03155/И |
| Дугаар | 181/ШШ2024/01892 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/01892
| 2024 05 06 | 181/ШШ2024/01892 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,/-д холбогдох,
ҮХОБ-ны Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, гэрч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нямдаваагийн Ундармаа миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус банкны хуулийн хэлтэст хуульчаар, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хуулийн хэлтэст ахлах хуульчаар ажиллаж байсан ба 2023 оны 03 дугаар сарын 28-ны /ҮХОБ-ны хууль бус шийдвэр/-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу тус өдрөөс эхлэн хуульчаар ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сараас эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр орлон гүйцэтгэгч гийн зүгээс шалтгаангүйгээр, намайг хүсээгүй байхад ажлаас гарах өргөдлөө өг хэмээн өөрөө болон дотоод аудитын нэгж хариуцсан захирал, гүйцэтгэх удирдлагын харъяа нэгжийн ажилтнуудаар дамжуулан дарамт шахалтыг үзүүлдэг байсан ба уг дарамт шахалт 8 сарын хугацаанд үргэлжилсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хүссэний дагуу өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхгүй гэснээс үүдэн элдэв төрлийн дарамт шахалт үзүүлж хэвийн ажиллах боломж алдагдуулж цаашлаад дотоод аудитын хэлтсээс хуулийн хэлтэст 2022.12.16-2023.02.17-ны өдрийг хүртэл хугацаанд зөвхөн намайг шалгах зорилготой хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Тухайн шалгалт нь процессын хувьд алдаатай буюу банкны ажилтнуудаас шалгалт авч, дүгнэхтэй холбоотой эрх зүйн орчин байхгүй атал тестийн шапгалтыг хуулийн хэлтсийн ажилтнуудаас авч дүгнэсэн. Дээрх шалгалтын дүнг ямар шалгуураар дүгнэх зэргийг зохицуулсан журамгүй байж хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч хангалтгүй гэж дүгнэсэн зэргээс дүгнэвэл зөвхөн надад сахилгын шийтгэл оногдуулах зорилготой байсан гэж үзэж байгаа ба дээрх шалгалтын дүнг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ болгосон. Эдгээрээс дүгнэхэд ажил олгогч ажилтанд ажлын байрны дарамт шахалтыг үзүүлсээр байсан төдийгүй Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд багтаан сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлээгүй, ажилтанд урьдчилан мэдэгдэж тайлбар аваагүй зэргээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ажилтан, ажил олгогчийн адил тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, ажил олгогч зориуд ажилтны эрхийг хязгаарлаж, өөртөө давуу байдал бий болгож дарамт үзүүлсээр байсан. Миний хувьд арга буюу тухайн дарамтаас зайлсхийхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогчийн хүссэний дагуу ажлаас гарах өргөдлийг өгсөн ба тухайн өргөдөлд өөрийн хүсэлтийн дагуу биш болох талаар өргөдөлдөө тодорхой бичиж гүйцэтгэх захиралд өгсөн байдаг. Гэтэл миний өргөдөлийг хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэж дуусгавар болгох тушаалыг гаргасан. Тухайн тушаалыг дээрх үндэслэлээр гарна гэж бодоогүй бөгөөд хөдөлмөрийн хуульд заасан сэтгэл зүйн дарамт үзүүлж ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэхийг хориглох хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэх байх гэж итгэж байсан. Хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо анхаарах зарим асуудлын хүрээнд зохицуулсан Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр ажилтан өөрийн санаачлагаар хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг тогтоох нь зөв болох талаар дурьдсан байдаг ба хэрвээ дээрх нөхцөл бий болсон бол өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй үндэслэл болохгүй талаар дурьдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл болох ч тухайн дуусгавар болгох нөхцөлийг өөрөө хүссэн байх талаар хуульд заасан байдаг. Түүнээс чи өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгчих гэж шаардаж байгаад хүсэлтийг нь бичүүлж авах нь хуулийн дээрх зохицуулалтанд хамаарахгүй юм. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйл зааснаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргасан боловч тус хорооны 2023 оны 06 дугаар сарын 12-ны хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн маргааныг шийдвэрлэхгүй" гэдэг байдлаар гомдлыг хүлээн аваагүй бөгөөд энэ талаар тэмдэглэл гарах боломжгүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа тул дээрх шийдвэрийг гарсан өдрөөс хойш 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ҮХОБ-д даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч ҮХОБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1. Тус банканд нь 2016 оны 11 сараас эхлэн туршилтаар, 2017 оны 4 дүгээр сараас жинхлэн хуулийн хэлтэст хуульч, ахлах хуульч, хуульчаар ажиллаж байгаад түүний 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ажилтны бичгээр гаргасан хүсэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. (Гүйцэтгэх захирлын 2017 оны Б/122, 2023 оны тоот тушаал, ажилтны ажлаас гарах өргөдөл, хөдөлмөрийн гэрээ; ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг хавсаргав)
2. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон ажил олгогчоос шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн эсэх талаар
Нэхэмжлэлд ..2022 оны 9 дүгээр сараас эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр орлон гүйцэтгэгч С. Оргилмаагийн зүгээс шалтгаангүйгээр, намайг хүсээгүй байхад ажлаас гарах өргөдлөө өг хэмээн өөрөө болон дотоод аудитын нэгж хариуцсан захирал, гүйцэтгэх удирдлагын харъяа нэгжийн ажилтнуудаар дарамт шахалт үзүүлдэг байсан ба дарамт шахалт 8 сарын хугацаанд үргэлжилсэн, ...миний хувьд арга буюу дарамтаас зайлсхийхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогчийн хүссэний дагуу ажлаас гарах өргөдлийг өгсөн гэжээ.
2021 оны Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 1.7-т дурдсаны дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлага хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэх нь зүйтэй юм. Ажил олгогчийн зүгээс г аливаа байдлаар шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоо үзүүлж байгаагүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй болно. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана. , Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.5 Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх аудитын байгууллагын шалгалт нь ээлжит, ээлжит бус байна, 94.7 Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно. хэмээн тус тус заасан билээ. Дээрх хуультогтоомжийн дагуу ҮХОБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ҮХОБанкны гэрээ, хэлцлийг боловсруулах шатанд банканд эрсдэлтэй заалтууд, хянагдахгүй гэрээ байгуулсны улмаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк өндөр хэмжээний алданги төлөх маргаан үүсгэх нөхцөл бий болсон, банкны нэхэмжлэлтэй хэрэгт зээлдэгчийн төлбөрийн чадвар, баръцаа хөрөнгийн байдалд дутуу үнэлэлт дүгнэлт өгсний улмаас тухайн зээлдэгчид өндөр хэмжээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх саналыг ТУЗ-д дараалан танилцуулсан, тус банканд холбогдох өндөр хэмжээний нийт дүн бүхий нэхэмжлэлтэй хэрэгт банкийг төлөөлөн оролцохдоо гарч болох эрсдэлийг дутуу тооцсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэргэжлийн нэмэлт туслалцаа авахгүйгээр хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан зэрэг нөхцөл байдал нь Үндэсний хөрөнгө оруулалтын банканд илтэд хохиролтой байх тул хариуцсан нэгжид хэсэгчилсэн шалгалт оруулах үндэслэл болно асуудлаар дотоод аудитын хяналт шалгалт явуулсан байдаг. Уг хянан шалгалтаар нь тодорхой зөрчил, дутагдал гаргасан нь илэрсэн тул зохих журмын дагуу аудитын тайланг танилцуулж, гаас тайлбар авсан. (Аудитын дүгнэлт, ажилтны тайлбар хавсаргав). Ийнхүү гийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд нь гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/55 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. (Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/55 тоот тушаалыг хавсаргав). Банкнаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгалт явуулсныг нэхэмжлэгчээс ажилтанд шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж буйг хуульд нийцэхгүй, банкийг үндэслэлгүйгээр буруутгасан гэж үзэж байна. Хэрэв нь банкны дотоод хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийсэн, мөн албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсныг ажилтанд шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж буй бол уг шалгалтын дүгнэлт, сахилгын шийтгэлийн тушаалыг хүчингүй болгуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1, 154.2.2-т заасан журмын дагуу Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, цаашлаад тус үндэслэлээр шүүхэд хандах эрхтэй байсан. Уг хуулийн зохицуулалт нь ажилтан заавал ажлаасаа гарч байж тус хороо, шүүхэд хандана гэсэн урьдач нөхцөлийг шаардаагүй буюу ажилтан ажил хөдөлмөрөө банкандаа эрхэлж байх хугацаандаа ч уг гомдлоо шалгуулах боломжтой байсан билээ. Гэтэл нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн, уг өргөдлийнх нь дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох тушаал гарсан байхад тушаалыг хүчингүй болгуулах болон ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбап, Банкнаас холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгалт явуулах бүрэн эрхтэй, ажил олгогчийн зүгээс д аливаа байдлаар дарамт шахалт, зүй бус нөлөө үзүүлээгүй бөгөөд энэ нь хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Дүгнэвэл, нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас гарах өргөдлөө гаргасан гэж үзэж байна. Иймд гомдол/нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: Итгэмжлэл /Хх4/, 2023 оны 04 сарын 28-ны өдрийн дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх5/, хөдөлмөрийн гэрээ /Хх6-11/, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Хх12-17/, ажлын байрны тодорхойлолт /Хх18-19/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /Хх20-21/, нууц хадгалах гэрээ /Хх22-23/, 2022.12.19-ний өдрийн гомдол, мэдээлэл гаргах тухай бичиг /Хх103/-г гаргасан.
Хариуцагч талаас: Итгэмжлэл /Хх26/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх35/, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/122 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх36/, 2023 оны 04 сарын 28-ны өдрийн дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх37/, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн хүсэлт /Хх38/, 2020 оны 11 сарын 01-ний өдрийн ХГ20/175 дугаар хөдөлмөрийн гэрээ /Хх39-42/, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Хх43-45/, нууцын баталгаа /Хх46/, ажилтны сахилгын хариуцлагын баталгаа /Хх47/, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Хх48-50/, ажлын байрны тодорхойлолт /Хх51-52/, 2022 оны 01 сарын 07-ны өдрийн А/04 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /Хх53-54/, хөдөлмөрийн дотоод журам /Хх55-78/, хуулийн хэлтсийн үйл ажиллагааны хийсэн аудитын тайлан /Хх79-87/, 2023 оны 02 сарын 10-ны өдрийн тайлбар /Хх88/, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн Б/55 тоот гүйцэтгэх захирлын тушаал /Хх89-90/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Хх99/, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн чат /Хх100/, итгэмжлэл /Хх101/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал /Хх136/, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр /Хх177/, хүний нөөцийн хорооны №2023/03 дугаар хурлын хөтөлбөр /Хх178-179/, хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэл /Хх180-186/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны хурлын шийдвэр /Хх187/, 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/01219 дугаар шүүхийн шийдвэр /Хх188-196/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /Хх197-202/, Улсын дээд шүүхийн тогтоол /Хх203/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дотоод аудитын дүрэм /хх204-208/-г гаргасан.
Шүүхийн журмаар: Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооноос гаас ҮХОБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгох асуудлаар гаргасан гомдол өргөдөл /Хх138-155/, 2022 оны 11 сарын 01-ний өдөр харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл /Хх112-113/, [email protected], [email protected] хаягуудад үзлэг хийсэн тэмдэглэл /Хх172-173/, гэрчээр ыг асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Ундармаа миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус банкны хуулийн хэлтэст хуульчаар, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хуулийн хэлтэст ахлах хуульчаар ажиллаж байсан ба 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс гүйцэтгэх захирлын хууль бус тушаалын дагуу хуульчаар ажиллаж эхэлсэн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сараас эхлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр орлон гүйцэтгэгч гийн зүгээс тодорхой шалтгаангүйгээр намайг ажлаас гарах өргөдлөө өг хэмээн өөрөө болон байгууллагын бусад ажилтнуудаар дамжуулан 8 сарын хугацаанд дарамталсан. Ингээд хуулийн хэлтэст 2022.12.16-2023.02.17-ны өдрийг хүртэл хугацаанд зөвхөн намайг шалгах зорилготой процессын алдаатай хэсэгчилсэн шалгалт явуулж, надад шийтгэл оногдуулах талаараа мэдэгдэлгүй, тайлбар авалгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус байна. Аргагүйн эрхэнд дарамтаас зайлсхийж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогчийн хүссэнээр ажлаас гарах өргөдлийг өгсөн бөгөөд өөрийн хүсэлтээр биш болох нь харагддаг. Гэтэл миний өргөдөлд үндэслээд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй. Иймээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ҮХОБ-д даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Банкны зүгээс нэхэмжлэгч г ажлаас гаргахаар дарамт шахалт үзүүлж байсан удаагүй бөгөөд энэ талаар авагдсан баримтгүй байна, мөн банкнаас үйл ажиллагаагаа үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс нэгж, хэлтсүүдэд хэдийд ч хяналт, шалгалт явуулах эрхтэй байдаг тул энэ журмаар шалгалтыг явуулахад нэхэмжлэгч гийн буруутай үйл ажиллагаа байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар өөрөөс нь тайлбар авсан баримт байгаа. нь сахилгын шийтгэл хүлээсэнтэй холбоотой асуудлаа ажлаасаа заавал гаралгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1, 154.2.2-т заасан журмын дагуу Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, цаашлаад тус үндэслэлээр шүүхэд хандах эрхтэй байсан. Гэтэл өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчихаад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Талууд нэхэмжлэгч г хариуцагч ҮХОБ ХХК-ийн удирдлагуудын зүгээс нэхэмжлэгчийг ажлаас гаргахаар өргөдлөө өгөхийг шахаж, шаардаж байсан эсэхэд, байгууллагаас зохион байгуулсан хяналт шалгалтыг зөвхөн д хариуцлага тооцохоор зохион байгуулсан эсэхэд, нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ гаргасан эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна:
5.1. ҮХОБ ХХК-ийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20/175 дугаартай хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч тай байгуулж, Тусгай актив хариуцсан хуульчийн ажил, албан тушаал дээр томилж, ажилтантай нууцын баталгаа, ажилтны сахилга хариуцлагын баталгаа, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг тус тус байгуулсан байх бөгөөд талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.
5.2. ҮХОБ ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан-д шалгалтын зорилгыг ҮХОБ ХХК-ийн гэрээ, хэлцлийг боловсруулах шатанд банканд эрсдэлтэй заалтууд хянагдахгүй гэрээ байгуулагдсаны улмаас ҮХОБ ХХК өндөр хэмжээний алданги төлөх маргаан үүсгэх нөхцөл бий болсон, банкны нэхэмжлэлтэй хэрэгт зээлдэгчийн төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн байдалд дутуу үнэлэлт дүгнэлт өгсний улмаас тухайн зээлдэгчид өндөр хэмжээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх саналыг ТУЗ-д дараалан танилцуулсан, тус банканд холбогдох өндөр хэмжээний нийт дүн бүхий нэхэмжлэлтэй хэрэгт банкыг төлөөлөн оролцохдоо гарч болох эрсдлийг дутуу тооцсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэргэжлийн нэмэлт туслалцаа авахгүйгээр хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан зэрэг нөхцөл байдал нь ҮХОБ ХХК-нд илтэд хохиролтой байх тул хариуцсан нэгжид хэсэгчилсэн шалгалтыг оруулах үндэслэл болно гэж заасан байна. Шалгалтыг дээрх зорилгоор хуулийн хэлтсийн үйл ажиллагаанд бүхэлд нь хийсэн байх тул нэхэмжлэгч гийн зөвхөн намайг шалгаж, хариуцлага тооцох зорилгоор хийсэн хяналт шалгалт гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй. Мөн ҮХОБ ХХК нь өөрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дотоод хяналтын албаар шалгалт явуулах нь холбогдох хууль журамд нийцсэн үйл ажиллагаа байх тул шалгалт явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5.3. Шалгалтын цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэгт Шалгалт хамрах хугацаанд тус нэгжээс , Х.Номин-Эрдэнэ нар нь хуулийн байгууллагад банкыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон хэрэгт банк 2,1 тэрбум төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, нь 2021.11.17, 2021.12.03-ны өдрүүдийн СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТУЗ-ын нэрийг барьж удаа дараа худал мэдээлэл өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн үлдсэн гэж дүгнээд тус нэгжийн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах саналаа гүйцэтгэх удирдлагын багт гаргасан байна. Энэ шалгалтын тайлан, саналд нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тайлбар гаргаж, тайлбартаа урьдчилсан байдлаар, амаар танилцаж тайлбар гаргаж байна гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч гийн сахилгын шийтгэл оногдуулахдаа ажилтанд урьдчилан мэдэгдэж тайлбар аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
5.4. ҮХОБ ХХК-ний Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/55 дугаартай д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар г Банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3.2.3-т Захирах, захирагдах зарчмыг баримталж ажиллах ба хуульд нийцсэн шийдвэр, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэж, цаг тухайд нь биелүүлэн ажиллах, 1.4.5-д Бие даан болон бусадтай хамтран гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, удирдлага болон хамтран ажиллагсдаа үнэн зөв мэлээллээр хангах, үнэнч шударга, хариуцлагатай ажиллах зэрэг үүргүүдийг зөрчиж, хяналт шалгалтын 100 тестээс 54 оноо авсан, Эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлтэй ҮХОБ ХХК-д холбогдох хэрэгт банк 2,113,490,401 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж хохирсон зэрэг үндэслэлээр албан тушаал бууруулж, хуульчийн албан тушаалд томилон ажиллуулах сахилгын шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.5. Шүүхийн журмаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр нэхэмжлэгч гийн дугаарын вайберт Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер ын 89880205 дугаарт бичиж, харилцсан чатанд үзлэг хийсэн бөгөөд тус чатад ТУЗ-аас чамайг өргөдлийг чинь бичүүл гээд байнадаа яаядаа гэсэн байх бөгөөд үгийн шууд утгаар тухайн бичвэрийг ойлговол ажлаас халагдах өргөдлийг бичүүл гэсэн утгаар ойлгож болохоор байна. Гэвч тухайн бичвэрийг бичсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож, хууль сануулж гэрчээр асуухад тухайн бичвэр нь ажлаас гарах өргөдлийн тухай утга агуулга биш, г байгууллагын удирдлагуудаас дарамталж, эрхийг нь зөрчсөн үйлдэл гаргаагүй, тухайн бичвэрийн утгыг аудитын шалгалт орсонтой холбоотой асуудлыг цааш нь хүндрүүлж, газар авахуулахгүй үүднээс ямар нэгэн тайлбар, өргөдөл бичүүлэхгүй байхыг зорьтол болоогүй, бичүүлэхийг шаардсан үйл явдал болсон, г ажлаасаа гарах шийдвэр гаргахад нь би өөрөө ажлаасаа гарах нь зөв үү гэж хэлж байсан. нь зөрчил гаргасан учраас хэрвээ ажлаас халах зорилготой байсан бол тэр даруйд нь халах байсан, харин албан тушаал бууруулах шийтгэл оногдуулж, хуульчийн ажилд нь авч үлдсэн гэж мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан тул хэрэгт авагдсан вайбераар харилцсан бичвэрийг нэхэмжлэгч г ажлаас гарах өргөдлийг нь бичүүлэх агуулгатай гэж шүүх үнэлэх боломжгүй, үнэлээгүй болно.
5.6. Хариуцагч ҮХОБ ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэлээр Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер нь Дотоод аудитын хурлын шийдвэрийг үндэслэн санал хүргүүлж, хуулийн хэлтсийн ахлах хуульч гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг банкны санаачилгаар цуцлах санал нь хүндэдсэн гэж үзээд Эрүүл мэндийн даатгалтай холбоотой шүүх хурлын протоколыг уншиж үзээд ахлах хуульч гийн албан тушаалыг бууруулж хуульчийн албан тушаалд томилон ажиллуулах саналтай байна гэсэн агуулгаар хуралдаанд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн байгууллагын хуралдаанд байлцсан үйл ажиллагааны удирдлагын газрын захирал Ж.Мөнхзаяа нь Мэргэжлийн мэдлэгийн шалгалтыг маргааш Хуулийн хэлтсийн ажилтнуудаас авна. Бусад газар нэгжийн ажилтнуудаас бас шалгалт авна гэж бичсэн баримт байх тул нэхэмжлэгчийн зөвхөн надаас шалгалт авч, хариуцлага ногдуулах зорилгоор шалгалт авсан, бас ажлаас халахаар дарамталж байсан гэх тайлбар нь гэрчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
5.7. Нэхэмжлэгч гийн ҮХОБ ХХК-ний хүний нөөцийн менежер Тунгалагруу бичсэн имэйлд үзлэг хийхэд нь миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Хуулийн хэлтэстэй холбоотой ажлаар цаашид ҮАУГ-ын захирал Ж.Мөнхзаяатай холбогдоно уу гэж бичсэн байна.
5.8. Нэхэмжлэгч нь хариуцагч ҮХОБ ХХК-ний үйл ажиллагааны удирдлагын газрын хүний нөөцийн хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр миний бие банкны ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн хүссэнээр ажлаас гарах өргөдлөө өгч байна гэж бичиж, өргөдлөө гаргажээ.
5.9. Ингээд ҮХОБ ХХК-ийн 2023 оны дугаартай г ажлаач чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарч, г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
5.10. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр годмол гарган шийдвэрлүүлж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэж, тогтоосон хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
6. Хөдөлмөрийн харилцаанд ажилтан нь өөрийн санаачилгаар, хүсэл зоригийнхоо үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход энэ хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, байгууллагадаа өгсөн байх шаардлагатай бөгөөд бичгээр тухайн хүсэлтийг гаргах болсон учир шалтгаан юу болох, өөрийн хүсэл зоригийн дагуу энэ хүсэлтийг гаргаж байгаа эсэхийг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан дүгнэх замаар ажил олгогчоос шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан эсэхийг шалган тогтооно. Нэхэмжлэгч энэ талаар бичгийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгууллагадаа өгөхдөө ТУЗ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн хүссэнээр ажлаас гарах өргөдлөө өгч байна гэж бичигт дурдсан байх боловч энэ тайлбараа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь энэ тайлбараа дэмжих өөр баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болох гэрчийн мэдүүлгээр дарамт шахалт байгаагүй болох нь, ҮХОБ ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хүний нөөцийн хорооны хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийг ажлаас халалгүйгээр авч үлдсэн үйл баримт, мөн хуулийн хэлтсийн ажилтнуудын дунд шалгалт явуулсан зорилго, чиглэл нь тодорхой бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан өөрийг нь халах зорилгоор шалгалт явуулсан, ажлаас халагдах талаар дарамталж, шахаж шаарддаг байсан талаар тогтоогдоогүй.
7. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч гийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ