| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/01553/И |
| Дугаар | 181/ШШ2024/01734 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/01734
2024 04 26 181/ШШ2024/01734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүх*******,*******,*******лол,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ф.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын Мөнхжаргал нь 1992 оны 05-р сарын 25-наас "Улаанбаатар зочид буудал" ХК-ны захирлын 46-р тушаалаар рестораны зочин угтагчаар 1500 төгрөгийн цалинтайгаар ажилд орж, 1994 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд түүний ажлаас халагдсан тушаал нь ажил олгогч байгууллагын архиваас олдохгүй, алга болсон бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилд дээрх хугацаа орохгүй болж, эрх зүйн байдалд нь сөргөөр нөлөөлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Тухайн үед ажилд авсан тушаал, өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан тушаал, 1992 оны 6, 7, 8-р саруудад цалин тавьж олгож байсан, 1993 онд тэтгэмж авч байсан санхүүгийн баримтанд******* гэж байгаа болно. Ч.Мөнхжаргал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06-р сарын 30-ны өдрийн 193-р захирамжаар Чимэдцэрэн гэсэн эцгийн нэрээ ******* гэсэн нэрээр сольж 2008 оны 07 сарын 09-ны өдрийн 208-р бүртгэлээр төрсний гэрчилгээ авч, 2017 оны 06-р сарын 08-ны өдөр иргэний үнэмлэх авсан байна. "Улаанбаатар зочид буудал" ХК нь 1992 оноос 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан ба Ф.Мөнхжаргал энэ хугацаанд ажиллаж байсныг түүнтэй хамт ажиллаж байсан Л.Батжаргал, Г.Сайханаа нар мөн гэрчилж байгаа тул Ф.Мөнхжаргалыг "Улаанбаатар зочид буудал ХК-ны ресторанд зочин угтагч, заалны зохион байгуулагчаар 1992 оны 05-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 01-р сарын 18-ны өдрийн 01725 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийн зорилго тодорхойгүй, гэрчүүдийн ажиллаж байсныг нотлох баримтгүй, архиваас лавлагаа гаргуулаагүй, нотлох баримт шаардлага хангахгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Захирамжийн дагуу зорилгоо тодорхойлж, ажиллагаануудыг хийж Үндэсний төв архиваас лавлагаа авч, гэрчүүдийн ажиллаж байгаа тодорхойлолт, нотлох баримтыг батлуулан дахин нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн архивт хүсэлт явуулсан боловч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй ба ажиллаж байсныг нотлох өөр баримт байхгүй болно.
Иймд Ф.Мөнхжаргалыг "Улаанбаатар зочид буудал" ХК-ны ресторанд зочин угтагч, заалны зохион байгуулагчаар 1992 оны 05-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: итгэмжлэл/Хх4/, иргэний үнэмлэхний хуулбар/Хх5-6/, төрсний бүртгэлийн хуулбар/Хх7/, төрсний гэрчилгээний хуулбар/Хх8/, УБ зочид буудал ХК-ны ерөнхий захирлын тушаал/Хх9-10/, цалингийн тооцооны хүснэгт/Хх11-14/, УБЗБ ХК-ийн ажилчдын жагсаалт/Хх15-16/, архивын ерөнхий газрын албан бичиг/Хх17/, СБД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа/Хх18/, УБЗБ-ын Л.Батжаргалын ажлын газрын тодорхойлолт/Хх19/, Л.Батжаргалын гаргасан тодорхойлолт/Хх20/, УБЗБ-ын Б.Сайханаагийн ажлын газрын тодорхойлолт/Хх21/, Б.Сайханаагийн шүүхэд гаргасан толорхойлолт/Хх22/-г гаргасан байна.
Шүүхийн журмаар: гэрчээр Б.Сайханаа, Л.Батжаргал нарыг асуусан тэмдэглэл /Хх29-30/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа /Хх37-45/, Архивын ерөнхий газрын албан бичиг /Хх46/, Сүхбаатар Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шимтгэл төлөлтийн лавлагаа /Хх47-48/, УБЗБ-ын лавлагаа/Хх52-72/-г тус тус гаргуулсан.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "Улаанбаатар зочид буудал" ХК-ийн ресторанд зочин угтагч, заалны зохион байгуулагчаар 1992 оны 05-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байсан тул ажиллаж байсан байдлаа тэтгэвэрт гарах зорилгоор тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Хүсэлт гаргагч Ф.Мөнхжаргал нь 1968 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд Чонод овогтой, эцгийн нэр Чимэдцэрэн, өөрийн нэр Мөнхжаргал байсныг Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 193 дугаартай захирамжаар Чонод овогтой, эцгийн нэр *******, өөрийн нэр Мөнхжаргал гэж өөрчилснийг 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 208 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
- Улаанбаатар зочид буудал ХК-ийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай Ажилд авах тухай тушаалд Чимэдцэрэн овогтой Мөнхжаргал ... нарыг ресторанд зочин угтагчаар 1992 оны 05 дугаар сарын 25-наас авч ажиллуулсугай гэж, тус газрын захирлын 1993 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай Өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Зочин угтагч Ч.Мөнхжаргалыг амарсан хүний оронд 1993 оны 03 дугаар сарын 01 хүртэл түр хугацаагаар залны зохион байгуулагчаар шилжүүлэн ажиллуулсугай гэж, тус рестораны 1992 оны 06 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгтийн 50 дугаарт Чимэдцэрэн Мөнхжаргал 1,420.00 гэж, 7 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгтийн 50 дугаарт Чимэдцэрэн Мөнхжаргал 297.14 гэж, байгууллагын ажилчдын жагсаалтад Мөнхжаргал зо/угтагч гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1994 оны 04 дүгээр сард бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкетад хүсэлт гаргагчийн ажилладаг байгууллагыг Улаанбаатар ресторан, эрхэлдэг ажил заал зохион байгуулагч гэж, тус байгууллагын захирлын 1993 оны 57 дугаартай Цалин олгох тухай тушаалын хавсралтын 46-д Чимэдцэрэн овогтой Мөхжаргал зочин угтагч гэж, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай Цалин олгох тухай тушаалын 45-д Ч.Мөнхжаргал, зочин угтагч 17,000 гэж тус тус тэмдэглэгдсэн байхаас гадна 1994 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал ажилтнуудад цалин олгосон талаарх баримтуудад хүсэлт гаргагч зочин угтагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар, мөн гэрч Л.Батжаргал, Б.Сайханаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. 7 угаа 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн бөгөөд хуульд зааснаар тус хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Чонод овогт *******ын Мөнхжаргалыг 1992 оны 05-р сарын 25-наас 1994 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл "Улаанбаатар зочид буудал" ХК-ийн ресторанд зочин угтагч, заалны зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ