Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 03

 

“Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл”-ийн

                гомдолтой иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 149/2019/00117/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                           Оролцогчид

                                      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго

                              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа

                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Мандал  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор “Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл”-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол бүхий иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл”  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрээр “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлөөс 143,614,967 төгрөг гаргуулж “МТЧ” ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг илт зөрчиж, төлбөр авагчид давуу байдал тогтоож, өмчлөгчийн өмчийг үнэгүйдүүлсэн. ...төлбөр төлөгч 2019 оны 01 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-т Алхана-Эрдэнэ ЗГБХН-ийн захирал Энхбат өөрийн хөрөнгийг 180.000.000 төгрөг гэж үнийн санал хүргүүлсэн. Талуудын хооронд үнэлгээний талаар маргаантай байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. 1 дэх хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө болох тул заавал шинжээчээр үнэлүүлэх нөхцөл байдал үүссэн. Иймд тухайн эд хөрөнгийг тус хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлүүлж шинжээчийн дүгнэлтийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэх ажиллагааг хийх байсан.  Гэтэл энэхүү ажиллагааг хийгээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолдоо огт мэдэхгүй  тогтоолын огноо бичиж холбогдох хуулийг тус тус зөрчсөн

 Иймд  2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тоот тогтоолыг тус тус  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/шш/143 дугаартай шийдвэрээр “Алхана Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлөөс 143.614.967 төгрөг гаргуулж МТЧ ХХКомпанид олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудсыг тус хэлтэс нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 18340290 хувийн хэргийн дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч “Алхана Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн арилжааны банкууд дахь дансыг хааж холбогдох байгууллагуудаас лавлагаа авч захирал О.Энхбатад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хугацаатай өгсөн. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй учраас “Алхана Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн Мандал сумын 6 дугаар багт байрлах Ү1307007686 улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрхийн гэрчилгээний 000315315 дугаартай "газрын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18340290/05 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгийг эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тогтоолоор хураан авсан.

 Талуудаас үнийн санал авахад үнийн санал тохиролцоогүй, зөрсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18340290/07 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилсон. ...Анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахад оролцогч ирээгүй, дэнчин төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.1-т "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна". 14.4-т "Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн захирал О.Энхбат нь эд хөрөнгөө үнэлэгдсэн үнэлгээтэй утсаар болон албан тоотоор танилцсан гэж үзэж байна. Эд хөрөнгийн үнэлгээг тус Хэлтэс нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна. ...Төлье гэсэн бодол энэ хүнд байсан бол увуулж цувуулаад ч төлөх боломж байсан. Энэ хүн 10,000 төгрөг ч төлөөгүй. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн л гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 шийдвэрээр:

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            -  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  

            - Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөл-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах,  эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн, 2018 оны 11 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тоот тогтоолд гарын үсэг зуруулсан атлаа  анхны албан дуудлага худалдаа  явуулах тухай тогтоолд 18340290/06 тоот тогтоолын огноог буруу бичиж,  тогтоосон үнээр худалдан борлуулах санал гаргасан гэж  огт үндэслэлгүй, мэдэхгүй тогтоол  дурьдсан байсан.

            Гэтэл анхан шатны шүүх энэ зөрчлийг харгалзан үзээгүй нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүх бүгдийг нь хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийг тэгш мэтгэлзэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжоор хангаагүй” гэж үзэж болохоор байгааг шүүх анхаарч үзнэ үү.

            Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь талд Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай гэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно: 27.1.1. битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол; 27.1.4. гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэх хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...”Апхана Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн захирал О.Энхбат нь утсаар болон албан тоотоор эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэж байсан, үнэлгээний тайлантай танилцах эрх нь нээлттэй байсан боловч үнэлгээгээ мэдсэнээс хойш утсаа аваагүй, эсвэл утас нь холбогдох боломжгүй, хаягаар нь удаа дараа очиход байхгүй байсан зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн. Төлбөр төлөгч нь төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, зайлсхийх хүсэл сонирхолтой байсан. Төлбөр төлөгч “Апхана Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах” тухай  гомдол гаргасан байх бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

             Анхан шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр гомдол гаргагч “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргагч нь давж заалдах гомдол гаргасан байна.

            Гомдол гаргагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэлээ  анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хариуцагчийн хууль зөрчсөн ажиллагаанд  дүгнэлт хийгээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж тайлбарлажээ.

                       Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь  шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 08 сарын 16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18340290 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч “Алхана-Эрдэнэ” ЗГБХН-д холбогдуулан  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэнтэй холбоотой төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэж,  төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 18310290/06 дугаартай эд хөрөнгө хураах  тогтоолоор “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байрлах Ү1307007686 улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, газар эзэмших эрхийн гэрчилгээний 000315315 дугаартай гэрчилгээтэй хөрөнгийг хураан авсан байна.

            Хураан авсан эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний  талаар  төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн  ханшаар үнэлж  энэ  тухай  оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөхөөр заасан.

            Тус хуульд зааснаар оролцогч талуудаас хөрөнгийн үнэлгээний талаар санал асуусан ба  төлбөр төлөгч нь  өөрийн хөрөнгийг 180.000.000 төгрөг гэж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар хөрөнгийн шинжээчээр  хөрөнгийг үнэлүүлсэн байна.

            Шинжээчийн дүгнэлт гарсан тухай төлбөр авагчид мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар  төлбөр төлөгчид өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд  бие даан борлуулах саналаа ирүүлэх тухай мэдэгдэлийг тус тус хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь хариу ирүүлээгүй тул  2019 оны 03 сарын 21-ний өдрийн 03/01  дугаартай тогтоолоор  анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь төлбөр төлөгч “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг явуулахдаа нөхөрлөлийн захирал О.Энхбатад ажиллагаа явуулж байгаа талаар тухай бүрт нь мэдэгдэж, тэмдэглэл хөтлөн ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүхээс түүний гомдол болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн  байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул төлбөр төлөгч “Алхана-Эрдэнэ” ЗГБХНөхөрлөлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН