Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/080

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Х.Ө

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А

орчуулагч А.Е

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ын Бд холбогдох 1713000090014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1999 оны 08 дугаар сарын 10-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд оюутан, ам бүл 8, аав, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн У сумын 04 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Хын Б РД:*******.

Шүүгдэгч  Х.Бд холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн У сумын 04 дүгээр баг буюу С багийн төвд байрлах С.Гын гэрт хулгайгаар орж “Леново” маркийн зөөврийн компьютер /нөтбүүк/, эмэгтэй хүний мөнгөн унждаг 1 ширхэг хос ээмэг, 2 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн У сумын 04 дүгээр баг буюу С багийн төвд байрлах С.Гын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Леново” маркийн зөөврийн компьютер /нөтбүүк/, эмэгтэй хүний мөнгөн унждаг 1 ширхэг хос ээмэг, 2 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан, иргэн С.Гад 880000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Х.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч С.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

- Гэрч С.Бе мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

- Насанд хүрээгүй гэрч А.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

- Гэрч Ш.Ах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

- Гэрч Т.Ху мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/

- Эд мөрийн баримт хууран авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. 

Гэмт хэрэг гарахад эцэг эхийн хараа хяналт сул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгуулага, албан тушаалтаны ажлын хариуцлагагүй байдал нөлөөлж, амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор уг гэмт хэргийг санаатайгаар хийж бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

Шүүгдэгч Х.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 880000 хохирлыг барагдуулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хор уршиг арилсан гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэргээс урьдчилан сэргийлж түүнийг нийгэмжүүлэх зорилгоор түүний хувийн байдал, нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, түүнийг төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх  нөхцөл байдалгүйг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Уг гэмт хэрэг нь эрүүгийн хуульд зааснаар хүнд ангилалд хамаарах тул ялаас чөлөөлөх, тэнсэх хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байдал, өнөөдрийн байдлаар 21 нас хүрээгүй зэргийг харгалзан түүнийг  Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорьж, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгахаар шийдвэрллээ.

Шүүгдэгч нь үндсэн ялыг эдэлж дуумагц түүнд хуульд заасны дагуу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох  сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагдаа урьдчилан мэдэгдэх үүргийг тодорхой хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжилсэн хөрөнгөгүй болно. 

Эд мөрийн баримтаар хураагдсан зээлийн гэрээ, СД зэргийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өрдөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С овогт Х Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Быг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 4, 8.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын биечлэн эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох  сургалтад хамрагдах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагдаа урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192.1-д зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барьцаат зээлийн гэрээ, СД зэргийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Х.Бын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ