Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 141

 

Д.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч О.П, шүүгдэгч Д.С, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Д.С-д холбогдох 1808012190995 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Д.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна дүгнэлтэд ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.  Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно. Өөрөөр хэлбэл хохирогч О.П нь анх гаргасан өргөдөл болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Д.С нь байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг болсон өдөр Д.С намайг зодож цохиогүй бид хоорондоо муудалцаад би гарч явах үедээ гараа хаалганд хавчиж гэмтээсэн, гуянд учирсан гэмтлүүд нь би ажлынхаа лангуунд орж гарахдаа хөхрүүлсэн гэж мэдүүлдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “би Д.С-ыг хэтэрхий гүтгэсэн ба хийгээгүй хэрэгт нь хариуцлага хүлээлгэмээргүй байна” гэх утга бүхий хүсэлтийг гаргасан. Түүнчлэн шинжээч эмчээс авсан мэдүүлэгт гуяны хөхрөлт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн зэрэг бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ. Хэдийгээр шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон боловч шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тул хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Д.С-ыг согтуурсан үедээ  2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 14-27 тоот гэртээ эхнэр О.П-тай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Д.С-ыг хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах гол үндэслэл болсон О.П-ийн баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирогч өөрөө хаалганд хавчуулсан, цохьсон эсвэл Д.С-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас учирсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд хэрэв учруулсан гэж үзвэл санаатай эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр учруулсан нь тодорхойгүй, энэ талаарх хохирогчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, тогтворгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж буй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байна.

Харин давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад илт үндэслэл муутай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг хүлээн авч магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН