Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0792

 

 

 

 

 

   

                                                             “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/492 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/492 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 51 дүгээр зүйлийн 51.7, 53 дугаар зүйлийн 53.1.3, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дугаар бүхий “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа давж заалдах гомдолдоо: “...Шүүх 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь заалтыг хэрэглэж, уг шүүхийн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

...Шүүх уг маргаантай холбогдуулан хариуцагч байгууллагын архивт үзлэг хийсэн. Уг үзлэгээр 2009 онд “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан нилээн хэдэн тусгай зөвшөөрөл цуцлагдаж мэдэгдлүүд хүргэгдсэн байдаг бөгөөд харин маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэл буцалт хийгдэн ирсэн байсан. Өөрөөр хэлбэл яагаад зарим мэдэгдэл хаягаар нь хүргэгдээд ганц нэг нь хүргэгдээгүй байна вэ гэдэг асуултад хариулт өгч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ биелүүлж ажиллаагүй тул хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

...Маргаан бүхий захиргааны акт болох 514 дүгээр шийдвэр 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг 2010 оны 02 дугаар сард гарган өгөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлж ажилласан бол маргаан бүхий захиргааны актыг мэдэх боломжтой.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2017 оны 04 дүгээр сард манай байгууллагад албан бичиг ирүүлсэн тул уг албан бичигт мөн оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1/3085 тоот албан бичгээр “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр эүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэсэн хариуг өгсөн байхад шүүх уг маргааныг үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийн шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 514 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргахдаа, манайх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Кадастрын хэлтэст албан бичгээр хандаж 3176А тусгай зөвшөөрлийн лавлагааг авахад “...танай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр цуцалсан байна” гэж мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/3085 дугаартай албан бичгээр өгсөн хариуг авч, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан гэжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучнаар/-ын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 514 дүгээр тушаалын Нэг дэх заалтын 3 дахь хэсгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй үндэслэлээр “Ж” ХХК-ийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангалын гол нэртэй газарт ашиглаж байсан 3176А дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж, хуульд тусгайлан заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзах үндэслэл болгохоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээр 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба “...тус компани нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 3176А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашиг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрт өнөөдрийг хүртэлх хугацаанд гомдол гаргаагүй, шүүхэд хандаагүй бөгөөд уг захиргааны актад гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэсэн хариуцагчийн тайлбарт “...захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн дагуу 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6-3326 дугаар мэдэгдлийг “Ж” ХХК-д гэж хаяглан явуулсан боловч 8 дугаар сарын 20-ны өдөр “буцаалт” хийснээр бүртгэгдсэн нь уг мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаас үзвэл хариуцагч өөрийн гаргасан, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай болон цуцалсан тухай шийдвэрийн аль алиныг нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй” байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэжээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хангалын гол нэртэй газарт 135 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 3176А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж” ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2009 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүй, энэ талаар талууд маргаагүй байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” үүргээ биелүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болно.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн дагуу 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6-3326 дугаар мэдэгдлийг “Ж” ХХК-д гэж хаяглан явуулсан боловч 08 дугаар сарын 20-ны өдөр “буцаалт” хийснээр бүртгэгджээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани өөрийн хаяг өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй байхад тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн мэдэгдлийг “Ж” ХХК хүлээн аваагүй явдалд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 3176А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх маргаан бүхий 514 дүгээр шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сар хүртэл мэдээгүй нь “захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тус компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Н.Цэрэндаваа 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Мөн 2009 оны 07 дугаар сард “Ж” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, нийт ажилчдынхаа 90 хувийг цомхотгосонтой холбон тайлбарласан”-ыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь “Ж” ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот албан бичгээр гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/3085 дугаар албан бичгээр “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд дээрх захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн, түүнчлэн нэхэмжлэгч 2009 оны 08 дугаар сараас хойш хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж байгаагүй байхад шүүх уг маргааныг шууд шийдвэрлэх, улмаар “нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг мэдсэн үеэс дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан, уг гомдлыг шийдвэрлээд өгсөн хариуг авснаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй байна шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь буруу байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас /гомдлыг хянан үзээд/ гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” тохиолдолд уг шийдвэрийг хүлээн авсан эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гомдол гаргагчийн эрхийг хуульчилсан байх ба харин хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг хяналгүй буцаасан шийдвэрийн хувьд энэ нь гомдол гаргагч уг актын талаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан гэж үзэхгүй.

Ийнхүү маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтрүүлсний улмаас гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс уг асуудалд буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ...хуульд заасан журмын дагуу явагдсан бол... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай байгууллагаас гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна гэсэн хариу өгсөн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг үндэслэлгүй гэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохоо нотлоогүй, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг зөрчсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН