Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/509

 

 

      Б.Гт холбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 21 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Г Б.Г, 

            Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар иргэн Б.Бат-Эрдэнэтэй “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            “малын наймаа” гэсэн фэйсбүүк хаягт “Ишигтэй ямаа олон тоогоор зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн М.Тыг “мал худалдаж авах урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027836709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

            “малын наймаа” гэх фэйсбүүк хаягт “Тугалтай үхэр зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Од “нэг тугалтай үнээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5027836709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 8 дугаар сард “Мягмардорж Мягмардорж” гэсэн фэйсбүүк хаягаас “олон тооны шигтэй ямаа зарна” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн иргэн Г.Ө хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027836709 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк хаягт “ямаа зарна” гэсэн хуурамч зар байршуулсны дагуу холбогдсон иргэн Н.Дыг “ямаа ачиж ирэх бензины мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүл” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын 10-124-1 тоот гэрээсээ шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5027836709 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 8 дугаар сард “Mungunbagana Mungunbagana” гэх хуурамч фэйсбүүк хаягаас “Ишигтэй ямаа зарна, олон тоогоор” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ц.Эыг төөрөгдөлд оруулан мэсэжээр Бадарчинбандийн М гэх иргэний үнэмлэх болон 16-40УНҮ улсын дугаартай ачаа ачих машины баримт бичгийг явуулан 100 тооны ямааг 3.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохирч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэлийг нь урвуулан ашиглаж Хаан банкны 5027836709 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

            Олон нийтийн цахим сүлжээнд “300 ширхэг ишигтэй ямаа зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Б.Тс Хаан банкны 5027836709 дугаартай дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Т.Бс “үхэр зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч фэйсбүүк хаягаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хотхоны 4-19 тоотод оршин суух иргэн Ш.Нд “Ишигтэй ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаас 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хотхоны 203-185 тоотод оршин суух иргэн Б.Бд 17 тооны бяруу зарна хэмээн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас нийт 18.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С/-д 1.000.000 төгрөгийг, хохирогч Мр /РД:РЛ-д 5.000.000 төгрөгийг, хохирогч Шилдээд овогт Бо /РД:3/-д 1.300.000 төгрөгийг, хохирогч Палан овогг Гар /РД:6/-д 750.000 төгрөгийг, хохирогч Ван ням /РД:Р/-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Совд  /РД:/-д 3.000.000 төгрөгийг, хохирогч Цэдэн овогт Цэсэ /РД/-д 3.000.000 төгрөгийг, хохирогч Долоон гариг овогт Буүх /РД:/-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Ундрах овогт Шаг /РД:Д/-д 1.000.000 төгрөгийг, хохирогч Боай /РД:/-д 800.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах бөгөөд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн нэгтгэх хүсэлтэй өөр хэрэг байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргасан зүйл байхгүй. Шүүгдэгч Б.Г нь хохирлоо ажил, хөдөлмөр хийж байгаад төлнө гэдэг. Давж заалдах гомдолдоо “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн байна. Үүнийг нь дэмжиж байна.” гэв.

 

Прокурор С.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэвээр үлдээх саналтай байна. Өөр бусад газарт гэмт хэрэг үйлдсэн хэргээ нэгтгэж шалгуулъя гэсэн байна. Энэ талаар баримт байхгүй байх тул үндэслэлгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Ажил хийдэг гэх боловч энэ хугацаанд хохирлыг төлөгдөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан боловч мөн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Хохирлыг төлөөгүй тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар иргэн Б.Бат-Эрдэнэтэй “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          “малын наймаа” гэсэн фэйсбүүк хаягт “Ишигтэй ямаа олон тоогоор зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн М.Түвшинбаярыг “мал худалдаж авах урьдчилгаа өг” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027836709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          “малын наймаа” гэх фэйсбүүк хаягт “Тугалтай үхэр зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн Б.О “нэг тугалтай үнээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.300.000 төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5027836709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2021 оны 8 дугаар сард “Мягмардорж Мягмардорж” гэсэн фэйсбүүк хаягаас “олон тооны шигтэй ямаа зарна” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн иргэн Г.Өг хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 750.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027836709 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

          2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк хаягт “ямаа зарна” гэсэн хуурамч зар байршуулсны дагуу холбогдсон иргэн Н.Дг “ямаа ачиж ирэх бензины мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүл” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын 10-124-1 тоот гэрээсээ шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5027836709 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

          2021 оны 8 дугаар сард “Mungunbagana Mungunbagana” гэх хуурамч фэйсбүүк хаягаас “Ишигтэй ямаа зарна, олон тоогоор” гэсэн худал зарыг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Ц.Эг төөрөгдөлд оруулан мэсэжээр Бадарчинбандийн М гэх иргэний үнэмлэх болон 16-40УНҮ улсын дугаартай ачаа ачих машины баримт бичгийг явуулан 100 тооны ямааг 3.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохирч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэлийг нь урвуулан ашиглаж Хаан банкны 5027836709 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

          Олон нийтийн цахим сүлжээнд “300 ширхэг ишигтэй ямаа зарна” гэх хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Б.Төэс Хаан банкны 5027836709 дугаартай дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн иргэн Т.Бс “үхэр зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч фэйсбүүк хаягаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хотхоны 4-19 тоотод оршин суух иргэн Ш.Нд “Ишигтэй ямаа зарна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

          цахим хэрэгсэл ашиглаж буюу хуурамч фэйсбүүк хаягаас 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хотхоны 203-185 тоотод оршин суух иргэн Б.Бд 17 тооны бяруу зарна хэмээн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч Б.Бан /1хх 6-7/, М.Түврын /1хх 53-54/, Б.энийн /1хх 134/, Г.Өсөхбаярын /1хх 182-183/, Ц.Эрдэнэбаатарын /2хх 98-99/, Б.Төмөрсүхийн /2хх 166-167/, Т.Батбаярын /2хх 48-49/, Н.Даваанямын /1хх 241-242/, Ш.Насанжаргалын /2хх 225-226/, Б.Баярмагнайн /3хх 54-55/, гэрч Н.Бадмаанямбуугийн /2хх 24/,

          Б.Г яллагдагчаар өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс хойш фэйсбүүкийн “малын наймаа” гэсэн группд өөрийн нээсэн “Итгэлт О, Мийгаа Мийгаа” гэсэн нэртэй хуурамч хаягаар “үхэр, ямаа зэргийг зарна” гэж зар байршуулан фэйсбүүкийн чат болон 91543007, 88670678 гэсэн дугааруудаар холбогдож “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгаа, мал ачилтын мөнгө хэрэгтэй байна” гэж урьдчилгаа мөнгө зэргийг өөрийн Хаан банкны 5027836709 дугаарын дансаар хүлээн авч өөрийн хувийн хэрэгцээнд болон /1хbet/ нэртэй цахим мөрийтэй тоглоомонд мөнгөө хийж, мөрийтэй тоглоомонд бооцоо тавьдаг байсан. 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Сансар хорооллын Ундруул нэртэй буудлын нэг ортой өрөөнд байрлаж байсан. ...” /1хх 24, 142, 223-224, 2хх 19-21, 187-188, 201-202, 3хх 9/ мэдүүлгүүд,

          Б.Г Хаан банкны 5027836709 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /1хх 58-70, 164-167, 2хх 40, 52-53, 101-111, 135-146, 245-246/, “Скайтел” ХХК-ийн 21/12770 дугаартай албан бичиг /1хх 145/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Гыг цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Г 2021 оны 6 дугаар сарын 16-наас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүк хаягаар “мал зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Бэс 1.000.000 төгрөгийг, М.Түвш 5.000.000 төгрөгийг, Б.Ос 1.300.000 төгрөгийг, Г.Өас 750.000 төгрөгийг, Н.Дс 1.500.000 төгрөгийг, Ц.Эрс 3.000.000 төгрөгийг, Б.Тс 1.500.000 төгрөгийг, Т.Баас 3.000.000 төгрөгийг, Ш.Нс 1.000.000 төгрөгийг, Б.Баас 800.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдад нийт 18.850.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Б.Г гаргасан “... учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж” гэж дурдсан боловч дараагийн хэсэгтээ “шүүхээс оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж” гэж, мөн тогтоох хэсэгтээ 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй зөрүүгүй, дээрх алдааг зөвтгөж шийдвэрлэсэн байх тул техникийн шинжтэй гаргасан энэ алдааг дурдах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ш.Нл нь оролцсон байхад шийтгэх тогтоолдоо оролцоогүй мэтээр тусгаж, оролцогчдын нэрсийг орхигдуулсан байх тул мөн энэ талаар гаргасан техникийн шинжтэй алдааг буруутган дурдаж байна.

             Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ