Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/508

 

 

      Д.Бхолбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШТ/114 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Г.Лхагвасүрэнгийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр Д.Бхолбогдох эрүүгийн 2108005500556 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11 дүгээр гудамжны 02 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан нөхөр Б.М“... араасаа тэврүүлсэнгүй ...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хутга буюу зэвсэг хэрэглэн түүний цээжин тус газар нь хутгалж, бие махбодид нь “цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн бага хэмжээний цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... хэргийн хохирогч Б.Мболон гэрч Б.Х нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүдийнх нь хооронд ноцтой зөрүү үүссэн ба тухай нзөрүүтэй мэдүүлгүүд нэгэн зэрэг үнэн байх боломжгүй, нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь зайлшгүй юм. Тиймээс ийнхүү эрс зөрүүтэй мэдүүлсэн асуудлыг, түүнчлэн тус худал мэдүүлэг өгсөн нь бусдын нөлөөлөлд автсантай холбоотой эсэх зэргийг нэг мөр шалган тогтоохгүйгээр тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал, гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед 3 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ өмнө өгсөн “... М.Бг дагаад явсан. Тэгээд Мөнхзулын хамтран амьдрагч Оюун-Эрдэнийн гэр болох Хуучин цэргийн хотхоны 1 дүгээр байрны гадаа очоод Оюун-Эрдэнийг ална миний амьдралаар тоглосон хүүхэн ... гээд орилоод байсан. Тэгээд утсаар ярьж байсан гар утсаа цүнхэндээ хийгээд цүнхнээсээ жижиг бор шар иштэй хутга гаргаж ирээд баруун гартаа барьсан. Тэгээд О-г М.Б нь явж байна гээд орилоод араас гүйх үед Оюун-Эрдэнэ нь гүйгээд явсан. Тэгэхээр нь би М.Бг “одоо болно найздаа хутгаа өг” гэж хэлээд хутгыг нь авах гэтэл надад өгөхгүй байсан. М.Бгийн гарт байсан хутга манай гэрийн шүүгээнд байсан жижиг бор шар өнгийн хутга байсан ...” гэсэн мэдүүлгийг эрс үгүйсгэж, огт ийм зүйл мэдүүлээгүй гэсэн болно. Мөн хохирогч Б.Мнь тус хэрэгт хохирогчоор хоёр удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... шүүгдэгчтэй хутга булаацалдаад өөдөөсөө татах үед намайг санаандгүй хатгачихсан. Улмаар хоёр хүүхдийн минь эх хүнийг энэ хүнд ялтай хэрэгт шийтгүүлнэ гэж бодоогүй ...” гэсэн мэдүүлэг өгчээ. ... хэргийн гэрч, хохирогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг санаатай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхэд дүгнэлт өгөх нь хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Мөн тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорт хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Хохирогч Б.М 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн “... М.Б намайг хүний хүн болгож байгаад чамайг ингээд үхүүлчихье гээд гал тогооны шүүгээнээс хутга аваад миний зүүн тал руу хутгалсан” /хх 34/, түүний 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн “... араас тэврээд байхаар нь болиоч гэхэд танай эхнэр Оюун-Эрдэнийг ална гээд хутга аваад гараад явсан. Халиунаа бид хоёр хутгыг нь авах гээд өгөхгүй байсан. Намайг зогсож байх үед Д.Б нь намайг баруун гарт байсан хутгаараа зүүн талын хэсэгт нэг удаа дүрсэн.” /хх 21/, мөн түүний 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг өөр хоорондоо ямар нэгэн мэдүүлгийн зөрүүгүй байхаас гадна хохирогч Б.М мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 30-32/, шинжээчийг асууж авсан мэдүүлэг /хх 109/, гэрч Х.Долгоржавын мэдүүлэг /хх 37-42/, Б.Хы мэдүүлэг /хх 48, 51/, Б.Оюун-Эрдэнийн /хх 58-59/, Н.Мөнхтөрийн мэдүүлэг /хх 71/, гэрч Б.Хы өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 53-54/ зэрэг нотлох баримтуудаар Д.Б нь Б.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байхад шүүх хэргийг шийдвэрлээгүй прокурорт буцаасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Хохирогч Б.М3 өөр байдлаар мэдүүлгээ өгсөн байдаг. Хамгийн анх мэдүүлэхдээ “... гал тогооны өрөөнд М.Б намайг хутгалсан” гэдэг. Хоёр дахь мэдүүлэгтээ “... байшингаас гараад хашаан дотор ...” гэсэн байдаг. Гурав дахь мэдүүлэгтээ “... хашааны гадаа ...”  гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бүр эсэргээрээ “... М.Б намайг хутгалаагүй. Хутга булаацалдаж байгаад ... ” гэдэг. 4 өөр төрлийн мэдүүлэг өгсөн. Хохирогч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чаддаггүй. Гал тогооны өрөөнд хутгалсан гэх үед нь Долгоржав, Халиун хоёр юм яриад зогсож байсан гэдэг. Гэтэл Долгоржав, Халиун хоёр хутгалж байхыг нь хараагүй гээд байдаг. Энэ бүх байдлаас харахад хохирогчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй харагдаж байна. Долгоржав, Халиун нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “... бид нарыг мөрдөгч дарамталсан. Тэгээд бид ийм мэдүүлэг өгсөн” гэх асуудлыг ярьсан. Үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, уг асуудлыг шалгах шаардлагатай. Д.Б нь хавтас хэргийн 91, 96, 127, 131 дүгээр хуудсанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж удаа дараа мэдүүлсэн байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байдаг. Эрхийг нь хууль бусаар хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Чинбаттай санал нэг байна. Хавтас хэрэгт цугларсан материалууд болоод шүүх хуралд оролцсон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байсан. Зөрүүтэй байсан учраас анхан шатны шүүхээс зөрүүтэй мэдүүлгүүдийг дахин шалгах шаардлагатай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхнаасаа хэргийг хүлээн зөвшөөрөөгүй. Би хүчирхийлэлд өртөгч байтал хүчирхийлэл үйлдэгч болсонд гайхсан. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь зөв. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11 дүгээр гудамжны 02 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан нөхөр Б.М“... араасаа тэврүүлсэнгүй ...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хутга буюу зэвсэг хэрэглэн түүний цээжин тус газар нь хутгалж, бие махбодид нь “цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн бага хэмжээний цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хохирогч Б.Мөнхзул, гэрч Б.Х нарын зөрүүтэй өгсөн мэдүүлгийг нэг мөр болгох, худал мэдүүлэг өгсөн нь бусдын нөлөөлөлд автсантай холбоотой эсэх зэргийг шалгах шаардлагатай талаар заасан нь тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу цугларсан, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд “...шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШТ/114 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бхолбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ